“ХУДГИЙН АХ” ӨГҮҮЛЛЭГ

“ХУДГИЙН АХ” ӨГҮҮЛЛЭГ

БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Намайг бага байхад манай гудамжны үзүүрт тоосгоор барьсан жижигхээн худганд Дүүрэн хэмээх ах суудаг байлаа. Дүүрэн ах нэр шигээ дүүрэн хүндээ ус авах гэж очсон хэнд ч эелдэг үйлчилж балчир хүүхдээс настан буурал хүртэлх бүх хүнд туслана. Ус асгалаа гэж загнахгүй бүр мөнгөө өгөхгүй явсан ч тоох ч үгүй инээгээд л үлдэнэ. Би дээрээ ах эгчгүй учир дүүгээ дагуулаад байнга усанд явна. Очих бүрт л тэргэн дээр битоныг минь тавьж өгөөд явуулна. Би 10-р анги төгсөж их сургуульд орж дотуур байранд орлоо. Тасагтаа 4 охинтой хамт орж дүүгээ тэвэрч унтдаг байсан үе минь ард хоцорч хоёр давхар төмөр орон дээр гарлаа. Эхний нэг жил гэрээ их санана манайх аз болж хотоос ойрхон сум болохоор амралт бүрээрээ л гэртээ харьчихна. Харин 2-р курсдээ Амраа гэх залуутай танилцаж хагас бүтэн сайнд хүртэл гэрлүүгээ явдаг байсан минь өнгөрч өвлийн амралтаараа л харьдаг болов. Тэдний гэр нь 9 давхар байрны 4 давхарт нь амьдардаг аав ээж нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг дээрээ нэг эгчтэй.

Бид хоёр хааяа гэрт нь очиж кино үзнэ. Ингээд л би 3-р курсдээ хэвлийдээ бас нэгэн зүрх цохилж байгааг мэдсэн юм. Аав ээждээ хэлэхээс айж хүүхдээ авахуулдаг юм билүү гэж бодсон ч Амраа зөвшөөрөлгүй бид гаргахаар боллоо. Сургуультай ойр байр түрээсэлж хичээлдээ яван болоод л байв. Харин сар өнгөрөх тусам гэдэс маань томорч өвлийн амралт ч болов. Ээждээ хотод ажил хийх гэж байгаа гэсэн боловч аавын чинь бие тааруу байна хурдан ир гэсэн хариу аван харихаар явлаа. Амраа хамт явахаар төлөвлөж байсан ч аав нь хөдөө ажилаар авч явахаар болж намайг Драгон дээрээс сумын унаанд суулгаад буцлаа. Би замдаа өчнөөн бодолд автан бүр уйлж үзлээ. Гэртээ ч ирлээ хашааны хаалга онгойлгон орж чадалгүй хэсэг зогсов. Гэтэл Дүүрэн ах:- Хүүе сайн уу миний дүү за хичээл нь амарчихсан уу? – Амарсаан -Гэрлүүгээ орохгүй яагаа вэ? хэмээгээд зузаан куртекны цаанаас мэдэгдэх миний гэдсийг хараад баяр хүргэе гэж хэлээд цааш алхлаа. Намайг ороход ээж тосон авч цүнхтэй хувцсыг маань аван цаад өрөө лүү оров. Ашгүй анзаарсангүй. – Охин чинь ирсэн шүү. Миний охин наашаа ороод ир.

Би ч хувцсаа тайлаад ортол ээж намайг хараад нэг гараараа амаа таглан доош суулаа. Тэр оройжин аав бид 3 миний ирээдүйн талаар ярьж хоносон юм. Намайг их ч загнасангүй ээж буруу харан хааяа нэг нулимсаа арчина. Хүний их эмч болж өвчтэй аавыгаа эмчилнэ гээд сургуульд явсан хүн хоёулаа болоод ирэх гэж… Хавар ч болж сургууль төгсөхийн алдад би ЭХЭМТ-д 4кг 200г хүүтэй боллоо. Сайн найзууд багш нарынхаа ачаар 3-р курс ээ төвөггүй төгслөө. Аавыгаа асрахын хажуугаар хүүхдээ харж ээж ажлаа хийн зуны 3 сар өнгөрлөө. Харин Амраа нэг   ч удаа ирсэнгүй бүр утсаар ч ярьсангүй. Гэрийх нь утас руу залгасан боловч хэн ч авахгүй сүүлдээ холбогдохгүй болов. Намар болж хичээл эхлэх болоход сургалтын төлбөр бараг тал нь дутлаа. Ээж минь санаа зовж хавь ойрын хүнтэй ярьсан боловч нэмэр болсонгүй. Аз болж сумаас намайг онц сурсан гээд нэг л өглөө төлбөр байрны мөнгө ороод ирсэн юмдаа. Ингээд л би 4 сартай хүүгээ орхиод нийслэл хотыг зорьлоо. Таксинаас бууж шууд л Амраагийнд очсон боловч хүн байсангүй. Ээжтэй нь гадаах сааданд таарч бид ойролцоох кафед орж суулаа.

