“14-ТЭЙ БАЙХДАА ХАМАР ХАШААНЫХАА 30 ГАРСАН АХАД ДУРЛААД…”

“ЖИНХЭНЭ ХАЙР” – Л.ДАЙРИЙМАА

Манай хажуугийн хоосон хашаанд нэг айл ирж буусан юм. Удалгүй хоёр бага маань нэг хөөрхөн эгч бид хоёрт чихэр өглөө гэж ярихад нь нөхөр бид хоёр тэднийд орсныг нь мэдэв.

Нэг амралтын өдөр хашааныхаа хогийг цэвэрлэж байтал – дүү минь гэх дуу гарлаа. Би өндийн дуу гарсан зүг харвал нэг хүн гараа даллаж харагдана.

Би хүрч очтол хашааны завсраар нээрээ нэг хөөрхөн эгч – сайн байна уу гэв. Би – сайн сайн байна уу та гээд – та зүгээр үү гэхэд тэр эгч сайхан инээмсэглэж – зүгээр ээ дүү минь – эгч ах хоёр нь хоёулхнаа заримдаа уйдах юм.

Танай хоёр орж ирэхээрээ хөөрхөн гэж гээд – манайхаар орж гарч байгаарай гэлээ. – Аан за тэгье ээ та ч гэсэн манайхаар орж ирээрэй – за гээд нөгөө эгч өврөө уудлан хоёр чихэр хашааны завсраар гарган – май гэж өгөөд гэрлүүгээ алхав.

Энэ өдрөөс хойш би Удвал гэдэг энэ эгчтэй хуурай эгч дүүс болсон доо. Гэрт нь орохоор заавал ч үгүй шинэ цай чанана. Цай нь их амттай яг л ээжийн минь цай шиг.

Цайгаа чанах, уудлах, уух зуураа харин нэг хуучилж өгнө дөө. 50 гарсан хүн гэхэд овор багатай дөчин хэдтэй хүн шиг харагдана.

Би -одоо ийм хөөрхөн байгаа юм чинь Удвал эгч залуудаа мөн ч хөөрхөн бүсгүй байсан байхдаа гэж дандаа боддог байлаа. Нөхөр нь гэж цэмбийсэн цагаан шар хүн. Ном уншаад л сууж байх. Нэг амралтын өдөр би тэднийд ортол Удвал эгчийн нөхөр эзгүй байв.

-Ах хаашаа яваа вэ гэхэд эгч – манай хүн аймгийн төв явсан нэг цэргийн найз нь хүүгийндээ ирсэн гэж яриадаа тэгээд уулзана гээд ум хумгүй л замын машинд дайгдаад явчихлаа шүү дээ гэлээ.

Тэгээд – суу суу дүү минь эгч нь сайхан цай чанаадахъя -за гээд би суухдаа гэнэт сонирхол хөдөлж -эгч та залуу насныхаа тухай яриач гэв.

Тэгтэл Удвал эгч бас л сайхан инээмсэглээд – эгч нь гээд ярьж эхэллээ дээ. -Би 14 настай байхдаа хамар хашааныхаа 30 дөнгөж гарсан Мандах гэдэг ахад анх дурлаа даа. Тэр дунд зэргийн нуруутай, давхраатай хар нүдтэй, өтгөн хар хөмсөгтэй цагаан шар царайтай хүн байсан юм.

Би охин дүүтэй нь нэг анги л даа тэр дээрээ бас нэг эгчтэй гэхдээ хоёулаа царай муутай. Би чинь айлын ганц болохоороо гэртээ ганцаардаад тэднийхээр орж гарч их гүйнэ ээ. Тэгэхэд Мандах ах эхнэрээсээ салсан хүн байлаа.

Нэг жаахан хүүтэй тэр нь хааяа нэг ирээд буцаад ээж дээрээ очдог байсан юм. Яагаад ч юм Мандах ах надад их сайн. Би түүнд хайртай гэдгээ хэлж чадахгүй сэмхэн харж сэтгэлээ баясган явж байтал тэр намайг 16 нас хүрсэн жил дахин гэрлэсэн дээ.

