“30 ГAPCAH БАГШ ХVН БАЙЖ 8-Р АНГИЙН СУРАГЧДАА COЛИOPTЛОО ДУPЛАЧИХЛАА…”
“СОЛИОРСОН ДУРЛАЛ” – А.АМАРСАЙХАН
Наймдугаар ангийн хөөрхөн хүү над луу ширтдэг болчихлоо. Би гэдэг хүн тэгтэл гучин нэг хүрчихсэн, нөхөргүй өтөллөө гэж ээждээ үглүүлж суугаа, гадаад хэлний багш нь шүү дээ. Гэнэн томоогүй хүүхэд шохоорхлоо тэгсгээд мартана биз гээд тоохгүй байхыг хичээлээ. Аймгийн гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга аавтай, царайлаг, дэгжин, цуутай сурлагатай хүүд наймын таван бүлгийн охид бүгдээрээ дурлачихсан явдаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй.
Тэгтэл би тоохгүй байж яагаад ч эс чадлаа. Наймын “А” ангид ормогц Тодбилэг гэх тэр хүүгээс цоргих “эр хүний” харцыг мэдэрч шохой барьсан хуруу минь чичирнэ. Заах сэдвээ мартаж, самбарын өмнө гацаж сандарна. Чөлөө л гарвал түүний ухаалаг бор нүд, хэрсүү дүр төрх нүдэнд дүрслэгдээд, булгилж гэгэлздэг болчихлоо.
Сургуулийн үүдний танхим, шат хонгилуудын хаа нэгтээ түүнтэй таарахаар улсхийж, хамаг бие халуу оргих нь аймшигтай. -Ийм юм байж болохгүй! Яагаад ч болохгүй! Энэ чинь миний сурагч, учраа мэдэхгүй балчир хөвгүүн шүү дээ! хэмээн би өөрийгөө загнаж, биеэ байдгаараа хүчлэн барьж, нүүрэндээ хувирал үзүүлэхгүйг хичээнэ.
Гэвч чадахгүй. Ангийнх нь охид энэ байдлыг минь ажаад, жиг жуг хийн доогтой шивнэлддэг болчихлоо. Хүү ч миний зүгээргүй болсныг хэдийнэ мэдээд улам их ширтэж, зам амдаад зогсож байдаг болов.
Тааралдаж, ярилцаж, ойроос харилцах шалтгаан маш олон нь лайтай. Би орос хэлний гүнзгийрүүлсэн сургалт хариуцдаг тул түүнд өдөр бүр хичээл заана. Зарим өдөр хоёр цагтайг яана. Нэмээд үдээс хойш сонгон суралцах дугуйлан гээд өмнө нь зогсох хэрэг гардаг.
Хамгийн ноцтой нь Тодбилэг орос хэлний олимпиадад шалгарсан тул өөр нэг охинтой гурвуулахнаа сууж давтлага хийх ёстой. Энэ бүхэн миний хувьд ажил биш там болж хувирлаа. Өмнө нь сонгоноос оройтож тарахаараа хүний бараатай гээд хамт алхаад харьж болдог л байсан.
Одоо бол “Өөр тийшээ явах ёстой”, “Дэвтэр засна” гэх мэтээр худлаа хэлээд, сургуулийн араар тойрч харанхуй дундуур бүдчиж, үнхэлцгээ хагартал айж цочдог болов. Тэдний манай хоёр зэргэлдээ байранд суудаг нь бас л гай.
Нэг орой аанай л харанхуй болгож тараад, сургууль тойртол хажуугаас Тодоо гарч ирж цочоолоо. – Багш аа, та яагаад худлаа хэлсэн юм бэ? гэхэд нь таг гацлаа. Надаас зугтаах гээд ингэж байгааг чинь би мэднэ! гэхээр нь,
– Юу гэнэ ээ, чи! Багшийгаа яана гэнэ ээ! хэмээн зандарч, аль болох чанга дуугарах гэсэн биш хөгийн хиймэл, өөртөө итгэлгүй хоолой гонгиносон нь тэнэг. Нүүр халуу шатталаа ичив. Наймдугаар ангийн хүүтэй зориуд харанхуй гудамж сонгож замаа буруулсан мэт алхаж байгаадаа бантаж тэвдлээ.
Арайхийж ууртай дуу гаргаж дөнгөөд, -Чи бид хоёр хамт явж болохгүй гэж байна шүү! Цаашаа бай! гэчихээд холдон хурдаа нэмж үзэв. Гэвч тэр үгэнд орсонгүй, намайг орц луугаа тулж очтол зэрэгцээ алхсаар л байсан нь арай л түрэмгий.
Гэртээ орж түгжээд, баахан дэгэлзэж гиюүрлээ. Би гэгч хүн арван тав дүү хүүгээс болоод шаналж энэлж гүйцэх нь энэ. Маргааш нь хичээлийн эрхлэгчид хандаад, -Орос хэлний гүнзгий ангиа өгье. Сонгоноо ч өгье гэж хэлсэн биш, -Чи солиоров уу..! хэмээн бархиран босч ирлээ.
