“20 ЖИЛИЙН ТУРШ ТҮҮНИЙГ НЭГ Ч ӨДӨР МАРТААГҮЙ” ҮРГЭЛЖЛЭЛ

“20 ЖИЛИЙН ТУРШ ТҮҮНИЙГ НЭГ Ч ӨДӨР МАРТААГҮЙ” ҮРГЭЛЖЛЭЛ

Цаг хугацаа ч тэлүүлсэн мэт удаанаар ураглах бөгөөд Амархүү хэдийнээ миний зүүдэнд хүрч ирээд надтай удаанаар ярьдаг болчихсон байсан юм Тэрнийг шөнөжин зүүдлээд өглөө хичээлдээ ирээд тааралдахдаа би хулгай хийчихсэн мэт сандарч, амьсгаа дээрдэж, тэр эгшинээс яаран зугтахаар тэмүүлдэг хэрнээ дараа нь үргэлж л тэгж тааралдахдаа ямар хурдан гүйгээд явчихав аа гэж өөртөө харамсдаг байв. Бид гурав ангийнхаа хөвгүүдийг олж харахаа ч больж, ахлах ангийн ах нараас ч бас захиа хүлээн авдаг болов. Ингэсээр улсын шалгалтууд ч эхэлж хавар болсныг зарлав. Харин удтал хүлээсэн захидал ирэхгүй л байлаа. Би ч сүүлдээ сэтгэлээр унаж эхэлдэг юм байна. Нөгөө Батаа маань урьдынх шигээ гоё ганган хувцаслан урдуур хойгуур эргэлдэж, хаа нэг “Би тамхинаас гарсан. Би сайн хүү болно. Надтай үерхээч” гэсэн зурвасаа илгээх боловч би сөхөж үзэхийг ч хүсдэггүй байлаа. Зүрх сэтгэл минь мөрөөдлийнхөө ханхүүг хүлээн шаналж, бас тэрүүндээ улам бүр дурлан татагдсаар байв. Амархүүгийн хоёр найзтай тааралдахдаа яг л тэрүүнтэйгээ тааралдсан мэт догдлон сандарч, өнөөх л үргэсэн мэт зугтан зайлдаг зангаараа учиргүй яаран алга болно.

Нар төөнөсөн хаврын нэгэн налгар өдөр хичээлийн дундуур яагаад ч юм гадагш гармаар санагдаад болсонгүй. Шалгалт дөхсөн тул анхаарлаа өөр зүйлд сарниулж болохгүйг мэдсээр байсан хэрнээ тэр өдрийн хичээл чихний хажуугаар дүнгэнэн өнгөрсөөр байлаа. Ингээд би тооны багшаасаа ариун цэвэрийн өрөө ороод ирье гэдэг зөвшөөрөл аваад ангиасаа гарлаа. Хүйтэн ус олж уугаад тархи толгойгоо сэргээхээр шийдсэн нь тэр. Ангиас гараад ариун цэвэрийн өрөө орчихоод хүйтэн усаар хүзүү толгойгоо шавшиж жаал сэргэж аваад анги руугаа явж байх замд гэнэт Амархүүгийн найз Баатартаа халз тулгарчихав. Духаараа харсаар дөхөх тэр хүү урьдынхаасаа ч аймшигтай санагдахад яагаад ч юм буцаад зугтчихмаар санагдана. Гэсэн ч би хажуугаар нь гэмгүйхэн зөрөн өнгөрөхөөр өөдөөс нь дөхлөө. Тэр миний хажуугаар дөрөх агшиндаа гэнэт зүүн гараас минь том хүнийх шиг бахим гараараа атган авсанаа юуг ч юм гарт минь атгуулчихаад салхи мэт шурдхийгээд алга болчихов. Юу болоод өнгөрснийг анзаарах ч сөхөөгүй болчихсон би гэнэт “Нөгөө захиа байх нь” гэж таагаад сандран цохилох зүрхнийхээ цохилтыг намжаахаар дороо суучихав. Би аймшигтайгаар догдолж, амандаа “Үгүй байлгүй дээ, биш байх аа” гэж өөрийн мэдэлгүй үглэчихсэн сууж байлаа. Ингээд анги руугаа ч оролгүй тэр чигээрээ формынхоо хувцастай гэр лүүгээ гараад гүйчихэв. Харин гарын алга халуу оргиулан төөнөх өнөөх захидалыг задлах нь байтугай алгаа тэнийлгэн харж ч зүрхлэхгүй байлаа.