Би хэдэн өдөр нуугдаж уйлсан юм даг. Тэднийх нэг хөөрхөн охинтой болж би дүү нартай нь ээлжилж хүүхдийг нь харж өгдөг байлаа. Эхнэр нь их сайхан зантай хөөрхөн эгч яг л миний эгч юм шиг надад сэтгэлээсээ ханддаг байсан юмдаг.

Гэвч би Мандахад хайртай хэвээрээ л байлаа. Гэтэл тэр намайг дээд сургуульд орсны дараа бас л эхнэрээсээ салсан байв.

Ээж намайг амралтаараа ирээд -Мандах ахын эхнэр хаачаа вэ гэхэд -энэ Мандах гэдэг хүүхэмсэг юм хэдэн эхнэр авч байж нэг тогтох юм болдоо сая бас хүүхэн шуухантай орооцолдож яваад эхнэр нь мэдэж бөөн юм болоод салцгаасан гэж ярив.

Тэгсэн ч би түүнд хайртай хэвээрээ л байсан даа. Хүмүүс миний талаар хүмүүс ч гэж дээ миний үеийн охид ялангуяа Мандахын дүү миний найз байсан Отгоо -энэ Удвал хэд хэдэн залуутай үерхэж салсан гэнэ лээ царайндаа барддаг юм байгаа биз гэж ярьсан нь ээж аав хоёрын чихэнд хүрч нэг өдөр би баахан загнуулж гөр үгэнд сөөм үгний хариугүй гэгч болсон юм даа.

Тэгээд түлээнийхээ сараан дотор уйлаад сууж байтал Мандах намайг харж ирээд -миний дүү яагаа вэ гэхэд нь Би -зүгээрээ нүдрүү сая харин шороо орчихлоо гэж хариулаад түлээ хормойлж байтал ээж араас орж ирлээ. Мандах ч яваад өгөв.

Ээж -чи чинь байтлаасаа энэ хөгшин юмтай нууцаар уулзаад байгаа юм уу гэж бас л загнах нь тэр. Би уг нь ээжид Мандахад хайртайгаа хэлчихдэг ч юм билүү гэж бодож байсан минь худлаа болох нь тэр. Би зөвхөн өөртөө -Мандах минь намайг сургуулиа төгсөөд иртэл битгий гэрлээсэй гэж бурхнаас гуйж байлаа.

Харин хүсэл минь даанч биелээгүй бөгөөд намайг хоёрдугаар курсэд байхад тэр бас дахин гэрлэж аймгийн төв рүү шилжсэн байлаа. Ингэж миний хайр сэтгэл бүтэлгүйтсэн дээ. Ээж минь өөд болж би аавыгаа харж хандаж амьдарч байлаа.

Би ажилд орсныхоо дараа хүнтэй суусан юм. Хайртай дуртай даа биш ээ яалт ч үгүй эр хүний түшиг тулгуур хэрэгтэй болоод л гаргасан шийдвэр. Удалгүй ослоос бэртэнгэтэй болсон аав минь ч хадан гэртээ буцсан даа.

Бид хүү охин хоёртой болсон гэвч сэтгэлгүй амьдрал гэдэг бүтдэггүй юм билээ. Нөхөр маань ч үнэн дээ цөхөрсөн байх нэг л өдөр надад -хоёр хүүхэд бидний дунд ирж очоод явж байг -чи хүссэнээрээ амьдардаа гэсэн шүү.

Би хотруу шилжиж ажилд ороход нөхөр маань хоёр хүүхэдтэйгээ аав ээжтэйгээ сумандаа үлдсэн дээ. Хүүхдүүд минь оюутан болохдоо над дээр ирж сургууль соёлоо төгссөн. Гэвч нэг л хөндий дондой болсон байсан даа. -За энэ яахав миний л буруугийнх.

