“HӨXPӨӨСӨӨ CAЛAAД ДУРЛАСАН 3AЛУУTAЙГАА АМЬДРААД ҮЗВЭЛ ЯАДАГ БОЛ” БОДИТ АМЬДРАЛААС

“HӨXPӨӨСӨӨ CAЛAAД ДУРЛАСАН 3AЛУУTAЙГАА АМЬДРААД ҮЗВЭЛ ЯАДАГ БОЛ” БОДИТ АМЬДРАЛААС

Сайн байна уу. Би дөрвөн настай охинтой, хань ижилтэй залуухан гэрийн эзэгтэй. Миний хувьд хэтэрхий яаран гэр бүл зохиосноос одоо харамсах харамсал их л байна. Миний нөхөр есдүгээр анги төгссөн боловсролтой, би өөрөө их сургуульд оройгоор магистрантад сурдаг. Төгссөн сургууль соёл, боловсролоос гадна өссөн дассан орчингууд минь хүртэл тэс өөр.

Тийм болохоор бидний хооронд соёлын ялгаа гэх юм уу нэг тийм зүйл маш их байдаг. Гэхдээ энэ бүхний ганц гогцоо нь би эр нөхрөөсөө хамт амьдарч эхэлснээсээ хойш таарч тохирохгүй болоод ч тэр юм уу яагаад ч юм мэдэхгүй сэтгэл хөрсөн гэдэг зүйл л байгаа юм.

Анх үерхэж уулздаг байхдаа бол гал халуун сайхан л байсан. Хүүхэд төрүүлснээсээ хойш нөхөртэйгээ таарахгүй, хадмуудтайгаа санал зөрөлдөх гэх мэт олон тохиолдол гарч байна. Мэдээж гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг надад ч алдаа мадаг байгаа л байх.

Гэхдээ байдаг чадлаараа хичээгээд байхад л аав ээжтэйгээ нийлж байгаад намайг загнана, элдэв шидээр минь дуудах бол энүүхэнд. Гурван талаас л ганц хүнрүү дайрч өгнө. Арай ч надад ийм зан гаргахгүй байх гэсэн ааш авирууд түүнээс өдөр бүр л илэрсээр байна.

Заримдаа хаа нэг уур нь хүрэхээрээ аав, ээжийгээ хажууд нь харж байна ч гэж тоохгүй гар хүрэх тохиолдлууд ч хэд хэд байсан. Хадмууд ч гэсэн нүдэн дээр нь тийм зүйл болоод байхад хүүе хаая боль ч гэхгүй өрөөлүүгээ орцгоочихдог.

Энэ бүхэнд нь олон олон юм хуримтлагдсаар энэ хүнтэй суусандаа харамсах сэтгэл их төрдөг дөө. Үнэхээр тэвчихээ болиод өнгөрдөг оны арван нэгэн сард бас л аав ээжийнхээ хажууд нэг удаа гар хүрэхэд нь салаад зам замаа хөөцгөөе гээд зоригтой хэлээд үзтэл,

-Хүүхдээ бодож байна өнчрүүлж чадахгүй, дахиж муухай зан гаргахгүйг хичээнэ гээд уйлан барин гуйгаад ээж аавдаа ч сайн хэлнэ гээд үлдээсэн. Тэгээд гэрээс нь хувцасаа аваад явалгүй итгэл өгөөд үзсэн ч нөхөр, хадмуудын маань ааш авир ч өөрчлөгдсөнгүй бараг салъя гэснийг минь сонсоод улам ч хатуу болсон байж магадгүй.

Бас миний сэтгэл ч хөрсөн янзандаа хэвэндээ байна. Гэрлэлтээ батлуулаагүй, тусдаа гараагүй хадмындаа амьдардаг. Тусдаа гарахын хувьд бол ойрын тав, зургаан жилдээ боломжгүй л байх. Одоо би нэг аймагт ажлын шугамаар түр хугацааны томилолтоор охиныгоо аваад хүрээд ирсэн байгаа.

Нөхөр Улаанбаатарт гэртээ үлдсэн. Гол шалтгаан юу вэ гэвэл энэ аймагт ирээд хоёр сар болохдоо энэ нутгийн залууд ирсэн өдрөөсөө хойш арван наймт шиг л татагдаж дурлаж орхилоо. Тэр залуу өмнө нь амьдрал зохиож байсан, эхнэр нь орхиж гадаад яваад сүүлд бас хүүхдээ татаад авсан юм байна лээ.

Одоо бол гэртээ ганцаараа амьдардаг ганц бие л залуу. Бид хоёр бие биенээ шууд л ойлголцоод жижигхэн зүйлс дээр ч нэг нэгэндээ сэтгэл гаргаж чаддаг. Бодоод үзсэн өнгөрсөн хугацаанд нөхөртэйгөө ч ингэж сайхан ойлголцож хажууд нь байхад амар тайван байж үзээгүй юм билээ.

Би одоо хэрвээ санаснаар болдог бол энэ аймагт үлдээд энэ залуутай амьдраад үзмээр л санагдаж байна. Богинохон хугацаа ч гэсэн хэзээний л танилууд, хосууд юм шиг энэ залуу маш дотно санагдах юм.

Тэр намайг нөхөртэй гэдгийг мэддэг болохоор намайг үлдээд хамт амьдраач гэж ил цагаан гуйж гувшиж чадахгүй байгаа ч хүүхдийг чинь бол төрсөн хүүхэд шигээ хайрлаж чадна л гээд байгаа. Өөрийнх нь охин манай охинтой насаар ойролцоо, охиноо нэг настайгаас нь хойш хараагүй нилээд хэдэн жил болж байгаа болохоор манай хүүхдийг хараад охиноо санадаг юм шиг байна лээ.

Буцаад Улаанбаатарлуу яваад тэр гэрт очно гэж бодохоор хамаг бие арзайх шиг л болж байна. Ажлын маань хувьд ч гэсэн энэд үлдээд томилолтоо сунгаад урт хугацаагаар ажиллах боломжтой. Би яах уу?  Нөхрөө орхиод энэ залуутай амьдраад үзвэл яадаг бол…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!