MngNews

“XАЙРЫН CОРИЛТ” – БОДИТ АМЬДРАЛААС

Aриун хайрын түүх олон янз байдаг. Гэхдээ хэн нэг гуравдагч хүнээс бус амьдралын том сорилтын өмнө сөхрөлгүй үнэнч байх нь жинхэнэ хайр юм. Нэг насны ханиа тэргэнцэртэй бүсгүйгээр сонгоно гэдэг хэр баргийн залуугаас гарахгүй шийдвэр байсан нь тодорхой. Гэвч хүн чанар, хайр сэтгэл, итгэл найдвар дүүрэн хосын амьдралд бяцхан үр нь жаргал дуудаж ирсэн юм. Д.Мөнхжаргал, Б.Мөнгөнцэцэг хоёрын дэлбээлж буй хайр амьдрал болон цэцэглэж байна.

2004 он. Загвар өмсөгчдийн улсын уралдааны тэргүүн байрын шагналтай Б.Мөнгөнцэцэг өсөх ирээдүйтэй гэж үнэлэгдэж байсан үе. Үеийн охидоос ялгарч, загварын тайзнаа алхаж явсан тэрээр найз охидын хамт сагс тоглохоор зааланд ирээд анх Д.Мөнхжаргалтай танилцжээ. Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй байсан ч нүдэнд дулаахан инээмсэглэх залууг хараад “Энэ л залууг нөхрөө болгохсон” гэж бодож байсан гэдэг. Харин Д.Мөнхжаргал “Биднийг тоглож байтал өндөр өсгийтэй гутал өмссөн, туранхай, нуруулаг, үcнийх нь тайралт өвөрмөц, япон стильтэй, хөөрхөн охин ороод ирсэн. Тэр үед харцыг минь үнэхээр булаасан” гэж байв. Энэ бол тэдний анхны уулзалт байв. Хоёр биедээ таалагдсан болохоор тэд утасны дугаараа солилцоод салжээ. Харин тэд хоёр дахь уулзалтаараа найзуудтайгаа хамт кино үзжээ. Маргааш нь бөөнөөрөө Тэрэлжийн амралтад амрахаар ярилцахад “Наадмаар гэрийнхэнтэйгээ хамт байна” гээд тэр хоёр татгалзсан байна. Гэвч найзуудынхаа ятгалгаар явахаас аргагүй болов.

Харамсалтай нь тэдний явах дургүй байсан тэр амралт насан туршийнх нь зовлон шаналлыг авчрах юм гэж хэн нь ч мэдсэнгүй. Маргааш нь соёолонгийн тоосонд орох гэж хот руу яарч яваад аваарт орсон тэр аймшигт өдрийг мартаж үл чадна.Осолд орсон залуусыг Гэмтлийн эмнэлэгт авчрахад Мөнхцэцэг хөлөө ч хөдөлгөж чадахгүй байв. Эмч нар түүнийг насан туршдаа тэргэнцэрт суухаар болжээ гэж хэлсэн ч хятад эмч нарын хийх хагалгаанд найдлага тавьж, босчих юм шиг санагдан залбирч байжээ. Гэвч хагалгааны дараа хуруу нь ч хөдөлсөнгүй. “Үйрсэн ясыг нь суллаж авлаа, одоо амь наснаас чинь аюул холдсон. Гэхдээ насан туршдаа мэдээгүй боллоо. Гадаадад эмчлүүлэх, физик эмчилгээ сайн хийвэл үр дүн гарч магад” гэж хэлсэн эмчийн үгийг сонсоод эцсийн найдвар нь тасарсан юм шиг санагдсан гэдэг. Сэтгэлээр унасан, уйлахаас өөрийг хийж чадахгүй болсон түүнийг чихэр, жимс барьсаар үргэлж эргэж тойрох залуу л хөгжөөнө. Сэтгэл санааг нь дэмжиж, ярилцаж суусаар шөнө хагасалж харих, үүр цайлгасан өдрүүд олон. Өглөө нь ажилдаа явж, орой нь ирж сахих түүний халуун сэтгэл, хайранд Б.Мөнгөнцэцэг сэргэж байсан юм. “Өнөөдөр намайг өдий зэрэгтэй, сэтгэлийн тэнхээтэй байлгаж байгаа хүмүүс гэвэл миний ээж, нөхөр хоёр юм. Ээж минь одоо бурхан болсон. Хэрвээ би Мөнхөөтэйгөө суугаагүй бол өнөөдөр ингээд байж байхгүй байсан. Ханьдаа би үнэхээр их баярладаг.

