20 ЖИЛИЙН ТУРШ НЭГ ӨДӨР Ч МАРТААГҮЙ ГАЙХАМШИГТ ХАЙРЫН ТҮҮХ МИНЬ

Энэ бүсгүйн ярих түүхийг би эртээ урьдын цагт гэж эхэлмээр байна. Тэр энэ түүхийг надаас өөр хэнд ч хэлж өгөөгүй тул би түүний хүсэлтээр нэрсийг нь өөрчилж бичих болно. Хайрын эзэн нь түүхийг уншаад өөрийгөө таних нь магад. Энэ бүсгүйн түүхээр 1001 шөнийн үлгэрээ эхэлж байгаа нь өнгөрсөн 20 жилийн туршид хайрын эзэн бүсгүй хайртай хүнээ бодолгүй өнгөрүүлсэн өдөр нэг ч өдөр байгаагүй учраас л тэр. Энэ гайхамшигт сэтгэлийг хүндэтгэж үзэхгүй байж чадсангүй. Тэр бүсгүй болон тэрний хайрын ханхүү нь өдгөө тус тусдаа айл гэр болон өөр өөрийн замаар амьдарч байгаа ч бүсгүй анхныхаа хайрыг огтхон ч мартаж чаддаггүй ажээ. Эртээ урьдын цагт би тэгэхэд дунд сургуульд байсан юм. Тэр үед хүүхдүүд дурласан охиндоо захиа бичин илгээдэг байж билээ. Тэр захидлууд хүрэх эзэндээ мэдэгдэхгүйгээр хормогчных нь хармаанд өөрөө орчихсон байдгийг бодохоор хормогчны халаас л шуудангийн хайрцаг нь байсан байх. Би тэгэхэд 15-тай л байсан байх. Охид захиа аваад л ичингүйрэн байж задалж үзээд нүүр нь чавга шиг улайх хэрнээ тэрүүхэндээ нүд нь жаргалтайгаар гялтганаж, гоо сайхан охин гэдгээрээ бахархан тунхаглах мэт алхаж явахыг хараад атаархаж, бушуухан л үерхэлийн захиа аваад, хэн нэгэнд дурлаж үзэхсэн гэж яарна. Нэг удаа миний хүсэн хүлээсэн захиа ирлээ. “Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү. Үеийн охид олон боловч үнэхээр чи минь ганцхан шүү” гэсэн дүрмийн алдаатай тэр захидал ангийн маань нэгэн хөвгүүнээс хаяглаад хормогчны маань халаасанд орчихсон байв. Хэдийгээр захидлын эзэн тэгтлээ таалагдаагүй ч би гэдэг хүн бусдад үерхдэг хөвгүүнтэй гэдгээ гайхуулах гэж яарахдаа зөвшөөрсөн хариу бичихээр шийдлээ. “Тэгээд үерхэнэ гэж яг яадаг юм?” гэж дотныхоо найз нараас асуутал “Эрэгтэй нь чиний цүнхийг бариад л гэрт нь хүргэж өгөөд байдаг байхгүй юу даа” гэхэд гайхаж “Би цүнхээ өөрөө даадаг ш дээ” гэвэл тэд намайг шоолон учиргүй инээгээд “Тэнэг минь ээ, тэгээд л замдаа зөндөө олон гоё юм ярьдаг байхгүй юу даа” гэж билээ. Ингээд хариугаа бичихээр болов. Гэтэл захидалд ямар хариу өгөх ёстойг бодоод олсонгүй. Ингээд тэр өдрийн хичээлийн дараа салдаггүй хоёр найз охин маань захидалын хариу эрж олохоор яаран одоцгоов. Үдээс хойш гэртээ ирээд хувцасаа сольж, цайгаа уугаад, хэдэн дүү нараа нааш цааш нь болгоод байж байтал нөгөө хоёр маань аахилсаар орж ирээд нэг цаас задалж туршлагатай эгч нарын хэлж өгсөн баахан хариуг үзүүллээ. Охид ч бас хөвгүүдэд мөчөөгөө өгөхгүйгээр шүлэглэж чаддаг болохыг би хараад учиргүй гайхахын