Бүгдийн хайр хүндэтгэлийг татсан настай багшийгаа ийм ууртай догшин хүн гэж огт мэдээгүй явж. Толгойгоо эргэтэл загнуулаад гарч ирэв. Арай л алгадуулсангүй. Ингээд зургаа хагас өнгөрөв үү үгүй юу харанхуй нөмөрчихдөг өвлийн үдэш бидэн хоёр гэрэлтэй гудамжаар хамт алхдаг боллоо.
Хөвгүүний зүгээс халуу төөнөх шиг болж, зүрх түг түг цохилон догдолж уярдагтаа бүр даслаа. Сондгой өдөр бүр ордог давтлагыг тэсч ядан хүлээдэг болсноосоо гэнэт айна. -Би чинь багш хүн! Ийм ухаангүй байж болохгүй! гэж өөртөө мянгантаа үглэн, жижигхэн өрөөндөө гэгэлзэн сууна.
Ээж минь хаалга тогшилгүй орж ирээд, дуниартаж суугааг минь хараад баярлачих нь бас юув дээ. -Хэн юм бэ, миний охин? гээд л нүд нь сэргэн, учир зүггүй хөөрчих нь инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй. Охин нь наймдугаар ангийн сурагчдаа дурлачихлаа гэж хэлээд арьсаа хуулуулалтай биш.
Би багшийн дээдийн согоо гэж шагшигддаг хөөрхөн охин явсан. Их сургуулийн харилцааны ангийн Сүхболд гэх сайхан залуутай үерхээд, төгсөх жилээ яг л суудгийн даваан дээр гай газар дороос гэгч болсон.
Тэр үеийн залуусын мөрөөдөл өргөн жийнс өмссөн, үдэшлэгт манга бүжгийн хамгийн чамин хөдөлгөөнийг хийж охидыг солиоруулдаг, Манга Тулгаа гэж цууд гарсан хотын дэгжин хөвгүүнийг дагаад толгой эргэчихсэн.
Гурван сарын дараа салхи шиг хөнгөмсөг залууд хаягдаад уйлж суухад минь Сүхболд луугаа оч, хайртай юм чинь уучилна гэж найз охид ятгасан. Ямар нүүрээрээ түүн лүү очих вэ дээ. Тийм сайхан залууг гомдоосон болохоор эрийн тэнгэр хаясан юм байлгүй дээ.
Дараа нь хоёр ч хүнтэй учир ургаад бүтээгүй. Эхнийх нь хоосон хардалтаас болж намайг хаясан. Удаах нь архинд толгойгоо мэдүүлчихээр нь би өөрөө орхихоос өөр аргагүй болсон. Ингэсээр суутал нэг мэдтэл гуч гарчихсан.
Одоо бол насаараа нөхөргүй явсан ч яадгийм гээд сэтгэл шулуудчихсан хүн. -Цуутай хүүхэн хуримгүй гэдэг үнэн юм. Энэ Болорчимэг ахлах ангидаа ч, дээд сургуульдаа ч хөвгүүдийг хуйлруулсан сайхан охин явсан юм гэж сургуулийн хэл амтай гэгддэг авгайчуул ярилцах нь миний чихийг зөндөө л дэлсдэг.
Нөгөө охин өвдсөн тул хоёулахнаа хичээллэх болж, миний элийрэл улам гаарлаа. Сондгой өдөр бүр ордог давтлагаа хүлээж тогтож ядах мөртлөө, охиныг иртэл зогсооё гэж өөрийгөө хүчилж үзнэ. Гэвч эрүүл ухааныг солиорол нь дийлдэг нь хорвоогийн жам.
Яараад л оччихсон байлаа. Царайлаг хүү учиртай харцаараа өмнөөс өөрийн мэдэлгүй ширтэнэ. Би гээч хүн хаана байгаагаа ч мартчихна. Өнөөх чинь тэгтэл, – Багш аа, би танд хайртай. Та ч надад.., гээд улаан цайм хэлчихээд, ичсэндээ гацаж түгдэрч байна.
– Багштайгаа юу ярина гэнэ ээ! Задарсан.., хэмээн зандрахыг оролдсон ч өнөөх л өөртөө итгэлгүй хачин авиа амнаас унжран гарлаа. Би дараачийн давтлагадаа өвдсөн гэж хэлүүлээд очсонгүй. Гэртээ гиюүрээд л, ээж минь над луу баяр хөөрөө багтааж ядсан харцаар ширтээд л, хэн болохыг шалгаасаар л. Хөөрхий тэсэхээ байгаад, – Чи гараач! Тэр залуутайгаа кино ший үзээч! Ингээд манарч дуниартаад сууж байтал ахиад алдчихлаа! хэмээн загнаж байна.
