“33-ТАЙ ӨВӨӨ” ӨГҮҮЛЛЭГ – БОДИТ ТҮҮХЭЭС

“33-ТАЙ ӨВӨӨ” ӨГҮҮЛЛЭГ – БОДИТ ТҮҮХЭЭС

SS.Dark

-Аав би найз охиндоо хөөрхөн бамбарууш авч өгнө гээд хэлчихсэн надад мөнгө өгөөрэй -Яасан гэнэ ээ. Найз охин гэнэ үү? Тэр охин чинь тэгээд хэдтэй юм дээ? -Одоо арван долоотой. Гэхдээ удахгүй арван найм хүрчихнэ -Миний хүү чинь хэдтэй билээ? -Арван зургаа. Ганц хүүгийнхээ насыг мартчихсан уу? -Мммм. Миний хүү аавыгаа арай л залуу өвөө болгох гээд байна уу даа? -За яалаа гэж дээ? Бид хоёр сургуулиа төгсөөд… -Юуны чинь сургууль. Амьдрал ямар санаснаар болох уу? Найз охин энэ гэлгүй зүгээр л хичээлээ сайн хий. Аав шигээ алдаа гаргах уу чи!… -Би алдаа байсан юм уу?… хүү бид хоёрын дунд өнгөрсөн жил ийм яриа болж өнгөрсөн юм. Хүүгээ тэгж хэлэхэд хариуд нь дэмий л бухимдсан ч хэлчих үг даанч олдоогүй. Юу ч гэж хэлэх билээ дээ. Учир нь миний хүү надад энэ хорвоогийн хамгийн том бэлэг юм чинь. Аз жаргал, баяр баясал, хүн болсны минь утга учир… Цас будраад л… Яг л ийм цас бударч байсан даа. Гэхдээ намар оройн биш хавар эртийн. Түүнээс хойш арван долоон жил өнгөрсөн байна. Одоо бодоход миний амьдралын хамгийн сайхан мөч магад тэр шөнө л тохиосон гэж би боддог. Мэдээж тухайн үед тулгарсан асуудлууд хүнд байсан ч эргэн харах болгондоо би баярладаг. Би өөрөө хүүхдээрээ байж дээ. Арван жилийн сургуулиа төгсөх гээд шалгалт шүүлгэ яг л эхлэх гэж байсан үе. Найз охин маань бие давхар хэзээ мөдгүй төрөх дөхсөн болохоор сургуулиа энэ жилдээ л төгсөж чадахааргүй болж хичээлээсээ чөлөө авчихсан харин би гэдэг хүн үеийнхнээсээ хоёр гурван алхмын өмнө гишгэсэн даанч омголон нас. Гэр бүл, хайр дурлал гэх ойлголт ч үгүй атал бүгдийг өөрийнхөөрөө болгох мэт сэтгэж асан бардам үе. Найз охин маань 17 настай байх үеийн зун надаас хүүхэдтэй болсон юм. Харин би тухайн үед арван тавхан настай байлаа. Бид хоёр нэг ангийнхан л даа. Уг нь бие биенээ бараг үздэггүй хүүхдүүд байлаа. Учир нь би үеийнхнээсээ хоёр насаар дүү болоод ч тэр үү их дэггүй. Ангийн охидын үйлийг үзэгч сахилгагүй нэгэн. Хүүхэд нас аа гэж сайхан шүү. Долдугаар ангид орсон жил бид хоёр нэг ширээнд суудаг болсон. Аз уу? Эз үү? Хэн мэдэх билээ. Уг нь би гэдэг дүрсгүй нөхөр хамгийн ард л суудаг байсан ч тэр жил манай ангийг шинээр дааж авсан багш ангийн хамгийн намхан нь гэсэн шалтгаанаар хамгийн урд суулгасан юм. Эхэндээ бол их л дургүй байлаа. Ядаж байхад нэг ангид зургаан жил хамт байсан атал уйлуулж л үзсэнээс олигтой ч ярилцаж үзээгүй даруухан охины дэргэд тэгж л суух болсон юм. Түүнтэй бараг юм ярьдаггүй, тоодоггүй байлаа. Тэр жил ч яахав тэгээд л өнгөрсөн. Харин дараа жилийнх нь өвлөөс бид хоорондоо овоо гайгүй ярилцдаг болоод нэг нэгнээ бага багаар мэддэг болсон юм. Есдүгээр ангид орлоо. Нэг өдөр хичээлээ тараад гарах гэтэл Болороо маань гарт жижиг хээн нугалж эвхсэн цаас атгуулчхаад түрүүлээд гараад явчихлаа. Юу юм бол гэж бодож ч амжаагүй байхад ангийн хөвгүүд “Г”-ийн хэн их том болчихож очоод бөөнөөрөө сургаад өгье сургуулийн арын грашнууд дунд уулзахаар болсон явна биз дээ гээд л бөөн сүр бадруулснаар нямбайлан эвхсэн цаасыг нь халаасандаа хийгээд л ангийнхантайгаа гарсан даа. Сайхан ч зодоон болсон.