Хүү минь төрөөд намайг маш их баярлуулсан. Би өөрийгөө хэзээ ч ээж болохгүй, аав ээжийгээ өвөө эмээ болгож чадахгүй нь гэж бодож байсан. Болохгүй зүйл гэж байдаггүй гэдгийг амьдралаараа мэдлээ. Хамгийн гол зорилго маань хөл дээрээ босоод таяг ч болов тулаад явдаг болчихвол хүүгээ хөтлөөд сургуульд нь хүргэж өгөхийг хүсдэг. Хэзээ нэгэн цагт миний энэ хүсэл биелэх байх” гэж Б.Мөнгөнцэцэг чин сэтгэлээсээ хүссэн юм. Сагс тоглож танилцсанаас хойш дөрвөн сарын дараа эмнэлгийн коридорт анх удаа хайртай бүсгүйгээ үнсэж байсан тэдний хайр сэтгэлийн сорилт үүгээр дууссангүй. Д.Мөнхжаргалыг аав, ээж нь Белги улсад суралцуулахаар шийджээ. Бичиг баримт нь бүтэж, явахаар болсныг сонсоод “Би хөлгүй хүн яах билээ, уйлаад хоцордог л юм байна” гэж Мөнгөөнөө ээждээ хэлээд уйлж суусан гэдэг. Белгид очоод Д.Мөнхжаргалыг “Хайрт минь яаж байгаа бол” гэсэн бодол л хамгийн их зовоож байсан гэдэг. Уйлаад хоцорсон хайртай бүсгүйгээ санахгүй хором мөч байсангүй. Хайртаасаа хол өнгөрүүлсэн долоон сарын хугацаанд санасан сэтгэлээ аргадаж шүлэг, захиа бичнэ. Хайрынхаа тухай, ирээдүйн амьдралаа зөгнөсөн захидлаа хайрт руугаа явуулна. Тэргэнцэртэй хүмүүсийг харахаараа хайртыгаа бодож, бүрэн автомат ийм гоё тэрэг аваад очихсон гээд боддог байжээ.

Харин Мөнгөөнөө энд хайртыгаа хүлээнэ. “Чамдаа захиа явуулсан шүү” гэдгийг сонсоод л хүлээгээд, догдолчихно. Бараг сар болж ирэх тэр захиаг задлаад “Сайн байна уу, хайрт минь” гээд уншиж эхлэнгүүт л нулимс нь урсана. Олон сайхан шүлэг, сэтгэлийн тэнхээ өгөх үгс, цаасныхаа булан тохой, зай завсарыг үлдээхгүй бичиж явуулдаг учир захиагаа эргүүлж тойруулж уншсаар өдрийг амархан өнгөрөөнө. Маргааш нь ахиад л нөгөө захиагаа гаргаад уншина. Хэдий бие хол ч сэтгэлээрээ үргэлж хамт байгааг мэдэрч Мөнхөөг өөрт нь хязгааргүй хайртай, хэзээ ч орхихгүй гэдэгт итгэж, жаргалтай байх болжээ. Тэр мөчүүдийг амьдралын хайрын сорилт байсан гэж тэд томъёолсон юм. Нисэх онгоцны буудал дээрээс нэг нэгэн рүүгээ яарсан хосууд удалгүй нэг гэртээ орж, бяцхан хүүтэй болжээ. Хүүгээ олдсон цагаас мэдээгүй болсон бие нь мэдэрдэг болж, эх хүн болохын аз жаргалыг амссан юм. Дөрвөн нас хүрч буй хөөрхөн хүү ээждээ тусалж, гар хөл болж гүйнэ. Сайхан хүсэл мөрөөдөл дээр хүний амьдрал оршин тогтнодог. Тиймээс ч тэд сайн сайхныг мөрөөдөн амьдарч явна. Гэхдээ тэд илүүд шунаж дурласангүй. Тэдний хүсэл ердөө л эрүүл болж, хөл дээрээ босох. Тэр цагт цагаан даашинз өмсч хуримын ордонд гэрлэлтээ батлуулна гэсэн. Хайр бүхнийг ялж, хамтдаа байвал жаргал ирдгийг өөрсдийн биеэр үлгэрлэсэн тэднээс суралцах зүйл олон байна. Ариун хайраар жигүүр хийж, амьдралын хатуу бүхнийг хамтдаа сөрж яваа залуу хосдоо эрүүл энх, аз жаргал бүхнийг хүсье.
Х.Монголхатан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!