“ХАРХОРИН ОРЧИМД OCOЛДОЖ ӨӨД БОЛСОН ЯПОН ХҮҮГИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨМ БОДИТ ТҮҮХ” УЙЛЖ УНШЛАА

“ХАРХОРИН ОРЧИМД OCOЛДОЖ ӨӨД БОЛСОН ЯПОН ХҮҮГИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨМ БОДИТ ТҮҮХ” УЙЛЖ УНШЛАА

Япон жуулчин залуу Хархорин орчим ocoлдож aмиa aлдcaн юм. Жолооч нь 20 нас ч хүрээгүй залуу хүү. Шүүх хурлын өмнөхөн xoxирогчийн эх нь орчуулагчийн камерт үлдсэн бичлэгийг үзэж л дээ. Тэр бичлэгт жолооч хүү зургаан хуушуур аваад дөрвийг нь япон залууд өгч байгаа дүрс үлдсэн байж.

Энэ бичлэгийг үзсэн ээж: – ”Хүүгийн минь амьдралын сүүлчийн найзыг нь ялтан биш найз хэвээр нь үлдээе, би гомдолгүй” гэж шүүх хурал дээр хэлээд, үүнийгээ нотлон гурван хэлээр захиа бичиж тэр жолооч хүү торны цаана суухаас аврагдсан юм байна. Япон эхийн уужим ухааныг бид бишрэн үлдсэн. Одоо Хархорингийн ойр жижигхээн хөшөө байдаг. Тэрхүү хөшөөг жолооч хүү босгожээ. “Мөнхөд чиний найз” гэсэн утгатай үг сийлжээ…

ДЭЛГЭРЭНГҮЙ: Онгоцонд суухаасаа өмнө Кобаяаши ээжрүүгээ утас цохиж “Хүү нь ажлын завгүй талбарт гарахаасаа өмнө хоёр, гуравхан хоног тархиа амраагаад Монголын цэлгэр нутаг, цэнхэр тэнгэрийг үзчихээд ирье. Одоо нислээ” гэсэн байна.

Энэ түүний ээжтэйгээ ярьсан сүүлчийн яриа байсныг хэн хэн нь мэдсэнгүй. Хүүгийнхээ гэнэтийн мөртлөө зоримог шийдвэрийн хариуд “Тэг ээ, миний хүү. Монгол их сайхан нутаг гэсэн” гээд утсаа салгасан гэдэг…

Улсын их дэлгүүр. Кобаяаши зөрж өнгөрсөн нэгэн эрээс газар сураглахад англиар ярьж, зааж өгсөн байна. Тэр бол Дорж. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, англиар хүнтэй ойлголцох хэмжээний мэдлэгтэй, сэргэлэн, овсгоотой эр.

Түүний маргааш мөн л Их дэлгүүрийн өмнө тэд таарч, Кобаяаши “Би энд удахгүй. Гэхдээ Монголын хамгийн сайхан, хамгийн их түүхтэй газрыг үзчихээд явмаар байна. Хаашаа, хаанаас явж болох вэ” гэж асуусанд Дорж “Би чамд Монголын хамгийн анхны нийслэл Хархорум хотыг үзүүлье. Чи тэнд очсондоо хэзээ ч харамсахгүй. Болно гэвэл хоёулаа машин хөлслөөд эртхэн гаръя” гэсэн байна.

Ийм яриа болсноос хоёр цагийн дараа Дорж нэгэн танилынхаа дүүг худалдаж аваад удаагүй байсан эксель маркийн машинтай нь хөлслөн Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьсон байдаг. Кобаяаши Японы сонин хачнаас, Дорж Монголын үүх түүхээс эхлээд залуус юу эсийг ярин замын турш хөгжилдөж, тэр бүхнээ тэд видео камерт ээлжлэн бичиж явсан байна.

Оройдоо Хархоринд хүрч, Орхон голын эрэг дээр буудаллажээ. Тэнд байх үеийн дүрс бичлэгт 20 хүрч яваа Батаа, 30 гарсан болов уу гэмээр Дорж, түүнээс хэд дүү байхаар Кобаяаши нар голын эргийн нялх зүлгэн дээр хөл нүцгэн гүйлдэж, бие бие рүүгээ ус цацан, голын толионд чулуу шидэн хөгжилдөж, тэгснээ удалгүй нам гүм болон алсыг ширтэн ярьж суух нь нэг өдрийн бус нэгэн насыг хамт үдэж, жаргал зовлонгоо хуваалцаж буй андууд гэмээр.

