“XA3ГAP ДOГOЛOH ГЭЭД ГОЛООД ЯВУУЛСАН XҮPГЭН ХҮҮ НЬ АМИЙГ НЬ АВАРСАН…”

“ГОЛОГДСОН ХҮРГЭН” – Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Таазан дээрх гэрлүүд жирэлзэн, хүмүүсийн яриа нэг наашлан нэг цаашлан дүнгэнэж байсанаа тасалдан алга болсон. Тэрнээс хойшхыг Сүхээ өвгөн огт санадаггүй ээ.

Одоо бол хөл гар нь мэдрэгдэхгүй байх агаад хамаг уруул хоолой нь хатаж, ам цангаж байна гэж тамтаг алга. Нүдээ алгуурхан нээсэн ч дэлхий дайвалзах шиг болоход бушуухан эргүүлэн аньлаа.

– Сүхээ гуай та намайг сонсож байна уу? гэсэн эрдүү хоолой сонсоод ахин нүдээ нээвэл цагаан хувцастай эмч дээрээс нь тонгойж байлаа. Өмнөхийг бодоход энэ удаад толгой эргэх нь гайгүй дуугарч болж байна. – Гайгүй ээ хүү минь ах нь хаана байна вэ? юу гээч болох нь энэ вэ?

– Та хот хоорондын замд автын осолд ороод манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тархиндаа гэмтэл авсан учраас яаралтай хагалгаанд орсон гэхдээ одоо дажгүй ээ.

Удахгүй хөл гар чинь мэдээ орно. Ар гэрээс тань хүн дуудсан хөдөөнөөс охин тань удахгүй ирэх байх. Одоохон манай сувилагч танд уух юм өгнөө айж сандрах зүйлгүй тайван байгаарай гэж хэлээд цаашаа эргээд явчихлаа.

“Ээ базарваань тамын хаалга татаад буцаж. Ус уух хувь дуусаагүй л байж” хэмээн бодож амжсан ч эргэн нүд нь анилдан унтаад өглөө.

Хоёр хоногийн дараа энгийн тасагт шилжсэн ч ар гэрээс нь сахиур эргэлт гэж юу ч ирсэнгүй. Гүээ ер хэн ч ирэх билээдээ. Ганц хүүгээ хэрэгт холбогдож гэж сонсоод хар хурдаараа их хотыг зорьж яваад ийм явдалд өртсөн бөгөөд одоо хүү нь “Ганц худаг”-т суугаа.

Харин охин Сэндэр нь нутагтаа тогоо гэдэстэй бас дэрсхэн нусаа гоожуулсан дөрвөн жаалаа хэндээ үлдээж наашаа ирэх вэ дээ. Өвгөн: муу охин минь ирэх л гэж санаж, уймарч суугаа ч нөгөө данхар хар нь эрүүл согтуу даналзаад явуулна гэж үлгэр.

Харин энэ эмч хархүү л хэдэн сувилагч асрагч нараар дамжуулан асарч эргэж тойрч, бас өөрөө гардан эмчилж хөл дээр минь босголоо буянтай хүн юм гэж бодон хэвтэнэ.

Яг энэ үед өнөө эмч хархүү зөөлөн инээмсэглэж орж ирээд тасгийнхныг бүгдийг нь үзэж явсаар өвгөний ээлж боллоо. -За Сүхээ гуай дажгүй юу яаж байна зовиур байна уу гэж угсруулан асуулаа.

Би дажгүй ээ хүү минь. Ингэхэд чи хө нэг л танил санагдаад байх юм. Эсвэл хөгшин толгой будилж байна уу? -Та ч овоо тэнхэрч байгаан байна даа. Хүнтэй танилцахтай болжээ.

Би танай сумын Нансалмаагийн хүү Эрдэнэбаяр шүү дээ гээд дулаахан мишээв. -Ээ буянаа нэм тийм байна шүү дээ.

Аль ах нь үнэрлэе яасан сайхан залуу болоов дээ хүү минь гээд духан дээр нь үнэрлэв. Энэ шөнийн тарианаас хойш өвгөний нойр хулжаад үүр цайтал хөрвөөлөө. Нансалмаагийн ганц хүү гэхээр…

Тээр нэг намар саахалтын унага тамганы найрнаас үүрээр халамцуухан буцаж иртэл гэрээс зайдуухан морио хантайрчихаад манай Сэндэртэй хамт нэг дээлэнд багтаад суучихсан юу ч юм шивнэлдэн наг наг инээлдэж байхад нь би очоод морин дээрээсээ ташуурдаад хөөчихсөн тэр хархүү байх нь.

Эрх дураараа дутуу хүтүүг үзэлгүй өссөн, зассан шагай шиг цэмцгэр ганц охиноо чам шиг гуйлгачинтай нийлүүлнэ ч гэж байхгүй шүү. Айлын хаяа сахиж өнчин ишиг горьдож явж яасан их санаатай туучийв чи гээд овоохон загнаад явуулж билээ.

Сэндэр гэж надаар үг хэлүүлж үзээгүй горзгор охин чөлөөгүй уйлсаар би ч нүүр өгөхгүйг хичээж хэд хонож байтал, баян Базар ганц хүүдээ охиныг чинь гуйж явна гээд ороод ирэх нь тэр.

“Үе удмаараа баян Лхагвасүрэн, баян Базар гэж хочлуулж ирсэний дээр хурдан хурц адуугаараа нутагтаа алдартай тэдний ганц хүү явж явж энэ хур хөрөнгийн эзэн болох эь дамжиггүй.