Тэгтэл хаалганы хонх дуугарч, ээжийн минь нүд томорсноо, баярлаад л дэгдчихлээ. Залуу нь ирлээ гэж горьдов бололтой чааваас. Тэгтэл хэн байсан гэж санана! Тодбилэг ном дэвтрээ элгэндээ тэвэрчихсэн гэр лүү маань хэнэг ч үгүй ороод ирлээ.
Ээж хүүг тээршээсэн харцаар ширвээд, бушуухан аян шалтаг олж явуулах гэж шимтээд, миний царай учиртай улсхийснийг анзаараагүй нь азтай. Өвчтэй гэчихээд цоо эрүүл зогсож буйдаа би бантлаа. – Ажлын хэнээтэй хүүхэн чинь одоо бүр гэртээ давтлага өгөөд суудаг болох нь уу? Чи түрүүн кинонд явна гээгүй билүү? гэж ээж надад битүү тулгалт хийнгээ, дурлалт хүүгийн минь ард гарч амаа мурийлган, “Энийг зайлуулаад, болзоонд яваач!” гэж буй болох нь илт, дохио зангаа үзүүлэх нь хоржоонтой.
Бид хоёр хаалгаа хаагаад, ширтэлцэж улалзан суулаа. Гараас минь бариад авахаар нь цочин угз татаад, – Болохгүй, Тодоо. Би чиний багш! гэж чичирсэн хоолойгоор шивнэлээ. Түүний энэ дайралтад догдолсон гэдэг хэлшгүй.
Ийнхүү миний зүрх булгилж, орчноосоо тасартлаа манарсныг мэдэж зориг оров бололтой ухасхийгээд энгэрээс зүүгдчихлээ. Наймдугаар ангийн хүүг ийм чадалтай байх юм гэж санасангүй. Түлхэж салгах гэж байдаг тэнхээгээ гаргасан ч дийлсэнгүй.
Тодоо халуу дүүгэсэн хошуугаа эгмэнд минь наачихаад, салахгүй тэврээд л байна. Ээжийг харчихна гэхээс ухаангүй айсандаа, – Энд болохгүй ээ. Ээж ороод ирнэ! гэчихсэн маань яалт ч үгүй солиорол.
Би гэдэг хүн биеэ сул тавьчих нь энэ. Таван хормын дараа тас харанхуй тамирын талбайн буланд, тав биш арван таван насаар дүү балчир хүүхэдтэй нам тэврэлдээд сууж байлаа. Өөрийгөө хүчлэн байж түүнийг түлхээд, зугтаан эргэх боловч чөтгөрт тушуулсан хоёр хөл минь урагш гишгэхгүй. Эргэж хургасаар л тэврүүлчихнэ.
Буцаад л өнөөх буландаа, түнэр харанхуйд уусна. – Болохгүй. Чи бид хоёр болохгүй! гэж шивнэсээр үнсүүлсээр л байлаа. Гэртээ орж ирээд нялх хөвгүүнийг ичгүүргүй тэвэрсэн хоёр гараа хуга цохиод, увайгүй үнсүүлсэн уруулаа хуу татаад хаячихмаар оргив.
Шавьдаа сэтгэл алдарсан ухаангүй толгойгоо хэд дэлсэмшээ болоод, нулимсаа дуслуулан баахан мэлэрлээ. “Яагаад ч болохгүй. Больё!” гэж амандаа үглэсээр цурам хийлгүй үүр цайлгасан нь шаналантай.
Гэвч маргааш үдэш нь утсаар ганц дуудуулаад л өнөөх талбай луугаа гүйгээд оччихсон, манарч дуниартан зогссон. Ийнхүү ердөө л хоёрхон шөнө элийрч амжтал захирлын өрөөнд дуудагдлаа. Сургуулийн захирал, миний ээжид ч хичээл зааж байсан ахмад багшийн уур шатаж, – Чи яалаа гэнэ ээ! хэмээн гурван давхар барилгыг цуурайттал чанга зандрав.
Манай сургуулийн багш настай авгай тэнээд алга болчихсон хүүгээ хайж, талбайгаар бэдэрч яваад бид хоёрын бүх үйлдлийг нэгд нэгэнгүй харсан байлаа. – Чадвартай сайн багш гэж бид чамд хичнээн итгэж байлаа.
Даанч яав даа! гэж эрхлэгчийг хэлэхэд чавга шиг улайсан царайгаа нуух газар олдсонгүй. Би уйлж унжиж, нүүрээ түлэгдтэл загнуулж чичлүүлээд гарч ирэв. Аймгийн төв гэдэг яасан ч жижигхэн юм, тэр өдөртөө л бүгд дуулаад, намайг жигшиж зэвүүцсэн харцаар цоргиж байлаа. Орос хэлний гүнзгий ангийн хичээлээ зааж чадсангүй.
Охид нь шивэр авир хийн инээлдэж, хөвгүүд нь доогтой харц хаяж, зандарч чимээгүй болгох гэсэн биш ангиараа хөг нийлүүлэн, – Үү-үү-үү, ваа-аа-аа! хэмээн хязгааргүй үргэлжилсэн авиа гарган эсэргүүцлээ.
