“ЦУС МИНЬ ТАНЫХ БАЙГААГҮЙ Ч, СЭТГЭЛЭЭС ЧИНЬ УНАСАН ҮР ЧИНЬ БИ БАЙЖЭЭ” НУЛИМСТАЙ УНШЛАА

“ЦУС МИНЬ ТАНЫХ БАЙГААГҮЙ Ч, СЭТГЭЛЭЭС ЧИНЬ УНАСАН ҮР ЧИНЬ БИ БАЙЖЭЭ” НУЛИМСТАЙ УНШЛАА

“АНДЛАА” – Н.БАТЧИМЭГ

Намайг мэдээ орохын л Андлаа гэж хүн манайхаар ирдэг байлаа. Ганцаараа амьдардаг хөдөлмөрийн багш насаараа хийсэн энэ буурай надаас юугаа ч харамладаггүй сэн. Тэрийг нь ч манай гэрийнхэн мэддэг болохоор илүү дутуу юм гуйх болвол намайг л Андлаагийнхруу гүйлгэнэ.

Бусдыг нь очвол байхгүй ээ гээд буцаадаг Андлаа минь надаас бол юугаа ч харамлахгүй. Тэр үед зурагттай айлууд ховор учраас орой 5 цаг гээд зурагт эхлэхэд манайд ирээд оройжин бид нартай шагай няслаж, зурагт үзэж байгаад 23 цаг гээд төрийн дуулал эгшиглэхтэй зэрэгцэн харина.

Цастай бороотой шуургатай ямар үед тогтмол манайд ирнэ. Том биетэй сандаг халимагтай Андлаагаас байнга сармис үнэртдэг байж билээ. Би одоо ч сармисны үнэрээр Андлаагаа санадаг юм. Уг нь нэрийг нь 3андраа гэдэг байсан юм. Би л хэлж чадахгүй 3андрааг Андлаа болгосон хэрэг.

Манай гэрийн хэдэн хүүхдүүд дотроос надад бүүр онцгой сайн байдгийг би далимдуулж чихрийн тавгийг нь мөн ч олон удаа хоосолсон доо. Гуравдугаар анги хүртлээ би сахилгагүй эрх охин Андлаагийнхаар байнга очино.

Хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож байгаад аваад гуравхан хоног болсон гутлаа урчихаад Андлаагийндаа газар тэнгэр нийлтэл орилсоор очиж шинэ гутал авахуулангуутаа гэрлүүгээ сум шиг чавхддаг, өлсөөд байна, амттай юм иднэ гэж мөн ч олон удаа хошуугаа унжуулж суудаг охин байлаа.

Шинэ жилээр алим мандирины үнэр ханхлуулсан Андлаа манайд заавал ирнэ. Тэр ч эгч намайг загнасан, энэ ч эгч намайг зoдсон бэлэг битгий өгөөрэй гээд л Андлаадаа ховлож эгч нарыгаа гөлөлзүүлнэ.

Хамгийн хатуу чанга багш нарын тоонд ордог Андлаа минь гуравдугаар анги төгсдөг жил намайг зусланд явахад нээх том модон чемодан хийж өгөөд дүүрэн шахуу печень чихэр хийгээд авчирч өгч билээ.

Хэдийнээс эхлээд хурааж цуглуулсан юм байгаа юм печень нь бүүр хатаад заримаас нь үнэртэй ус шиг амт амтагдаж байсан болохоор -Ийм муухай юм авахгүй гоё чемодан авна, гоё идэх юм авна гэж Андлаагаа мөн ч их зовоосон доо. Тэгэхэд Андлаа минь дэмий л ам нь ангалзаж зогссон.

Муухай юм авчирч өгсөн, би ичиж байна гэж уурлаад зуслангаас ирээд Андлаагийнд нэг ч удаа очоогүй байсаар байтал нэг л мэдэхэд Андлаа минь жижигхэн байшин бариад дүүгийнхээ хашааруу нүүчихсэн байсан.