Оройжин тэд инээлдэж, хөгжилдөж, хошигножээ. Эр баргил хоолой, инээд, энэ орчлонгийн хамгийн ариун дагшин газарт ирсэн мэт баярлан хөөрөх залуус. Тунгалаг, гүн хөх тэнгэр, очир алмааз мэт гялалзан анивчих оддыг ширтэн хэвтэж байх үеийнхээ дүрсийг ч буулгажээ.

Дөнгөж үүр хаяармагц Дорж хээрийн цай үйж, Кобаяаши, Батаа хоёрыг сэрээж байх үеийн ч бичлэг байна. Энэ бол түүний сүүлчийн өдөр… Хархорин сум. Амьдралынхаа турш тэмүүлсэн цорын ганц газар нь уу гэмээр тэр сэтгэлийн цэнгэл эдэлж, баярлаж байгаа нь илт. Магадгүй үргэлж инээмсэглэдэг байсан царай нь урьдынхаасаа ч гэрэлтэх шиг.

Эртний сүм хийд, гэгээн орон газар явж буй мэт сүсэглэн залбирч, юуг ч үлдээлгүй сониучирхан, замчилж яваа хоёроосоо энэ тэрийг лавлаж, заавал хариултаа авч, бас байсхийгээд алс хязгаарын зүгт хараа сунган тэмдэг үгүй тэнгэрийн хаяа руу дурангаа чиглүүлж явжээ.

Тэр үнэхээр онгон дагшин байгалийн шүтэн бишрэгч, ялангуяа өнгө, үнэр, баримжаа үгүй салхинд дурлагч нэгэн гэдэг нь бичлэгт тодорхой үлджээ. Дэлхийн өв Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт бүхнийг хадгалж буй “Хархорум” музейг үзэж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн үнэн хийгээд өнгө төрхийг бишрэн багагүй аялсан нь илт.

Тэд ийн явсаар үд хэвийхэд Улаанбаатарыг зорихоор Хархорины сууринг орхин гарчээ. Хархориноос 38 километрийн зайд байрлах гэр цайны газарт орж, хооллохоор болов. Дорж хүн тус бүрт дөрөв дөрвөн мантуун бууз захиалж, ширээнд сууцгаажээ.

Аяны урт, адал явдалдаа хөтлөгдөөд өлссөнөө мэдээгүй Кобаяашиг амтархан идэхийг харсан Батаа хоёр мантуун буузаа нэмж өгсөнд дуртай нь аргагүй идэж дуусаад хөдөлцгөөсөн байна. Гэхдээ тэд шууд хөдөлсөнгүй.

Дорж жолооны курс төгсөөд удаагүйн дээр өөрийн машингүй учраас машин барихын хүслэн. Өөрөөр хэлбэл, хорхой нь дарагдаагүй, машин барихын түүс болсон үе нь байж. Батаагаас “Энэ сайхан зам дээр ах нь жаахан барьчихъя. Бүрий болохоос өмнө чи жаахан амраад ав. Бүрий унангуут чи барихгүй бол ах нь чадахгүй” гэж шалсаар жолооны ард суужээ.

Ийн хөдлөхдөө тэдний хэн нь ч суудлын бүсээ зүүсэнгүй. Баяр цэнгэлтэй явахад муу зүйлийн совин нуугдсан байдаг хойно, хэн нь ч сэхээрээгүй биз. Инээд хөөр, “Манайд та хоёр заавал очоорой. Хамтдаа аялна аа. Би дараа заавал Монголд дахин ирнэ. Харин та хоёр тэрнээс өмнө манай эх орныг үзээрэй” гэх Кобаяашигийн намуухан, догдлонгуй яриа үргэлжилж, уулс, ногоон хивс дэлгэсэн мэт үзэсгэлэнт тал, тэнгэрийн хаяа камерт бичигджээ.

…Хэдхэн мөч. Цайлснаас хойш найм дахь километрт, тэд нэг л мэдэхэд замын хажууд хэвтэцгээж байв. Машин нь хэд хөрвөөж, Батаа, Дорж нар машинаас шидэгдэж, харин Кобаяаши эвдэрч хэмхэрсэн машины хажууханд доош харан унажээ.

Доржоо болон замаар өнгөрч явсан хүмүүс цагдаад болон түргэн тусламжид удаа дараа дуудлага өгсний эцэст арайхийн ирсэн ч нэгэнт оройтжээ. Түргэнийхэн, цагдаа нар ирэхээс өмнө Кобаяаши японоор нэг үг хэлээд амьсгал татав.