Тэр өдөртөө сургуулийн намын үүр, захирлын зөвлөл хуралдаж энэ ноцтой асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байгаа сураг дуулав. Миний үй зайгүй найз Гүнжээ маань л гүйж ирж мэдээ дамжуулж, ухаангүйг минь гайхан халаглана. Энэ дуулиан Тодбилэгийн эцгийн чихэнд ч хүрсэн нь мэдээж. Хянан шалгахад өргөдөл гаргасан байлаа.
Ердөө хоёрхон хоногийн дотор л миний асуудал шийдэгдлээ. Аймгийн намын товчооны гишүүн өөрийн биеэр оролцсон эвлэлийн үүрийн хурлаас “Эвлэлийн гишүүн, багш сурган хүмүүжүүлэгч хүнд байж болшгүй булай дутагдал гаргасны учир нөхөр Н.Болорчимэгийг Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн эгнээнээс хөөсүгэй!” гэсэн тогтоол уншлаа.
Эвлэлээс хөөгдсөн хүн заавал ажлаасаа халагддаг, цаашлаад социалист бүтээн байгуулалтын аль ч салбарт шургалах эрхгүй болдог жаяг дэгтэй. – Чи яаж галзуурч байгаа, толгойгоо гээмэр вэ! гээд ээж минь намайг баахан цохиж нүдэж байснаа, энгэрээс минь зүүгдээд цурхиртал уйллаа.
– Би аймгийн нэгдүгээр дарга луу ч хүртэл орлоо. Талийгаачийг минь тэр саарал байшинд бүгдээрээ мартаж. Нам засгийнхаа төлөө гэж явсаар л эрүүл мэндээ сүйтгэсэн хүн гэдгийг санадаг хүн үгүй болж гэж үглэн, нулимсаа асгаруулан суух нь өрөвдмөөр.
Хөөрхий минь, эцгийн нэр хүнд, толгой эргэсэн охиноо аварна гэж горьдсон нь бүтээгүй хэрэг. Би ижийгээ бодох байтал Тодоог минь зүгээр өнгөрөөсөн нь яамай даа, аав нь нэр нөлөөтэй хүн болохоор хүүгээ аваад гарлаа гэсэн шүү юм бодчихсон суусныг яалтай.
Ийм аймшиг болж өнгөрсөн байтал миний элийрэл огт арилаагүйгээр барахгүй солиотой хайр минь хэд дахин хүчтэй болж, галзуурлын шатандаа дэвшсэн нь өөрөө ч алмайрмаар. Тодбилэгийг улам их бодно. Түүнийг сургууль дээр явуулахгүй хүүхдүүд шоолж байгаа, багш нар ад шоо үзээд эхэлсэн гэхээс байж сууж болохгүй.
Шөнө хар дарж зүүдэлсэн биш, тэр минь амиа хорлохыг завдаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх нь хэцүү. Харанхуй болохыг анаж байгаад, замыг нь тосоод хүлээлээ. Сургуулиас гарч явах хүүхдүүдийн хөдөлгөөн татарсны дараа хөөрхий минь орь ганцаараа алхаж үзэгдэнэ.
Шаналж энэлсэн төрхтэй гэлдэрсээр л. Харанхуйгаас сэм дуудахад минь гүйж ирээд, мөрөөр тэврээд нүүр нүдгүй үнслээ. Юун амиа хорлох. – Би таныгаа хамгаална! Битгий гутарч шаналаарай. Зоригтой байгаарай! гэж маш шийдэмгий хэлэхэд нь чихэндээ итгэсэнгүй.
Хувьсгалт эвлэлийн хатуу шийтгэл хувийн явдлыг зогсоох биш улам гааруулчих нь энэ. Бид хоёр миний өрөөнд сэм учирдаг боллоо. Шөнийн нэг цаг болж аймаг тэр аяараа нойрсоход Тодоо ирээд цонхыг минь аяархан маажаад, сэмээрхэн онгойлгох нэг давхрын салхивч өөд шилүүс шиг сурмаг авираад л ороод ирнэ.
Солиорсон дурлалын согтуу мэт булиглалд автсан хоёр тас тэврэлдэнэ. Тэр надад огт хүүхэд гэж бодогдохоо больчихлоо. Алтай Хангай шиг нөмөртэй эр хүний тэвхгэр цээжийг налаад сууж буй мэт л оргино. Хааяа сурцаараа “Та”, “Таныгаа” хэмээн дуудахаар нь, “Өө тийм. Би хөгшин л дөө” гэж тунирхаж, хошуу цорвойн эрхэлнэ. Би гэдэг хүн шулуудна гэгч болов. Эвлэлээсээ хөөгдчихсөн, ажлаасаа туугдчихсан. Хаашаа ч очсон хаалттай.
