“ӨНДӨР ЭЭЖ” 4-Р ХЭСЭГ /УЛААНБААТАР ХОТ/

Улаанбаатар хот!

Догоо авгайн арван хуруу шигээ андахгүй мэдэх Цахиуртын суурин биш байлаа. Тэр ч байтугай хэдэн удаа очиж үзсэн… сумын төв ч биш байлаа. Хот гэдэг догоо авгайн багцаалан бодсоноор Цахиуртын сууринаас түм дахин сумынх нь төвөөс мянга дахин их газар шиг байлаа. Давхар байшин урьд өмнө нь үзээгүй тул жишиж бодох юм олдсонгүй. Лавтай, Цахиуртын суурины хажуугаар цувран тарах утасны шонгоос өндөр бололтой. Эл олон байшин барилга, орд харшийг ерийн хүмүүс барьсан гэхэд тэр хүмүүс үлгэрийн ид шидтэн мэт бодогдоно. Зам харгуй талбай гудамжийг барьж засаж тэгшилсэн хийгээд гол усан дээгүүр урт урт гүүр тавьсныг харахад ямар олон хүн хэчнээн олон өдөр ажиллаа бол гэж гайхмаар. Тэгээд дотроо ингэж бодож явлаа. “Хөдөөний бид ч ажилд баахан дүйгүй хүмүүс юм уу даа. Аль эсхүл арав таван малаа гэж амь амиа бодоод явдаг юм уу. Хороо саравч хот бууцаа аятай тохитой засаж янзлаад байж дөнгөнө дөө. Тэгэхэд чинь жил болгон хашаа хороо барина гээд л явж байдаг. Барьсан юм нь ямар янзтай юм байдаг вэ гэвэл хониноос өндөргүй хориод алхам хэр урт дугуй чулуун хүрээ. Уг нь хийе чадъя гэвэл дөнгөнө дөө.” Ийн аливааг эргэцүүлэн бодож эргэн тойрныг ажин эл гайхамшгийг үзүүлэхээр авчирсан Ойдов тэргүүтэй таван жолооч нарын хэлсэн хүссэнээр хотод ирснийгээ ганц оносон явдал хэмээн санахын сацуу би эл хүмүүст тэгтлээ юу хийж гийгүүлсэн билээ гэж бодно. Тэгээд ачийг яаж хариулахсан билээ гэж өдрийн цагт бол ганцаар ярих шахаж, үдшийн нойрондоо бол зүүдлэх шахаж байлаа. Солгой Ойдовын эхнэр нимгэн шар царайтай өндөр нарийхан хүүхэн зан ааш сайхан аж. Жил дараалан зулай зулайгаа гишгэж гарсан таван жаалтай. Тэд нь гэртээ хөгшид настан байдаггүй болоод ч тэрүү Догоод тун онгоr хайраар эрхлэн орох гарах бүр даган гүйлдэж, хөдөөгийн сониныг шулганан шалгааж, хотын сониныг үзүүлж харуулах гэж хэрээрээ мэрийж байлаа. Тэгэхэд нь Догоо, Ойдовын эхнэрт “Хүүдээ цайны сүү, ингэний ааруул, дарсан хөмүүл, таанын сор хийж явуулна” хэмээн хүүхдүүдэд нь “Чихэртэй ааруул, ээдэм говийн гоёо ааваар нь өгүүлнэ” гэж ярьж “Би ийм нэг бэртэй явах байсан хүн дээ” гэж бодолхийлнэ. Ер нь Догоо хотод ирээд амьдралдаа үзээгүйгээ үзэж жаргаагүйгээ жаргах шиг болжээ. Тэгтэл ч улсын баяр наадам боллоо. Байшин барилга улам сүр жавхаа орон, туг уриа, зураг хөргөөр чимэгдэн, гэрэл чийдэнгээр чимэглэгдсэн үзэсгэлэн төгөлдөр болж хүмүүс ч баярын хөхүүн хөгжүүн агаараар амьсгалж дуу шуугиан өрнөөв. Их жанжны талбайд дүүрэн цугларсан хүмүүс, яралзтал алхах цэргийн жагсаал, баярын цуваа, ёслолын буудлага санаж гүйцэшгүй сайхан санагдаж санаа сэтгэлээс гаршгүй мэт бодогдоно. Яармагийн талбай, тийшээ цуврах машин тэрэг, хурдан морь, бөхийн барилдаан, тамирчин хүүхэд залуусын уран хөдөлгөөн, үзвэр үзэсгэлэн бүхэн авгайн сэтгэлийг хөгжөөж гүйцэв. Уг нь өөрөө бодохдоо, юм үзэж, нүд тайлаагүй нэгэн тул өрөөлийг ч зовоож өөрийгөө ч зовоож үзсэн харсан юмгүй эргэх болов уу гэж шаналж байсан аж. Тэгээд хот орсных гандан хүрээ нэг гараад л ирвэл болоо гэж бодож байжээ. Энэ ч бас учиртай. Нутгаасаа гарахын төлөө мөнөөхөн хайдаг ингээ түр тавихаар очсон айлын авгай яах гэж байгаа, хаачих гэж байгааг шалгаан асууж учрыг мэдмэгц: “Ээ! Догоо минь, олны газар мэдэж яваарай. Төөрч мунгинаж төвөг удав? За тэгээд хамаатан садангийндаа очих гэж байгаа биш, хар элгийн хүмүүс дээр очих гэж байна. Адаглаад л цай нь таарахгүй зовно доо чи зовно! Өнжөөд л буцъя гэж бодогдох вий. Хотынхон гэдэг чинь хоёр хоногийн царай зүс, цай идээтэй байдаг улс гэнэ лээ. Сонин дээрээ ч яахав, сониноо буурахаар яана гэж бодож байна? Хогийнхоо шүүрээр цохиод хөөх шахдаг юм гэнэ лээ. За тэгээд цаад жолооч чинь магадгүй чамайг хотод аваачаад хүүхэд шуухдаа маллуулаад, тогоо шанагаа бариулах гэж яваа ч хүн юм билүү” гэж баахныг номножээ. Догоо энэ үгэнд эргэлзэн дотроо бас элдвийг бодсон авч, нэгэнт зориглосон юм, эргэж хургаад яахав гэж шийджээ.