Ганц охиныг минь өмсөх эдлэхээр дутаахгүй элбэг дэлбэг аваад явчихна” гэж тэр үедээ л овоо сийрэгхэн сэтгээд хадгийг нь хоёр гардан авчихаж билээ. Гэтэл эрх нь дэндсэн дураарай охин тэр шөнөдөө гүйгээд алга болж.

Би ч охиноо “Намжилмаагийн навсгар хар овоохойд очиж хэвтчихээд хүний нүүр түлж байгаа биз” гээд давхиад буутал Намжилмаа гэртээ ганцаараа – хүү адууны эрэлд яваад хонуут алга бодвол хэдэн адсага нь олдохгүй муу хүүг минь эрэлд хатааж байгаа биз гэчихсэн сууж байна. -За чи битгтй золигт миний охиныг босгуулаад аваад явчихсан гэдгийг чи л болоод мэдэхгүй байгаа байхдаа.

Нүдний цөцгий шиг хайрлаж, эрхлүүлж энхрийлж өсгөсөн ганц охиноо танай хазгар хүүд өгч тэгж ч амьдралаар нь тоглохгүй шүү. Чи ямар өөрийн гэсэн тоолох мал, тохох эмээлтэй биш хэзээнээсээ л айлын хаяа бараадаж хусам горьдсон гуйлгачид та нар шиг юманд миний охин хурцадна. Хаашаа явсаныг нь зүгээр хэлээд орхи, тэр чинь тавьсан сүйтэй хадамд гарах өдрөө хүлээж суугаа хүүхэд гээд л агсарч гарлаа.

-За Сүх минь чиний баян тарган чинь тэндээ л биз энэ хүүхдүүд хамт нэг ангид арван жил сураад ижил дасал болж, бидний үе биш сэтгэл сэтгэлээ таниад хоорондоо болж бүтнэ биз гэж бодож л байлаа.

Гэхдээ чи ингэж байгаа бол миний хүү хазгар доголон ч гэсэн хүний л сайхан үр. Шалгалт шүүлэгээ сайн өгөөд тэр сургууль соёлд нь явах гэж байгаа.

Юутай хүний хүүхэд вэ гэж биш ямар хүн болох хүүхэд вэ гэж харсан бол чамд дээр байсан юмдаа. Танай охиныг үнэндээ мэдэхгүй ээ. Одоо явж үз ядарсан эх хүү хоёрыг зөндөө л дараллаа гээд ханцуйгаараа нүүрээ шудраад үлдэж билээ.

Эргээд гэртээ харьтал Сэндэр минь бүлцийж хавдсөн нүдтэй амьтан гэртээ сууж байж билээ. Манай дүүгийнд очиж охинд нь үйлээ тоочиж уйлж хоноод ирсэн нь тэр байж. Бүсгүй хүүхэд яахав тэгээд миний үгээр Базарын бэр болсондоо.

Одоо тэр нэг данхар хар юм нь сум дамжин даалуу тавьж эцгийнхээ үлдээсэн хэдэн сайхан буянг бооцоонд алаад дуусахгүй муу том хүүгээ “миний хүүхэд биш” гэж ад үзэж муу охиныг минь нус нулимстай нь хольж гүйцсэн согтуу толгой байна.

Манай мангар хар хүртэл толгой өөд өргүүлэхгүй хэрэг тарьж хэл ам таталсан амьтан. Хоёр ч авгай сольж гурван хүүхэд өнчрүүллээ. Баян Сүхийн хүү гээд нутаг нугаараа л хөл алддаг байсан одоо хүний нүүр цэх харах эрхгүй энд хэцүү нэртийн хаалга татах гээд байдаг.

Гэтэл хазгар доголон гэж гологдсон хүргэн маань энд миний амийг аварч бүр асарч тойлж байх… Гэхчилэн энэ тэрийг бодсоор үүр цайлгалаа.

Өглөө эмч нар үзлэгээ дуусаад өвчитнүүдийн гэрээс эргэлт ирээд л холхилдоцгоох тэр үед “5-р тасагаас Сүхээг эргэлтын хаалган дээр дуудж байна гэж нэг охин хаширахад” -Хэн ирэх билээ энэ чинь ирэх хүн ч байхгүйдээ… гэсээр аяаархан босоод очтол эгрэлтын цонхон дээр Намжил хөгшин инээмсэглэн зогсох нь тэр.

– Ишш Сүхээ минь бие гайгүй юу? Энэ Эрдэнэбаяр гэж золиг хамт амьдарч байж чамайг энд хэвтэж байшааг хэлэхгүй хоёр гурав хоносон байх юм. Энэ хүүхдүүд ажил ихтэйдээ ч тэр үү эсвэл мань мэтийг голдог юм уу ер юм ярихгүй шүү. Гэж угсруулан урсгасаар угтлаа.

– За энэ хоол цай ороод тайван идэж уугаарай савыг нь хүүд өгөөд явуулчихаарай. Тэгээд эмнэлэгээс гараад манайхаар очиж хононо шүү. Нутаг усны сонин сайхан ярьж сууя.

Тээр жил энэ муу хүүгээ дагаж хотод орж ирсэнээс хойш нутгийн бараа харсангүй хурдан эдгээрэй Сүх минь… гээд нүүр өөд харлаа. – Тэгнээ хө очино, би ч тамын үүд тогшоод муу хүүгийн чинь буянаар нар харлаа Намжил минь гэх мэтийн хэд гуравхан үг сольж амжив. “Хүний нутаг олны дунд нутаг нугын хүмүүс таарах яасан ч сайхан юм. Ах дүү садан төрөл шиг” гэж Сүхээ бодож магнайн хөлсөө шувтаран аягатай шөлөө оочилж сууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!