“XAP НЯЛXААС НЬ ЭРЧҮҮДИЙН НVДНИЙ ХОР ОРЖ ХАНИЙН ТЭНГЭР НЬ ХАЗАЙСАН…”

“ДУРЛАЛЫН ХАТАН” – П.ДАВААЖАРГАЛ

Сэрүүлэг жингэнэж босох цаг болсоныг сануулна. Ойрын өдрүүдэд амраагүй болохоор сэрүүлгээ унтраахаа мартчихжээ. Хэзээний л сурсан зангаараа сэрүүлгээ хойшлуулчихаад эргэж хөрвөөгөөд тухтайхан байрлал олчихоод дуг хийх ч бас жаргал шүү.

Гэтэл энэ удаа нэг л сэрвэлзээд буцаад унтаж чадсангүй. Эргэн тойрноо ажиглавал цонхны тавцан дээрх нил цэцэг л нам гүм дунд хэн нэгний харцыг санагдуулан намайг ширтэх шиг торойно. ”Ухаараач гэх шиг намайг ширтэнэ ээ” гэх дууны үг сэтгэлд эгшиглээд гуниг намайг эзэмдлээ.

Ер нь амьдралд бүх зүйлсийг тэгш хэмд авч явна гэдэг их ухаан бололтой. Үеийнхэн хоёр, гурван хүүхэдтэй, том нь сургууль соёл гээд амьдрал бужигнаж байхад би гэдэг хүн байдгынхаа баруун хаяанд бантангийн гурил багсарч сураагүй л сууж байдаг.

Оюутны ширээнээс хоёр найзтайгаа хамт xvчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд нийгэм, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, чадавхижуулах зорилгоор нэгэн төрийн бус байгууллага байгуулсан юм.

Тэр үед гэр бүлийн xvчирхийлэл гэдэг цоожтой хаалгыг хэмх өшиглөөд гараад ирнэ дээ гэх хорин нэгхэн насны хонгорхон хүслээр энэ ажлыг эхлүүлж байж. Хөрөнгө мөнгө маруухан учраас бүгдийг өөсрсдийн хүчээр босгосон.

Одоо ч гандан буураагүй зүтгэж л явна. Цэвэрлэгч, үйлчлэгч, хамгаалагч, асрагч, тогооч, нярав, нягтлан гээд түмэн дүрд хувирна. Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлын үүднээс ажил мэргэжилээ нууцлана.

Хүмүүс намайг их зантай, хүнтэй таардаггүй л гэдэг. Гэхдээ хэн ч намайг энд бүтэн гэр бүлийн төлөө, аз жаргалтай үрсийн төлөө залуу насаа золиослож явааг мэдэхгүй. Тав, зургаан жил ажиллахдаа чамгүй олон гунигт харцанд итгэлийн оч түгээжээ.

Эрхгүй баяр төрмөөр мэдрэмж шүү. Гэхдээ мэргэжилтнийхээ хувьд төв царайлаад суудаг ч бүсгүй хүнийхээ хувьд зүрх сэтгэлдээ цурхиртал уйлах үе зөндөө байдаг юм даа. Саяхан манайд шинэ үйлчлүүлэгч ирсэн юм.

Нэг тийм сайхан эмэгтэй. Шингэвтэр шаргал царайтай, давхраагүй нимгэн зовхитой, дөлгөөхөн харцтай сайхан нүдтэй, өдий насны эмэгтэй гэхэд бие хаа тэгшхэн. Гэвч түүний амьдралд бүдэрч, эрийн гарт нухлуулсныг илтгэх зүйлс илхэн аж.

Гялалзсан урт хар гэзэг нь сайхан ч гэлээ шингэхэн юм. Хуйхыг нь ажвал энд тэндээсээ алаг цоог халцарсан. Түүнийгээ нуух гээд үсээ нилээн хажуугаас нь хагалж эгц хойш нь биш халцархайгаа даруулан самнаад тэр хэсэгтээ жижиг үсний хавчаар зүүж. Бас түүний гар…

Хэрвээ газар унагаасан юм авахаар тонгойх агшинд анх гарыг нь харсан бол эр хүнийх гэж андуурмаар эвдэрч моонийсон, энд тэндээ мэсний болон түлэнхийн сорвитой хуурайшиж хатуурсан тийм нэг бахим гар.