Гэвч байдал шал өөрөөр угтан авав. Харин өөрийнхөө мууд ч гэхүү, будилж мунгинасан хэдэн учралыг хэлэхгүй бол үнэхээр аз жаргалаа эдлэн явлаа. Тэр нь юу байсан юм гэвэл ийм. Нэгэн удаа Ойдовын авгайг дэлгүүрт очоод ирэхий нь зуур цай чаначхаад байх санаатай примусы нь галлах гэж хамаг бензиний нь гадагшаа нь хөөрөгдөж шахаж гаргачхаад түймэр тавихын даваан дээр байтал нь гэрийн эзэгтэй ирж, аюулаас аварчээ. Хэрэв тэр л мөч ид Догоо, гэрийн эзэгтэйг шүдэнзээ хаана тавьдагий нь мэдэж байгаад өөрий нь гарт орсон бол юу болох байсныг хэлэхэд бэрх. Бас нэг орой төв театрт ший үзэж байхдаа нэг завсарлагаанаар мань хүн хамт явж байсан хүмүүсээсээ салж олны дунд төөрчихөөд “Хөөе! Ойдов жолоочийн эхнэрийг харав уу? Дамшиг чинь хаашаа явчихнав” гэж улс амьтнаас асуун түмний дунд хэнэггүй хээр хөдөө төөрсөн хүн шиг чимээ өгөн хашгирч нэг хөглөжээ. Өөр нэг явдал гэвэл Яармагийн талбайд болжээ. Догоо Солгой Ойдовынхны хамт үзэсгэлэнгийн танхим хэсэж явлаа. Олны дунд салж төөрч мунгинах вий хэмээн бараг Ойдовын эхнэрийн хормойноос хүүхэд мэт зуурах шахан явж байсныгаа гэнэт ганцаар салан хэн нэгэн хүүхний хойноос их л шамдангүй алхалж оджээ. Наадуул нь хүүе хаан болон дуудах гэснээ больж хойноос нь бараа тасралгүйхэн явж харвал Догоо олны танил нэртэй нэгэн жүжигчин хүүхэнтэй уулзчихсан, хэзээ язааны төрөл садангийн хүн мэт золгож, хоёр хацры нь үнсэж байлаа. Тэгээд гэр орныхны нь бие лагшинг лавлан асууж, яриа дэлгэжээ. Цаад хүүхэн нь алаг нүдээ тормолзуулан инээмсэглэх авч чухам хаанахын хэн гэгчтэй уулзаж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой гайхасхийн байвч авгайн яриа хөөрөөг чагнан асууж лавласан юманд нь битүүлэг хариу өчиж байлаа. Догоо хэзээ хэрхэн ирснээ ярьж эхэлснээ гэнэт хамт явж байгаа хүмүүсээ үгүйлсэн мэт эргэн тойрныг сандарсан янзтай хараад, Ойдовынхныг хажуудаа ойр байгааг сая мэдэж, санаа амарсан янзтай болж, хошуугаараа тэдэн руу заагаад, – Эднийд байгаа! Ачтай хүүгийнхээ буянгаар мөн ч сайхан юм үзэж байна хэмээн өгүүлжээ. Нөгөө хүүхэн бүр ч гайхаж байгаа бололтой, авгайн аясаар үгий нь дагуулан “Тийм үү тэгээ юу” хэмээн байснаа яарч яваагаа мэдүүлэх гэсэн мэт бугуйн дахь цагаа харан харан зогссоноо, – Баяртай эмээ минь! Эжий аав хоёр маань гэртээ байгаа. Та очно биз дээ гээд цааш эргэн олны дунд орж бараа тасрав. Бодвол тэр Догоог аав ээжийнхээ танил гэж санасан буй заа. Догоо тэгнээ ч гэж чадсангүй, хаана байдаг вэ гэж ч лавлаж амжсангүй. Гэвч их л маадгархан Ойдовынхон дээр ирэв. Тэгэхэд нь Ойдовын эхнэр, – Та чинь олон танилтай хүн юмаа. Энэ алдартай жүжигчнийг хүртэл таньдаг… гэтэл авгай, – Манай л нутгийн хүүхэд шиг байна. Харин хэнийхний хүүхэд билээ таг мартчихаж. Санаад санаад санаанд орж ирдэггүй гэж хүүрнэв. Ойдов дуугуй явснаа, – Ээ мэдэхгүй, өндөр эжий маань хүн андуурах