Би -Мандахын талаар сураг тавьсаар гэтэл хэдэн жилийн өмнө тэрний минь эхнэр жилийн өмнө нас барсан, тэр аймагтаа амьдарч байгаа дуулдав. Би одоо л түүнийгээ олж үлдсэн насанд нь ханилнаа гэж шийдээд аймагт очлоо.

Гэтэл тэр цайны ханьтай болсон байх нь тэр. Харин хоёр жилийн өмнө би түүний бие тааруу сумандаа ирсэн сураг сонсоод -ямар ч байсан очиж уулзъя боломж гарвал хайрлаж явсныгаа ядаж хэлье гэж шийдээд очсон доо.

Маргааш өглөө нь намайг очиход түүний минь бие их л муу харагдаж байсан ч намайг таньж муухан инээмсэглээд -за Удвал дүү сайн уу гээд эмгэнийхээ халбагадах зөөг цайг нэг балгаснаа гэнэт гэдрэг налж амьсгаагаа хураасан юм.

Би толгойг нь энгэртээ тэвэрч буурал үсийг нь үнэрлэхдээ би чамд хайртай байсан юм шүү гэж шивнэж билээ. Би гэртээ ирснээсээ хойш амьдрах хүсэлгүй нэгэн болсон доо. Хоног хугацааг хайш яайш өнгөрөөж бие минь сульдаж ядарснаасаа болж нэг өдөр ухаан алдаж унасан юм билээ.

Манайхаар орж гарч гүйдэг хажуу хаалганы охин намайг хаалгаа тайлахгүй байхаар нь цагдаа эмнэлэг дуудаж намайг аварсан юм даа. Одоо энэ манай хүн тэгэхэд бие давхар охиндоо хань бараа болохоор хөдөөнөөс ирсэн байсан юм байна лээ.

Тэгээд манайхаар орж гарч бие сул, ядруу надад тус дэм болж асарч тойлж байхад нь би өөрөө түүнд жинхнээсээ дурласан юм байгаан. Энэ маань ч гадарлаж жилийн дараа бид нэг гэрт орсон доо. Охин нь ч дуртай гэж жигтэйхэн.

Та яг л бурхан болсон ээжтэй минь дэндүү адилхан юм аа гэнэ. Би байраа охиндоо үлдээгээд өвгөнийхөө нутагт ирсэн нь энэ дээ гэж Удвал эгчийг ярьж дуусахад би чив чимээгүй яриаг нь таслалгүй сууснаа гэнэт санав.

Би дотроо – нэг бодлын яасан ч өрөвдмөөр юм бэ бас нэг бодлын бүх зүйлээ ялангуяа хайр сэтгэлээ үр хүүхдээсээ ч илүүд тавьж байдаг айхавтар юм аа гэж бодлоо.

Тэгээд – та тэр Мандах гэдэг хүнд үнэхээр их хайртай байж ээ – эгч инээмсэглээд – үгүй дээ би хайртай гэж өөртөө үнэмшүүлээд тэрэндээ бүр итгээд явсан байна лээ.

Би энэ хүнийг олохдоо л ойлгосон. Одоогийн энэ амьдрал минь л жинхэнэ хайраас минь бүтсэн амьдрал гэж хэлэх нь тэр.

Үүнийгээ батлах гэсэн мэт Удвал эгч утсаа аван залгаад инээмсэглэн – за миний хань сайн яваад хүрэв үү – тэглээ чи минь юу хийж байна гэх дуу утасны цаанаас дуулдахад Удвал эгч – бид хоёр хуучлаа даа гэв.

Би цай уусан эсэхээ ч санахгүй байх тул аягандаа цай хийн оочилж эхэллээ. Яасан ч сайхан амттай цай вэ гэж би боддогоороо л бодож суув. Дараа нь тэднийхээс гарч явах даа яагаад ч юм би миний хайр жинхэнэ нь мөн байгаа гэж өөрөөсөө асуугаад итгэлтэйгээр жинхэнэ гэж хариулсан юм даа. Тэгээд өөрийгөө шоолон ганцаараа инээж билээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!