Тэр дөнгөж 27 настай, амьдралын их далайд гарах завиндаа сууж ч амжаагүй байв. “Сургуулиа төгсөж байгаад чамтайгаа хуримаа хийж, олон хүүхэдтэй болж, сайхан амьдарна аа. Би чамайг жаргаана” хэмээн найз бүсгүйдээ амласан амлалт, үе дамжин залгамжилж ирсэн эмч мэргэжлийг нь өвлөсөнд аав, ээж нь хязгааргүй баярлахыг харсан мэдрэмж,

Үүнээс өмнөх олон зуун гэгээн дурсамж хийгээд ирээдүйд бүтээхээр төлөвлөсөн төлөвлөгөөнүүд түүний нэгэнт хөрсөн алтан шарилтай хамт төрөлх эх орондоо бус Монголд, засмал замын хажууд, Батаагийн гар дээр гурван цаг гаруй аврал эрсээр үүрд зогсов…

Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас Кобаяашигийн ар гэрийнхэнд уйт мэдээ дуулгаж, ээж, эмэгтэй дүү нар нь Монголд буулаа. Хүүгийнхээ дурлан, мөрөөдөж ирсэн Монгол нутагт уй гашуутай, харууслын нулимстай ирнэ чинээ зүүдлээ ч үгүй байсан биз ээ.

…Шүүх хурал. Батаа жолоо шилжүүлж, Дорж осол гаргасны улмаас Япон Улсын иргэн амь насаа алдсан хэргийг шүүх хурлын танхимд орохын өмнөхөн Доржийн ар гэрийнхэн “Aмийг aмиар л гэх байх даа. Сайхан хөвгүүд минь ингээд шopoнд орох нь” хэмээн хоорондоо ярьж байв. Ингээд шүүх хурал эхэлж, эд мөрийн баримтуудыг дэлгэж, залуусын аяллын үеийн бичлэгийг хамт үзэцгээж.

Шүүгч хохирогчийн ар гэрийнхний санал, гомдлыг сонсох үеэр талийгаачийн ээж “Хүүгийнхээ аяллын турш бичсэн бичлэгийг үзлээ. Бидний хамгийн хайртай хүүгийн амьдралын сүүлчийн найзууд, аяллын турш түүнийг инээлгэж, жаргалтай байлгасан энэ залууст, ялангуяа өөрийнхөө хоолыг хүүд минь өгсөн энэ хүүхдүүдэд би гомдолгүй. Энэ залуусын ялыг хэлтрүүлж өгнө үү” гэсэн байна.

Шүүгч хийгээд ар гэрийнхэн нь Кобаяашигийн ээжийн үгийг сонсоод эрхгүй уйлсан гэдэг. Тэдний хэнийх нь ч амнаас “Эрийн цээнд хүрсэн хүүгээ алдсан атлаа ийм тэнүүн сэтгэлийг хаанаас олсон юм бэ” гэх асуулт гарч чадахгүй байсан нь ойлгомжтой.

Гэхдээ үүнийг бүгд мэдэрч зогссон биз ээ. Кобаяашигийн ээжийн дээрх үг Батаа, Дорж нарыг өргөст торны цаана суулгалгүй, гэр бүлд нь үлдээж чадсан юм. …Шүүх хурлаас хоёр хоногийн дараа. Батаа ээжийнхээ хамт орчуулагчаар дамжуулан Кобаяашигийн ээжтэй уулзаж, уучлалт гуйхыг хүсэж, тэд талийгаачийн ар гэрийнхний буудаллаж байсан зочид буудлын өрөөнд иржээ.

60 нэлээд гарсан, насаараа мал малласан шавилхан буурай өрөөний хаалгаар орж ирүүтээ талийгаачийн ээжид сунаж мөргөж эхэлсэн байна. Тэд биенийхээ юу хэлж байгааг ойлгохгүй ч биесээ аргадан, хоёр биенийхээ нулимсыг арчиж, хацрыг нь зөөлөн илж, хэсэг цурхиран уйлж.

Тухайн үед орчуулга хийж явсан эмэгтэй “Тэдэнд орчуулагчийн хэрэг огт байгаагүй. Эхийн сэтгэлд хэл, яс үндэс, газар нутаг, язгуурын ялгаа гэж үгүйг тэндээс мэдэрсэн. Тэд хэчнээн өөр хэлээр ярьдаг ч гэлээ биесээ ойлгоод, сэтгэлдээ байгаа уй гашууг хуваалцаж чадаж байсан. Өнөөдөр ч чадсаар л байгаа байх” гэсэн юм.