– Жаргал аа миний дүү Амраа нь гадаад явж сурахаар болоод бид гэнэт шийдээд уржигдар ниссэн. Чамд үүнийг өгчихөөрэй гэсэн гээд цаасанд боодолтой зүйл өгөв. Би шууд л нээн харвал бурхан минь доллар. Хүү та хоёрт хэрэг болох байх дахиад хэрэгтэй гэвэл эгч нь хэдэн сарын дараа нэмээд өгье гээд юу ч болоогүй юм шиг над руу харлаа. Би: Та энэ мөнгөө хүүдээ зориулдаа гэж хэлээд гараад гүйчихэв. Замдаа энгэрээс минь сүү гоожиж байв. хэчнээн ч хол гүйсэнгээ мэдсэнгүй. 2 сарын дараа Амрааг нэгэн охинтой хөтлөлцөөд явж байхыг харсан ч очиж чадсангүй. Бүгд худлаа байж. Цаг хугацаа хүлээхээр ямар удаан юм бэ? Сургуулиа л төгсчихвөл дахиж энэ хотод ирэхгүй гэж өөртөө тангараглав. Хүсэн хүлээсэн хонхны баяр минь болж ээж хүү 2 минь ирлээ. Ингээд л би сумандаа ирж эмч хэмээх алтан гартны жагсаалтад орлоо. Аавын маань бие сайжирч манайх халуун ам бүлээрээ жинхэнэ аз жаргал гэгчийг амсаж байх шиг. Би амралтын өдөр тэргээ түрээд худаг дээр очиход нэгэн настай эгч худаг онгойлгон зогсов. Энд байсан Дүүрэн ах хаачсан бэ гэхэд жилийн өмнөөс ажлаа өгсөн гэхээс өөр юм хэлсэнгүй. Худаг минь хоосон болчихсон мэт. Нэг л хөндий. Өглөө бүр л гэрээс гарахад нэг сарнай бас захидал довжоон дээр тавьсан байдаг байв.

Сүүлдээ байхгүй болохоор хүлээгээд ч байгаа юм шиг. Намайг сарнайнд дуртайг Амраа л мэднэ энд ирж дээ. Ирсэн хэрнээ яагаад манайд орж ирэхгүй байгаа юм болоо. Бичсэн бичиг нь Амраагийн бичиг яг мөн байна. Хүү бид хоёр дээр ирэхийг тэсэн ядан хүлээдэг боллоо. захидалдаа “Насан туршдаа хайрлана” өөр юу ч бичээгүй. Харин өнөөдрийн захидалд маргааш нуурын эрэгт хүлээж байя гэсэн байв. Би ч Амраагийн авч өгсөн нэхмэл цамцыг өмсөөд очлоо гэвч хэн ч байсангүй бараг цаг гаран хүлээн суулаа. Би ч хий хоосон зүйлд хууртсандаа гомдож босоод явах гэтэл хэн нэгэн ард ” Насан туршдаа хайрлана” гэв. Би инээмсэглээд эргээд хартал Дүүрэн ах. Намайг нуурын эрэгт сууж байгааг зурсан зургаа гарт бариулав. Өнөөх л усыг минь тавьж өгдөг ах тэр дотно царай. Төлбөр нь хүрсэн биздээ гэвэл би юу билээ гэж бодсон оо тиймээ хангалттай хүрсэн баярлалаа танд. Тэр үед сумаас биш Дүүрэн ах мөнгө өгсөн байж. Хүү минь дүүрэн гэж хэлд орсон нь хувь тавилан ч юм шиг. Худаг руугаа хүн оруулдаггүй байсан нь сүүлд мэдэхнээ ханан дээгүүр дүүрэн миний зураг байсан юм байна лээ. Ингээд би өөрөөсөө 4 ах Дүүрэн ахтайгаа гэрлэж 6 хүүхдийн ээж болсон юм даа. Нээрээ мартсанаас манайх гэрийнхээ гадаа худаг ажиллуулж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!