“ХАЛУУН СЭТГЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

“ХАЛУУН СЭТГЭЛ” ӨГҮҮЛЛЭГ

Б.БҮЖИНЛХАМ

Солонгоо нөхөр нь ажлаар хөдөө явчихсан учир сургуульд ороогүй балчирхан хүүгээ харж хандах хүнгүй үлдээчихсэн болохоор байнга санаа зовон, хурал хурдан тараасай, яаж байгаа бол? гэж бодохоос сэтгэл нь тогтож өгөхгүй санаа алдан, урагшилж өнгөрч өгдөггүй цаг хугацааг горьдон хүлээнэ. Ашгүй хурал тарлаа. Яарч сандарсаар байрныхаа орцоор ороод нэг л амьсгаагаар таван давхарт гарчихсан хаалгаа зөөлхөн тогшлоо. Удтал тогшсон боловч тайлж өгөхгүй болохоор нь цүнхээ уудлан түлхүүрээ гарган онгойлгож орлоо. Бүх өрөөний гэрэл асаалттай, хойд өрөөний шалаар дүүрэн хөглөрсөн тоглоом, зурагтаа асаагаад хүү нь тоглоомон дундаа бүхлээрээ унтчихсан ийм л дүр төрх өмнөөс угтлаа. Гэр орны байж байгааг нь гэж бодохоос уур нь хүрч унтаж байсан хүүгийнхээ дэргэд очин –Тамир аа, Тамир аа , сэрээч дээ. Хүүе. Босооч. Гэр орноо яаж байгаа юм бэ? Би цэвэрлээд явсан биз дээ. Яагаад гэрээ буулгаж байгаа юм бэ? Гээд угзчин хэд цохиж сэрээлээ. Нойрмог нүдээ нухлаж байсан хүү нь –Өө , ээж та хүрээд ирээ юу? Би таныг хүлээгээд хүлээгээд. Ирэхгүй байхаар чинь хүлээж байгаад унтчихлаа. гээд ухасхийн босоод Солонгоог дагуулан гал тогооны өрөөнд орлоо.

Ширээн дээр дүүрэн аяга таваг, махны мод, давс гээд хөглөрсөн юмны дунд том даавуун алчуурт боосон түнтийсэн юмыг бариад -Ээж ээ май, би танд хоол хийсэн гээд хөөрхөн нүдээрээ инээмсэглэж байгаад дуртай юмаа авхуулчихдаг тэр л өхөөрдөм зөөлхөн харцаараа инээмсэглэн хэллээ. –Юу? Чи хоол хийж чадахгүй шүү дээ гээд алчуурыг нь задалтал хоолны халуун сав гараад ирлээ. –Миний анхны хоол гээд Тамираа улам ч баясгалантай өгүүлээд – Халуун байна уу? Хөрчих вий гэж бодоод алчуураар боосон юм гэж хэлэхэд Солонгоогийн уур уцаар нь хормын төдийд хийсэн арилж сэтгэл дотор нь нэг юм огшин дээшилж хамар нь шархирч нулимс нь урсаад гарлаа. Савны амыг нь эргүүлэн онгойлвол нялх үрийнх нь ээждээ зориулан хийсэн шөлтэй хоолны үнэр хамар цоргин угтлаа. Үүнийг хараад Солонгоо хүүгээ тэвэрч аваад үнслээ. Үнсэхээс өөр хэтэрсэнгүй . Юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л уйлахад –Ээж ээ та яагаад уйлаад байгаа юм бэ? Таныг хүн гомдоосон юм уу? гэж гайхсан харцаар өмнөөс харахад-Үгүй ээ, Үгүй, хүү минь. Ээж нь хүүдээ баярлаад ,баярласандаа уйлж байна. Энэ бол миний хайрын нулимс . Миний хүү том эр болжээ. Ийм жаахан байж ээжийгээ баярлуулж байгаа юм чинь том болоод бүр их баярлуулах байх даа гэж гэж хэлтэл Тамираа бүүр их хөөрч -Алив, би хийгээд өгье гээд аягалж ширээн дээр тавиад өөрөө урдаас нь их л догдолсон харцаар харж суулаа. Хүүгийнх нь хийсэн анхны хоол хэдэн ширхэг мах хөшиглөж, шөл нь ихэдсэн, давсгүй хэдий ч итгэл сэтгэлийн, гэгээн цайлган, хайрын амттай сайхан хоол байлаа.

Хоолыг нь дуустал идсэн болохоор хэн хэнийх нь сэтгэл ялгаагүй өег цатгалан болов. –Сайхан амттай хоол байна. Миний хүү яаж мах хөшиглөсөн юм бэ? Гар хөлөө авчихвал яах юм бэ? гэж Солонгоог асуухад –Хутгаа бариад, гараа маханд хүргэлгүй, аажуухан аажуухан хэрчээд -Яаж болгосон юм бэ? Түлэгдчихвэл яана? гэж дахин лавлан асуухад –Би жаахан буцалгаад салгачихсан. Тэгээд бээлий өмсөөд авчисан гэж өмнөөс нь под хийтэл хэлчихлээ. Хүү ээжийнхээ өвөрт сэтгэл нь амар амгалан унтаж байна. Солонгоо хүүгээ бодох тусам өөрийгөө зэмлэж түүнийгээ улам ч ихээр хайрлаж эрхлүүлж энхрийлмээр санагдана. Духан дээр нь гар, хацар , нүд гээд нэг бүрчлэн үнслээ. Сэтгэл нь бас л ханасангүй, хонгор үсийг нь үнэрлэхэд нялх балчир сэвлэгнээс нь хөхний сүүний таатай, танил үнэр дахиад үнэртэх шиг. Эмзэгхэн сэтгэлийн гүнээс ундрах халуун сэтгэлийн энэ л булгийг нь хайхрамжгүй сэтгэл, санамсаргүй үгээрээ булингартуулж, ширгээчихвий гэсэн болгоомжил төрөхөд атгахан зүрхний талархлын нулимс ахиад л урслаа. 2011он Хүү Г.Мандалбаяртаа зориулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!