Тухайн үед нэгнээсээ цус гарах юм бол шууд л ялагдлаа гээд буугаад өгчихдөг их л шударга зодоон болдог байсансан. Бөөн бөөнөөрөө зодолдохын оронд дундаасаа нэг нэг, эсвэл хоёр хүүхэд сонгож байгаад л хооронд нь зодолдуулаад үлдсэн нь шүүнэ. Нөгөө тал юм уу манай тал ялагдсан атал ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бол өөр нэгийгээ сонгоод л үзэлдүүлчихнэ. Сайхан байж дээ. Тэгээд л өгсөн захиаг нь уншиж ч амжаагүй, амжаагүй ч биш л дээ бүр мартаж орхиж. Маргааш нь хичээлдээ очтол Болороо байдгаасаа нэг л өөр байгаа юм шиг санагдаж билээ. Хүүхэд болсон хойно сүйдтэй ч анзаараагүй. Түүний маргааш их завсарлагаа наар ангиас намайг бараг л хөтлөх нь холгүй дагуулан явсаар гадагш гарч сургуулийн ард очоод; -Чи миний захианы хариуг өгөхгүй юм уу? -Юун захиа -Яагаав, уржигдар өгсөн… гэхдээ харцнаас минь зугатаж, ялгүй сандарч байгаа нь илт. Би бүр алмайрч хоцорлоо. Хэлэх ч үг олдсонгүй. Юу ч гэж хэлэх билээ. Ингэж зогстол хонх ч дуугарсан. Болроо “Хүүе” гэх ч завдал надад өгсөнгүй түрүүлэн гүйгээд орчихлоо. Ангид орсон хойноо би Болрооруу ямартаа ч харж зүрхлэхгүй л байлаа. Багш хичээл заагаад л. Юуны чинь хичээл номонд анхаарах. “Юун захиа билээ?…” ийм л бодол эргэлдэж байсан даа, толгой дотор. “Аан нээрээ тийм. Уржигдар өгсөн. Миний халаасанд…” гээд халаасаа тэмтэрч үзээд дэмий л амандаа; -Өмдөө сольчихсышд… Хичээл тарчихсан байрныхаа ойролцоо ирж явахдаа л сая ингэж санасан. Шууд л хар хурдаараа гүйсээр гэр лүүгээ ороод гутлаа ч талалгүй шкаф нээгээд л хайж гарлаа, байдаггүй. -Эмээ миний өмд -Ямар өмд вэ? гэсээр гал тогооноос гарч ирсэн эмээ маань намайг хараад; -Миний хүү гутлаа тайлахгүй яагаав, эргээд гарах юм уу? -Үгүй ээ, үгүй. Гарахгүй. Миний цэнхэр өмд. Уржигдар өмссөн -Аан. Эмээ нь угаагаад тагтан дээр өлгөчихсөн байгаа -Өө та нээрээ… гээд би шууд л тагтруу гараад өлгөөтэй өмднийхөө халаасыг уудалтал байдгаараа нороод чернель нь нэвчсэн, үрчийсэн цаас гарч ирэх нь тэр. Задлах гэсэн урагдах гээд байхаар нь гэр лүү орж пааран дээр тавьчихаад хувьцаа сольж мөнөөх захиаг хатахыг нь хүлээлээ. Тэсэж чаддаггүй ээ. Гүйцэд хатаагүй байхад нь эвийг нь олж дэлгээд л… Чернель нь урсчихсан болохоор уншихад тийм ч амар байсангүй. Гэхдээ л уншиж чадсан юм. Түүн дээр: “Чамд энэ захиа очиж задлагдах гал халуун өдрийн мэндийг хүргэе! Уг нь чиний нэртэй захидал надад ирсэн л дээ. Гэхдээ чиний бичиг биш байсан. Магадгүй чи хүнээр бичүүлсэн байх. Тэгээд л чамд энэхүү захиаг бичихээр шийдлээ. Хариуг чинь удааж бичиж байгааг минь уучлаарай. Үнэндээ чамаас захиа ирнэ гэж ерөөсөө бодож байсангүй. Тийм ээ, би зөвшөөрч байна. Чи их хөөрхөн инээмсэглэдэг. Долдугаар ангид биднийг ороход чи миний дэргэд багшид загнуулаад анх ирж сууж байсныг би ерөөсөө мартаж