Хичээл тарах цаг болоход хоёр найз маань амьсгаадсаар орж ирээд гадуур хувцас цүнхийг минь авч ирээд хичээл тасаллаа мангар юм уу гэж учиргүй загнав. Харин гарт одоо хүртэл атгаастай байгаа гал халуун захидалын тухай юу ч хэлсэнгүй. Тэд юу болсон бэ гэж баахан шалгаж байгаад тоймтой юм олж мэдээгүйдээ урам хугарсан байртай гэр гэрлүүгээ явцгаалаа. Тэднийг гармагц би орон дээрээ гарч суугаад хөлөрсөн гарынхаа алгыг тэнийлгээд өнөөх захидлыг гарган ирээд анх удаагаа удаанаар эргүүлж тойруулан үзэв. Дөрвөлжлөн нугалсан тэр бяцхан цаасан дотор ямархуу үг утга дурайж байгааг гаднаас нь мэдчих гэж ийнхүү өдөржин ширтэж хэвтлээ. Нэг мэдэхэд өнөөхөө гартаа атгасан чигээрээ унтчихсан байв. Гэнэт ээжийн дуу гарах шиг болоход оройн хоолоо хийх цаг болсыг ойлгоод босож хоолоо бэлдэхээр явлаа. Оройн 20 цагийн орчимд Туяа маань ороод ирэв. Би нэг л биш байгааг анзаарсан тэр юу болсон бэ гэж бүх л мэхээ гарган асууж шалгааж гарлаа. Хэсэг зовоож байгаад би түүнд өдөр болсон явдлыг догдлон байж хэлэв. Туяагийн дэрвэгэр сормууст хар нүд нь байдгаараа бүлийгээд “Нээрээ юу, чи тэгээд ямар муухай амьтан бэ? Хэлэхгүй байгаад байсан байгаам даа” гэж дуу алдсанаа “Би Чукаг дуудаад ирье” гэснээ хүүе гэхийн завдалгүй гараад гүйчихэв. Хэдэн хоромын дараа гайхамшигтай чухал мэдээ дуулсан, бас нууцаа хэлэхгүй хадгалсан найздаа гоморхсон царайтай Чукаг хөтөлсөөр орж ирлээ.

Ингээд хоёр найзтайгаа өрөөндөө тухлан сууж аваад өнөөх ер бусын хүчтэй захидлаа анх удаа нээж үзэхээр болов. “Би чамтай үерхэхийг хүсэж байна”. Ердөө л энэ тавхан үг. Бусад шиг шүлэг урсгаж, гоё ганган үг хэлхээгүй нь надад яагаад ч юм таалагдаж, тэр хэрээрээ би Амархүүг өөрийн бодолтой, өөртөө итгэлтэй, юу хийж байгаагаа мэддэг хүн юм гэж ойлгоод догдолж баярлахын зэрэгцээ битүүхэн сүрдэж эхлэв. Манай хоёр өөрсдөө захиа авсан мэт баярлан хөөрч, орон дээр гаран үсэрч дэвхцэн намайг дэрээр цохин шуугилдана. Толгой эргэх шиг болж сэтгэл дотор минь юугаар ч юм дүүрэн бялуурах шиг болоход хэрхэхээ мэдэхгүй алмайран суулаа. “Ямар хариу бичих вэ? Нөгөө эртээрийн хариунуудыг харах уу?” гэж хоёр найз маань ам амандаа шулганах зуур би хариуг өөрөө бичих нь зүйтэй гэж шийдэв. Мөн л сурсанаараа “Өөрөө бичнээ. Юуг ч дуурайхгүй” гэж эрслэн хэлэхэд тэр хоёр маань алга ташаад дэмжин хөөрч тэг ингэ гэж баахан шулганаж байснаа маргааш өглөө хичээлдээ явахдаа хариугаа бичээд аваад ир бид хоёр аваачаад өгчихье гэж тохироод гэр гэрлүүгээ явцгаалаа. Би ч бас Амархүүгээс дутахгүй хэрсүү, бас өөрийн бодолтой нэгэн гэдгээ мэдэгдэхийг хичээж байлаа. Ингээд яг түүнийх шиг цэвэрхэн дөрвөлжин цаас гаргаж тавиад бодож бодож “Би чамд итгэж байна” гэж дурайтал нь бичээд эвхлээ.