шиг байна. Энэ чинь хотын л хүн дээ гэж эргэлзэнгүй өчихөд Догоо, – Үгүй ээ! Яриа байхгүй зүс үзсэн хүүхэд байна. Би ямар нутгаасаа гарч үзсэн биш! Хол ганц явж байгаа нь энэ. Тэгэхээр тэндээ л үзээ байлгүй гэхэд, – Та ер нь уржигдар оройны шийн дээр үзсэн хүнээ танил гэж андуурах шиг байна. Тэр шийнд чинь саяын хүүхэн голлон тоглосон шүү дээ… гэвэл авгай санаж ядсан бололтой нүдээ том болгон зог туссанаа, гараа дохиж, – Хүүе нээрээ тэгж шүү. Одоо яана хэмээн дуу алджээ. Тэгээд их ч санаа зовсон янзтай “Энэ муу ухаан санаанд чинь ухна ишиг унаж гүйцжээ” хэмээн үглэж гарав. Үнэндээ ч авгайн буруу биш гэхэд болно. Тэр бүсгүй хэд хэдэн кинонд ч тоглосон, хөдөө хотын айлаар зураг хөрөг нь ихэд тархсан тул царай төрх нь авгайн цээжинд хадагдан, танил мэт болсон байжээ. За тэгээд, цэргийн жагсаал, сүүлийн бөхийн гараа, хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийг үзэхдээ яаж ч чадалгүй нулимс алдаж байсан мэтийг эс тоочвол Догоо авгай хотод дээдийн жаргалаа эдэлж, санан сэтгэшгүй сайхан юм үзээд нэгэн мэдэхэд нутаг буцах болсон байлаа. Баяр наадмын хөл татарч, хөөрч догдолсон сэтгэл байршиж ирэхийн үес Догоо сүрхий ядарч түүртсэнээ анзаарав. Гэвч түүнийгээ хүнд мэдэгдэхгүйг хичээн дотроо “Энэ муу бие муудсан даавуу шиг жаргал даахгүй…” хэмээн өөрийгөө зэмлэн аль болохоор хөнгөн байхыг чармайн урьсан залсан айл болгоноор орж дайлуулсныг хэлэх үү, эл их хайр хүндэтгэл халамж анхаарал тавин байгаа хүмүүсийн ач тусыг хэзээ яаж хариулна билээ гэж санаа зовнин байлаа. Буцах тухайд гэвэл Ойдов, алтан шүдэт хоёрын хэн нэг нь хүргэж өгнө гэсэн тул санаа зовох юмгүй байлаа. Тэгтэл яг явахын даваан дээр Ойдов урамгүй мэдээ авчирав. Юун гэвэл шинэ сайн машинтай хүмүүс холын замд яв гэж баазын дарга нараас тушаасан тул, Ойдов, Осор хоёр Ховд-Увсын замд гарах болжээ. Догоо эл мэдээг сонсоод баахан урамгүйхэн байв. Гэвч өндөр Жамбаа урд замд явах болсон тухай ярьж “Тэр таныг авч явахаар амласан. Санаа зоволтгүй! Сүр сар хийж байгаад таныг хүргээд өгнө. Одоо ирнэ” гэжээ. Догоо олон хоног Ойдовыг буцаж иртэл хүлээж байх нь уу гэж санаа зовж байсан тул дорхноо урам сэргэв. Ойдовынхон Догоог үдэх гэж цай цуй болон Догоо ч өөрөө юм хүмээ төхөөрөн байтал нэгэн машин хашааны үүдэнд хар хүр дуугарган ирж зогссон нь өндөр Жамбаа байлаа. Тэрээр өнөө л зангаараа хол хол алхлан гэрийн үүд цэлийтэл нээн орж ирэнгүүт Догоо өөд харж, – За энэ чинь хаана газрын чунгаа(чавганц гэж байна) энд ирээд сууж байдаг билээ? гэж өгүүлснээ, – Ачаа бараагаа аваачаад арын тэвшин дээр хаячих. Нарны голтойд наагаад буучихъя хэмээн чанга чангаар ярин хоймор гарч суув. Ойдовын эхнэр хүүхдүүд Догоогийн ачаа гэх баадантай хэдэн хувцас хотоос авсан чихэр жимс, өөрсдөө бэлэг сэлтэнд өгсөн жаал жуул юм бүхий шуудай хугас юмыг аваачиж машин дээр ачив.