зэрэгцээ бас тэр сүржин хариунуудын нэг нь ч таалагдахгүй байлаа. Ингээд би анхныхаа захидлын хариуг өөрөө бичлээ. “Үүрд гэж хэлэхгүй ч би чиний өмнө байна. Үнэнч байна гэж андгайлахгүй ч би хүн шиг байж чадна”. Хэ хэ хэ, бас л сүржин сонсогдож байгаа биз? Ингээд л маргаашнаас нь би гэдэг хүн үерхэлтэй учирлаа. Мэдээж хүүхэд л болсон хойно бусдаас ичиж, нуугдахыг урьтал болгох тул голдуухан шөнө үдшээр уулзана. Тэрнийг Батаа гэдэг юм л даа. Батаа найз нартайгаа цонхон доор маань ирээд бие биенийхээ нэрийг чангаар дуудахад л би сонсоод ойлгож, хогоо асгах нэрийдлээр гарч очдог байлаа. Тэр үеийн үерхэл ч яахав дээ, хосууд уулзаж ойр зуурын юм яриад л салдаг байсан ёстой л нөгөө цэвэр ичимтгий он жилүүд шүү дээ. Хамт ирсэн найз нар нь биднийг тайван уулзуулах гэж эргэн тойронд харуулд гарч, энэ тэрүүгээр холхих зуураа дөхөж ирсэн хүмүүсийг төөрүүлэн холдуулдаг байлаа. Харин үерхэж байгаа хоёрын яриа юу сонирхдог, хэнтэйгээ амьдардаг, хичээл дундуур яагаад гараад явчихсан гээд л хэтэрхий энгийн сэдэв дотор эргэлдэнэ. Ийнхүү Батаа бид хоёр бараг гурван сар орчим үерхэж үзлээ. Гэхдээ л би тэрнийг ирэхэд тэгтлээ догдолж, бусад охид шиг дэвхцэтлээ баярлахгүй байгаагаа гайхдаг байв.

Нэг орой би Батааг ирсэн сургаар гэрээсээ гараад очтол тэр орцны хаалганы цаагуур толгойгоо яаран шургуулаад тамхи утрааж байгаа харагдав. Ингээд би гэнэт л тамхи татдаг муу хөвгүүнтэй үерхэж байгаагаа мэддэг юм байна. Угаас өөрөө сурлага сайтай, бас ч гэж анги ахалсан тэргүүний сурагчийн хувиар энэ ичгүүртэй явдалыг зогсоохоор шийдлээ. “Чи тамхинаас гарчихаад надтай уулзаарай” гэж хэлчихээд л буцаад гэртээ гүйгээд орчихов. Батаа сурлагаар тийм ч мууд нь орохгүй ч бас сайн биш байсан юм. Харин маргаашнаас нь Батаа маань өнгө засаж, бүхий л хичээлдээ гэнэт магнайлж эхэлдэг юм байна. Харин надад түүнийг анзаарах сөхөө байсангүй. Учир нь тэр өдөр би сургуулийн үүдэн дээр жагсаад зогсож байхдаа зэргэлдээ ангийн Амархүүтэй харц тулгарчихсан байлаа. Амархүү, энэ нэр бол үеийн охидын шүтээн болсон сурлага, спорт, соёл, бие махбодь бүх зүйлээрээ тэргүүлэгч салдаггүй гурван найз хөвгүүний нэгнийх нь нэр байлаа. Тэр өдөр харсан зүйлдээ би итгэж ч чадалгүй хэд дахин Амархүү рүү харах тоолондоо яагаад ч юм харц мөргөлдчихөөд байв. Маргааш нь ч бас хичээл эхлэхийн өмнөх жагсаал бужигнаан дунд найз Туяа маань “Энэ в-гийн Амархүү чамайг хараад л байх юм. Битгий эргэж хараарай. Жоохон байж байгаад хараарай” гэж сэм шивнэлээ. Тэр үед миний зүрх гэнт учиргүй догдолж, өчигдөр мөргөлдсөн харцыг санахдаа дотроо баахан