MngNews

“CАНААНДГҮЙ УЧРАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Булган Шүрээгийн төлөө бүхий л амьдралаа зориулсан гэхэд буруудахгүй. Дунд сургуульд байхдаа түүнийг үерхдэг хөвгүүндээ хаягдахад – хоёулаа үерхье гэж хэлэн тайвшруулж анх үерхсэн билээ. Гэвч оюутан болонгуутаа Шүрээ түүнтэй үерхэхээ больж нутгийн зөвлөлд байдаг нэгэн бөх залуугийн өвөрт орсон аж. Булган гомдсонгүй өөртөө л бурууг өгч байв. Шүрээг тэрний ээлжит амрагийнх нь нэг болоод хуучрахад залуу энгэртээ тэвэрч нулимсыг нь арчиж өгчээ. Гэвч Булган түүнийг хайрласан хэвээрээ л байлаа. Тэд хуримлаж хоёр ч хүүхдийн эцэг эх болсон ч Шүрээгийн сэтгэл ханасангүй. Түүний тухай – ажлын газрынхаа нэгэн залуутай зүгээргүй гэх дэл сул яриа сонссон ч залуу – арай ч үгүй байлгүй дээ бидний амьдралд атаархсан хэн нэгний зориуд тараасан яриа биз гэж түүнд итгэж байв. Шүрээ ч – Юу гэж тийм юм байхав дээ гэж хэлжээ. Тэднийх удалгүй шинэ хүнтэй болов. Гэвч шинэ үрийнх нь царай Булганд нэг л өөр санагдана. Шүрээ – хүүе ээ энэ маань манай нагац өвөөгийн сүнс байхаа царай нь яг аа яг гэнэ. Булган ч – зургийг нь ахин дахин үзээд – нээрээ тийм ч юм уу, нүгэл сундлахаар шийдтэл шал дэмий юм бодохын гэж өөртөө хэлжээ. Булган гурван сайхан үр төрүүлж өгсөн эхнэрээ хайрлахын дээдээрээ л хайрлаж байлаа. Анги, найз нөхөд, ажлын хамт олны уулзалт, нийллэгэнд тоотойхон орно. Бүр зарим нь нарийндаа хатсан амьтан гэж ил далд хэлсэн ч тоосонгүй. Найз нөхөд нь – чи ч бүр манийгаа тоохоо больжээ, – хайшаа юм эхнэр чинь хардаад гаргадаггүй юм уу эсвэл эхнэрээ харамлаж хардаад гэрээсээ цухуйж чадахаа болио юу гэхчлэн элдэв үг хаяв ч тэр тоохгүй л байлаа. Харин ч эхнэрээ нялх хүүхэдтэй гэртээ ядарч, ганцаардаж байгаа гээд гэртээ байгаа үедээ хүүхдээ авч юм аа угаалцан анги, ажил, найз нөхдийнх нь уулзалтанд – миний хань яваад сайхан сууж ярьж хөөрч яваад ир хань нь хүүхдүүдээ харж байя гээд явуулдаг байв.