Догоо өндөр Жамбаа нар идээ цай барьж тухлав. Өндөр Жамбаа өнөө л зангаараа “хаа, хаа” хөхрөн идэж, ууж, хоолны дундуур гарч ирсэн хугас шил архийг харуут улам ч сэтгэл нь сэргэн байгаа бололтой дуу чангарч, – За хө, үүний чинь хүртчихвэл яадаг бол? Юу ч гэсэн ходоодныхоо мухар руу асгачихъя. Тэр зүгийн тэнгэр мэдэг хэмээн нэг аяганд хийж бөөнөөр нь хийж залгилаад, – Эжий минь хоол сайн идэж уугаарай! Замдаа зогсохгүй шүү. Шидээд байна гэж мэдээрэй гэлээ. Тэгэхэд нь Ойдов, – Хөөе, чи хөөрч явж байж, муу хөгшнийг битгий үсэргэчихээрэй гэвэл Жамбаа дуугаа зөөлрүүлэн уруулаа шөвийлгөж, – Санаа зоволтгүй Ойдов минь. Би мэдэж байна. Кабиндаа суулгаад явна гэснээ гэнэт нэгийг санасан мэт, – Ойдов оо! Чи ер нь сайн юм хийж! Өндөр эжийгээ авчраад наадам үзүүлчинэ гэдэг чинь том хэрэг шүү хө! Ийм хүн жаргана шүү. Тийм биз дээ, эжий ээ? гэж Догоо өөд харав. Догоо толгой дохив. Тэгэхэд нь эрхий хуруугаа гозойлгон, – Өндөр эжийгээ өндөр Жамбаа нь хүргээд өгчихнө гэж давтан өгүүллээ. Догоо түүний олширч байгаа үг, улайсхийж байгаа царай зэргийг дуугүй ажин дотроо “Энэ маань согтож орхиод аюул гаргах вий дээ. Энэ хотын хүмүүс машинаас айхаа больчихсон улс билээ. Яасан ч зүрхтэй хүмүүс байдаг юм? Бас замд зөрөх, дагах машин олон…” гэж бодов. Тэгээд ч тэрүү, яльгүй айсхийж байлаа. Гэвч төдөлгүй хөдлөх боллоо. Яг машинд суухын үес, уяраад ч тэрүү, баярлаад ч тэрүү эсхүл эл цөөхөн хоногт Ойдовынхонтой тийм амархан дасаж ижилдсэн юмуу, уйлъя гээгүй байхад нүдний нь нулимс асгарав. Үүнээсээ ичсэн ч үгүй, зовсон ч үгүй. Нулимсан хэлхээ цувруулан! байж Ойдовын эхнэрт манай түүгээр явбал, эгчийнхээрээ очоорой хэмээн урьж, дэлгүүрээс нуун байж авсан чихрээ хүүхдүүдэд нь тараан толгой дараалан үнсэж, бас ший кино үзээрэй хэмээн хэд хэдэн төгрөг өгчээ. Ингээд л ахин баяртай уулзахын ерөөл бие биедээ тавин салах ёс гүйцэтгэн хөдөллөө. Машин хот дундуур давхин, их хотын орд харш яралзан гэгээвч юугаа гялалзуулан үдэхүй Догоо хотын шуугианд сүрхий дассанаа анзаарч хоргодож байгаа ч юм уу, зүрх нь баахан шимшрэнгүй явлаа. Чингээд нутгийн зүг замдаа орлоо. Өндөр Жамбаа үүнийхээ эзэн нь би гэсэн мэт юм юмандаа эршүүд загнан араагаа харжигнуулан залгаж, жолоогоо огцом огцом мушгин, урд шил мөргөтөл зог тусан зогсоох ч юм уу, заримдаа дотор эрээлжилтэл хурдлан давхиулахы нь үзэхүл үнэхээр гар ширүүн хүн юм уу гэж бодогдмоор байлаа. Энхэл донхол гаргана гэж үгүй тул, өвгөн тэрэгний бие хэдэн тийшээ бут үсэрмээр санагдана. Жамбаа үүнд санаа зовсон янзгүй, замаа дүрлийн ширтэж жолоогоо мушгина. Тэгэвч хэдэн даваа даваад өглөө хазаар, орой ташуур гэгчийн үлгэр болов. Гүү барьсан ч юмуу, үнээ тугал гадуураа бэлчээсэн айл байвал зам салан сунайлгаж очсоор байлаа. Айраг архи харвал бүр суудлаа тухалж, энд тэндэхийн замд явснаа, баг сумын наадамд барилдаж байснаа ярьж яриа дэлгэнэ. Хааяа Догоог аргадангуй,  – Хөдлөх болоогүй юу гэвэл, хүйтнээр хяламхийж, – Яараад байвал явж байж болно. Замаар ороод алхаж бай, гэх ч юм уу эсхүл, – Эмээ минь яарах юу байхав? Нэг мэдэхэд Цахиуртын суурин дээр чинь данайтал зогсож байх бий гээд хөдөлдөггүй. Хүний царай харж яваа хүн яая гэхэв, зогсвол зогсож буувал бууж, аяы нь даган явсаар, сайн явбал өдөртөө хүрэх газрыг хошоод хонож, Цахиуртын суурины бараа харжээ. Догоо ижил дасал