“ХҮН БҮХЭН ӨӨРИЙГӨӨ ӨӨРИЙГӨӨ ХАРДАГ Ч БОЛООСОЙ…” ӨГҮҮЛЛЭГ 

Залуу охидод хичээл орж байхдаа ирээдүйн нөхрөө ямар байгаасай гэж төсөөлдөг талаар нь асуухад : “ Гоё мэргэжилтэй , царайлаг , шүтлэгтэй , эмэгтэй хүнийг ойлгодог , мэдрэмжтэй , өндөр ёс суртахуунтай , хүмүүжилтэй , соёлтой , удам сайтай , байртай , машинтай … ” гэх мэт олон янзын хариултууд хэлцгээнэ . Охид бүр хамгийн багадаа дунджаар таван шинж чанар нэрлэдэг . Тэгэхээр нь : ” Та нар ийм зүйл хүсдэг юм байж . Тэгвэл та нар өөрсдөө ямар вэ ? Та нар тэдэнд юу өгч чадах вэ ? Та нар сайн хань байхын тулд юу хийдэг вэ ? ” гэж асуухад минь ихэнх нь юу гэж хэлэхээ мэдэхгүй гайхаж хоцордог . Учир нь тэд тэр мөчийг хүртэл эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж үзээгүй байх нь элбэг . Хүн эдгээр асуултуудын хариултыг олсон байх шаардлагатай . 

Энэ эрчүүдэд ч хамаатай асуудал билээ . Ирээдүйн эхнэртээ тавих шаардлагуудаас өмнө өөрийнхөө хэн болох , бусдад юу өгч чадахаа мэдсэн байх хэрэгтэй . Түүгээр ч барахгүй эдгээр нь ганц бие биш аль хэдийн гэрлэчихсэн хүмүүс ч өөрөөсөө асуухад гэмгүй асуултууд юм . Яагаад гэвэл гэрлэсэн хүмүүсийн дунд өөрөөсөө болж аз жаргалгүй байгаа ч түүнийхээ шалтгааныг хажуу дахь хүнээсээ хайх гээд байдаг сул талтай хүмүүс олон . Өөрөө өөртөө асуулт тавьж үзэлгүй ” Өөрийн толгой дээрх тэмээг харалгүй бусдын толгой дээрх өвсийг харах ” гээд байдаг талтай . Ханийнхаа тавьдаг анхаарал халамжийг буцаагаад өөрт нь мэдрүүлж чадаж байна уу ? Үгүй юу ? гэдгийг тунгаан боддог хүмүүс цөөхөн байдаг нь харамсалтай . 

Бурхан хүний аз жаргалыг бусдаас авснаар биш бусдад өгснөөр нь хэмждэг . Хүсэл шуналдаа хөтлөгдөн үргэлж ” авах ” -ыг хүсэгчид сэтгэл ханамжгүй байдлаасаа болоод аз жаргалыг мэдэрч чаддаггүй . Үргэлж л нэг юм дутуу юм шиг санана . Өгөх нь золиос шаардах ч бусдыг баярлуулснаар сэтгэлийн цэнгэл эдэлж баяр хөөрийг мэдрэх боломж олддог нь юутай сайхан билээ . Тиймээс ” Хань минь намайг баярлуулаасай ” гэж хүлээхийн оронд түүнийхээ дуртай зүйлийг хийж өгч баярлуулах , тэр баяр хөөрийг хамтдаа хуваалцах нь илүү их аз жаргалыг танд мэдрүүлэх болно . Гэхдээ өгч чаддаг байхад анхаарах ёстой хэд хэдэн зүйл бий .

 – Нөгөө хүнээ өглөгч байхад саад учруулахгүй байх . Үргэлж та өгөөд байвал нөгөө хүн чинь байнга л авахыг хүсэх болно . Тэр ч гэсэн бусдад ” өгөх ” -ийн баяр баяслыг мэдрэх хэрэгтэй . Түүнд ийм боломж олго . / Энэ нь хүүхдүүдийн хувьд ч адилхан . Хүүхэд багаасаа бүхнийг ээж , ааваараа хийлгэлгүй өөрийн хийж чадах зүйлээр гэрийнхээ томчуудад туслахын сайхныг мэдэрч байх нь чухал . / Хэрээс хэтэрсэн амлалт өгөлгүй өөрийн хийж чадах зүйлийг биелүүлэх . 

Жишээлбэл : Гэрийн эзэгтэй эхнэр , нөхрийн хуваарилж хийх ёстой бүх ажлыг ганцаараа амжуулах буюу ажлаа хийхийнхээ хажуугаар гэр орон , үр хүүхдээ харж хандах , хичээл боловсролд нь анхаарах , хүнсээ цуглуулах , гадуур явж ажил амжуулж байхад гэрийн эзэн зөвхөн мөнгө олох үүрэг гүйцэтгэх нь том асуудал үүсэх шалтгаан болно . “ Яахав ээ , би бүхнийг амжуулж болоод байдаг юм ” гэсэн бодолд таны гэр бүлийн хүнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй , залхуу нэгэн болгохоос өөр давуу тал үгүй . Тиймээс гэр бүлийн гишүүн бүр ямар нэг байдлаар хариуцлага үүрэх нь зүй ёсны хэрэг юм.

Байх ёстой хэмжээнээс хэтрэх . Хэтэрхий их өгөх гэж хичээх аваас тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээх хэрэгтэй болохоос гадна нөгөө хүнээ залхаах эсвэл гэм хийсэн мэдрэмж төрүүлэх магадлалтай бөгөөд тэр мэдрэмжээ ил гаргахгүйн тулд таны сэтгэлийн өглөгийг хүлээж авахгүй байгаа мэт дүр эсгэн сэтгэлийг тань шархлуулах хариу үйлдлүүд үзүүлж болзошгүй . Тэгэхээр хэм хэмжээ их чухал байгаа биз ? Гэр бүл , нийгмийн амьдралдаа үргэлж аз жаргалтай байхыг эрмэлздэг хүмүүс эсрэгээрээ тийм ч их аз жаргалтай биш байдаг. 

Та аз жаргалтай болох гэж сэтгэлээ чилээлгүй зөвхөн өөрийн хийх ёстой зүйлээ хийж хариуцлагаа ухамсарлан ханиасаа хүлээх хүлээлтээ багасгаж , өөрийн хийх үйлдэлдээ анхаарал хандуулбал гэр бүлийн тань амьдрал аяндаа тэгшрэх болно .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!