чаддаггүй. Уг нь чамаас эхэндээ жаахан эмээдэг байлаа. Учир нь манай сургуулийн хамгийн сахилгагүй хүүхэд шүү дээ. Гэхдээ чиний дэргэд сууж, чамтай хамт байгаад байхаар чи их сайн хүүхэд гэдгийг би мэдсэн. Үүнээс хойш дахиад охидыг битгий шоглоорой за. Захиаг минь уншаад өөрийнхөө гараар хариу бичиж өгөөрэй. Чамайг орой зургаан цагт цэцэрлэгийн ард хүлээж байя. Заавал ирээрэй. Хүндэтгэсэн: Болормаа” Ийм л захиа байлаа. Сая л Болороо гийн юу яриад байсныг ойлгосон ч ямар захидал вэ?… Би түүнд захиа бичээгүй. Нэлээд бодсон ч миний өмнөөс захиа бичсэн хүүхдийг олсонгүй. Тав дахь өдөр байсан болохоор хоёр хоног амарна. Хагас бүтэн сайн өдрүүд урд урьдынхаасаа хамаагүй удаан өнгөрсөний эцэст нэг дэх өдөр боллоо. Өглөө нь сургуулийнхаа гаднаас оролгүй арай л зугтаачихсангүй. Азаар ангийн багш таараад;

-Сайхан амарсан уу? Заяа. Хаачих гэж байгаа юм? Хичээл эхлэх гэж байхад, алив анги руугаа хурдан ор хонх дуугарлаа гэснээр сургууль руу орлоо. Нэг л сонин. Догдлоод л… Түүнийг харж чаддаггүй. Харцнаас нь дальдчаад л… Тэр бол надаас ялгүй өндөр царайлаг, өнгөлөг охин. Надад ч гэсэн таалагддаг байсан. Харин тэр өдрийнх шиг тийм биш. Юу ч гэж зүйрлэмээр юм дээ. Найз охиноо болгоно гэж боддоггүй байсан. Тухайн үеийн төсөөлөл гэнэн бөгөөд ариухан байлаа. Арай гэж хичээл тарахад ангийнхнаасаа салаад түүнийг дагалаа. Мэдээж тэр гэр лүүгээ явж байгаа. Тийм ч хол биш л дээ. Үсрээд л найман зуун метр орчмын зайтай. Сургуулийн хашаа өнгөрөөд хоёрдугаар байр өнгөрөхөд нь гүйцэж очоод; -Болороо хүлээж бай. Би чамайг хүргээд өгье гэтэл тэр инээлээ. Инээх нь ч аргагүй. Учир нь тэр үед бараг л байрных нь гадаа очиж байсан юм. -Манайхыг чи мэдэх билүү? -Мэднэ -Бараг л ирчихсэн байна… -Үгүй ээ, нөгөө юу? -Нөгөө юу? -Чиний бичсэн захидал. Энэ үед Болроо гийн хацар үл мэдэг улайсан. Тэр их ичсэн байх. Ялгаагүй би ч яах учраа олохгүй байлаа. Чимээгүй зогссоор л… Би; -Орой чамайг цэцэрлэгийн ард хүлээж байя гэж хэлээд л эргээд гүйчихлээ. Орой боллоо. Тэр ирсэнгүй. Би хүлээгээд л, хүлээгээд л… Өглөө сургууль дээр ирэхэд багш өвдсөн тул нэгдүгээр цаг цонх. Ангийнхан шуугилдаад л. Дэвтрийнхээ цааснаас жаахныг урж аваад дээр нь “Өчигдөр чи яагаад ирээгүй юм. Би зөндөө хүлээсэн.” Гэж бичээд өгтөл үзчихээд түүний ард талд юм бичээд өглөө. “Чи өөрөө өмнө нь ирээгүй. Би ч бас зөндөө хүлээсэн.” Ингэж л бид хоёрын бие бие лүүгээ тэмүүлдэг болсон дурлал эхэлсэн юм. Хичээлээс тараад л гэрт нь хүргэнэ. Гэрт нь хүн байхгүй бол хамт хичээлээ хийнэ. Хааяа манайд ирнэ. Хамтдаа зугаална. Хөтлөлцөөд л хөгжим бүжгийн коллежийн урдах замын голоор ургасан моддын доогуур алхдаг сан. Ингэж явсаар зуны амралт ч боллоо. Бид үерхээд зургаан сар гаран болж ээ. Уг нь би гэдэг хүн зуны амралт болгоноороо л хөдөө эмээгээ дагуулаад явдаг байсан. Тэр зун явахгүй гэж зөрүүдлээд эмээ бид хоёр хөдөө биш лагерь дээр зуншлаа. Болроо гийнх манайхаас хоёр километр орчим зайтай. Манайх шадивлангийн аманд тэднийх зуун модонд. Анх удаа лагерь дээр амарч байгаа болохоор хүүхдүүдийг нь танихгүй гэнэ гэнэхэн жижигхэн жижигхэн зодоон хийчихнэ. Зуун модныхонтой бас сөргөлдөнө. Орой болгон Болороо гийнхруу явдаг байлаа. Лагерь дээр бол хүүхдүүд шөнийн нэг хоёр цаг хүртэл тоглоцгооно. Хотод бол тэгэхгүй л дээ. Оройтлоо гэхэд л үдшийн арван нэгэн цаг. Тэгэхдээ орцон дотроо. Одоогийн залуус шиг байсангүй ээ. Бодвол бага зэрэг ухамсартай ч гэх үү, хэдий зах зээлд хэдийнэ орчихсон хоёр мянган он гараад удаагүй байсан ч тийм л байсан. 2001 оны 7-р сарын 02-ны орой. Тэнгэр бүрхэг бороо орох нь уу даа гэмээр. Бүрий нөмрөхтэй зэрэгцэн гэрээсээ гараад шууд л “Зуун Мод” Болороо гийнхруу хөдөллөө. Төд удалгүй очиход тэр минь хүлээгээд л сууж байсансан. Харилцаа холбоо дөнгөж л хөгжиж байсан үе. Цөөхөн хэдэн хүн л үүрэн телефон ашиглана. Мэдээж бид хүүхдүүд байсан болохоор гар утастай болох арай л болоогүй. Тиймээс цаг товлож байгаад л уулздаг байсан даа. Одоо бодоход бүхий л зүйл сайхан бас ариун тансаг байж. Бид хоёр элдвийг хөөрөлдөөд л хэзээ ч дуусахгүй мэт ам уралдан ярилцаад л…

-Чи сууж байх уу? Би гэрээс ороод нөмрөх юм аваад ирье. Гадаа жаахан сэрүүхэн байна гэсээр Болроо инээмсэглэн бослоо. Уг нь нэгэн байшингийн шатан дээр түүнийгээ тааламжтай гэгч нь тэврээд сууж байсан юм. Удсан ч үгүй тэрээр орны нимгэн зузаан хоёр бүтээлэг барьсаар хүрч ирээд; -Хоёулаа модны захруу очиж сууя гэснээр ойн захад хүрч очлоо. Зузаан бүтээлгээ сайхан дэвсгэр тэгш зүлгэн дээр дэвсээд Болроо хэвтсэнээр би ч хажуугаар нь орон нимгэн бүтээлгээр хучин хэвтлээ. Үүнээс өмнө би түүний гэр лүү хүргэж өгөхдөө хаалганых нь дэргэд анх үнэсэж билээ. Хацар нь ягаараад л сандчин гэр лүүгээ яаран орсныг нь санаж байна. Би ч ялгаагүй их догдолсон доо. Зүрх хурдан хурдан цохилоод л. Сайхан мэдрэмж судал болгоноор минь урсаад л. Орилмоор, чангаас чанга хашхирмаар болсонсон. Харин тэр шөнө би түүний охин биеийг хөндөж, тэр намайг эр хүн болгосон… Арав дугаар ангид орлоо. Есөн сарын нэгэн болоод л бөөн хөөр баяр. Дээр нь бид сургуулиа төгсөөд шууд л гэр бүл зохионо гэж ярьдаг болсон тул нэг жилийг хурдан өнгөрөөсэй гэж битүүхэн дотроо яараад л. Болроо гийн аав тухайн үед засгийн газрын ордонд ажилладаг, ээж нь харин их сургуулийн багш хүн байсан. Боловсролтой, зарчимч, жаахан чанга хүмүүс. Надад хоёул тааламжтай бус харьцдаг хүмүүс. Арга ч үгүй биз. Би гэдэг хүн тэдний хувьд бол зодоон цохион хийнэ, эцэг эхийн хурал болгон дээр яригдахаас эхлээд нэлээдгүй хулгиан. Болоогүй тамхи татдаг бүтэхгүй нэгэн. Хаа очиж хэдий би тийм ч хичээлдээ бол гавал. “Энэ хүү толгойгоороо их хол явна даа. Даанч ухаан нь уруугаа л яваад байгаа хүү дээ” гэж аав нь хэлдэгсэн. Энэ бол бага насны дэггүйтэл шүү дээ. Болроо намайг өөрийнхөөрөө өөрчилсөн. Тэр минь даруухан, ухаалаг. Өдөр ирэх тусам л үзэсгэлэнтэй. Цаанаа л нэг хайр татмаар. Одоо ч ялгаагүй тийм хэвээрээ байгаа. Арван найман жилийн өмнөх бяцхан охин сэтгэлд яг л байснаараа үлдсэн. Би гэдэг хүн нэг мэдэхэд зодоон цохион хийхээ больж, элдэв хэл аманд өртөх маань багасаад л, нийлдэг хүүхдүүд, найз нартайгаа хааяа л уулздаг болчихсон байж билүү. Тэгэлгүй яахав дээ. Ихэнх цагаа Болороотой хамт үддэг болчихсон юм чинь. Хоёрдох улирлын амралтаар түүнийг жирэмсэн гэдгийг мэдэж билээ. Гэдэс нь үл ялиг томроод л… Бүр нэг эгдүүтэй. Гэвч эцэг эх нь мэдсэнээр бөөн хэрэг мандсан даа. Би гэдэг арван зургаахан настай жаахан хүү. Харин тэр арван наймтай. Цагдаа сэргийлэх, сургуулийн захиргаанаас гадна хориглох хүмүүс, хүүхдүүдийн яриа. Шантармаар. Ах нарын зөвлөгөөгөөр архи гэдэг ундааг тэгэхэд л амссан. Үнэндээ бол сургуулиа хаях тун дөхсөн дөө. Гэвч хаяагүй ээ. Болороо сургуулиасаа чөлөө авч би үргэлжлүүлэн сурсан юм. Дөрвөн сар дөнгөж гараад байлаа. Гэрийн утас хангинаж авбал Болoроо маань хэзээ мөдгүй төрөх гээд эмнэлэгт очсон сураг сонсов. Гэрээсээ гараад л гүйгээд л, гүйгээд л… Бөөн баяр. Арван нэгдүгээр хорооллоос нэгдүгээр төрөх хүртэл. Ямартаа ч их л хурдан очсон. Эмнэлэг рүү ороход аль хэдийнэ аав ээж, ах дүүс нь ирчихсэн бөөн үймээн. Тэдэн дунд бужигналгүй гадаа гарч тамхи асаагаад хуучин модон сандал бараадаж суулаа. Гадаа үгээр хэлэхийн аргагүй дулаахан. Цаг харвал шөнийн арван хоёр арван долоо. Сугаал л. Юмс юмсын тухай бодоод л, төсөөлөөд л… Гав ганцаархнаа инээгээд л. Тамхи татаад л… Нэг л мэдэхэд үүр цайчихсан байлаа. Шөнөжин малгайлсан цас толгой мөрөн дээр минь дөрвөн хуруу хэртэй тогтсон байж билээ. Гадаа тийм дулаахан байсан уу? Эсвэл сэтгэлийн минь гал тийм илчтэй байв уу? Ямартаа ч даарч хөрөхийг мэдрээгүй юм даг. 2002 оны 04-р сарын 06-ны өдрийн үүрийн таван цаг дөчин хоёр минутад маш их догдлол баяр, төсөөлөл тэмүүллийг минь бадрааж энэ орчлонд хүү минь мэндэлсэн юм. Өдөржин төрөхийн цонхон дор зогсоод л… Ээжийнх нь бие жаахан сул байлаа. Эмээ минь шөл хийж өгөөд л. Насаараа их эмч хийсэн хүн болохоор яаж хурдан тэнхрүүлэхийг хэнээр ч заалгахаар гүй өөрийн охин шиг л Болроог бөөцийлдөгсөн. Эмээ маань эргэлтээр орж гарч ирчихээд л; -Яг л миний хүү мөн дөө. Миний хүү чинь багадаа бас л нэг улаан нялзрай байхдаа эмээ дээрээ ирсэн гээд л ярьж өгнө. Би гэдэг хүн хүүтэй болсон ч хүүгээ гар дээрээ ч барьж үзэлгүй дөрөв хонолоо. Гурван давхарын цонхон цаанаас л харна. Ингээд ээж хүү хоёр эмнэлгээс гарахад хүүгээ анх гар дээрээ авч билээ. Яг үнэндээ анх