болсон сууриныхаа агаарыг амьсгалж, гэрийнхээ гадаа буухад сэтгэл нь сэргэж замын алжаал арилах мэт болов. Их хөлийн газраас ирээд ч тэр үү, Цахиуртын суурин даанч аглаг чимээгүй, дэндүү балчир жаахан газар шиг санагдав. Гэвч сиймхий ч бол гэр минь сэгсгэр ч бол эжий минь гэдэг үг байх тул зүрхэнд тун дөт байлаа. Тэгээд ачаа тээшээ буулгаж, – Хүү минь цай хийлгэж уухгүй юу гэвэл өндөр Жамбаа амаа тамшаалан газар нулимж, – За болих уу даа гэж хөндий хүйтэн дуугарав. Үүнд Догоо баахан  урам муутай эргэж гэр рүүгээ хандвал Жамбаа, – Хөөе, та хөлс төлнө шүү. Арай та чинь дүү хүүгээ хэрэгт хийх гэж бодоогүй биз? гэв. Авгай дороо зог тусан түүний хэлснийг дуулсан хэр нь арай тоглож байгаа юм биш биз хэмээн бодов. Тэгээд “Аа-ан” хэмээн асууж лавласан аялгаар дуугарвал, тэрээр тамхиа асаан бүхээгнийхээ гэгээвчээр цээжээ хагас гарган, – Аа-ан ч юу байхав. Машины хөлс… гээд ямар ч тоглоом наадмын өнгөгүйгээр өгүүлж хуян шар усаа нужигнуулан суниаж байлаа. Догоо яах ч учраа олсонгүй өврөө тэмтрэн, – Хэдэн янчаан байдаг юм гэвэл, – Тавин төгрөг… гээд эвшээв. Уг нь Догоод тэр зэргийн мөнгийг төлчихвөл бэнчин байсан авч Ойдовын хүүхдүүдэд хэдэн төгрөг өгч хороосон тул бэлэн мөнгө хүрэхгүйдээ санаа зовон, байдаг мөнгөө гаргаж үнэнээ хэлэв.

– Хүү минь хүрэхгүй нь яанаа? гэвэл өндөр Жамбаа, – Хэд байна гэж асуув. – Гучин тавхан юм… гээд түүнээ сарвайн өгсөнд Жамбаа түүний нь урт гараа сунган авч тоолов. – Өөр юм алга уу? – Үгүй хүү минь энэ хэдэн задгай мөнгө л байна гэснээ Догоо түүнээ хангир жингэр дуугарган бүгдий нь алган дээрээ асган муу хэтэвчээ хоослон, түүн рүү бас сарвайн өгөв. Тэгээд – Үлдсэний нь сүүлд өгч болох уу? Тэгвэл хүү минь дайраад ир. Би хүн хараас зээлээд ч болов олоод тавьж байя гэж үнэхээр санаа зовнисон янзтай, нам дуугаар хэлэв. Жамбаа тэр задгай мөнгий нь хаман авч, халаас руугаа хангинуулан хийгээд хүйтнээр, – За! За баяртай… гээд бүхээгнийхээ хаалгыг нээснээ буцааж тас хийлгэн хааж хар утаа яндангаараа цацан машинаа асааж чарлуулж бахируулсаар хөдлөв. Догоо мөнгө бүрэн төлсөнгүй гэж энэ маань уурлаж орхив уу даа гэж сэтгэл шимшрэн бодож айж сүрдсэндээ ч тэр билүү, хойноос нь – Баяртай гэж бараг шивнэх шахам өгүүлжээ. Түүний нь өндөр Жамбаа дуулсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд, энхэл донхолд машинаа яйжигнуулан давхиулж одов. Догоо түүний хойноос удтал харж зогссоноо санаа алдан гэр рүүгээ эргэв. Тийм урам муутайхан гэлдэрч явахад нь нүдний нь буланд нэг хэсэг юм нэвсэгнэн харагдсанд анзааран ажвал мөнөөхөн хэрийн хэдэн цэнхэр тагтаа газарт бууж байлаа. Намрын амьсгаа ороод ирэхийн үес Цахиуртын суурин хавиар айл мал элбэг болно. Цахиуртын хавьд хэдэн гүн тойром борооны усаар дүүрч тогтмол нуур бий болох тул ховоо татаж худаг бараадаж явдаг айлууд нэг амсхийх гэж тэр нуур бараадан ирж бууна. Бас Цахиуртын эргэн тойрны хэдэн зузаан гүвээ өрхөг ногоо элбэг, адууны бэлчээрт онц таарамжтай тул айлууд сүргийн бэлчээр даган ирж гүү малаа барина. Зарим суурин байшиндаа ойртон, Цахиуртын суурин дээр тавьсан ноос унгасаа авч савах, эсгий хийж ажил төрлөө амжуулахаар нүүн ирнэ. Голцуу айлын малын бэлчээр ус татах юм уу, ажил төрлийн шаардлагаар нүүн ирж байхад хэд гурван айл их зам бараадан хойш урагш өнгөрөх машин тэргээр хот суурин руу айраг цагаагаа зөөж