Бүр суултуур цэвэрлэх ажилд ч авдаггүй номтой. Ээжээрээ тэжээлгээд л, нялх хүүхэдтэй эрхлээд л, энэ насаа дуусгах гээд байгаа юм уу, бүү мэд. Бодох санах зүйл юу ч үгүй. Ганц түүнийгээ л хүсч мөрөөднө. Үүнийг элийрэл, галзуурал гэхгүй өөр юу гэх вэ? Ээж минь оройд холын дуудлагын захиалга өгөөд талийгч аавын минь Оросод хамт төгссөн найзууд болоод садан хамаатнууд луу залган, зочны өрөөндөө чанга дуу хадаан сууна.
Эвий минь дээ, намайг л аврах гээд байгаа юм болов уу, одоо юунд ч аврагдахаасаа өнгөрсөн гэсэн юм бодоод л, өрөөндөө гансарна. Ээж нагац ахтай ярьж дуусаад өрөө лүү минь жаахан охин шиг л дэгдэж ирээд, – Жаргал ах чинь ажил бүтээчихэж! гэж хашгирлаа. Өмнөговийн нэг сумын захирал миний явдлыг мэдээгүй болж, сэм авахаар тохирсныг ярьж тэр оройжингоо хөөрөлд автав.
Ээж баярлаж байхад, эсрэгээрээ миний дотор хоосроод л явчихлаа. Би Тодбилэгээс холдож яасан ч чадахгүй. Хайртай залуугаа санасаар байгаад, өмнөд хилийн элсэн говийн дунд хатаж хорчийж байгаагаар өөрийгөө төсөөллөө. Ээж хөөрхий минь боорцог хайрч, борц нүдлээ.
– Миний охин хүний нутгийн зэлүүд буйд суманд зүдрэх байх даа гэснээ нулимсаа дуслуулаад, борцоо нүдээд л сууна. Явахгүй гэж хэлээд, тас гэдийсэн биш ахиад л баахан цохиулж нүдүүллээ. Эцэст нь аргаа барсан ээж минь уйлж, – Муу охиноо юугаа ч бодож аагим говь луу цөлөх вэ..? гэснээр би бас нэг аюулаас аврагдаж, тэр шөнөө цонх сэмээрхэн маажихыг хүлээн, хөрвөөж догдлон хэвтлээ.
Бид ийнхүү учирсаар л байлаа. Би нийтийн үйлчилгээнд ажилладаг бөл эгчийн урладаг монгол гутлын угалзуудыг мэтгэж өдөржин суудаг болсон маань ээжийг өчүүхэн ч атугай тайвшруулав. Хоёр биш дөрвөн гараар гутал хийдэг болсны хүчинд эгч минь сарын социалист уралдаанд түрүүлж, гавшгайч тэмдгийн болзолд ойртож мандлаа.
Төлөвлөгөө давуулсны шагналаа надад авчирч өгсөн нь ээжийн нулимсыг дуслуулаад авав. Нэг шөнө Тодоотойгоо уулзаж байтал хаалга асар хүчтэй балбалаа. Тэр маань шуртхийн цонхоор үсрэх гэтэл өмнө нь аав нь зогсож харагдана. Ээж сандран хаалга онгойлготол “хадам ээж” ууртай хялайх нь үзэгдэв.
Манай зочны өрөөнд хоёр гэрийн нэгдсэн шүүх хурал боллоо. – Хэрвээ миний нялх хүүхдэд ахиж ойртох юм бол, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэж сэргийлэхэд гомдол гаргаад, шоронд хатаана шүү! Ичгүүргүй амьтан! гэж Тодбилэгийн дарга аав заналтай хэлэхэд, ээж минь зүрхээ даран, ухаан алдаж унахдаа дөхлөө. Би хөмхий зуучихсан л суув.
– Ахиад ийм зүйл хэзээ ч болохгүй. Энэ хүнийг би Өмнө.., ю…юу.., хот луу хөөж явуулах гэж байгаа гэж ээж минь чичирсэн хоолойгоор хэлж, уучлал гуйн нулимс дуслуулсаар байлаа. Төд удалгүй хотоос ууган ах минь нисч буугаад, төрсөн гэртээ хагартлаа уурласан хүн орж ирэв. – Толгой нь хамуурсан тэнэг! гэж заналтай хэлээд гараа далайсан ч, арай л буулгаж зүрхэлсэнгүй. Би таг дуугүй гэдийчихлээ.
Өмнөговь луу хүлж баглаж байгаад, хүчээр аваад явна гэхээр нь, – Тэр сургуульд чинь очоод л өөрийгөө эвлэлээс хөөгдсөнөө зарлана, яадгийм! гэж хашгирлаа. Ах минь чөлөөнийхөө цөөн хоногийн турш аргадаж, загнаж, үглэж, орилж, аргаа бараад буцав. Хөөрхий ээж минь намайг тэврээд л, уйлаад л сууна.