хүүгээ гар дээрээ авахад их сонин мэдрэмж дотор буцалдаг юм билээ. Аав болсон бүх хүн тэр л мэдрэмжийг мэдэх байх. Сайхан бодол. Сайхан мэдрэмж… Хүн болгон над шиг зүйл бодоогүй байх. Магадгүй бодсон ч байж мэднэ. Миний хувьд бол тэр жижигхэн хүү бүхэл бүтэн ертөнц байлаа. Энэ ертөнцийг хэрхэн зөв өсгөх вэ? Яг ямар үзэсгэлэнтэй ертөнц болгох вэ? Би энэ бяцхан ертөнцийн төлөө яг юу хийж чадах бол? Би ямар байвал энэ ертөнц илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй байх бол? гээд л түмэн бодол, баяр хөөр, бас бяцхан жаргалын нулимс. Болороог үнэсээд л “Чамдаа хайртай шүү! Чамайгаа насан туршдаа хайрлах болно…”

Ингэж л миний хүү надаас гадна их олон хүнийг баярлуулж орчлонд ирсэн дээ. Яг эндээс л бүр том асуудлууд үүссэн үү гэвэл нэг талаасаа тийм нөгөө өнцгөөсөө үгүй. Хайртын маань эцэг эх хүүтэй минь уулзуулахгүй байх гэж их хичээсэн. Гэвч тэдний хүслээр болдог зүйл гэж юу билээ. Болороог гэрээс нь хүүтэйгээ оргуулаад эмээгийнхээ хамт хөдөө гарлаа. Хүү маань дөнгөж хоёрхон сартай нялх. Би гэдэг хүн шалгалтуудаа өгчихсөн болохоор хангалттай цаг завтай болсон байлаа. Эцэг эх нь манай хөдөө гэрийг мэддэггүй болохоор нэг ёсондоо хэсэгхэн хугацаанд ч болов аз дайрсан. Хүүгээ хараад л, мөн хайртдаагаа хамт орчлонг мөнхийн ийм л байх юм шиг санасан. ЭЕШ-ын шалгалтанд 2000 гаран хүүхдээс 17-д загсаж МУИС-ын Гeофизик-ын ангид сурахаар болсон ч хагас жилийн чөлөө авч хүү хайрт хоёртойгоо хөдөө хамт байсаар л байлаа. Арван сар талласан тэр өдөр Болроо гийн ээж аав хоёр ирсэнээр охиноо зээ хүүтэйгээ хамт аван одсон юм. Тухайн өдөр малд явж таарсан болохоор яг тэднийг ирэх мөчид би байсангүй. Орой гэртээ давхин ирэхэд эмээгийн маань даралт ихэсчихсэн хайртай хоёр хүн маань байхгүй байсанд шууд л юм хумаа бэлдээд араас нь хотруу хөдөлж билээ. Гэвч тэднийх өөр тийш хэдийнэ нүүсэн сураг чимээгүй тав хонолоо. Болроо залгаад утасны цаанаас уйлаад л… Өрийг минь нэг сайн эмтэлсэн. Аpxи ууж агсам тавихаар очно. Мэдээж аав ээжид нь. Тэр дор нь л цагдаа ирээд би гэдэг хүн цагдаагийн хэлтэсрүү. Утгагүй өдрүүд гэхдээ удаан үргэлжлээгүй. 2002 оны 12-р сарын 15-нд архи ууж гуниг гансралдаа дарагдсан хүн гэртээ ирэхэд хүү минь эмээ маань тэврээд зогсож байсан. Хүүгээ хараад л эрүүл болчихсон. Болроог хайсан ч тэр минь байсангүй. Аав ээж нь гадаадруу сургуульд явуулаад ердөө маргааш нь хүүг минь над дээр авчирч өгсөн нь тэр. Сүүлд надад эцэг эхийнхээ ятгалга, албадлагаар гадаад явах болсноо хэлэх гэж зөндөө оролдсоноо хэлсэн. Би гэгч тэнэг тэр үед нь хар ус зооглоод явж байхгүй юу. Ингэж л би хайртай бүсгүй хүүгийнхээ ээжийг алдсан ч хүүгээ авсан юм. Хүүгээ харсан эцэг хүн гэдэг тэмцэгч болдог юм билээ. Сургуульдаа явж, хажуугаар нь ажил хийгээд л. Сургуулиа төгссөн ч