“ШӨНӨ НЭГ ЗАЛУУ ХАШААНЫ ХААЛГА НҮДЭЭД ТАНАЙД ОРООД НОЙТОН ХУВЦСАА ХАТААЧИХ УУ ГЭЭД…”

“ЭЦСИЙН ЗОГСООЛ” – БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Тунгалаг энэ өглөө их л зовиуртай босч ирлээ. Хөлийнхөө шилбэнд дарж үзвэл хонхойж байна хавагнаж дээ. Толинд очин өөрийгөө харвал нүүр нь хавдаж хөөрхөн давхраа нь арилжээ. Хэн нэгэнд гомдож цөхрөнгөө бартал хүлээж хэчнээн ч олон шөнийг нойтон дэртэй үдэв дээ. Дөнгөж сэрээд л утасны дуудлагаа харна. Нэг ч дуудлага бас зурвас алга. Тэрээр анх Зоригоотой хэрхэн танилцаж байснаа эргэн санав…

Харанхуй шөнө усан борооноор хэн хашааны хаалга нүддэг байна аа. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг гэдгийг мэдээд элэг барих гэж яваа cогтуу нойтон хүн юм болов уу? цагдаа дуудах уу? гэж утсаа авсанаа хэрэг болоод манайхыг зориод ирсэн хүн ч юм билүү гэж бодон нимгэн тэрлэгээ нөмрөн гарч гүйлээ.

– Хэн бэ? ямар хэргээр явна – Уучлаарай танай урдхан машин эвдэрчихлээ янзлах гэж хамаг хувцсаа норгочихлоо танайд ороод хэсэг хатаачих уу? монгол хүн байна хөөхгүй биздээ хэмээн хашааны завсраар нэгэн залуу их л даарсан бололтой чичирсэн хоолойгоор хэллээ. Ингэж л Тунгалаг Зоригоо гэгч өөрөөсөө дөрвөн насаар ах залуутай танилцсан юм. Түүнээс хойш Зоригоо тэднийхээр орж гардаг болов. Харсан хүн бүр атаархмаар тийм л нандин хайр нь удаан үргэлжилсэнгүй. Зоригоо аймгийн төвд ажилтай учраас амралтын өдрөөр л ирж уулзан хагацаж салж ядан явна. Тунгалаг түүнийг дагаад явмаар байвч настай ээжийгээ бодоод явж чадалгүй нэг жилийг ардаа үдлээ. Эхэндээ байнга л утсаар ярьж боломж л олдвол давхиад ирдэг тэрээр сүүлийн 5 сар нэг ч утсаар ярьсангүй. Тунгалагт мэдэж байгаа зүйл ажил нь мөн түүний гэрийн хаяг…

Миний охин тэр залуу чинь гэр бүлтэй хүн байсан юм биш биз. Чамайг жирэмсэн гэдгийг мэдэж байгаа юу? асууж сураглаж үзэв үү? Бие нь хол болохоор сэтгэл нь ч бас дагаад холдсон байлгүй дээ. Бид хоёрт хүн илүүдэхгүй залуу насандаа гаргачих. Эх хүн болох гэж л эмэгтэй хүн төрдөг юм. Битгий сэтгэлээр уна даа. Нулимсыг чинь арчих үр чинь хэвлийд чинь байна. Одоо ханаталаа уйлаад ав харин гарсан хойно нь үрдээ нулимсаа битгий үзүүлээрэй гэж ээж минь цөөхөн ч гэсэн тэр хэдхэн нандин үгийг зүрхэнд минь сийлсэн юм… Намар болж сэрүүн орлоо. Аймгийн төв орж үзүүлэх нэрийдлээр ээждээ хэлэлгүй түүний гэрийг олж уулзахаар шийдэн унаанд сууж хөдөллөө. Намайг хараад баярлах болов уу? жирэмсэн гэдгийг минь хараад гайхах байхдаа ямар ч гэсэн тэр мэдэх ёстой.

