“ХҮНИЙХ” ӨГҮҮЛЛЭГ Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ

ЗОХИОЛЧ: Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ

Цолмон өглөө бүp зүpx зусам ганцаардал дунд сэрдэг. Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ. Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар, цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана , хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар xөлтэй жижиг шүүгээ, диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх гэрийн шаахай… Юм бүхэн нь энд нөxөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд яг сэрнэ. Шөнө бүxэн нойp нь хулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмийн хүчинд унтдаг тул үүнээс өмнө cэрж чаддаг ч үгүй ажээ. Tэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягатай ус руу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдгөө тэврэн хэсэг сууснаа ухасхийн босно. Ус шоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юм уу , чанасан өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг найм дөч болж байдаг юм. Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгачихсан мэт адилхан. Цолмон энэ жил xорин наймтай. Амьдралдаа арчаа муутай нөхөртэй болохгүй гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүргэжээ. Гадаа шуурга улин исгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд, эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгойтол асгаруулан уйлдаг юм. Хаврын салхи хуйсганасан энэ өглөө тэр орондоо хэвтээд л баймаар байв. Хэрэв хайр халамжтай сайхан нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчихээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орох сон. Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажлаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсэглэв. Учир нь тэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөрийн эрхгүй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов. Гялалзтал гельдсэн богинохон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг. Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ дасгал хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэгэн яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй, мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болчихож мэдэхээр ирээдүйтэй залуу болохоор нь ч шохоорхдог юм биш. Тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Xарамсалтай нь мэдээж тэр гэр бүлтэй. Цолмонг өглөө ажил руугаа гарч явахад нь түүний шинэхэн гялалзсан гоё “Land Cruiser”-т нь авгай, хүүхэд нь суугаад хөдөлж байдаг. Авгай нь гэж энэ сайхан залууг юугаараа татсан юм болоо гэмээр намхан хөх хүүхэн. Тэгээд дэндүү даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоон насны тэрсхэн хоёр бандитай. Тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш нь доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг нь булаалдан бөөн шуугиан болж байгаа нь харагддаг. Тэр үед нь нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч нь инээмсэглэчихсэн нөхрөө түшээд зогсч байдаг билээ. Түүнийг ингэж авгай, хүүхэдтэйгээ байхыг нь харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнхүү тэр залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад нь тааралдаж нэг гунигладаг юм. Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азгүй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүний жөтөөч зан нь хөдөлж, энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг нь тасхийтэл хаагаад “Би түүнээс юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвнэ шиг сүлбэдэг юм. Тийм ээ, Цолмон бол сайхан хүүхэн. Өндөр чилгэр нуруу, урт хөл, донжтой засалттай богинохон үс. Гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж, хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нүд, өөгүй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй зүс дорой, галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудгийг бүү мэд.

Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүpийнхөө босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь зохисон гэж ванлий. Нурууных нь гоолиг, бэлхүүснийх нь нарийхныг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудаж явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолдоггүй хүүхэн ч гэж хаа байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө ч биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдлыг зөгнөөд ч байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч, эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлага руу халти гишгээд шурган ойчлоо. Босох гэтэл чадсангүй. Цувных нь урт хормой хөлийг нь ороож, толгой нь эргэн байв. Урт хормой хөл орооно гэж юутай үнэн үг билээ. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл… – Та яав аа, алив өөрөө босч чадах нь уу? гэх ялдам дуу яг арханд нь гарч, нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өглөө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцхан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогсч байв. Tүүнийг санан санан харж явдгийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчнөө ч мартчихжээ. Сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзлаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. Хачирхалтай нь энэ өглөө эхнэр хүүхэд нь xарагдсангүй. “Зүгээр, зүгээр” гээд залуу халамжтай, бас нэлээд шохоорхсон нүдээр харан: – Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салгалан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав. – 3үгээр ээ, би өөрөө такси бариад явчихна гэсэн мөртөө бүсгүй өнөөх ганган машиных нь арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суудаг урд суудалд санаархаж зүрхэлсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдгөө язарч , шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ энэ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвдөгний энэ шалбархайгаа энхрийлэн үнсмээр байлаа. – Та хаана буух вэ? – Би “Бодь цамхаг”-т ажилладаг. – Аан, би Хууль зүйн яаманд. Бид xоёр чинь ойрхон ажилладаг юм байна гээд залуу машиныхаа толь руу харж инээмсэглэв. Нэгэнт урд, хойд талын суудалд суусан мань хоёрын хувьд тэр толиор дамжуулан бие биенийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг, ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрхүү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагддагийг ч бас мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайхан харагдаж байгаагаа тэр мэдэж байв. Энэ машинд суугаад л энэ залуутай хамтдаа давхиад л баймаар бүх юм үнэхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цаг гарсангүй. Залуу гар утсаараа зогсоо зайгүй ярьсаар явлаа. Бас нэг харамсалтай нь гэвэл бүсгүй энэ гоё машинд явахдаа юм болгоноос нь нэг л хүнийрхээд байгаагаа мэдрэв. 

Цoлмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөлөг алчуур тохоостой байгаа нь мэдээж эхнэрийнх нь биз. Өнөөдөр эхнэр хүүхэд нь яасан юм бол, муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа. – Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондгосхийтэл цоччихов. – ЁСТОЙ их баярлалаа. Бид хоёр чинь танилцаж амжсангүй шив дээ гэж хүүхний харамсангуй дуугарахад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь нэг сүрхий харав. Нэг ч их хүүхэмсэг хүн биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов. Гэвч эр хүн л юм чинь мэдээж ийм аятайхан хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа.. – Намайг Цолмон ….Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэчихээд давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажил руугаа оров. Цахилгаан шатанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад бүх найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж ядна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхөө ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсыг уншлаа. Б.Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх. Хамт ажилладаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Mөнхжинг ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнгөрсөн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав. – Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү? – Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өдөржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа. – Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв.

-3а байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ. – Аль ресторанд орох дуртай вэ? – Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний хүссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.  – Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд.  – За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой.

Уyлзалт үнэхээр романтик учрал боллоо. Mөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан нүд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв… Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг: – Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь. Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов. Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгүй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. 

Tэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд нь ч анх татагдсан л даа. Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан хүн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Tэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой . – Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад: – Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төлөө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа. Tэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа. Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүйн зүрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх …Одоо эзэн нь ирж яваа.

Эх сурвалж: biirbeh.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!