жийрхэж, эргэж ч харахаас зүрхшээж байлаа. Амархүүгийн хоёр найз ч бас сурлага, хүмүүжил гээд бүх зүйлээрээ анги сургуульдаа манлайлагч хөвгүүд байсан юм. Биднээс лав тохой өндөр нуруутай тэр хөвгүүдийг гайхалтай сагс тоглодог гэдгийг ч нийтээрээ анддаггүй байлаа. Ёстой л хүсэл мөрөөдлийнхөө өмнө толгой минь эргэх шиг болоход Амархүүгийн зогсож байгаа талаас халуу төөнөх шиг болно. Миний хоёр найзыг Туяа, Чука гэдэг. Тэр бид гурав ч бас “А” бүлгийнхээ сор болсон охид байсан юм. Охид биднийг дуурайн үсээ самнаж, биднийг дуурайн формныхоо захыг дэрвийлгэн томруулдаг байлаа. Бид сурагч формынхоо сүргүй хүрэн өнгийг тас хар болгох гэж хар тушинд хийн буцалгаж, улаан бүчнийхээ улбар өнгийг час улаан тамганы тосонд чанаж, цусан улаан болгож өмсдөг байсан юм. Бидний энэ цоо шинэ дизайн бусдын өмнө өнгөлөг тодоор гялалздагийг бид дэндүү сайн мэддэг байлаа. Бас багш нарын шаарддаг өнгийн туузыг үсэндээ зүүхээс татгалзаж, оронд нь шүр сувдаар гоёсон хээнцэрхэн цэцэг зүүн хосолдог байлаа. Бид урлагийн үзлэг, олимпиадуудад ямагт тэргүүлэн оролцож, дарга ахлагчийн мөрдөсийг зүүн мөрөндөө алтан утсаар хээлэн хатгамалдсан явдаг байлаа. Үнэндээ шинэчлэл бүхэн маань биднийг атаархуу охид, ааштай багш нарын эгдүүцлийн бай болгодог байсан ч бид бууж өгөлгүй гоё сайхан харагдах бүх арга боломжийг олж чаддаг байлаа. Аав нар маань тэр үеийн цэргийн том дарга, офицерууд байсан тул цэрэг ах нар бидэнд хувцасаа дэглэж өмсөх мундаг мундаг аргуудыг зааж өгдөг байсан нь тэр л дээ. Нэг өдөр Амархүүгийн нэг найз Болдоо нь манай Чукатай үерхэх санал тавьдаг юм байна. Бид дороо үсрэн цовхчоод тэр хоёрыгоо хэрхэн уулзуулах тухай толгойгоо гашилгахад хүрлээ. Ингээд хичээл тараад гэртээ харихаар явж байх замд тэд нэгэн гудамжны үзүүр дээр бөөгнөн зогсож байгаа харагдав. Бидний сэтгэл дор дороо догдлон үймэрч “Чи оч, би чадахгүй” гэлцэн бие биенээ түлхэн бараг хагас цаг хэртэй зогсов. Хэн хэнийх нь зүрхийг догдлуулдаг хүн тэнд зогсож байхад түрүүлж очоод үг хэлчих эр зоригтон олдсонгүй. Харин хөвгүүд бүрэнхийн дунд тэрүүхэндээ дуулгавартай зогссоор байлаа. Бодвол бас л бидэн шиг хэн түрүүлж ам нээхээ шодож байгаа бололтой. Ингээд арайхийн бид найз Чукагаа түлхсээр тэдний зүг явуулав. Болдоо ч хөвгүүдийн дундаас сугаран гарч ирээд Чукаг тосон очилоо. Тэд бараг хоёр метр хэрийн зайтай зогсчихоод юу ч юм хааяа хааяа ярина. Өвлийн хүйтэн жавар тачигнаж, эргэн тойронд харанхуй болж эхэлж байсан ч бидний хэн ч тэгэхэд даарлаа гэж хэлээгүй юм даг. Бодвол энэ уулзалт хэнд маань таатай сайхан байсан биз.