Тэгээд бичсэн захиагаа хүний нүднээс нуун сэмхэн үнсээд дэрэн дороо хийв. Маргааш гэхэд миний захидал эзэндээ хүрсэн байна. Үдийн их завсарлагааны дараа манай хоёр “Захиаг чинь эзнийх нь гарт атгуулчихлаа” гэсээр инээд алдан орж ирэв. Амармэнд захиаг авсныхаа дараа хэрхэхийг нь манай хоёр хаалганы завсараар харж байсан ажээ. Тэр захиаг тэр дор нь задалж үзсэнээ баярласан, бахархсан байртайгаар ширээ шааж авч байгааг харсан тухайгаа тэд өдөржин ярив. Ингээд би анхныхаа уулзалтыг тэсэж ядан хүлээх болов. Тэр ирэхгүй л байлаа. Энэ хүлээлт хэтэрхий удаан хэрнээ бас хэтэрхий жаргалтай байсан юм. Бидний анхны уулзалт захиа авсанаас хойш бараг сарын дараа болсон билээ. Тэр үдэш хэн нэг нь хаалга зөөлхөн тогшиход би учиргүй догдолж цаг нь ирснийг ойлгосон юм. Хаалга тайлахад Амармэнд үүдэн дээр ирчихсэн зогсож байлаа. Бид орцноос гараад зуугаад метр алхах зуураа юуч яриагүй. Ер нь бид голдуухан харуй бүрийгээр хүний хөл татрахаар уулздаг байсан юм. Одоо эргээд бодоход юу ярьдаг байсныг бүү мэд. Ямар ч байсан тэр бид хоёрын хэн хэн нь догдолж сандараад өдөржин боддог байсан асуултуудаа асууж ч чадалгүй салдаг байж билээ. Бид бараг хоёр жилийн турш ийнхүү үдэш нь нууцаар уулзаж, өдөр нь сургууль дотроо тааралдахдаа инээмсэглэн зөрдөг байсан юм. Би Амархүүг найз нартайгаа сагс тоглохыг харах их дуртай байсан.

Мэдээж тэд дандаа ялалт байгуулах тул би өөрөө л ялчихсан мэт баярлаж, бас үерхдэг хөвгүүнээрээ бахархан баярладагсан. Хувь заяа биднийг тус тусынх нь замаар илгээсэн ч гэсэн би одоог хүртэл Амархүүг мартаж чаддаггүй. Тэрүүнд зориулж хадгалж байсан охин насаа огт танихгүй нэгэн хөвгүүний өвөрт үдэж, түүнтэй үүрд амьдрахаар шийдэх хүртэл би Амархүүгээ хүлээсээр байсан юм. Харин тэр намайг урьдынх шигээ удаанаар хүлээлгэж байж л хаа нэг ирдэгсэн. Нэгэн удаа би тэрнийхээ төрсөн өдрөөр найзынхаа ааваас гуйж авсан эр, эм хоёр бяцхан бүжинг хайрцганд хийгээд бэлэглэж билээ. Мэдээж тэрнийгээ өгөх гэж мөн ч их зориг гаргасан даа. Тэр гэртээ ороод хайрцгийг нээгээд хос бүжин байгааг хараад юу бодсон бол? Хожим олон жилийн дараа би найз Баатартай нь таараад тэр бүжингүүдийг асуусан юм. Тэгэхэд Баатар, -Өө, тэр хоёр чинь их том болсон. Тэгээд гэрээр нь дүүрэн туулай гүйлддэг болсон ш дээ. Сүүлдээ гэрийнхээ туулайг дийлэхээ болиод аав, ээж хоёр нь туулайнуудаа нядалгаанд өгсөн гэсэн. Тэр үед Амархүүд их хэцүү байсан гэж ярихыг дуулаад сэтгэл минь шимширч, өөрийгөө ямар тэнэг байснаа ойлгож билээ. Нядалгаанд явуулж байгаа туулайнуудаа хараад Амархүү юу бодож байсан бол? Би тэрнийхээ сургийг алсаас дуулаад л явдаг байлаа. Тэр одоо гэр бүлтэй хоёр хөөрхөн охинтой болчихоод сайхан амьдарч байгаа гэсэн. Харин би өнөөдрийг хүртэл Амархүүгээ хүрээд ирэх байх, ирээд багын явдалаа дурсаж учиргүй дотноор ганцхан удаа тэврээсэй гэж хүсэн хүлээсээр л байдаг даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!