Шүрээг ажилдаа ормоор байна гэсэн тул нутгийнхаа нэг танил эгчийг гуйн хүүхдээ харуулж эхнэрээ ажилд нь оруулжээ. Нэгэн удаа багийн найз Болдоо нь утсаар – би чамд хэлэхгүй байж үнэхээр чадахгүй нь гээд – танай эхнэр чинь ажлынхаа Итгэлттэй өчигдөр буудал орж явна лээ, ер нь наад бага хүүхэд чинь тэрний хүүхэд юм биш үү, анх хараад л би шууд тэгж бодсон гэхдээ нялх амьтанд юуны буруу байх билээ гэж хэлээд чатаар зураг явууллаа гэжээ. Булган томилолтоосоо өглөө ирсэн билээ. Түүнээс ирсэн зургийг үзээд залуугийн дотор хутгалдан яг л бөөлжих гэж байгаа мэт санагдав. Тэгээд Болдооруу залгаж уулзахаар болоод нутгийн эгчийгээ дуудан – дүүд нь яаралтай ажил гарлаа эхнэрийг иртэл хүүхдүүдийг харж байгаарай гэж захилаа. Ойрхон байдаг тул тэр удалгүй орж ирэхэд Булган зөрөн гарчээ. Хоёр залуу юу ч ярилгүй уусаар л Болдоо – одоо хоёулаа болих уу гэхэд залуу – зөөгчийг дуудан нэмж авав. Болдоо – дэмий хэлж гэж дотроо бодовч сэтгэл доторх хүн нь – энэ хүн эртхэн мэдсэн нь дээр гэж зүтгэнэ. Баарны зохион байгуулагч – манайх хаах боллоо гэхэд л тэд тэндээс гарав. Шүрээгээс дуудлага ирсэн ч Булган авахгүй байлаа. Гадаа гараад хөл дээрээ тогтож чадахгүй шахам зогсох Булганд – одоо хоёулаа хайчих вэ гэхэд залуу шуудхан танай хүрье гэв. Болдоо бас нэг шил юм нэмж аван таксигаар гэртээ хүргүүлжээ. Гэвч тэд нэмж ууж ч чадсангүй чүү чамай гэртээ орж хоёул тэрий хадан унацгаажээ. Ёстой нөгөө эсгий гутлын толгой залгисан юм шиг байх бие ээ арай чүү хөдөлгөн заадлаараа салах гэж байгаа мэт толгойгоо тэврэн Булган өндийж ирэв. Азаар Болдоогийн хажууд нэг юм байхыг харж задлан нэг балгахад дотор нь арай дээрдэж ирлээ. Хөлс нь ч чийхарч байна гэж жигтэйхэн. – Хүүе Болдоо гэж хувцаснаас нь чангаахад Болдоо ч босож ирэв. Түүнд нэг балгуулаад – алив хоол хийгээч, чадахааргүй бол би хийе гэхэд – за за найз нь хийе чи зүгээр хүлээгээд сууж бай гээд Болдоо босч гараа угаан хоол хийхээр түжигнүүлж эхлэхэд Булган хоёр гараа дэрлэн гэдэргээгээ харан хэвтжээ. – Одоо яахав гэсэн бодол орж ирэв.

Дотор хүн нь – яах юу байдаг юм хоол идээд гэртээ харь эхнэр хүүхдүүдийн чинь санаа зовж байгаа, Шүрээтэй ярилц, үнэн худлыг тодруул хэрвээ үнэн бол тэр хүнд чи шийдээ хэл, гэхдээ гол нь хоёр хүүхэд чинь өнчирнө гэдгийг санаарай гэх аж. Булган хоол идээд – би гэрлүүгээ явлаа гэхэд Болдоо юм хэлсэнгүй. Булганы дотор овоо сайхан болсон тул автобусанд суун цонхоор нь ямар нэгэн зүйл харж байв. Тэр нь гэхдээ юу гэдгийг үл мэднэ. Тэгээд арай нэг юм тогтоон хартал ойрхон байх хүнсний дэлгүүрлүү нэгэн бүсгүй ахин дахин хайрцагтай юм зөөж байхыг харлаа. Барааны дэргэд өндөр махлаг залуу зогсовч турьхан биетэй бүсгүй ганцаараа зөөсөөр байх аж. Булган тэсэлгүй автобуснаас буун бүсгүйн дэргэд очоод юм хэлэлгүй хайрцагтай юм тэврэхэд нөгөөх залуу – чи яахнав – зөөлцөж өгье гэхэд залуу сэжиглэсэн янзтай харлаа. Булган -хөгийн амьтан бэ гэж бодоод бүсгүйд хандан – чи дотроос нь ав гэхэд бүсгүй – за гэлээ. Тэр духан дээгүүрээ бурзайсан хөлсөө арчиж харагдана. Булган – аргагүй шүү дээ гэж түүнийг өрөвдөн бодлоо. Барааг зөөж дуусаад залууг явах гэтэл бүсгүй – баярлалаа гэв. Залуу сая л – зүгээр дээ гэхдээ бүсгүйн царайг тогтоон харав. Уруул дээрээ бор