Тэр өдрөөс хойш бараг сар орчмын дараа Амархүүгийн нөгөө нэг найз Баатараас манай Туяад үерхэлийн захидал ирдэг юм байна. Уулзалт мөн л урьдынх шигээ бид зургаагийн дунд чи бидээ хүрсэн халуухан гурван цаг орчимын хугацаанд болон өнгөрсөн юм. Яагаад ч юм миний ээлж ойртсоор байгааг мэдэхийн зэрэгцээ Амархүүгийн талаарх бүхий л мэдээллийг өөрийнхээ хэмжээнд цуглуулж авсаар, тэр болгондоо дотроо балмагдан түгшисээр байлаа. Цаг хугацаа ч тэлүүлсэн мэт удаанаар ураглах бөгөөд Амархүү хэдийнээ миний зүүдэнд хүрч ирээд надтай удаанаар ярьдаг болчихсон байсан юм. Тэрнийг шөнөжин зүүдлээд өглөө хичээлдээ ирээд тааралдахдаа би хулгай хийчихсэн мэт сандарч, амьсгаа дээрдэж, тэр эгшинээс яаран зугтахаар тэмүүлдэг хэрнээ дараа нь үргэлж л тэгж тааралдахдаа ямар хурдан гүйгээд явчихав аа гэж өөртөө харамсдаг байв. Бид гурав ангийнхаа хөвгүүдийг олж харахаа ч больж, ахлах ангийн ах нараас ч бас захиа хүлээн авдаг болов. Ингэсээр улсын шалгалтууд ч эхэлж хавар болсныг зарлав. Харин удтал хүлээсэн захидал ирэхгүй л байлаа. Би ч сүүлдээ сэтгэлээр унаж эхэлдэг юм байна. Нөгөө Батаа маань урьдынх шигээ гоё ганган хувцаслан урдуур хойгуур эргэлдэж, хаа нэг “Би тамхинаас гарсан. Би сайн хүү болно. Надтай үерхээч” гэсэн зурвасаа илгээх боловч би сөхөж үзэхийг ч хүсдэггүй байлаа. Зүрх сэтгэл минь мөрөөдлийнхөө ханхүүг хүлээн шаналж, бас тэрүүндээ улам бүр дурлан татагдсаар байв. Амархүүгийн хоёр найзтай тааралдахдаа яг л тэрүүнтэйгээ тааралдсан мэт догдлон сандарч, өнөөх л үргэсэн мэт зугтан зайлдаг зангаараа учиргүй яаран алга болно. Нар төөнөсөн хаврын нэгэн налгар өдөр хичээлийн дундуур яагаад ч юм гадагш гармаар санагдаад болсонгүй. Шалгалт дөхсөн тул анхаарлаа өөр зүйлд сарниулж болохгүйг мэдсээр байсан хэрнээ тэр өдрийн хичээл чихний хажуугаар дүнгэнэн өнгөрсөөр байлаа. Ингээд би тооны багшаасаа ариун цэвэрийн өрөө ороод ирье гэдэг зөвшөөрөл аваад ангиасаа гарлаа. Хүйтэн ус олж уугаад тархи толгойгоо сэргээхээр шийдсэн нь тэр. Ангиас гараад ариун цэвэрийн өрөө орчихоод хүйтэн усаар хүзүү толгойгоо шавшиж жаал сэргэж аваад анги руугаа явж байх замд гэнэт Амархүүгийн найз Баатартаа халз тулгарчихав. Духаараа харсаар дөхөх тэр хүү урьдынхаасаа ч аймшигтай санагдахад яагаад ч юм буцаад зугтчихмаар санагдана. Гэсэн ч би хажуугаар нь гэмгүйхэн зөрөн өнгөрөхөөр өөдөөс нь дөхлөө. Тэр миний хажуугаар дөрөх агшиндаа гэнэт зүүн гараас минь том хүнийх шиг бахим гараараа атган авсанаа юуг ч юм гарт минь атгуулчихаад салхи мэт шурдхийгээд алга болчихов.