За энэ гар ч дүүрч өшөө цаана нь ямар сорви байгаа бол гэж бодоход зүрх зүсэгдэх шиг. Угаасаа xvчирхийлэгчид хүний нүдэнд үзэгдэхээргүй газар л цохиж, бэртээдэг юм. Харц нь гунигтай ч ихэмсэг тэр эмэгтэй сонирхлыг минь татсаар байсан тул өчигдөр орой түүнтэй дотночлон ярилцсан юм.

Нилээд удаан ярилцасны эцэст тэрээр ийнхүү ярив. Би үр хүүхдээ элэг бүтэн өсгөе гэж бодож л өдий хүрсэн, гэвч элэг бүтэн нэртэй харанхуй нүхэнд л өсгөж дээ одоо бодоход. Дан ганц намайг зовоодог бол бас яахав томыгоо л гэхэд эхийгээ өмөөрлөө, багыгаа болохоор “хоноцын шээc” гэж харааж зүхнэ. Хаа таарсан юмаар шиднэ, зoдно.

Эх хүн чинь үр хүүхдээ зoдуулахыг харсанаас өөрөө өмнүүр нь ороод хэмх өшиглүүлмээр санагддаг юм шүү дээ. Уг нь би ийм ч хүн байгаагүй юм аа. Цагтаа цалгиж явсан бүсгүй үр. Намайг 16 хүрсэн жилээс л аавынд минь хадаг, сүй тавихаар ирсэн гийчдийн хөл тасардаггүй байлаа.

Нутаг усныхан хэний гэрийн өрхийг татах юм бол гэж шуугидаг байлаа. Би харин өнгөтэй өөдтэй явъя гэж муйхарлахдаа насны хар ангал руу гүйгээд орчихсоноо хэдхэн жилийн дараа ухаарч билээ. Хүмүүс намайг хар нялхаасаа нүдний хор орчихсон болохоор ханийн тэнгэр нь хазайчихсан гэж ярьдаг юм.

Би гэхдээ ханийн тэнгэрээ хайзалгачихсан гэж боддог доо. Хорин хоёр хүрдэг жилээ би айлын бэр болсон юм. Тухайн үед хурганы бэлчээрээс ижилдсэн зүрхээ өнчрүүлээд, хоног тоолж хүлээсэн хүслээ хуураад, хуарангийн зүг чилээсэн харцаа буруулаад хүний гэргий болж байлаа.

Тэр минь дараа намар нь халамцуухан манайд ирсэн юм. Манай хүн бас л хэд хоногоор алга болчихсон, түлээ мод муутай гал алдах дөхсөн, нялх биетэй хоол унд холдоод бие тэнхээрхүү байлаа.

Хаалгаар ороод ирэхэд нь эгцлээд харж чадахгүй дальдчиж байсан ч, эрхгүй тайтгармаар дулаахан мэдрэмж төрж билээ. Муугаа үзүүлэхгүй юм сан гэж өрөөсөн гараараа үсээ янзлачихаад цай аягалж өглөө.

Хар цагаан дуугүй цайгаа оочилчихоод л гараад явав. Үг ч хэлж чадалгүй ширтсээр л хоцорсон доо. Удалгүй хонь, ямаа майлалдах сонсогдоно. Тэгсэнээ баруун хойно түлээ хагалах чимээ гарлаа. Хэсэг байзнаснаа гэрийн бүс чангалав бололтой.

