“1000 ТӨГРӨГ” ӨГҮҮЛЛЭГ
Банжаа хөгшин мал харахаар сумын төвийн чанх өмнө орших толгодын орой дээр гарч суулаа. Эргэж хармагцаа огло харайн босов. Сургуулийн хаалганаас эхэлсэн урт оочер мушгиран сунаж, сумын төвийн нөгөө зах руу талийсан нь Ленин багшийн бунханг ачиж ирээд сургуулийн хашаанд тавьчихсан мэт харагдана. Банжаа гуай: -Ээ, Богд минь. Сургуулийн цалин буух нээ гэж амандаа хэлээд ухасхийлээ. Газрын уруу хад чулуу тачигнуулан дүүлж буй хөгшнийг алсаас харсан манлай уяач, ганган Дүүлээ адуу гэж андуурч: -Миний хурдан зээрд чөдрөө тасдчихаа шив. Чоно нохойноос үргэв үү гэж үглэнгээ дурангаа хайн, өвөр түрийгээ ухан, мунгинаж байтал нь хөгшний бараа аль хэдийнээ тасарсан байлаа. Банжаа гуай самганыгаа “төсвийнхөнд мөнгө зээлдүүлснээс гээчихсэн нь дээр” гэж үглэсээр байхад тоолгүй, тооны багш шар Даваад мянган төгрөг зээлдүүлчихсэн нь араасаа бөөн балаг чирээд байгаа юм. Түүнээс хойш сургуулийн цалин хэд хэд буусан боловч, Даваа сохор зоос авчирсангүй. Зуны эхэн сард сургуулийн амралтын мөнгө буухад хөгшин бүтэн өдөржин сургуулийн хаалга сахиад хоосон харьснаас гэрт нь дайн гарах дөхсөн юм. Эмгэн нь түүн рүү улайрсан бух шиг дайрч ирэхэд, өвгөн хий мурьж, хоёул давхар унахдаа тогоотой сүү дайрч унагаснаар барахгүй олон үе дамжин өвгөнд ирсэн галуун хүзүүтийг нядаачихсан билээ. Тэр оройн зодооныг гэрийн гаднаас чагнасан хамар хашааны Пагам авгай сумын төвөөр нэг тарааж орхисны балгаар “Галын хайчаар балбуулсан Банжаа чанга уйлжээ, Жаажаа эмээ аргадаад ганцын зэрэг үнсжээ” гэж сургуулийн хүүхдүүд дуулдаг болж, зургадугаар ангид сурдаг зээ охин нь: “Та хоёр онигоотой юмнаас болоод манай ангийн Болдоо надтай үерхэхээ больчихлоо” гэж уйлж ирээд, өвгөн эмгэн хоёрт учир зүггүй туньж, зуны гурван сар зовоож, одоо л нэг мартагнах янзтай байгаа билээ.
Тогтож ядан аахилж, пар пар ханиалгах хөгшнийг сургуулийн үүдэнд оочерт зогсох том бага гарын наймаачид ёозгүй харна. Төв хаалганы довжоон дээр Данигай панз ам дүүрэн алтан шүд гялалзуулан, пан пан дуугарч, хуучин цагийн намын үүрийн дарга адил ихэмсэг гэдийж зогсоод,-Хойд хаалга, аваарын шатыг чадалтай хүмүүсээр мануулъя! гэхчилэн олон түмнийг зохицуулна.-Зөв! Бүх нүх сүвийг мана! Бас сайн морьтой хүн хэрэгтэй, янзага Довчин гарч зугтвал гүйцэгдэхгүй шүү та минь гэж хүмүүс ам амандаа шуугилдав. Нар баруунаа хэлбийж, цугласан олон ид чилж байх үед сургууль цалингаа тавьж эхэллээ. Хамгийн түрүүнд цалингаа тоолсоор гарч ирсэн нийгмийн ухааны шинэхэн багш бүсгүйг ТҮЦ-ийнхэн бүчиж авлаа. Бүсгүй өрөө төлсөөр нэг ч төгрөггүй болоход галзуу Мядаг сарын эхэнд зээлээр өгсөн гутлын үнэ хэмээн, түнтийтэл уурлан, гутлыг нь мулт татан тайлж авлаа. Баян Жамбалын авгай арван гурван ширхэг алимны үнэ, мянга гурван зуун төгрөгөө нэхэж,