Юу болоод өнгөрснийг анзаарах ч сөхөөгүй болчихсон би гэнэт “Нөгөө захиа байх нь” гэж таагаад сандран цохилох зүрхнийхээ цохилтыг намжаахаар дороо суучихав. Би аймшигтайгаар догдолж, амандаа “Үгүй байлгүй дээ, биш байх аа” гэж өөрийн мэдэлгүй үглэчихсэн сууж байлаа. Ингээд анги руугаа ч оролгүй тэр чигээрээ формынхоо хувцастай гэр лүүгээ гараад гүйчихэв. Харин гарын алга халуу оргиулан төөнөх өнөөх захидалыг задлах нь байтугай алгаа тэнийлгэн харж ч зүрхлэхгүй байлаа. Хичээл тарах цаг болоход хоёр найз маань амьсгаадсаар орж ирээд гадуур хувцас цүнхийг минь авч ирээд хичээл тасаллаа мангар юм уу гэж учиргүй загнав. Харин гарт одоо хүртэл атгаастай байгаа гал халуун захидалын тухай юу ч хэлсэнгүй. Тэд юу болсон бэ гэж баахан шалгаж байгаад тоймтой юм олж мэдээгүйдээ урам хугарсан байртай гэр гэрлүүгээ явцгаалаа. Тэднийг гармагц би орон дээрээ гарч суугаад хөлөрсөн гарынхаа алгыг тэнийлгээд өнөөх захидлыг гарган ирээд анх удаагаа удаанаар эргүүлж тойруулан үзэв. Дөрвөлжлөн нугалсан тэр бяцхан цаасан дотор ямархуу үг утга дурайж байгааг гаднаас нь мэдчих гэж ийнхүү өдөржин ширтэж хэвтлээ. Нэг мэдэхэд өнөөхөө гартаа атгасан чигээрээ унтчихсан байв. Гэнэт ээжийн дуу гарах шиг болоход оройн хоолоо хийх цаг болсыг ойлгоод босож хоолоо бэлдэхээр явлаа. Оройн 20 цагийн орчимд Туяа маань ороод ирэв. Би нэг л биш байгааг анзаарсан тэр юу болсон бэ гэж бүх л мэхээ гарган асууж шалгааж гарлаа. Хэсэг зовоож байгаад би түүнд өдөр болсон явдлыг догдлон байж хэлэв. Туяагийн дэрвэгэр сормууст хар нүд нь байдгаараа бүлийгээд “Нээрээ юу, чи тэгээд ямар муухай амьтан бэ? Хэлэхгүй байгаад байсан байгаам даа” гэж дуу алдсанаа “Би Чукаг дуудаад ирье” гэснээ хүүе гэхийн завдалгүй гараад гүйчихэв. Хэдэн хоромын дараа гайхамшигтай чухал мэдээ дуулсан, бас нууцаа хэлэхгүй хадгалсан найздаа гоморхсон царайтай Чукаг хөтөлсөөр орж ирлээ. Ингээд хоёр найзтайгаа өрөөндөө тухлан сууж аваад өнөөх ер бусын хүчтэй захидлаа анх удаа нээж үзэхээр болов. “Би чамтай үерхэхийг хүсэж байна”. Ердөө л энэ тавхан үг. Бусад шиг шүлэг урсгаж, гоё ганган үг хэлхээгүй нь надад яагаад ч юм таалагдаж, тэр хэрээрээ би Амархүүг өөрийн бодолтой, өөртөө итгэлтэй, юу хийж байгаагаа мэддэг хүн юм гэж ойлгоод догдолж баярлахын зэрэгцээ битүүхэн сүрдэж эхлэв. Манай хоёр өөрсдөө захиа авсан мэт баярлан хөөрч, орон дээр гаран үсэрч дэвхцэн намайг дэрээр цохин шуугилдана. Толгой эргэх шиг болж сэтгэл дотор минь юугаар ч юм дүүрэн бялуурах шиг болоход хэрхэхээ мэдэхгүй алмайран суулаа. “Ямар хариу бичих вэ? Нөгөө эртээрийн хариунуудыг харах уу?” гэж хоёр найз маань ам амандаа шулганах зуур би хариуг өөрөө бичих нь зүйтэй гэж шийдэв. Мөн л сурсанаараа “Өөрөө бичнээ. Юуг ч дуурайхгүй” гэж эрслэн хэлэхэд тэр хоёр маань алга ташаад дэмжин хөөрч тэг ингэ гэж баахан шулганаж байснаа маргааш өглөө хичээлдээ явахдаа хариугаа бичээд аваад ир бид хоёр аваачаад өгчихье гэж тохироод гэр гэрлүүгээ явцгаалаа.