Эцэст нь өрх тэгшлээд дараа нь үүд онгойлоо. Хормой дүүрэн түлээ галын дэргэд асгачихлаа. Бас л юу ч дуугарахгүй хэвээр. Зууханд гал нэмчихээд намайг ажиглан зогсов. Суугаач гэж арай хийн хэлтэл над руу ойртож зулгаалгасандаа хуйх нь өвчин орсон үсийг минь итгэлгүйхэн нэг илбэчихээд “Явалгүй горьгүй ижий ганцаараа хэцүүднэ” гээд илүү үг хэлэлгүй гараад явчихсан.

Хаалга хаагдахтай зэрэгцээд нулимас урсчихав. Нөхөр ирээд “Намайг муу муухай харагдуулах гэлээ үxcэндээ уйлж унжаав” гэж загнуулах байх гэсэндээ үнэндээ сэтгэлээ онгойтол уйлж чадсангүй. Удалгүй хийсэн гал нь гэр дүүрэн төөнөнө.

Тэр минь яг л хормойтой түлээгээ асгасан шиг сэтгэлээ илхэн асгачихдаг, асаасан гал шигээ сэтгэл нь дандаа дүрэлзэж явдаг сан. Би харчуулын харцан дундуур туучиж, сэтгэл дээгүүр гишгэлж явахдаа хөөтэй тогооны бариул шиг насыг элээнэ гэж зүүдлээгүй юм даа.

Бүсгүй хүн хатан заяатай. Харин хатан сэнтийг хамгаалж үлдэхийн тулд үнэн сэтгэлээс урвах л учиргүй гэж хэлэхэд нь түүний харцнаас өнө мөнхийн гуниг харуусал мэдрэгдэж байлаа…

…Би хүмүүст салалт шийдэл биш гэж зөвлөдөг ухаалаг мэргэжилтэн хэрнээ “салъя” гэдэг үг аманд бэлхэн байж байдаг бардам нэрээр халхалсан тэнэгхэн бүсгүй. Харцанд нь томоожиж, тэвэрт нь уярч, халамжинд нь цэцэглэдэг түүндээ энэ үгийг хэлээд жил гаран болжээ.

Хамгийн сүүлд хэлээд шүү дээ. Тэрнээс цаана хэдэнтээ хэлснийг тоолоод дэмий биз. Эцсийн дүндээ ухаантай ярих, ухаантай байх өөр юм санж. Яг зөвлөдөг шигээ ухаалаг юм сан бол би өдийд сайн ханьтай, сайхан гэргий байх бус уу?

Гэтэл үгүйлсэн сэтгэлээ үнэн худлаа үнсэлтээр нөхөж, маргааш уулзахгүй ч өнөөдөр цаг нөхцөөх гэж болзоонд гүйнэ. Төрсөн өдөр, баяр ёслолоор эзэнтэй, эзэнгүй цэцгийн баглаанд дарагддаг болохоор танил хүүхнүүд намайг “Дурлалын хатан” гэж өхөөрдөнө. Үнэндээ бол ёжлоно.

Чин үнэндээ захын цэцгийн дэлгүүр ороод мөнгийг нь төлөөд авчихдаг болохоор цэцгийн баглаа тийм ч гойд санагддаггүй юм. Үнэн худлаа нь мэдэгдэхгүй эрчүүд зөндөө ч сэтгэлд хүрэх хүн даанч алга даа.

Яагаад тэдний хэн нь ч түүн шиг минь зүгээр л ажлаас минь ирж аваад гэрт хүргэж өгөх замдаа дуртай спортоо ярьж, ойлгохгүйг минь тайлбарлаж өгөөд, гэрийн гадаа гэгээтэйд ирчихээд үүр цайтал уншсан номоо ярьж өгдөггүй юм?

Яагаад тэдний үнэтэй сүрчигнээс ядахнаа дотно биш юм аа гэхэд дулаахан үнэр ханхалдаггүй юм? Яагаад би тэдний үнэтэй машинд даараад, гараас минь атгачихсан байхад айгаад, боловсон харилцаанд биеэ бариад байдаг юм бол?