– Миний охин шоронд л битгий орчихож үзээрэй! гэж гуйна. Миний хайр сэтгэлийг одоо шорон гяндан бүү хэл төв хороо улс төрийн товчоо ч зогсоож дийлэхгүй гэж би шүд зуулаа. Энэ бол элийрэл биш, бид хоёрын чин зүрхний хайр! хэмээн адарч, түүнийгээ хүсч мөрөөддөгөө үргэлжлүүлэв.
Би түүнгүйгээр, тэр надгүйгээр гуравхан хоног ч тэсч чадахгүй. Яаж ийж байгаад л уулзаж учирсаар л байлаа. Ээж минь намайг, Тодоогийн эцэг эрх хүүгээ яаж манаж, яаж цагдаад ч нэмэргүй, мултраад биен лүүгээ гүйчихсэн байна. Эцэг эх хоёр нь аргаа барсан юм байлгүй дээ, миний нэр дээр сэргийлэхэд өргөдөл гаргалаа.
Тодбилэг шүүх хуралд оролцож намайг хамгаалахыг хүсч байсан ч, тэр өдөр түүнийг бариад хорьчихсон юм билээ. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэдэг зүйл ангиар намайг таслан шийтгэж, эмэгтэйчүүдийн хорих луу ачив. Би “69” тэрэгний хонины хонхорт сэгсчүүлж явахдаа болж буй бүхэнд итгэж чадахгүй манарсаар л байсан.
– Чухам ямар гэмт хэрэгт уруу татсан юм бэ? гээд асуучих ухаан байгаагүйдээ би харуусдаг. Учир нь тэр үеийн эрүүгийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах гэсэн зүйл анги байгаагүй юм билээ. Уруу татсан минь үнэн гээд итгэчихсэн байсан нь дэндүү гэнэн.
Наян таван он гэдэг намын дарга нар эзэн хаад шиг л аашилдаг байж дээ. Шүүх хурлыг хаалттай явуулж, шүүгч, өмгөөлөгч, яллагч бүгдээрээ хурган даргын тушаалаар ажиллаж, хүчрэгддэггүй хүүхнийг далдруулсныг би хожим л ойлгосон.
Хөөрхий ээж минь гурван жил шар махтайгаа хатаж намайг хүлээсний эцэст арайхийж өршөөлөөр суллагдаж элэг нь дэвтсэн. – Бага насны хүүхэдтэй яасан гэнэ ээ? гээд л намайг тэнд үргэлж нүд үзүүрлэж, дарамталж, зодож, зовоож байсан.
Тэглээ гээд шантраагүй. – Би хайр сэтгэлийнхээ төлөө ял шийтгүүлсэн! гэж шазуур зуун хэлээд нүдүүлсээр л байсан. Бид хоёрын захидлуудыг дарга аав нь саатуулж хураалгаж байгаа гэдгийг би гадарласан нь мэдээж.
Учир нь ээж, Гүнжээ хоёроос захиа ирээд байгаа хэрнээ Тодоогоос л ямар ч сураг чимээгүй таг. Ээж минь намайг эргэж ирэхдээ чичирсэн гараар цүнхээ ухаж, өөрөөсөө ч нуух шахаж авчирсан, Гүнжээгээр дамжиж ирсэн Тодоогийн захидлыг гарт минь атгуулж өгөнгүүтээ асгартал уйлсан.
Эмэгтэй хүн юм болохоор миний галзуурсан юм шиг хайрыг шоронд орсон хойно минь л ойлгосон юм байлгүй дээ. Эвий минь есдүгээр ангиа алгасч арваа төгсөж чадсанаа бичсэн байсан. Бушуухан мэргэжил эзэмшээд, хаа ч ажиллах эрхгүй намайг тэжээнэ гэдэг л түүний туйлын зорилго болсон нь захидлаас нэвт шувт ойлгогдсон юм.
Би бол өлссөн ч, өмсөх хувцасгүй ч, түүнтэйгээ хамт л байх нь жаргал гэж шоронгийн нааран дээрээ мөрөөдөж хэвтсэн. Тэндээс гарахад ээж минь толгойгоо алдсан охиноо тосч авах гээд хотод ирчихсэн байлаа. Хорихын хаалгаар гарч ирж үнсүүлмэгцээ л асуусан харцаар ширтлээ.
Ээж юун түүнтэй манатай надаас зүүгдээд л, уйлаад л, зогсов. Ахын олж явуулсан албаны хуучин тэргэнд орж суугаад, намайг тэсч ядаж байгааг ажиж, – Тодоо чинь сайн. Зөвлөлтөд сургуульд явсныг би чамд хэлж байсан даа.
Бас л анги алгасаад л сураад байгаа гэнэ лээ хэмээлээ. Аймагтаа очоод би бушуухан зуны амралт нь болоосой Тодбилэг минь ямар хүн болсон байгаа бол хэмээн хоног тоолон хүлээв. Ээж эргэлтээр очихдоо сэм дамжуулсан түүнийхээ нэгдүгээр курсийн гоё зургийг нь ширтэн сууна.