Би ч бас Амархүүгээс дутахгүй хэрсүү, бас өөрийн бодолтой нэгэн гэдгээ мэдэгдэхийг хичээж байлаа. Ингээд яг түүнийх шиг цэвэрхэн дөрвөлжин цаас гаргаж тавиад бодож бодож “Би чамд итгэж байна” гэж дурайтал нь бичээд эвхлээ. Тэгээд бичсэн захиагаа хүний нүднээс нуун сэмхэн үнсээд дэрэн дороо хийв. Маргааш гэхэд миний захидал эзэндээ хүрсэн байна. Үдийн их завсарлагааны дараа манай хоёр “Захиаг чинь эзнийх нь гарт атгуулчихлаа” гэсээр инээд алдан орж ирэв. Амармэнд захиаг авсныхаа дараа хэрхэхийг нь манай хоёр хаалганы завсараар харж байсан ажээ. Тэр захиаг тэр дор нь задалж үзсэнээ баярласан, бахархсан байртайгаар ширээ шааж авч байгааг харсан тухайгаа тэд өдөржин ярив. Ингээд би анхныхаа уулзалтыг тэсэж ядан хүлээх болов. Тэр ирэхгүй л байлаа. Энэ хүлээлт хэтэрхий удаан хэрнээ бас хэтэрхий жаргалтай байсан юм. Бидний анхны уулзалт захиа авсанаас хойш бараг сарын дараа болсон билээ. Тэр үдэш хэн нэг нь хаалга зөөлхөн тогшиход би учиргүй догдолж цаг нь ирснийг ойлгосон юм. Хаалга тайлахад Амармэнд үүдэн дээр ирчихсэн зогсож байлаа. Бид орцноос гараад зуугаад метр алхах зуураа юуч яриагүй. Ер нь бид голдуухан харуй бүрийгээр хүний хөл татрахаар уулздаг байсан юм. Одоо эргээд бодоход юу ярьдаг байсныг бүү мэд. Ямар ч байсан тэр бид хоёрын хэн хэн нь догдолж сандараад өдөржин боддог байсан асуултуудаа асууж ч чадалгүй салдаг байж билээ. Бид бараг хоёр жилийн турш ийнхүү үдэш нь нууцаар уулзаж, өдөр нь сургууль дотроо тааралдахдаа инээмсэглэн зөрдөг байсан юм. Би Амархүүг найз нартайгаа сагс тоглохыг харах их дуртай байсан. Мэдээж тэд дандаа ялалт байгуулах тул би өөрөө л ялчихсан мэт баярлаж, бас үерхдэг хөвгүүнээрээ бахархан баярладагсан.

Хувь заяа биднийг тус тусынх нь замаар илгээсэн ч гэсэн би одоог хүртэл Амархүүг мартаж чаддаггүй. Тэрүүнд зориулж хадгалж байсан охин насаа огт танихгүй нэгэн хөвгүүний өвөрт үдэж, түүнтэй үүрд амьдрахаар шийдэх хүртэл би Амархүүгээ хүлээсээр байсан юм. Харин тэр намайг урьдынх шигээ удаанаар хүлээлгэж байж л хаа нэг ирдэгсэн. Нэгэн удаа би тэрнийхээ төрсөн өдрөөр найзынхаа ааваас гуйж авсан эр, эм хоёр бяцхан бүжинг хайрцганд хийгээд бэлэглэж билээ. Мэдээж тэрнийгээ өгөх гэж мөн ч их зориг гаргасан даа. Тэр гэртээ ороод хайрцгийг нээгээд хос бүжин байгааг хараад юу бодсон бол? Хожим олон жилийн дараа би найз Баатартай нь таараад тэр бүжингүүдийг асуусан юм. Тэгэхэд Баатар, -Өө, тэр хоёр чинь их том болсон. Тэгээд гэрээр нь дүүрэн туулай гүйлддэг болсон ш дээ. Сүүлдээ гэрийнхээ туулайг дийлэхээ болиод аав, ээж хоёр нь туулайнуудаа нядалгаанд өгсөн гэсэн. Тэр үед Амархүүд их хэцүү байсан гэж ярихыг дуулаад сэтгэл минь шимширч, өөрийгөө ямар тэнэг байснаа ойлгож билээ. Нядалгаанд явуулж байгаа туулайнуудаа хараад Амархүү юу бодож байсан бол? Би тэрнийхээ сургийг алсаас дуулаад л явдаг байлаа. Тэр одоо гэр бүлтэй хоёр хөөрхөн охинтой болчихоод сайхан амьдарч байгаа гэсэн. Харин би өнөөдрийг хүртэл Амархүүгээ хүрээд ирэх байх, ирээд багын явдалаа дурсаж учиргүй дотноор ганцхан удаа тэврээсэй гэж хүсэн хүлээсээр л байдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!