“16-ТАЙ ЭЭЖ” ӨГҮҮЛЛЭГ
ЖОГНООГИЙН БЯМБАСАЙХАН
Тэр жаахан охины харцыг би мартдаггүй юм. Энэлж шаналсан тэр харцанд ямар их хайр нуугдаж байсан юм бэ. Би тэр үед дөнгөж Их сургуулиа төгсөөд алс баруун аймагт эх баригч эмчээр томилогдон очоод байлаа. Нэг өдөр түргэний тэргээр жаахан охин ирлээ. Эцэг эхийнхээ өврөөс ч гараагүй, тийм л жаахан охин байв. Түүнийг долоон сартай жирэмснийг дуулаад би чихэндээ итгэсэнгүй. Охин гол тасдам өвдөх зовиураа арай гэж тэвчиж буй нь илт уруулаа хазалж байснаа ерөнхий эмчийн гараас атгаад “Манай гэрийнхэд битгий хэлээрэй” гэж гуйж гувших аж. Охинд үзлэг хийх ерөнхий эмч “Хэлэхгүй ээ, хэлэхгүй” хэмээн түүнийг тайвшруулж байлаа. Гэр нь хөдөө суманд, өөрөө сургуулийн дотуур байранд амьдардаг тэр охин жирэмсэн болсноо аав ээж, багшдаа ч хэлэлгүй тас нуужээ. Төрөхийн орон дээр хамаг хөлс нь сад тавьж, шүд зуун дүлэх охиныг хараад миний сэтгэл урагдах шиг болж, хэчнээн ихээр өрөвдсөн гээ. Хоёр гарын нийлүүлсэн алганд багтам бяцхан туниа муутай, улаан, үрчгэр охин төрөхөд ээжид нь ч харуулалгүй инкубаторт яаралтай аваачиж хийлээ. Манай аймгийн эмнэлэгт ганцхан инкубатор байдаг байлаа. Дутуу төрсөн нярайд эхийн хэвлий дэх орчинг бүрдүүлж өгдөг тэрхүү инкубатор маань он цагийн эрхэнд элэгдэж, хуучирсан ч амь голтой ажилласаар олон ч хүүхдийн амийг аварсан юм. Сүүлд эвдрээд зогсоход нь надад амьсгал хураачихсан мэт таагүй мэдрэмж төрж билээ.
Охин өдөржин, шөнөжин инкубаторын дэргэд сүүдэр аятай суугаастай өнждөг байв. Тэр жаахан биенээс яаж ийм их тэсвэр, хүч гарч гарч буйг би гайхдаг байлаа. Тэр хүүхэд шүү дээ. Энэ насан дээр охидууд дуулж, бүжиглэж, инээж, аальгүйтэж, кино үзэж, зугаалдаг. Хиргүй, тунгалаг харцанд нь шохоорхол гялалзаж, цангинасан инээдээр биеэ чимж явдаг танхил нассан. Нярайн аманд гуурс, амьсгалын аппарат зоогоостой, дуслын автомат шахуурга нэгэн хэмээр хөдлөх ажээ. Охин над руу харлаа. Түүний энэлж шаналсан харцнаас би дальдчин нүүр буруулаад инкубаторын дэргэд очин бяцхан охин руу ширтэн зогслоо. -Аав нь хаана байгаа юм? гэж намайг асуувал охин юу ч дуугарсангүй. Нүдэнд нь нулимс цийлэлзээд надад харуулахгүй гэхдээ бушуухан цонх руу очоод зогсчихов. Цонхны цаана улиасны навчаа гөвсөн нүцгэн мөчрүүд салхинаа арвалзан хөдлөх нь тэр охины сэтгэл дэх шаналал гэлтэй. Энэ жаахан охины амьдралаар тоглосон тэр муу эртэй тааралдах л юм бол нударга буулгах юм шүү гэсэн хорын бодол тэгэхэд толгойд эргэлдэж, цээжинд өс амтагдах шиг санагдав. Тэр одоо юу ч болоогүй инээчихсэн, хаа нэгтэй найр наадам хэсч яваа даа гэж бодохоос уур буцлаад ер болдоггүй.Ерөнхий эмчийн өрөөнд орвол тэрээр сэтгэл нь тавгүй байгаа нь илт хөл доорх шүүгээнээс тал шил аpxи гаргаад өмнөө тавьлаа. Эмч: -Би одоо буулаа. Чи өнөөдөр жижүүр юм байна гэж хэлээд шилэн аяганд аpxинаасаа пүл пүл хийгээд ганцхан амьсгалаар хөнтрөв.