мэнгэтэй цагаан шар царайтай дүрлэгэр бор нүдтэй бүсгүй байлаа. Урдуураа оруулсан чолк нь түүнийг наснаас нь залуу харагдуулж байх шиг түүнээс биш бараг үеийн гэмээр бүсгүй байв. Булган тэндээс явж автобусанд суугаад тэр дэлгүүрийн нэрийг харж байлаа. Удалгүй нөгөөх бүсгүй гарч ирэн үүд орчмоо шүүрдэж байв. Автобус хөдөлснөөс хойш залуу түүний барааг харагдахгүй болтол харсаар явлаа. Түүнийг гэртээ харихад Шүрээ гайхсан шинжтэй угтсан ч юм хэлсэнгүй. Хоёр хүүхэд нь – аав аа та хаачив гэхэд – Болдоо ахтай нь уулзаад аа гэснээс өөр үг хэлсэнгүй. Тэр оройгоо Булган – бие өвдөөд байна жижиг өрөөндөө унтлаа гэхэд Шүрээ – хнн мал болтлоо уухаар тэгэлгүй яахав дээ гэжээ. Нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөх залуугийн нүдэнд нөгөөх бүсгүйн мэнгэ, дүрлэгэр бор нүд хоёр харагдах шиг санагдана. Булган зургийн талаар эхнэрээсээ асуусан ч үгүй.

Ажил гэр гэсээр хэд хоноод залуу нөгөө бүсгүйг харахаар зориуд Болдоогийн тийш очжээ. Буцахдаа нөгөө дэлгүүрээр орлоо. Бүсгүй түүнийг танин – сайн уу гэхэд залуу – сайн гээд гараа сунган – Булган гэхэд бүсгүй гарыг нь атгаад – Өлзий гэж ээ. – Би ойрхон явж байгаад дэлгүүрээр чинь ороод ирлээ гэв. Өлзий бас дахин талархснаа илэрхийлээд түүнд хэдэн чихэр атгаж өгчээ. Тэгээд – би хүний дэлгүүрт суудаг юм аа – аан тийм үү жижигхэн хэрнээ байрлал сайтай бараа ч ихтэй дэлгүүр юм аа – харин тиймээ би их азтай ажилтай байна гэдэг амьдралтай л гэсэн үг гэж ээ. Булган – зөв шүү гээд нэг кило алим, нэг уут боов авъя гэхэд бүсгүй алим, боов өгөөд – энэ шинэ гарсан нь их амттай гэв. Залуу – баяртай гэхэд – за за баяртай дараа ирж үйлчлүүлээрэй гээд бүсгүй хоцорлоо. Булган хэд хоноод Өлзийгийн дэлгүүрийг зорьж зориуд юм худалдан авдаг болов. Түүнд гэнэт Шүрээгийн араар нь тавьсан, бага хүүхдийнх нь өөрийнх нь хүүхэд биш байх ч огт хамаагүй мэт санагдах нь хачин. Залуу сэтгэлдээ аз жаргалтай болж Өлзийтэй уулзах хүсэлд автах болсноо өөрөө ч итгэж ядан байх болов. Өөрийн эрхгүй тийш ээ явна. Нэгэн өдөр түүнийг очиход Өлзийгийн нүд уйлсан бололтой улайсан байлаа. Бага ангийн болов уу гэмээр нэг охин тэнд байв. Тэр охин ч уйлсан бололтой харагдана. Залуу мэнд мэдээд юү гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг зуур зогсоод – хоёр гурван зүйлийн нэр хэлж авъя гэхэд Өлзий – миний охин аваад өг гэлээ. Охин ухасхийн авч өгөхөд Булган – баярлалаа, ямар сайн хүүхэд вэ гэж мөнгөө өгөв. Охин хариултыг нь дорхноо бодон өгчээ. Бүсгүй дуугүй л байх тул Булган гарч явлаа. Эргэн харсаар явж Өлзийг гараад ирэх болов уу гэж горьдож хүлээсэн боловч бүсгүй алга л байв. Өмнө нь Өлзий араас нь гарч ирээд байх шиг санагддаг байсан нь худлаа байж гэж бодоод залуу гэнэт сэтгэлээр унажээ. Мөн хэд хоноод ирэхэд тэр дэлгүүр шинэ худалдагчтай болсон байлаа. Залуу худалдагчаас – өмнө нь ажиллаж байсан хүн хаачсан юм бол гэхэд мэдэхгүй ээ эзнээс нь асуувал л мэдэгдэх байх гэжээ. Булган бас л урамгүйхэн гэрлүүгээ явлаа. Булган – би л түр зуурын сэтгэл хөдлөлд автжээ гэж өөрөө өөртөө хэлээд амьдрал ахуй үр хүүхэддээ санаа тавьж явсаар нэг л мэдэхэд нэг жил, хоёр жил, гурван жил өнгөрч бага хүү нь 5 нас хүрчээ. Ах эгч хоёроосоо тэс өөр хүүг залуу хүүгээ гэж ялгалгүй хайрласаар байв.