Очих гэхээр холдоод бас дээр нь арай том болсон болохоор амьтан хүний ярианаас болоод очихоос үнэндээ зүрхшээгээгүй юм. Шарын энэ бага охин нь 3андраа багшийн хүүхэд гэж ярих хүмүүсийн нисгэсэн ховч шувуу жаахан чихэнд минь багтаад үүрээ зассан тэр жил би үеийнхнээсээ өндөөр охин болж өслөө.

Гурван эгчээсээ ч өндөр болсон намайг Андлаагийн хүүхэд болохоор өндөр байгаа юм гэж ярих нь бүүр ч ихэслээ. Ээжээсээ ч асууж чаддаггүй эгч нараасаа ч асууж чадахгүй байсан болохоор өөрийгөө дахиад өсчих вий өндөр болчих вий гэж сэтгэл зовон, толины өмнө бараг өдөржин зогсож Андлаа аав хоёроосоо төстэй юм юу байна гэж өөрөөсөө хайна.

Нэг өдөр бага эгчтэйгээ муудалцахад манай гэрээс яв, чи Андлаагийн хүүхэд биз дээ гэж хэлсэн эгчийн хорон үгэнд уурлахдаа час хийтэл чимхэж уйлуулсан. Энэ үед гаднаас орж ирж таарсан аав бага биетэй эгчийгээ зoдлоо гэж намайг алгадсанаар Би Андлаагийн хүүхэд мөн юм байна.

Тэгээд л эд нар надад бүгдээрээ дургүй юм байна гэж бодон өдөржингөө хүнгүй газар очиж уйлж байж билээ. Тэрнээс хойш би оюутан болж хүнтэй сууж, ээж болсон хойноо л Андлаагийндаа нэг очсон юм. Жаал зугаа чихэр сахар аваад л хүүгээ дагуулаад очсон намайг хараад Андлаа минь ямар их баярласан нь одоо ч нүдэнд харагдах шиг.

Хаалган уул шиг л нөмөртэй сайхан Андлаа минь хээрийн хөх хомоол шиг жижигхэн өвгөн болчихсон байж билээ. Бариад золгосон хадгийг минь буцаагаад хүүд минь барихад анх удаагаа Андлаагийн минь нүднээс ганцхан ширхэг нулимс гарахыг хараад эр хүнд бас ийм нулимс байдагаа гэж өрөвдөж хайрлах сэтгэл төрж билээ.

Авдраа ухаж ухаж хичнээн ч жилийн цагаан сараар өгөхөөр хадгалсан юм хугацаа нь дууссан хэд хэдэн чихрийн цуглуулга тоосондоо дарагдан хадгалаастай байсаныг өгсөн. Гэртээ ирээд задлахад бүүр цайраад чулуу шиг хатчихсан байсныг хараад ийм л олон жил энэ эрхэм хүмүүнтэй ирж золголгүй явж дээ гэж өөрийгөө зэмлэн суусан даа.

Энгэрийн цас хайлах бүрийд, сэтгэлийн хадаг нь сэмэрсэн байх даа Андлаагийн минь. Тэр золголтоос хойш ч гэсэн золгож чадалгүй явсаар гурван намрын шувуу буцаж гурван хаврын цас хайлсан тэр өдөр ээжээс дуудлага ирлээ.

Андлаа чинь бурхан болжээ гэсэн үгийг сонсоод асгартлаа уйлаагүй ч сэтгэл хүндэрч газар дайвалзсан юм. Хүрээд очих хүртлээ аав юу гэж бодох болоо гэж халган халган гэртээ очсон. Аав ээж хоёрыг харахад уй гашууд дарагдсан л болохоос өөр илүү дутуу зан анзаарагдсангүй.

Андлаагийндаа очиход гэр дүүрэн хүмүүс ирчихсэн, хамт ажиллаж байсан ахмад голдуу багш нарч харагдав. Намайг харсан хүмүүс жиг жуг хийгээд л уур амьсгал өөрчлөгдөөд явчлаа шүү. Бүрлээчийн хэдэн дүү нар алив миний дүү цай уу, тэрийг яах уу энийг яах уу гэж надаас асуух бүрийд эргэн тойрондоо аавыг байна уу гэж яс хавталзана.