Тэр минь амралтаараа ирэнгүүтээ л хорих луу гүйдэг байсан ч дарга аав нь нөлөөлөөд, шүүхээс бичиг хүргүүлчихсэн болохоор биднийг уулзуулдаггүй байсан. Ядахдаа л ээжийн минь захиаг ч хүртэл задлаад, дугтуйнд нуусан байсан Тодоогийн зурвасыг замаас нь хураачихсан нь өшөө хүрмээр.
Гүнжээ минь ирж, түүний Улаан талбай, Арбатын гудамжинд авахуулсан, надад дамжуулаарай гэсэн гэрэл зургуудыг өглөө. Албан тушаал нилээн ахисан эцэг нь аймгийн шууданг ч хянуулж, Москвагаас ээж лүү ирэх захидлуудыг ч хураалгачихдаг учраас тэр.
– Одоо тэр насанд хүрсэн. Та хоёр хаана ч, хэзээ ч уулзаж учирч болно. Гэхдээ чи минь ухаангүй. Тэр чиний дэргэд хүүхэд шиг чинь л харагдана шүү дээ! гэж палхийтэл хэллээ. Яг энэ мөчид би түүний ангийнхаа хэдэн хүүхэдтэй хамт байгаа зургийг ширтэж суусан нь эз юм шиг.
Москвагийн оюутан, үе тэнгийн гурван охин нь яасан ч царайлаг, яасан ч дэгжин юм. Толинд өөрийгөө хараад барайчихлаа. “Залуу нас хүнийг чимдэг!” гэж нагац ахынд зочилсон найз нь оюутан намайг хармагц дуу алдаж байсныг санав.
Би тэнд гурван жил дарамтлуулахдаа ямар их хөгширснөө гэнэт мэдлээ. Тэр минь дөнгөж арван естэй. Гэтэл би гучин дөрөвтэй, яалт ч үгүй ээж шиг нь харагдах хөгшин авгай гэж бодон энэллээ. Би хэд хоног дүмбийн дуугаа хурааж, муу ээжийгээ ахиад л зовоолоо.
Ээж минь бэрх газар ядарч зүдрээд ирсэн охиноо асарч тойлох гээд гараа гарган тарган махаар хоол хийнэ. Би хар шөл оочин хөлсөө бурзайлгах зуур, – Ээж ээ, би Өмнөговь луу явъя даа гэчихлээ. Ижий минь нулимсаа урсган, тээврийн товчооноос охиноо үдлээ.
Хичнээн хориглож байвч, өнөөх л боорцгоо хайрч, борцоо нүдээд, ямбуу уутанд хийж давхар шуудайлж өгсөн нь сүр бараатай. Гурван жилийн өмнө Өмнөговьд яригдаж байсан орон тоо намайг хүлээж байхгүй нь мэдээж, Өвөрхангайн Уянгын сургуулийн захирлыг нагац ах минь найзаараа яриулж ам алдуулсан хэрэг.
Ээж, нагац хоёроос өөр хэн ч намайг Уянгад байгааг мэдэхгүй. Усанд хаясан чулуу шиг алга болох минь энэ. Амралтаараа ирсэн Тодбилэг намайг хайж, галзуурахдаа шахаж байгааг би зөнгөөрөө мэдэрсэн. Хөөрхий дөө, тэр ээж лүү минь өдрийн хэдэн удаа орж ирж хаа байгааг асуудаг.
– Хүү минь чи одоо юмыг ухаарахаар болсон. Та хоёр яагаад ч бүтэхгүй. Ээж шигээ хүнийг чи нэг л мэдэхэд голж эхэлнэ гэж хэлсэн биш тэр ухаанаа гартал уурласан байдаг юм. Сүүлдээ ээж нь нүд нь оройдоо гартлаа тэвдэн орж ирээд, – Хүү минь амиа хорлох гээд байна! Болорчимэгийг хаа байгааг хэлчих л дээ! гээд сөхөрч унаад уйлсан гэдэг.
– Та нар миний охиныг шоронд хатаасан чинь багадаа юу? гэж ээж минь заналтай хэлээд, буруу хараад суучихаж. Өмнө би галзуурах шахан арван тав дүү хөвгүүн лүү гүйж байсан бол одоо тэр солиорох дөхөн арван тав эгч эмэгтэйн эрэлд хатаж байлаа.
Чаддагаараа эцэг эх хоёр луугаа л галзуурсан барс шиг дайрч, – Та хоёр л түүнийг надаас нуусан хэмээн агсарсаар байсан юм билээ. Монгол жижигхэн шүү дээ. Москвад төгссөн залуухан дэслэгч Уянга сум луу намайг гээд хүрээд ирлээ.