Яагаад гэвэл тэдний сэтгэл бэлэглэдэг баглаа цэцэг шигээ хэлбэрлэг бас хэврэгхэн. Харин түүний минь бэлэглэсэн нил цэцэг одоо ч сайхнаараа цэцэглэсээр гэрт минь өнгө нэмж, сэтгэлд минь хань болсоор л.

Ганган өсгийт, сайхан сүрчигтэй гунхаж явахад харц шидэлж, амжилттай алдар нэртэй халгиж явахад болзоонд урих эрчүүд цөөнгүй ч ганцхан хатуухан үгэнд бүдрээд уначихдаг нь олон доо. Гэтэл би түүнийгээ жад шиг үгээр зарааны үс шиг завсаргүй шивж явж.

Эртээд үдэш ажлаас иртэл гэрийн үүдэнд хүлээж байхаар нь орно гэж төвөг удах байх гэж бодтол орой үдэш явдаг хүнд хэрэгтэй байх, эртхэн ажлаасаа ирж байл даа гэж хэлээд гарт нэг юм атгуулчихаад явсан нь нулимс асгаруулагч байсныг нь хараад асгартал уйлж билээ.

Өөр хэн ч намайг ханцуйгаа шамлаад хамгаалах байрны 00 угааж зогсоход үс илбээд хацар дээр үнсэхгүй, нөхөртөө зoдуулсан бүсгүйтэй хамт шөнөжин зүрх дэлсэж хоноод зовхинд хар хүрээ татсан явахад дулаахан энгэртээ тэврэхгүй, бүүр хэзээний танил юм шиг цаадуулынхаа нэгэнд өгөөрэй гээд дулаан хувцас тэврээд ирэхгүй.

Халуураад хэвтэхэд минь халуун аньс уух сайн гэсэн хамаагүй эм уух дэмий байх алсдаа биед муу гээд аньс бариад ирэхгүй юм байна. Гэхдээ би үүнийг сая л ойлгож байх гэж. Дандаа холбоо бариад байсан болохоор үнэндээ түүнээс холдчихсон юм шиг мэдрэмж төрөөгүй юм байж шүү дээ.

Гэтэл сүүлийн арваад хоног холбоо барьсанүй. Энэ чигтээ миний амьдралаас ор мөргүй гараад явчих юм биш байгаа гэж бодогдоход бодлоо ноорог цаас шиг хумхиад холхон шидчихмээр санагдана. Нөгөө эмэгтэйн хэлсэн үг л бодогдоод байлаа.

“Эмэгтэй хүн хатан заяатай. Хатан сэнтийг хамгаалж үлдэхийн тулд үнэн сэтгэлээс л урваж болохгүй”! Би хатан шиг хайрлуулж, халамжлуулчихаад хариуд нь хайруу хүйтэн үгнээс илүү юу өглөө. Тэгэх л ёстой юм шиг авирлаж явахдаа ганц удаа ч болсон буулт хийж үзсэн билүү?

Хайртайгаа гайхаад тэвэрдэг хэрнээ, чин сэтгэлээ хамгаалаад тэврээд үлдэж чадсан билүү? Чамаас сайхныг олох эрлээс хоосон буцахаа гадарлах үедээ л сайхан хайранд чинь туйлж явсанаа ухаарах гэж.

Утсаа аваад залгая гэвч өчнөөн залгахад чинь аваагүй, өдөр шөнөгүй орцонд хүлээхэд чинь хөөж туучихаад өнөөдөр би юугаа хэлэх билээ. Би утас дуугарахыг, мессэнжэр дуугарахыг хүлээсээр сүүлдээ хий сонсож байх шиг хаалга зөөлөн тогших чимээ…

Яагаад ч юм зүрх булгилаад явчихав. Итгэлгүйхэн хаалгаа нээвэл хэзээний дотно төрх, дулаахан харц. Энгэрт нь наалдаад уйлмаар санагдавч эрхгүй тэвчин “Хэд хоног… ?” гэж асуутал “Санасан юмуу даа ?” гээд тэврэв. Орчлонгийн хамгийн дулаахан, амгалан энэ л орон зайд хатан сэнтий байх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!