мэргэжлээрээ ажилсангүй. Геологич гэдэг хүн хөдөө гадаа цаг наргүй явах тул өөр ажил хийх болсон. Дөрвөн жилийг мэдэхийн төлөө сурч өнгөрүүлсэн ч мэдлэгээ эцэст нь хогийн савруу шидэж орхисон. Яагаад вэ гэж үү? Хүүгийнхээ хажууд байхын тулд… Хүү минь зургаан нас хүрлээ. Эгдүүтэй хөөрхөн ертөнц. Би өөрөө зургаан настай сургуульд орж байсан болохоор хүүгээ ч мөн зургаан настайд нь сургуульд өгсөн. Ээжийгээ дуурайсан даруухан атал аав шигээ сэргэлэн тийм л ертөнц. 2008 оны 10-р сарын 04-н. Өглөө ажил руугаа явж байтал гар утас минь дуугарлаа. Тэгэхэд нэг жижигхээн оёдлын үйлдвэрт оёдолчин хийдэг байлаа. Танихгүй дугаар байсан ч нэг их юм бодсонгүй. -Байна уу?… Тэр дууг сонсоод байсан газартаа хөшиж орхисон юм даг. Юу ч хэлэх учраа олохгүй хэсэгтээ л балмагдсан. Дахиад л харилцуурын цаанаас; -Байна уу?… Арай л гэж амнаасаа үг унаган; -Болроо чи мөн үү?… Ямар их санасан билээ. Энэ олон жилүүдэд нэг ч удаа яриагүй. Хүүгээ нэг ч удаа асуугаагүй. Тийм ээ, их хүлээсэн. Хүлээж цөхөрсөн. Үзэн ядсан уу? гэвэл тийм. Өөрөөр ч байх аргагүй биз. Гэхдээ уучилсан. Учир нь тэр миний анхны хайр. Тэр л миний анхны гэх бүх зүйл минь. Бас ганц хүүгийн минь ээж. Үзэн ядсан ч эцэст нь үзэн ядаж болохгүйгээ ойлгосон. Ямар их саналаа. Ямар их хүлээлээ. Хүүгээ ээжийгээ асуух болгон “Ээж нь удахгүй ирнэ ээ…” гэж хичнээн их тайтгарууллаа. -Тийм ээ, би байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе!… Миний төрсөн өдрийг мартаагүй байна шүү. Нулимс өөрийн эрхгүй л аньсганд дүүрсэн юм. Энэ нулимс баярынх байсан юм шүү.

Ингээд хэсэг ярьж, дараа нь ажлаасаа чөлөө аваад шууд л гэр лүүгээ явлаа. Гэртээ ороход хүү маань унтсан хэвээр хичээл нь үдээс хойш ордог байсан болохоор аргагүй. Хүүгээ үнэсэж сэрээгээд; -Алив миний хүү босоорой. Хэн ирсэн гээч, ээж чинь ирсэн. Аавтайгаа хоёулаа ээж дээрээ очьё. Энэ үгийг сонсоод эмээ маань ч их баярласан. Хөөрцөглөөд л, сандарч тэвдээд л. Өчигдөрхөн юм шиг л нүднээ ил харагдана. Ингээд хүүгээ дагуулаад явлаа. Нэг их үнэтэй биш ч бас хямдхан биш газар уулзахаар товлосон юм. Хааяа нэг найзуудтайгаа уулзахаараа ордог “Их Монгол” ресторан. Бид хоёрыг очиход ирчихсэн байлаа нэг хөөрхөн охин дагуулаад. Хүүгээ тэврээд уйлаад л, уйлаад л. Бараг цаг болсон болов уу?. Тэгнэ шүү дээ. Хүний газар олон жил болохдоо хүүгээ маш их санасан нь гарцаагүй. Тэгээд ч дундуур нь орсонгүй. Түүнийгээ ярьж эхлэхэд л бүр мөсөн алдсанаа ойлгосон. Мөн өөрөөсөө явуулах хэрэгтэйгээ. Мөнөөх охин бол Болороо гийн маань хоёрдох хүүхэд, охин. Одоо гэдсэнд нь хүү бойжиж байгаа. Англи улсад очоод хүнтэй сууж хүүхэдтэй болсон. Тухайн улсын иргэншилтэй ч болсон. Нөхөр нь сайн хүн. Харагдаж байсаан. Ямартай ч надаас илүү түүнийг минь авч яваад нь баярласан. Хэрэв би түүнийхээ дэргэд