Энэ охин чинь нөгөө охин шүү дээ гэж ярих хүмүүсийн яриа чихний гадуур өнгөрөхгүй нь мэдээж. Аав ээж хоёрын ч гэсэн чихэнд сонсогдсон л байж таарах. Харин манай хоёр ажиг ч үгүй л ирчихсэн сууж байна.

Андлаагаа нутаглуулахын өмнөх өдөр ээж ам нээсэн юм. Одоо ч хүн хүнтэйгээ нөхөрлөж болохоо байсан цаг иржээ. Чи хүмүүсийн яриаг сонссон л байх. Бид ч олон жил тэвчиж ирлээ. Гэхдээ хүмүүс юу гэж ярих нь чухал биш бид л үнэнийг мэдэж байвал болоо гэж бодсоор аав бид хоёр чинь өдийг хүргэсэн.

Чамайг төрдөг тэр шөнө аав чинь эзгүй, гадаа ёстой л азарган бороо асгаж байсан шөнө. Гэдэс базлаад байх шиг болохоор нь гадаа гарч бие засах гээд суухад чи уначихсан юм. Тэр үед ямар одоогийнх шиг харилцаа холбоо байх биш.

Хүн дуудаад ир гэж хүүхэд гүйлгэхэд тэр олон айлуудаас ганц Андлаа чинь л хаалгаа тайлсан юм. Тэгээд л хар гүйхээрээ ирж чиний хүйг тасалж эх барьж авсан даа. Дараа нь тэр их усан борооноор явж түргэн дуудаж чи бид хоёрыг эмнэлэг бараадуулсан.

Хэрвээ энэ хүн байгаагүй бол чи бид хоёр тэр борооноос амьд гарахгүй байсан ч байж магадгүй. Сүүлд нь хатгаа авч тэрийгээ ч мэдэлгүй хүндрүүлсэн байсан даа хөөрхий. Эхнэр хүүхэдгүй эргэж тойрох хүнгүй хүн гэртээ ганцаараа өвдөж хэвтэнэ гэдэг хамгийн хэцүү.

Харин аав чинь нэг өдөр төмрийн хөрөө асуухаар очиход нь хариугүй хэвтэж байсан гэдэг. Бид хоёр эргэж тойрч яг л хүүхэд шиг apxиар ч ороолт хийж, адууны махаар ч ороолт хийж шөл цайгаар тэнхрүүлсэн юмдаг.

Тэр цагаас хойш бид олон жил айл саахалт явж аяга хоолоо хувааж идсэн хүмүүс. Нэг ёсондоо бид бие биендээ өртэй улс гэж хэлсэн юм. Андлаагаа хөдөөлүүлээд ирсэний дараа нь дүү нь насаараа гэртээ зурагт аваагүй ах минь нэг өдөр ирсэн чинь ийм жижигхэн зурагт авчирсан байсан.

Ах минь овоо доо ганцаараа хүн чинь ингээд зурагтаа асаачихвал ханьтай байгаа биз дээ гэхэд дуугараагүй, сүүлд мэдэхнээ чамайг зурагтын хөтлөгч болсон гэж ээжээс чинь сонсоод чамайг харах гэж зурагт авсан байсан юм байналээ.

Даанч ирэхэд асаалттай байгаа ер харагдадгүй байсан юм. Чиний гарах өдрийг цагтай нь ингээд календарь дээр тэмдэглэчихдэг байсан юм байлээ гээд ханаруу заахад долоо хоногт ганцхан удаа гардаг цагийг минь улаан балаар тэмдэглээд монгол үсгээр нэрийг минь бичсэн байж билээ. Ямар их хайр, ямар их хүлээлт байгаа вэ.

Тэгэхэд л би асгартлаа уйлж билээ. Судсаар минь урссан цус таных байгаагүй ч, сэтгэлээс чинь унасан үр чинь би байжээ. ХҮМҮҮНИЙ ОРЧЛОНД ИРЭХЭД МИНЬ ХҮЙТЭН БОРООНООС НӨМӨРЛӨЖ АМЬД ЯВАХ БОЛОМЖИЙГ МИНЬ ОЛГОСОН АРГАГҮЙ Л ХҮЙН ЭЭЖ МИНЬ БАЙЖ ДЭЭ АНДЛАА МИНЬ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!