Нэг өдөр ажил дээрээ байж байтал – Шүрээгээс дуудлага иржээ. – Байна уу – байна гээд Шүрээ уйлж эхлэв – юу болов оо яав аа гэхэд – хүү маань гээд таг болжээ. Булган – за тайвшир уйлахаа болиод хэл дээ – Заяа Зулаа хоёр уу – үгүй ээ тэр хоёр зүгээр Золоо, гэмтлийн эмнэлэг дээр байна гээд утас нь салжээ. Булган яаран хүрч очиход эхнэр нь түүний хамаатны ах эгч хоёр нь мөн түүний эгч байж байлаа. Шүрээ үг хэлэх сөхөөгүй уйлж байв. Эгч нь – Золоо эгчийнхээ гарыг тавьж гүйгээд машинд мөргүүлчхэж гээд – дүү чинь нөгөө хоёртой байгаа гэлээ. Эмч – хагалгаа хийх бэлтгэл хангагдлаа, цус их алдсан тохирох цус хэрэгтэй гээд залуугаас цусны бүлгийг нь асуугаад гайхсан янзаар Шүрээрүү харахыг Булган анзаарав. Шүрээ гэнэт шийдэмгий царай гарган утсаа гарган залгаж – хүрээд ирээч гээд ярьж чадахгүй уйл эхэлжээ. Булган утсыг нь шүүрэн авч – хурдлаарай Гэмтэл дээр гэхэд – за гэх эрэгтэй хүний сулхан дуу дуулдахад залуу хүүгийн аав гэдгийг мэдэж байсан ч Шүрээгийн утсыг өгөөд сандалд лагхийн суулаа. 3-4 цагийн хагалгааны дараа азаар хүүгийн хагалгаа амжилттай болж тэдний сэтгэл сая л тайвшрав. Ах эгч нар нь ч гэр гэрлүүгээ явцгаалаа. Эмч Итгэлт гэх тэр залууд – өөрөө сэтгэл санаагаа тайван байлгаж цай хоолоо сайн идэж уухыг зөвлөв. Булган – баярлалаа гэхэд тэр – уучлаарай гэснээс өөр үг хэлсэнгүй. Булган Шүрээд – би хүүгээ харж байя та хоёр яваад цай хоол идээд ир гэхэд Шүрээ сулхан дуугаар – за гэжээ. Удалгүй эмч – хүү тань сая ухаан орлоо гэж хэлэхэд залуугийн сэтгэл бүрэн тайвшрахад өөрийн эрхгүй нулимс нь асгарч байлаа. Хүүгээ ухаан орсонд баярласан нулимс уу Шүрээгийн үнэнийг өөрийн биеэрээ мэдсэн тэр гашуун үнэний нулимс уу гэдгийг хэн ч таашгүй юм. Хүүгийн бие сайжирч эмнэлэгээс гарсны дараа Булган Итгэлтийг зорин очиж уулзав. Залуу Итгэлтэд – чи хүүтэйгээ амьдар, би эндээс явлаа, төвхнөөд хүү охин хоёроо авна аа гэхэд тэр мөн л – уучлаарай гэж ээ. Булган хүүхдүүддээ – аав нь Дарханы салбар компанид ажиллахаар болсон учраас тийшээ явахаар боллоо гэхэд – том хоёр нь – та хэзээ ирэх юм гэхэд дүү нь ч бас даган – та ирнэ тиймээ гэв.