ашиг хонжоо олох гэж буудагч учиртай. Ийм үес Догоод яльгүй уй төрүүлнэ. Яагаад гэвэл нөгөө өвс л хавар зунжин алба мэт дайрч өнгөрдөг таньдаг таньдаггүй жолооч нар цөөрч, гүү барьсан айлаар ороод тоос манарган хажуугаар нь одоход нь гомдох сэтгэл төрнө. Тэгээд заримдаа тэр гүүтэй малтай айлыг шалтгаангүй үзэн зэвүүрхэнэ. Энэ жил ч ялгаагүй Цахиуртын хэдэн нуурыг бараадан айлууд нүүн ирж буусаар байлаа. Яг энэ үеэр Догоо хотоос буцаж иржээ. Догоог ирсэн мэдээ дорхноо айл гэрээр тарж амжив. Гэвч явсан хойгуур нь ямар яриа гарсан гэж бодно? Хэн нь ч анх тараасан юм бүү мэд! “Догоо авгай хотын нэг өвгөн жолоочтой нөхцөөд дагаад явчихаж гэнэ. Хүний сэтгэл гэдэг мөн сонин юм даа. Хөөрхий муу Дамиран ингээд эхнэртээ гээгддэг байжээ” гэсэн яриа ам ам дамжиж зарим шооч нэг нь улам дэвэргэн “хөгшин биш залуухан жолооч аваад явсан гэнэ билээ” гэж явуулж зарим нь арай ч үгүй байлгүй хэмээн шуугиж байжээ. Догоог ирсэн сураг мэдээ дуулсан хот орж үзээгүй гэрийн эзэгтэй нар бүр хүн хүнээс ихээр сонирхож, юу үзэж харсны нь яриулах, хот ороод Догоо өөр болж уу үгүй юу гэдгийг үзэх гэж уван цуван айлчилж эхлэв. Догоо ч тэднийг дуу шуу болон угтаж, хотын чихэр жимсээр дайлан Ойдовын эхнэр, Осорын авгай болон бусад хүмүүсийн бэлэгт өгсөн сам, шүүр, дээлийн товч, нүүрний толь, имжээр тасмын торго сэлтээ дам бэлэглэн үзсэн харснаа шагшин ярив. Усны урсгал шиг яралзан явах цэргийн жагсаал, уул хад нураамаар хүчит машин тэрэгний цуваа, ёслолын буудлага, яармагийн талбай хийгээд өндөр дэлгүүрийн бараа таваараас аваад Төв театрт үзсэн шийний үйл явдал, тайзан дээр мэлтэлзэх усны долгио, цайвалзан гэрэлтэх сарны туяа, цайран буух цасны ширхэг болон утсан дээр явдаг хүүхний чадвар, зоос мөнгө амаараа гоожуулдаг илбэчний ид шидийг хүртэл шагшин ярьжээ. Цаадуул нь үнэхээр сэтгэл хөдлөн сонсож, Догоогийн азтай хувьтайг шагшин тэрхүү гайхамшгийг үзэхсэн гэдэг хүсэл их бага хэмжээгээр оргилуулж байлаа. Догоо хариуд нь эл хавийн хэдэн хүн нийлж нэгдэл байгуулахаар ярилцаж байгаа, хэрэв нэгдэл бий болбол төвөө Цахиуртын суурин дээр байгуулна гэж яриа болж байгаа тухай хариу сонсон Цахиуртын суурин дээр айл хүний хань бараатай болох нь уу гэж дотроо баярлан боддог болжээ. Тэгтэл ч Догоо авгайн хот орсон, наадам үзсэн сонин үнэ цэн, сонин хачнаа алдаж мартагдав. Хэрэв өөрөө яриа сэдэж ярихгүй бол нөгөө асууж лавлаж яриулдаг хүн бараг үгүй болов. Гэвч авгайн сэтгэл хангалуун явдаг байлаа. Тэгээд өвгөнийгөө бушуухан ирээсэй гэж хэлээ загатнуулж байх болов. Нэгэн өдөр холын нэгэн хамаатан айлаа ойр буусныг дуулж, тэднийдээ айлчилж очоод буцаж явлаа. Догоог тэднийд очиход тэр айл тогоо нэрээд авч байжээ. Айлын тогоо авч байгаатай дайралдвал аз жаргалтай явахын тэмдэг гэж ярилцах тул авгай өөрийгөө эсэн энх сайн сайхан явах нь гэж баярлан бодож явлаа. Унаж яваа хайдаг ингэ нь намс намс алхлан мөр замынхаа бут ногоог явуут шүүрэн явна. Нэгэн гүвээ давж гэртээ ил гарвал гадаа нь морь тэмээ хоёр харагдав. Гэрээс нь утаа савсан, нэгэн хүн гарч орж байгаа үзэгдэнэ. Авгай “Ааан. Өвгөн маань ирж” хэмээн гагцаар дуун алдаж хайдаг ингээ шавдуулан алхлуулав. “Өчигдөр ч билүү, хэзээ билээ, тооноор шувууны сүүдэр дайрсан юм. Шувуун сүүдэр гэрт орвол холын хүн ирэхийн дохио гэдэгсэн. Үгүй, энэ чинь юу болж байна вэ? Дандаа л эзгүй