Цуутай том сургууль төгссөн хэрнээ Хангайн аглаг сум луу хэсгийн төлөөлөгчөөр явах санал өгөхөд хүмүүсийн нүд бүлтрэхдээ дөхсөн гэдэг юм. Тэр намайг хилс хэрэгт ялласныг заавал илчлэнэ гээд хуулийн анги сонгож байгаагаа эзэндээ хүрсэн цор ганц захидалдаа бичсэн байсан.
Би Тодбилэгийг “Яв, холд” гэж хөөж яагаад ч чадаагүй. – Би чиний дэргэд ээж шиг чинь.., гээд цааш ангайх гэтэл, – Наад муухай үгээ март! Наадах чинь миний тэнэг эцэг эхийн увайгүй яриа! гэж уурласан юм.
Монгол жижигхэн шүү дээ. Уянга сумынхан бид хоёрын бүх адал явдлыг хаанаас ч юм сонсчихсон шуугиж эхэллээ. Сургуулийн захирал харин намын гишүүний араатанлаг бус, шударга шулуун эрийн хүнлэг шийдвэр гаргасанд нь баярлаад баршгүй.
– Болорчимэг багшийг ирснээр орос хэлний сургалт нэг биш хэдэн шат дээшээ үсэрсэн. Түүний ажилласан хоёрхон жилд сумын хоёр хүүхэд аймгийн олимпиадад түрүүлж, гурван хүүхэд хоёр гуравдугаар байрт шалгарлаа.
Ийм хүнийг халбал сумын ард түмнийг хохироосон хэрэг болно гэж намын үүрийн хурал дээрээ уур бугшил дүүрэн хэлээд намайг авч үлдсэн байдаг. Би тэнд сууж байхдаа доороосоо даарч хөрөөд өвддөг болчихсон, дээр нь хожуу төрөлт болохоор сумын эмч нарыг сандрааж, аймагт хүргэгдэж ирлээ. Аймшигтай өвдөж байснаа нүд харанхуйлж, дэргэдэх эмч сувилагч нарын дуу аажмаар алсраад явчихлаа. Би үхчих нь энэ үү гэж бодож амжаад тас харанхуйлав.
…Нэг мэдтэл Тодбилэгийн ээж нь гараас минь зуурчихсан уйлаад сууж байна. – Уучлаарай, Болорчимэг ээ. Миний охин, тэнэг намайг уучлаарай! гэж учир зүггүй үглэхэд нь ахиад л нүд бүрэлзээд явчихлаа.
Би эргээд ухаан алдах нь гэж бодтол аньсганд нулимс дүүрснээс орчны юмс уусалдаж үзэгдсэн хэрэг байж. Дэргэд бас аав нь зогсчихсон, – Миний охин. Аав нь хотоос сайн эмч нарыг дуудаж бүх арга хэмжээг авсан гэж хэлснээ, албархаг ширүүн царай нь хачин зөөлөрч, гэмшсэн харцтай болон дальдирч байна.
Өөрөөсөө нэг нь долоохон ах, нөгөө нь тавхан эгч хүнээр “Миний охин” гэж дуудуулах ичмээр ч юм шиг. Миний хадам аав их удаан хулгаж байж надаас уучлалт гуйсан. – Уурын мунхагтаа нүд сохроод, хүүгийнхээ ийм сайн ханийг шорон оронд ч явуулж, дааж давшгүй хатуу зовлон үзүүлсэн намайг чөтгөр ниргээсэй! гэж тэр хэлсэн.
Намайг ухаангүй гурав хоноход Тодоо учраа олохгүй болтлоо айж, гэр лүүгээ залгаж ээждээ хэлж уйлсан, аав нь Алтайн онгоцыг Арвайхээрт буулгах зөвшөөрөл авч, сандран ирцгээсэн хэрэг байлаа. Бид хоёр улаан маамуугаа асрахын хажуугаар алимны хоёр хайрцаг дүүртэл хураагдсан олон захидлаа өдөр бүр уншдаг ажилтай болов.
Гурван жил бичсэн захиаг гурван сарын турш өдөр болгон барьж суугаад ч бараагүй. Өнгөц гүйлгээд өнгөрөх аргагүй зүрх сэтгэлийн халуун дулаан үгсийг ахин дахин уншаад байгаа болохоор тэгтлээ удах нь ойлгомжтой шүү дээ. Орой бүр толгойгоо нийлүүлээд, аз жаргалд умбан уншсаар л байсан.
Уянга сумынхан дасчихсан болохоор тоодоггүй. Харин аймгийн төв орсон үедээ хүүхдээ тэврээд гудамжаар хамт алхахаар хүмүүс эргэж хараад л байдаг. Жиг жуг хийн, “Нээрээ л ээж шиг нь харагдаж байна ш дээ. Ямар толгой нь эргэсэн залуу вэ?” гэж буй нь чих дэлсдэг. Гэлээ ч бид хоёр огт тоодоггүй. Өөрсдөө л аз жаргалтай байвал хүмүүсийн юу гэх ямар хамаа байна аа гэж Тодбилэг хэлээд инээдэг. А.АМАРСАЙХАН