байсан бол магадгүй их олон зүйлийг өгч чадахгүй байсан байсан байх. Надад хайртыгаа буруутгах эрх байгаагүй ээ. Надад хамгийн үнэтэй зүйлийг өгсөн хүн шүү дээ. Ингэж л миний хүү зургаан настай байхдаа, аавийгаа 22 нас хүрдэг өдөр ээжтэйгээ уулзаж ямар хүн болохыг нь дан ганц зурагнаас биш бодитоор харсан юм. Би одоо ч түүндээ хайртай. Түүнээс хойш их зүйл болж, их зүйл өөрчлөгдөж бас ч үгүй өнөөг хүртэл багагүй цаг хугацаа өнгөрч ээ. Өнөөдөр бол 2019 оны 10-р сарын 27-н. Цас будраад л… Тэртээ 17-н жилийн өмнөх шиг малгайлаагүй ч эгээ л ижил мэт. Дурсамж ямар айхавтар сэргэнэ вэ? Бас давхцал уу?… Хэн мэдхэв. Би эмнэлэгийн гадаа хүүгийнхээ найз бүсгүй буюу ирээдүйн бэрээ төрөхийг хүлээгээд л сууж байна. Ингээд 33 настайдаа өвөө болдог юм байж ээ. Нээрээ хүү маань зургаан настайгаасаа хойш ээжтэйгээ ахин уулзаагүй ч маргааш ээж нь ирнэ. Хүүдээ хэлээгүй л дээ. Гэнэтийн зүйлс сайхан байдаг хорвоо. Уг нь ээжийг нь ганц хүүгийнхээ хуриман дээр нь урьж ямар эр хүн болсныг нь харуулна гэж боддог байсан ч ийм онцгой зүйл болж байхад дуудахгүй бол болохгүй. Яагаад гэвэл бид хоёрын дундаас бий болсон ертөнц юм чинь. Биеээсээ бие тастаж, аминаасаа амь хуваасан болохоор үрийнхээ ертөнцийг үнэрлэх эрх нь түүнд минь бий. Одоо тэр минь Лондонд ажилж, амьдардаг. Хүүгээс минь гадна нэг охин, нэг хүү төрүүлсэн сайн ээж. Харин миний хувьд хүүгийнхээ ээжээс хойш хүнтэй суугаагүй ээ. Уулзаж, учирдаг бүсгүйчүүд байгаагүй биш байсан. Тэдэн дунд сайн эмэгтэйчүүд ч олон байсан. Харин би гэдэг хүн нэг сонин зантай. Тэр нь үзэл бодолдоо хэтэрхий үнэнч гэх үү дээ. Мэдээж энэ нь буруу л даа. Сүүлийн үед л буруу гэдгийг нь илүү сайн мэдэх боллоо. Хэнээсээ, хэзээ, хаана ч юм хойд эцэг эхийн тухай буруу ч гэх үү нэг тиймэрхүү ойлголт авчихаад түүнээсээ болоод өдий болтол өрөөлтэй ханилан суусангүй. Одоо бол өөр шүү. Үр хүүхэд том болчихоод “Аав одоо нэг гайгүй эмэгтэйтэй суучих. Тэгэхгүй бол дүү оройтох нь…” гэж цаашлуулдаг болж. Тиймээс магад удахгүй хань ижилтэй болох биз. Хүний амьдрал баян даа. Энэ бол миний амьдрал. Үртэй хүн баян гэдэг үгний утга бол үнэхээр аугаа юм. Хэдий эрх мэдэл, эд баялгаар би баян биш ч хүүтэй болохоороо энэ орчлон дээр өөрийгөө баян гэж тооцдог тийм л хүн. Эцсийн эцэст эд баялаг биш үр хүүхэд л үлдэнэ шүү дээ хүмүүсээ. Дээр нь нэмэхэд хосууд минь хүлээцтэй, тэвчээртэй байж нэгнээ уучилж сур. Үр хүүхдээ тал элэгтэй бүү өсгөөрэй. Мөн үр хүүхдийнхээ сонгосон амьдралд хөндлөнгөөс бага оролцож бай… Элэг бүтэн бол бүгд жаргалтай байх болно. Сая дуудав уу? Буруу сонсоогүй байх. Уг нь үргэлжлүүлж бичмээр байгаа ч хүүгийн минь сонгосон хайртай бүсгүй нь төрсөн бололтой. Ядаж хийж ирсэн хониныхоо шөлийг оруулж өгөхөөс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!