хойгуур хүн ирчихсэн байх юм! За шинэ айраг аваад явж байгаа…” хэмээн бодов. Тэгээд зогдор хөдөлгөн тэшүүлэх гэсэн нь хайдаг ингэ нь уцаарлаж цааргалсан янзтай сэвсээ цацан орилж, тэгэхээс тэгэх гэсэн мэт хөдөлж ядан замын ногоо зулгаан ааг зоог хийхэд нь авгай яльгүй уурсан, бурантгаа богиносгон татаж хэд хэд ташуурдав. Хайдаг ингэ нь арга буюу хүзүү сунган явдлаа түргэсгэн тэшив. Ийн гулс гулс тэшин мөнөөхөн гүвээний хажуу руу орж очтол яг улаан зам дээр нь сууринаас далд дэрстэй хонхорт нэгэн машин зогсоод дайгдаж яваа хүмүүс дэргэдүүр нь сууж, босон бужигнаж байв. Догоо тэдний хажуугаар гарах гэснээ больж сониуч зандаа хөтлөгдөн очив. Машины дугуй хагарсан бололтой хэдэн хүн дугуй хийлж байна. Бусад нь ногоон дээр хэвтэх нь хэвтэж суух нь суугаад амарч байна. Догоо тэдний хажууд очиж, – Сайн явж байна уу гэж мэндлэв. Явуулын хүмүүс авгайг сонирхсон янзтай харцгааж, хэдэн хүн энд тэндээс хариу мэндлэв. Бодвол хотын сургуульд явж байгаа бололтой дандаа үе тэнгийн залуус байна. Авгай тэгээд бодов. “Урьд бол дамаан бүстэй хүүхдүүд бол цэрэгт л явж байлаа. Одоо ч дандаа сургууль ном, ажил төрөл гэж явах болж дээ. Айван тайван сайхан цаг болоод ч тэр юм уу даа” гэж бодов. Тэгээд хот орсноо тэдэнд гайхуулмаар санагдаж, – Хот л орох гэж яваа биз дээ гэж яриа өдөн хариу ч авсангүй. – Хот ч мөн сайхан байна билээ дээ гэвэл хэн ч нэг их сонирхсонгүй.

Тэгэхээр нь дотроо “За та нар л ганцхан хот руу явж байдаг бусад нь орж болдоггүй юм биш. Би үзэхдээ л нэг үзсэн! Явъя даа” гэж бодон тэмээнийхээ бурантгийг татан эргэх гэтэл дугуй хийлж байсан хэдэн хүний нэг хар малгай савхин цамцтай залуу Догоог эргэж нэг харснаа хөлсөө арчин ойртож, – Сайн байна уу, та гэж хүндэтгэл бүхий аялгаар сунжруулан асуув. Авгай “энэ чинь хэн нь байхнав? Ер зүс үзээгүй хүүхэд байх чинь. Эсхүл намайг хотод явж байхад бараа харсан юм болов уу гэж бодоод хариу мэндлэв. Харваас үл таних хүн аж. Тэгтэл нөгөө залуу бүр дэргэд нь ирж инээмсэглэсхийн, – Таны бие сайн уу? Та чануухнаараа байна шүү. Намайг хүүхэд байхад л ийм хөгшин байсан сан гэж яриа дэлгэн танимгайрхан өгүүлэхэд авгай тэвдэж орхив. “За байз, энэ шар хүү чинь аргагүй л намайг таниад байна даа” гэж бодсоноо, – Чи чинь хүүхээ! Манай аймгийн хүүхэд үү гэвэл, – Та чинь манай багшийн эжий байна шүү дээ. Тээр жил өвлийн хүйтэнд цоорхой гуталтай сумын сургуульд сурч байхад минь уллаж өгч байсан шүү дээ гэсэнд, – Багш маань сайн хүн байж билээ! Эдний хүү надад анх а, б зааж арав гэдэг тоог таниулсан юм даа” гэж хамт яваа залуучууддаа хандаж хэлснээ, “Гэрийн даалгавар хийж ирэхгүй, багшаа мөн ч бишгүй л уурлуулж билээ” гэж ярив. Догоо түүний яриаг дуугуй чагнаж байснаа, – Аан тиймүү! Би ч сайн санахгүй л байна. Одоо хүү хаана ажилладаг вэ? гэвэл, – Улсын их сургуульд багшилж байна гээд тамхи гарган сарвайв. Авгай түүнийг авах гэж хайдаг ингээ сөглөн хэвтүүлж тамхий нь аваад “Миний хүүг дурсан санаж явдаг хүн хөгшин бид хоёроос өөр байдаггүй гэж бодож явдаг юмсан. Үгүй юм байх нь шүү. Тэр улсын хамгийн том сургуулийн багш хүртэл санаж байдаг байх нь” гэж дотроо баярлан бодов. Гэтэл өнөөх залуу бүр дэргэд нь ирж тонгойн хацраа өгөн бөхийн ойртсонд авгай золгох гэж байгаа юм байна гэж сая ухааран бууж хоёр хацар дээр нь үнсэв. Тэгээд айраг ганзгалаад явж байгаа