Гэрийнх нь гадаа ирэхэд хаалга нь онгорхой байна. Ашгүй ажилдаа яваагүй байж. Хашааны хаалгыг зөөлхөн түлхээд орвол чимээ алга. Намайг гэрт ороход гэрийн халаат өмссөн нэлээн ганган будаж гоодсон хүүхэн буйдан дээрээс босч ирэн -Сайн байна уу? та ямар хэргээр явна гэвэл – Аан энэ Зоригоогийх мөн үү? – Мөн мөн ханиа хүн асууж ирлээ наашаа ороод ирдээ -Та иишээ суу май чихэр ид жирэмсэн хүн удаан зогсоод яахав… Зоригоо намайг хараад гаран дахь удирдлагаа газар унагалаа. -Сайн байна уу? гэж дуу муутайхан хэлээд дөхөн ирж ээрч мууран ээжийх нь бие сайн уу? би удахгүй дуудлагаар очин үзнээ захисан эмээ авах гэж ирсэн үү? энд байгаа гэж цаад өрөөнөөс савтай жижиг эм гаргаж ирээд би таныг гаргаж өгье гээд хувцсаа өмсөв.

-Хэрэггүй ээ би эм л авах гэж ирсэн юм баярлалаа гэж хэлээд ширээн дээрх эмийг шүүрэн авч гарлаа. Дотор минь буцалж өөдөөс нь өнөөх эмийг шидмээр байвч даанч гар хөдөлсөнгүй. Араас гарч ирээд уучлаарай гэж хэлэх болов уу? гэж зөндөө эргэж харсан ч даанч тэгсэнгүй. Намайг мэдсэн юм шиг тайвшруулах эм гарт минь бариулж. Энэ эмийг бүгдийг уугаад унтмаар байвч хэвлий дэх үр минь хэрэггүй гэсэн мэт дотроос тийрнэ. Сум явах унаанд суухын өмнө хүрээд ирэх юм шиг эргэн тойрны хүн бүрийг нүд салгалгүй харлаа. Даанч ирсэнгүй. Орой ч боллоо. Сүүлчийн унаанд суун ээждээ очихоор явж байна. Хайрласан хайр нь хувирдаггүй хүмүүс бол эцэг эх л юм байна… Тэр өдрөөс хойш Зоригоогийн сэтгэл нэг л хоосон болчихсон мэт санагддаг болов. Тунгалагийн царай бас удахгүй төрөх дөхсөн тэр бяцхан амь. Хүүхэдтэй болсоноо яагаад хэлээгүй юм бол.

Хэлэх ч боломж олгоогүй юм байна шүү дээ. Очоогүй удсан байна. Бүр утсаар ч яриагүй би нээрээ юу л хийгээд явна даа. Тэнд тэр хүн хүүхдийг минь тээж намайг хүлээгээд тэсэлгүй ирж байхад би энд айл гэр үймүүлж бас нэг амьдрал зохиочихсон байж байдаг таарч дээ. Халиунаа миний ажил мөнгөнд л болдог байх. Нөхөр хүүхэдтэй хүн намайг орхиод явахад би хэн ч биш болоод үлдэнэ. Энэ бүхнийг цэглэх цаг ирж. Одоо л очихгүй бол би тэр хоёрыгоо үүрд алдах юм шиг байна гэж өөртөө хэлэн Зоригоо утсаа шүүрч аван Халиунаа руу зурвас бичлээ. Би эхнэр хүүхэд рүүгээ явлаа чамайг ч бас хүүхэд дээрээ очоосой гэж бодож байна. Хүний эцсийн зогсоол бол гэр бүл юм байна уучлаарай гэж хэлээд машинаа асаан сумын төвийг зорьлоо. Түүнийг эмнэлэгийн хаалгаар дөнгөж гүйн ороход час хийн уйлах дуу орчлонд мандаж хорвоод нэгэн бяцхан зүрх эсэн мэнд мэндэллээ. Ганц Тунгалаг ч биш хүү нь ч бас түүнийг хүлээж байж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!