-Хоёр зуун борлонтой баян нагацаар чинь төлүүлнэ гээд бүсгүйг заамдаж аваад хоёр нүцгэн хөлөөр нь зам татуулан чирч одов. Хөөрхий багш нар мөнгөө элгэндээ тэврэн, нярвын өрөөнд хэсэг зуур зогсоод, санаа алдан, гадагшаа дэлгүүрийн эзэд рүү очиж байлаа.Банжаа гуай хамгийн түрүүнд шар Давааг барьж авахаар хаалганы дэргэд мяраан зогсоно. Дахиад л дуу шуугиан боллоо. Балин хамрынхаа хоёр талаар найман эгнээ улаан зам татуулан маажуулсан ченж Самдан бархирч байна. Түүнийг галзуу Мядаг маажчихжээ. Мядаг, Самдан хоёул шар Даваагаас тавин мянгын авлагатай, хэн нь түүний цалинг авахаа шийдэж байгаа болохыг сонссон хөгшин: “Мядаг, хөөрхий минь, галзуу юм шиг ч гэсэн цайлган охин. Сургуулийн энэ сарын цалингаас мөнгөө олж ирэхгүй бол улаан тамхиа хасуулах гээд байгаа гэж үнэнээ хэлээд гуйвал үгүй гэхгүй” хэмээн бодоод, Мядаг руу дөхлөө. Хэн нэг нь:
-Банкны эрхлэгч Банзар Даваагийн цалинг бүгдийг нь өрөнд суутгачихсан гэх нь дуулдлаа. Банжаа гуай: “Хурга Ядам шиг уруу царайлчихаад, хүний тамхи гувшиж явалтай биш” гэж бодогдон, сэтгэлээр уначихлаа. “Хэн нэгнээс мянган төгрөг зээлье. Хариад самгандаа худлаа хэлчихдэг хэрэг” гэсэн мэргэн санаа өвгөний толгойд харван орж ирж, мөнгө зээлчих боломжийн хүн хайн, тойруулан харлаа. Тэгтэл цагаан тоос хуйлран, газар доргиж, морьтой явган хүмүүс нижигнэн хөдлөв. Биеийн тамирын багш янзага Довчин зугтаачихжээ. Тэрбээр хол тасархай цахилж явна. Гүйцэхгүй гэдгээ мэдэрсэн олон хий хашгирч гуагачин нэхэж явснаа ганц нэгээрээ цувран хөөхөө больж байна. Үүнтэй зэрэгцэн сургуулийн дээвэр дээр цэнхэр утаа хаялан мотор асч, гурвалжин шар юм далбилзан хөөрлөө. Хүмүүс дэмий л:
-Хэн бэ? Хэн бэ? гэж бие биенээсээ асууцгаана. -Захирал л байна, золиг гэж Банжаа алслан нисэх, муухай дуутай шар юмны доороос дүүжилсэн сандал дээрх хүнийг дагуулан дурандангаа ууртай хэлэв. Захирлаас авлагатай хүмүүсийн нэг нь: -Марз уулын орой мөргөөд сөнөөсэй! гэж хараав. -Нүгэл гэм, захирал үхчихвэл өрийг нь хэн бидэнд төлөх вэ? гэж бусад нь түүнийг загналаа. Хоёр ч багш ирж цалингаа авсангүй. Дэлбэртлээ уурласан хэдэн хүн тэр хоёрыг чирч ирж, цалинг нь “авахуулахаар” явлаа. Гэгээ тасарч тэнгэрт ганц хоёр од үзэгдэх үед Банжаа гуай гудамжны ноход шуугиулан гэр өөдөө алхаж байв. -Мядагт самардуулбал, хүүхдүүд “Галзуу Мядагт самардуулаад Банжаа чанга уйлжээ” гэж дуулна. Зээгийн ангийнхан ч бас дуулж таараа. Тэгж нялх амьтныг нүүр хийх газаргүй болгон зовоож байснаас хурга Ядамтай зэрэгцээд, хүний тамхи руу шунгалж явдаг болсон нь дээр гэж түүнд бодогдов. Хөгшин хурдаа нэмэн түргэн түргэн алхаллаа. Арван хэдэн хүний хонгоны маханд соёогоо шигтгэж, “Долгор эмчийн зуудаг хар” хэмээгдэн сум даяар зард гарсан бяруу шиг том хар нохой түүн рүү дайрч ирэхэд нам өшиглөж унагаалаа. Банжаа гуай “Муу улиан чамайг” гэж үглэнгээ хашааныхаа хаалгыг пижигнүүлэн чанга чанга балбалаа. А. АМАРСАЙХАН