“ХАЙРЛАСАН Ч ХАМТДАА АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛОЛТОЙ…”

“ХАЙРЛАСАН Ч ХАМТДАА АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛОЛТОЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

Би өөрт тохиолдсон надад жаргалыг, шаналалтай нь өгсөн дурлалынхаа талаар хуваалцмаар санагдлаа. Энгийн нэгэн охин байдаг байж. Найз залуутай юмсанж. Гэвч найз залуудаа үнэн сэтгэлээсээ хайргүй юм байж. Гэтэл нэгэн өдөр өөр нэгэн залуу түүний амьдралд нь дайраад ороод ирж, охин хэдийгээр найз залуутайгаа түүнд хэлдэг байсан боловч нэг мэдэхэд л тэр залууд өөрийн эрхгүй сэтгэл нь татагджээ. Түүнийг харахгүй, түүнтэй харилцахгүй нэг өдөр болоход л уйтгарт автан шаналдаг болж. Тэгээд нэг өдөр зориглоод салмаар байгаагаа найз залуудаа болон гэр бүлийнхэндээ ч хэлж гэнэ. Харин хэн нь ч зөвшөөрсөнгүй. Бүгд нийлж байгаад л охиныг ятгаж. Танилцаад удаа ч үгүй, төдийлөн сайн мэдэхгүй хайртай залуугаа сонгох уу?

Эсвэл таван жил үерхсэн найз залуугаа сонгох уу? Охин яахаа мэдэхээ байгаад зөндөө уйлж гэнэ. Эцэст нь охин найз залуугаа сонгожээ. Хайртай болсон залуудаа ч хэлж гэнэ. Тэгээд тэд дахин уулзахаа, харилцахаа болихоор шийдэж. Гэвч үүрд битгий хэл хором холдоход л бие биенээ үгүйлдэг хоёр биес салж чадсангүй гэнэ. Нууцаар харилцсаар, уулзсаар нэг л мэдэхэд олон сар өнгөрчихжээ. Тэгээд тэр хоёр дахин сайн ярилцаж гэнэ, цаашдаа бусдыг ч, өөрсдийгөө ч хуурч чадахгүйгээ ойлгосон болохоор. Энэ бүх хугацаанд хайртай охин нь хичнээн их шаналж, уйлж байгааг залуу дэндүү их харсан мэдэрсэн болохоор түүнийг дахиж зовоохгүй гэсэндээ ингэж хэлжээ.

“Чи минь ямар ч шийдвэр гаргасан бай, би чинийхээ шийдвэрийг хүндэтгэнэ. Намайг орхилоо ч гэсэн надад өгсөн тэр сайхан хайрыг чинь санаад би чамайг буруутгахгүй, цаашдаа ч толгой гудайлгүй сайхан амьдарч чадна, гэхдээ би чамтай байхыг л хүсэж байна” гэж. Охин харин ийн хариулж гэнэ. “Хэнээс ч мэдрээгүй сэтгэлийг би чамаас л мэдэрсэн, зөвхөн чамтай байхдаа л би жаргалтай байдаг. Гэсэн ч миний төлөө амьдралынхаа бүхэл бүтэн таван жилийг зориулсан, бас намайг үнэн сэтгэлээсээ хайрладаг тэр сайн хүнийг би хог шиг орхиод явж даанч зүрхлэхгүй нь. Хоёулаа энэ удаад үнэхээр хичээгээд, дахин харьцахгүй байх гээд үзье” гэжээ.

За нэг иймэрхүү л юм болчихоод сууж байна даа. Би түрүүлж бичихгүй харьцахгүй гээд амлачихсан болохоор хүлээгээд л, хүлээгээд л байдаг. Үргэлж бодогдоод л, үе үе зургийг нь хараад л, надруу тэсвэр алдаад биччихээсэй гэж харуулдаад л. Бас энэ цаг хугацаа нь надаар даажигнаж байгаа мэт дэндүү удаан өнгөрөх юм. Түүнийг ч гэсэн яг над шиг ингээд л сууж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэн юу гэж бодож байна? Охины зөв үү? Хэрвээ та түүний оронд байсан бол таван жил үерхсэн өөртөө хайртай найз залуугаа орхиод өөрийнхөө хайртай хүн дээр яваад очиж чадах уу? Эсвэл найз залуутай байж өөр хүнд дурлаж хайртай болсон болохоороо би тийм байж боломгүй муу хүн үү. Угаасаа хайрласан ч хамт амьдрахгүй тавилан гэж байдаг юм болов уу.

One thought on ““ХАЙРЛАСАН Ч ХАМТДАА АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ТАВИЛАН ГЭЖ БАЙДАГ БОЛОЛТОЙ…”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!