Булган -тийм ээ аав нь зав гарвал ирнэ ээ гээд хүүхдүүдээ үнсэж – ээжийнхээ үгэнд сайн орж байгаарай гэж захин цүнхээ авахад Шүрээ чимээгүй л зогсож байлаа. Шүрээг үүдэнд даган очиход нь залуу духан дээр нь үнсээд – сайхан амьдраарай гээд гарахад Шүрээ нулимсаа сэм арчин хоцорчээ. Булганы сэтгэл гэнэт тэнгэр цэлмэх шиг болжээ. Бүх зүйлийг зурсан зургаараа л боллоо гэж бодон тэр ч бүү хэл Шүрээг буруутгасангүй. Булган салбар компанидаа ирж ажиллаад хагас жил болоод байв. Нэгэн амралтын өдрөө ойр зуурын хэрэглээний зүйлсээ цуглуулахаар ойрхон байх дэлгүүрт очтол түгжээтэй байх тул цааш явж нэгэн хүнс барааны дэлгүүрт ортол – өө бурхан минь гэж Булган өөрөө өөртөө хэлжээ. Тэнд хэн байсан гээч залуу нүдэндээ итгэсэнгүй гайхан хэсэг зуур харсаар зогсож байхдаа – би энэ хүнийг мартаагүй явжээ гэдгээ зүрх сэтгэлээрээ мэдэрч байлаа. – Хүүе ээ ямар сонин хүн бэ гэж Өлзий мөн гайхсан өнгөөр хэлжээ. Булган – бурхан хүнийг уулзах ёстой хүнтэй нь заавал уулзуулдаг гэсэн үг үнэн юм аа гэж бодсон аж. Өлзий нөхрөө нас барсны дараа хадмуудынхаа гарыг алийн бүр харахав гээд дэлгүүрт ажиллаж байгаад тэдний нэг л сэтгэл тавихгүй байгааг анзаарч охиноо аваад төрсөн хотдоо буцаж ирсэн гэдгээ ярьжээ. Өлзийгийн охин эхлээд – ах аа гэдэг байгаад сүүлдээ – аав гэж их л дотноор дууддаг болжээ. Өлзий дүрлэгэр бор нүдээрээ Булганыг ширтэн – ёстой санаандгүй учрал гэдэг л энэ байна даа гэх нь Булганд хүүхэд байхад нь багш нар – хичээлээ сайн хийхгүй бол муу сурч эзэмшсэн мэргэжилгүй ажилгүй амьтан болно шүү гэж өдөр бүр хэлдэг байсантай нь адилхан санагдаж инээмсэглэн Өлзийд – тийм шүү гэж анх удаагаа хариулж байгаа юм шиг л хэлдэг болсон билээ. Жилийн дараа Булганыг хоёр хүүхдээ – өөр дээрээ авъя гэхэд нь Өлзий – ээж нь зөвшөөрвөл надад дургүйцэх шалтгаан алга аа харин ч бага дээрээ бие биедээ дасах нь илүү дээр байх – тэгээд ч дүү нь гээд гэдсээ илээд – ах эгч хоёртойгоо байвал гэхэд Булган – юу гэнэ ээ үнэн үү гээд эхнэрээ тэврэн авч эргэлдэхэд – буулгаач ээ миний толгой эргээд уначих гээд байдаг юм аа гэж бүсгүй сандрангуй хэлэхэд – унах гэвэл нь би бариад авна ш дээ гээд Булган инээж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!