Түр ч атугай, жаахан ч болов сэтгэлээ уудлалцсаны дараа Батаагийн ээж “Олон хүн, ялангуяа энэ цаг үед хүмүүс үр хүүхдээ бусдын буруугаас алдсан бол aмийг aмиар гээд л дайрна. Магадгүй би ч муу зүйл болсон бол тэгэх байсан байх. Таны ийм уужуу сэтгэл, ухааныг дандаа бодож, залбирч явах болно” гэж хэлсэн байна.

Харин Батаа “ Би найздаа, таны сайхан хүүд зориулж гэрэлт хөшөө босгоно оо” гэхэд “Тэгвэл бид 10 жилийн дараа заавал эргэж ирнэ. Монголын тал нутагт байгаа хүүгээ эргэнэ. Миний хүүтэй хамт байж, хүслийг нь биелүүлж сайхан аялуулж өгсөнд баярлалаа. Бидэнд үнэхээр хэцүү байна.

Гэхдээ одоо манай гэр бүлийн хувьд Монголруу дандаа тэмүүлэх, энэ зүгт явах маш том шалтгаан бий боллоо” гэсэн байдаг. Тэгээд хүүгийнхээ хэрэглэж байсан сахлын машин, бугуйн цагийг Батаад өгч, “Сахлын машиныг нь хүүтэй минь анх танилцаж, сайхан газар үзүүлэхээр зорьсон залууд дурсгаарай” гэж үлдээжээ.

Мөн орчуулагч бүсгүйд нэгэн кассет өгч, “Нэгдүгээрт байгаа дуу яагаад ч юм бэ хүүд минь зориулагдсан дуу шиг санагдлаа. Энэ дууг сонсоод хүүг минь дурсаж байгаарай” гээд дурсгаж. Тэд хэлсэндээ хүрч жил гаруйн дараа осол болсон газрын харалдаа Кобаяашигийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө босгожээ.

Энэ талаар Батаа “Жил гаруйн хугацаанд 600 мянган төгрөг цуглуулаад түүгээрээ хамгийн гайгүй чулууг нь сонгож, “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” гэсэн үг нэрийнх нь хамт сийлүүлээд хөшөө босгосон. Түүний болоод ээжийнх нь уужим сэтгэл, дурсамж бидэнтэй хамт дуусаж болохгүй.

Энэ бол түүнийг үүрд санан дурсах хөшөө. Гэхдээ хөшөө босголоо гээд ч миний гэмшил, түүний төлөөх харамсал барагдахгүй” хэмээн ярьсан нь бий. Тухайн үед Батаа тархиндаа хүнд гэмтэл авсан ч “Хүний aмь үpэгдчихээд байхад миний бэртэл юу юм бэ” гээд тоогоогүй байна.

…2013.06 сар Кобаяашигийн аав, ээж, гурван дүү, найз, үерхэж байсан бүсгүй нь Монгол Улсад иржээ. Тэд Кобаяашигийн хамгийн сүүлд хүсэж тэмүүлсэн цэв цэнхэр тэнгэрээс, цэнгэг агаараас, уул толгодоос, хараа үл гүйцэгдэх их талаас түүнийг олохоор ирсэн нь мэдээж.

Улирсан арван жилийн хугацаанд монгол, япон хоёр ээж харилцан захидал илгээж, тэнд “Та нар сайн уу. Биеэ бодож, эрүүл энх байгаарай” гэх утга санаа л бие бие рүүгээ хөвөрч ирж. Мөн Кобаяашигийн аав, ээж хүүгийнхээ хойтод зориулж, Монголын орон нутгийн сургуулиудын хичээлийн самбарыг шинэчлэх төсөлд нэгдэн нэлээд самбар илгээсэн нь өдгөө ашиглагдсаар байна.

Гэрэлт хөшөө хүртэлх замын турш арван жилийн өмнө үлдээсэн дуугаа сонсож, хүүтэйгээ уулзсан мэт, тэвэрсэн мэт, “Явлаа гэхэд нь xoриглох минь яав даа” гэх шиг уйлсаар явсан гэдэг. Үрээ алдсан, өнчирч үлдсэн сэтгэлийг илэрхийлэх үг дутна.

…Батаагийн ээж, Батаа, Кобаяашигийн гэр бүлийнхэн, хайртай бүсгүй, Кобаяашигийн гэрэлт хөшөө. Тэд элэг бүтэн боллоо. Гэвч үнэний хорвоо хатуу. Нэгэнт алдсан хүүгээ дурсах тэдний хооронд элдэв яриа, ийм тийм зүйл байсангүй.

Гэхдээ энэ удаад өмнөх уулзалтаас ялгаатай нь Кобаяаши тэр хоёр гэр бүлийн хоёулангийнх нь хүү болсон байв. Тэр үед орчуулагч “Та хүүгээ Монгол руу явлаа гэхэд нь яагаад xoриглоогүй юм бэ. Эсвэл аяллын компаниар дамжиж яваарай гэхгүй яасан юм бэ” гэж тэсгэлгүй асуухад “Кобаяаши ямар нэгэн шийдвэрийг гаргасныхаа дараа бидэнд хэлдэг зантай.

Өмнө нь Хонконг руу аялчихаад ирье гэж хэлээд л явчихсан. Хүрээд ирсэн. Яг түүн шигээ л бодсон. Хүүгээ болгоомжтой яваарай гэж хэлж ч амжилгүй явуулсан даа” гэсэн байдаг. Мөн залуусын ялыг хэлтрүүлж өгөөч гэж яагаад гуйсан тухай нь лавлахад “Би үрээ алдчихаад тэгж зовж байхад тэр эхчүүдийг миний зовлон, уй гашууг бүү амсаасай гэж хүссэн.

Тэд миний хүүгийн амьдралын сүүлчийн найзууд нь шүү дээ. Миний хүүг сайхан байлгах гэж маш их хичээсэн байсныг дүрс бичлэгээр харсаан. Өөрийнхөө идэх хоолыг хүүд минь өгсөн байсан шүү дээ” гэж хэлжээ.

Харин Батаагийн ээжээс арван жилийн өмнө талийгаачийн ээжтэй уулзахдаа яагаад сунаж мөргөсөн тухай асууж, “Та япончуудын мэхийн ёслодог заншлыг яаж тийм сайн мэдэж байсан юм бэ” гэхэд “Би япон заншил мэдэхгүй ээ. Миний хүүгээс ялгаа юу байх вэ дээ. Өөрийн эрхгүй харамсал асгарч, хар аяндаа л мөргөсөн” гэсэн байдаг.

…2017.09.17-ны 16.40 цаг Миний зогсож байгаа энэ газарт одоогоос дөрвөн жил гаруйн өмнө тэд зогсоод “Миний шарил дээр битий уйлаарай Би тэнд байхгүй Би тэнд нойрсоогүй 1000 салхи болоод тэр өргөн уудам тэнгэрт дүүлэн нисэж яваа Намар нь гэрэл гэгээ болоод тариан талбай руу тусна Өвөл нь алмааз эрдэнэ шиг гялалзах цас болно Өглөөдөө шувуу болоод чамайг нойрноос чинь сэрээнэ Шөнө нь од болоод чамайг харж хамгаална Миний шарилны урд битий уйлаарай Би тэнд байхгүй, би үxээгүй.

1000 салхи болоод тэр өргөн уудам тэнгэрээр дүүлэн нисэж байгаа 1000 салхи болоод тэнгэрээр дүүлэн нисэж яваа” хэмээх Кобаяаши өөрөө аялаад ч байгаа юм шиг гуниг нэрэх “Мянган салхи болно” нэртэй япон дууг хамтдаа дуулж, уйлан зогсчээ.

Нар нэлээд хэвийсэн хэрнээ энд салхи тогтуухан, зөөлөн сэвэлзэхийг яана. Тэр сонсдог байсан дуу шигээ салхи болж, Монголын талд үлдсэн бололтой. Гэхдээ тэр эх хүний үрээ гэх хайр амар амгалангийн төлөө бол өөр улс оронд төрсөн хийгээд амьдардаг байх, хэл, соёл, элдэв ёс заншлаас үл хамааран бүгд ив ижил байдаг гэдгийг өөрөөрөө батлан харуулаад мөнхийг зорьжээ.

Кобаяашигийн ээж хүүгийнхээ гэрэлт хөшөөнд мөргөсөн цагаасаа хойш орчуулагч бүсгүйд хүж илгээж, Монгол руу явах ойр тойрныхоо хүмүүст дайж, “Хүүгийн минь хөшөөг тойруулан өргөж, ус асгаж өгөөрэй. Ам нь цангаж байгаа байх” гэдэг болсон гэсэн. Өнөө, маргаашийн алинд ч магадгүй яг одоо түүний хүүдээ дайсан хүжийг хэн нэгэн гэрэлт хөшөөнд нь уугиулж, ундаалж байж мэдэх юм. Бас ээж нь хүүдээ зориулан хамгийн анхиламаас нь өчнөөн хүж авчихаад уйлж суугаа ч байж мэднэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!