“УЛААН ДЭЭЛТЭЙ ХҮҮХЭН” – ЭЦГИЙНХЭЭ ХИЙСЭН ҮЙЛИЙH ҮPИЙГ ОХИН НЬ ТӨЛСӨН…

“УЛААН ДЭЭЛТЭЙ ХҮҮХЭН” – ЯРУУ НАЙРАГЧ Д.МИШИГСҮРЭН

Суурийнх Улаан эрэгт ирж нутаглаад 10 гаруй жил болжээ. Ус бэлчээр сайтай ч энд нутагладаг айл бараг үгүй. Нутгийнхан ярих нь олоон жилийн өмнө энд могойн чуулганг хэсэг нөхөд шатаачихсан тул газар лус их догширсон гэх. Гэвч Суурийнх ирж нутагласнаас хойш ямар нэгэн сөрөг юм ер болсонгүй. Харин ч мал сүрэг нь өсөж, амьдрал ахуй нь дээшилсэн тул тэрээр Улаан эргийнхээ ойр орчимд сүсэглэн залбирч явдаг.

Эхэндээ нутгийнхан энэ Суурь нэг юм дуулгана шүү, юу л болдог болдоо гэх зэргээр шивэр авирхийж байснаа тэгэсхийгээд намжсансан… Говьд намраар зэрэглээн дунд загийн шугуй нь бүжээд тунчиг үзэсгэлэнтэй. Улаан эргийн хажууханд ганц хайлаас байх. Тэрхүү хайлаас ойр хавь хань бараа гэж огт үгүй. Хавартаа орой дээр нь хэдэн хэрээ үүрээ засаад өглөө оройн цагаар гаагачиж харагдах.

Тэрхүү хайлаасны зүгт мал бэлчээрлэх нь тун ховор. Баруун, зүүн талаар нь л явчихна. Тиймээс Суурь хайлаас руу ер нь их ойртож очоогүй санагдана. Хайлаасны цаад дор орчихсон хэдэн ботготой ингээ наашлуулахаар намрын орой Суурь номхон хээр мориороо шогшуулав. Хайлаас руу дөхөж явтал өмнөөс нь улаан дээлтэй эмэгтэй ирж яваа харагдах нь тэр.

Дээлийнх нь хормой салхинд дэрвээд, сайхан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэн нааш дөхөх бүсгүйн хөлний аясаар элс хийсэж харагдана. Гэхдээ нүд нь ямар нэгэн аврал эрээд ч байх шиг. За байз энэ эзгүй хээр газар хэн байдаг билээ гэж тэрхэн хооронд бодогдох зуурт таньчих санаатай хараагаа тогтоон хартал бүдгэрсээр хайлаас руу уусчихав.

Мориныхоо амыг татаж зогтуссан Суурьт энэ нь зүүд мэт санагдав. Үгүй дээ яах аргагүй сая улаан дээлтэй бүсгүй байсан гэж тэр өөртөө хэлээд мориндоо ташуур өгөн хайлаас өөд ергүүлэв. Хэдэн зууныг ийн ганцаар үдсэнг үл мэдэх өвгөн хайлсаар сүглийнэ.

Суурь мориороо нөгөөх хайлаасыг тойрч хүний мөр олоод харчих санаатай ойр тойрноос нь хайв. Навчис нь захаасаа эхлээд шарласан хэдий ч газарт унах яагаа ч үгүй. Хайлаасны навчис салхинд сэрчигнэх чимээнээс өөр чимээ үл согсогдох аж. Халуун наранд нозоороод ингэж байдаг юм байх даа гэж Суурь амандаа бувтнасаар гэрийн зүг ботготой ингээ тууж одов…

Намрын дунд сар гарангуут найр наадам элбэгшээд ирдэг хойно доо. Суурь сумын төв орж яваад нутгийн дүү Мөнгөний гэрийн найранд уригдав. Гэрийн хишиг хүртэж нэлээн xaламцсан тэрээр сарын өмнө харсан улаан дээлтэй нөгөөх сайхан хүүхнээ ярьчихав.

Нутагтаа амтай хэлтэйгээрээ алдартай ам Цэрэн, – Тэр чинь гэмгүй юм гэсээн тээр жил Содном ахад бас харагдсан гэнэлээ гэв. Хажуунд нь суусан Дулам хөгшин хүчтэй нударч авснаа, – Чи амаа тат, тэр чинь эзэн нь хэмээн хэлснээ нэлээн жийрхсэн аястай Суурь руу ёозгүй хяламхийв.