хэр нь яаж олон хүүхдийг харуулж байгаад явчихав гэж санаа зовнин, – Хүүхдүүд минь айраг уухгүй юу? Цангаж л яваа биз дээ? гэснээ урдуураа тохсон хошоод савтай айрагны нэгийг эсгий уутнаас гаргаж өгөв. Айрагны сургаар энд тэнд байсан хүмүүс дөхөж ирэв. – Айраг уугаарай! Хүмүүс ийн бие биенээ дуудан хошууран ирж авгайн өгсөн айргийг дамжуулан ууцгаав. Догоо нөгөө залуутай яриа дэлгэхийг хичээж,- Манайх энэ суурин дээр л байдаг юм. Үүгээр явдаг бол манайхаар орж байгаарай. Багшийнх нь зураг бий гэж хүүрнээд Цахиуртын суурины зүг хушуугаа шөвийлгөн зааж – Энд шүү дээ гэлээ. Залуу эр, – Аа тийм үү! Алсдаа үүгээр явбал бууж байлгүй яахав гэлээ. Тэгтэл дүүрэн айрагтай гар дамжин одсон сав нь хоосрох шахан буцаж ирэв. Нөгөө дугуйн дээр шавж байсан хүмүүс ч ажлаа гүйцээв. Хүмүүс, – Эмээ минь баярлалаа! – Ёстой нэг уруул чимчигнүүлсэн айраг байна! Гялайлаа танд гэж талархлаа мэдүүлэв. Догоо хоолтой хоосон хоёр савхангаа тэнцүүлэн хайдаг ингэн дээрээ тохож тэдэнд сайн явахыг ерөөн, гэр өөдөө зүглэв. Ард нь нөгөө машиныхан өөр хоорондоо шуугилдан хоцорч, төдөлгүй машин асах дуун сонсдов. Тэгэхэд нь эргэн харж тэдэн рүү гар даллав. Өнөөх хүмүүс ч хариу гараараа дохиж байлаа. Тэгтэл ч машин хөдөллөө. Авгайн сэтгэл ч улам хөхүүн хөгжүүн болж, хайдаг ингээ ташуурдан жонжуулсаар гаднаа иртэл гэрээс нар салхинд гандаж хүрэнтсэн Дамиран өвгөн гарч ирлээ. – Ашгүй та чинь нэг гэрийнхээ барааг харав уу даа. Сайн явав уу? – Яахав дээ, алтан замын өлзий, төрийн сүлд минь, сүлд! Сайн л явлаа. Чи тэгээд данги л байна уу? Авгай нөхөр хоёр ийн ярилцсаар уулзав. Тэгээд анх танилцах гэж байгаа залуу хос мэт бие бие өөдөө гэрэвшингүй баахан харж байснаа хоёр зүрхээ уулзуулах гэж байгаа мэт зүүн мөр цээжээ түшилцэн хажуудаа байгаа тэмээ малаас ичих мэт бие биенээ түргэн түргэн үнсэж гэртээ оров. Хэн хэний нь нүдэнд баярын нулимс мэлтэгнэн гялалзаж, баясал мишээлийн гэрэл гэгээ нүүр нүүрэнд нь туяарчээ. Хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон хоёр хөгшин ийн учирч өөр өөрийнхөө сонин сайхныг ярих гэж ам булаалдан, дуу шуу болон яриа дэлгэж цай идээ болов. Догоо хот орсноо хамгийн түрүүн өчиж Дамиран нэгэн ширүүн бороонд хонио уруудуулан алдах шахсанаа ярьснаар тэдний яриа эхлэв. Тэгэвч бүсгүй хүн гэдэг тийм их ярьдаг ч улс юм уу, цай үйх, тавгийн идээ сэргээн засах, гал түлэх, цай нүдэх зуур ам хамхилгүй ярьж тэр ч байтугай улсын хамгийн том сургуулийн багш, хүүгээр маань анх ном заалгаж байсан юм байна гээд л өөрт тохиолдсон бүхнээ хүүрнэв. Дамиран өвгөн ч бас дуугүй байсангүй. Тууврын хонь замдаа сайн таргалуулсан хэмээн нэмэгдэл шагнал ч авсан, ахиад бас хэдэн жил хонь мал туух сэтгэл дүүрэн байгаагаа өгүүлэв. Зун тогтуун сайхан энэ оройнх шиг чанасан цай хийсэн хоол, ярьсан яриа ийм амттай сайхан байсан билүү гэж гайхан биширмээр байсныг яана! Нар жаргахын үес балгах дуртай нутгийн хэдэн өвгөчүүл ирж, Дамиран өвгөнтэй яриа дэлгэн түүний ханзалсан нэг лонх архинд халаад ч тэрүү тоглоом болгон, – Дамираан! Чи одоо гэртээ байхгүй бол Догоог жолооч нар оргуулах нь байна шүү хэмээн хөхрөлдөж, түүний хариуд Догоо тэднийг дуугүй байхгүй бол халуун цай толгой дээр чинь асгаж, үсий чинь зумлана шүү гэж сандарган инээд шуугиан болон шуугижээ.  ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!