Түүний харц сүүмийж ирснээ: -Миний том охин 15-тай гэж толгой сэгсрээд дуугаа хураачихлаа. Хэсэг чимээгүй байснаа: -Энэ охины хүүхэд хүн болж чадах болов уу даа. Бүтэлттэй төрсөн. Тархи нь усжих вий гэхээс айж байна. Эмч хүний хамгийн аймшигтай тарчлаан юу ч хийж чадахгүйгээ мэдрэх тэр мөч байдаг гэж бувтнаад үлдсэн аpxиа аягалаад гүдхийн залгив. Түүний царайд шаналал, харцанд нь гуниг нэвт шингэжээ. Түүнийг гарахад ширээн дээрх хоосон аpxины шилтэй хамт уйтгар, шаналлаа өрөөнд мартаад явчихсан юм шиг миний сэтгэл тавгүйцээд эхлэв. Охины инкубаторын дэргэд суугаа нь нүдэнд харагдаж, өрөвдсөндөө тэсгэл алдан хонгил руу гарлаа. Нярайн сэхээн амьдруулахын өрөөнөөс бөглүүхэн дуу сонсдох ажээ. Тийш очоод үүдээр нь сэмээрхэн шагайвал охин инкубаторын дугуй нүхээр гараа шургуулан үрийнхээ турьхан биеийг илбэлэн: Хараацай шувууны дэгдээхий шиг Харцан дундуураа дуудаад байна аа Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй Галуу шувууны дэгдээхий шиг Гацуур дундуураа дуудаад байна аа Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй Ангир шувууны дэгдээхий шиг Алсаас ээжээ дуудаад байна аа Ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй, ээ бүүвэй хэмээн аялгуулан дуулж байлаа. Хэдхээн жилийн өмнө тэр өөрөө энэ дууг сонсдог байсан даа. Одоо тэгтэл дуулаад сууж байх гэж хэмээх бодолдоо сэтгэл минь хоосорчих шиг санагдав. Би хоолой засаад өрөө рүү явж орвол охин: -Хөхөнд минь сүү орчихсон гэж хэлээд мушийснаа инкубаторт хэвтэх үр рүүгээ харав.
Гайхамшигтай нь ээжийнхээ дуулах бүүвэйн дууг өдөр бүр сонсох бяцхан охин итгэмээргүй гэмээр хурдан өсөн торниж байлаа. Хэд хоногийн дараа ээжийнх нь ангир уургийг бяцхан охины ам руу тариураар шахаж өгөх болов. Аравхан грамм сүү уугаад бяцхан охин уруулаа тамшаалж, гараа эв хавгүй дээш өргөн таатайяа нойрсов. Тэгэхэд би энэ хорвоогийн хамгийн агуу дуу бүүвэйн дуу болох, хамгийн агуу хайр эхийн хайр болох, хамгийн ариун ундаа эхийн сүү гэдгийг ойлгож билээ. Хэдэн өдрийн хойно охиныг сурсаар эмнэлэгт нэг эр ирлээ. Дээлээ түнтийтэл хөөрөгдөж, энгэр заам нь задгай, хөлс нь цувчихсан түүнийг би охины эцэг нь болов уу гэж таамаглав. Амнаас нь аpxины эхүүн үнэр ханхлах ажээ. Тэрээр халаад угласан болоод өрөө рүү майжигнан алхав. Удалгүй тэр гарч ирээд халаадаа явдал дундаа угзран тайлаад ширээ рүү чулуудчихаад хажуугаар минь шурдхийн өнгөрлөө. Би хонгилд сайхь эрийн араас гайхан харж зогссоноо охиныг гэнэт санаад өрөө рүү нь очин үүдээр шагайвал тэрээр толгойгоо тэвэрчихсэн мэгшин уйлж суулаа. Тэрхүү эрийг би охины эцэг бус дутуу төрсөн нярайн аав нь юм байна гэдгийг даруй ойлгоод араас нь гүйв. Нуруугаа үүрэн хээв нэг алхах түүнийг гүйцэж очмогцоо үгийн солиогүй шанаа руу нь дэлсэж орхилоо.
Тэр гэдрэг унаад над руу мэлрэн ширтэв. Багтарсан уурандаа чичрэн зогсох намайг харчихаад тэрээр бөгсөөрөө газар чирж хойш гулгаснаа ухасхийн босоод шороо манарган харайж одов. Би эргэж эмнэлэг рүү алхаж явахдаа цонхоор шагайж зогсох охиныг хараад уурын мунхагаар буруу зүйл хийчихээгүй байгаа даа гэж битүүхэн түгшлээ. Охин харин тэр явдлын тухай ам нээсэн ч үгүй, инкубаторын дэргэд нөгөө л янзаараа хөшөө аятай сууж байлаа. Бяцхан охин ээжийнхээ дуулахыг сонссоор сар гаруйн дараа зохих жиндээ хүрч эрүүл саруул болсон юм. Охиныг эмнэлгээс гарах өдөр аав, ээж хоёр нь ч ирлээ. Аав нь өлгийтэй хүүхдийг тэвэрч, ээж нь түүнийг хөтөлсөөр эмнэлгийн хаалгаар гарахдаа тэр над руу эргэж хараад инээмсэглэсэн юм. Охины царай шаналангуй харагдах ч харц нь хайраар гэрэлтэж байсан билээ.