Тэр өдрөөс хойш “Улаан эргээс улаан дээлтэй хүүхэн гарч ирээд Суурийг авч явах гэсэн гэнэ”, “Үгүй тэр улаан дээлтэй хүүхэн гэрийнх нь гаднаас дуудаад байдаг гэнэ” гэх зэргээр нутгийнхан хачир нэмээд жаал шуугив. Суурь харин үүнийг ердөө тоосонгүй.

Халуун наранд хэт халснаас л нүдэнд хий юм харагдсан байх гэж өөртөө бат нот бодов. Тэгэсхийгээд нутгийнхан дунд улаан дээлтэй хүүхэн, Суурь хоёрын тухай яриа хуучирч дор бүрнээ мартсан даа. Өвөл хаврыг өнтэй давсан ч тэр жил ихэнх нутгийг нөмөрсөн ган болов. Зуны дунд сар гарсан хэрнээ бороо орсонгүй.

Харин Улаан эрэгт л цаг дэлгэрч Суурийнх сааль сүүнд умбаж байв. Улаан эргээс цэрэвсэн нутгийнхан ган нүүрлэсэн тэр жил юун цэрвэхтэй манатай, Суурийнхтай арваад айл хаяа нийлэн бууцгааж эхлэв.

Их удсангүй галзуу чоно тэднийхний малыг түйвээж шуугиан тарих нь тэр. Хаяан дахь айлынх нь хотонд орж тоглосон чоно Суурийн өчин ишигт ч хүрсэнгүй хэрнээ бусад бүх айлын хотыг түйвээж орхисон байж билээ.

Ингээд намжиж байсан цуу яриад дахиад л дэгдэж эхлэв. Дарин дээр давс гэгчээр Сүнжийнх мэргэлүүлсэн чинь улаан өмсгөлтэй ороолон чонын сүнсийг түйвээснээс ийм аюул болж, хурдан нүү гэсэн нь бүүр ч цуу яриаг дэвэргэж орхив.

Ингээд хавь ойрын айл дvpвээд нүүчихэв. Харин цуу яриа намжсангүй. Нэг шөнө Суурийг улаан дээлтэй ороолонтойгоо нөxцcөн болгож шуугив. Харин Суурь үүнийг учрыг олмоор санагдаад явчихсан юм.

Тэр өдөр яах аргагүй би улаан дээлтэй хүүхэн харсан, тэр хайлаас руу уусаад орчихсон, тэгэхээр тэр хайлаасанд учир байна даа гэж тэр бодоод өглөө эртээ хайлаас руу очив. Нөгөөх л нам гүм орчин, салхины аясаар сэрчигнэх хайлаасны навчсаас өөр юу ч алга.

Суурь мориноосоо буугаад хайлаасыг тойрч юм гээсэн хүн шиг газар ширтэн жаал алхав, ямар нэгэн мөр олчих санаатай тэр шүү дээ. Энэ үест Дулам хөгшиний Мөнгөний найран дээр “Тэр чинь эзэн нь” гэх үг санаанд нь бууж, Дулам гуай л юм хэлэх нь дээ гэж бодогдоод, бага үдийн хэрд сум руу явав. Улаан эргээс сум хүртэл өдөрчийн газар. Суурь нар жаргах үед сум орлоо.

Тэрээр шулуухан Дулам хөгшинийд буув. Хаалгаар орж ирсэн Суурийг нүдээ сүүмийлгэж харсан хөгшин, -Дээшээ суух хүүхээ гэснээ, чамайг ч ирнэ гэж мэдээд байсан юмаа гэв. Суурь цочих шиг болсон хэдий ч улаан дээлтэй хүүхний учрыг олох нь дээ гэж бодон, -Намайг ирэхийг та яаж мэдээв гэлээ.

Дулам хөгшин тавагтай идээ дөхүүлж ширээнд тавиад, эргэж зүүн орныхоо хөлд суугаад чимээгүй болов. Их холын бодолд тэр түрхэн зуурт автан байснаа, -Манайх намайг багад Улаан эрэгт нутагладаг байсан юмаа.

Улаан эргийн ганц хайлаасны зүүн хонхорт нэг бор шороотой хонд бий байх даа. Тэр манай өвөлжөө байлаа. Аав минь өнгөрснөөс хойш манайх тэндээс нүүсэн юм гэснээ нэг тийм тавгүйтэв болтой хөгшин баруун гараа үл ялиг өргөж залбирах аястай болоод амандаа юу ч юм бувтнаад хэсэг дуугүй болов.

Тэгснээ, -Сайхан хүүхэн байсан юм гэсээн, Сэргэлэн даргын ганц охин. Аав нь манай нэгдэлд ирээд нээх их удаагүй дээ хөөрхий могойн чуулган саваагүйтэж шатаачихаад тэгээл бурхан болсон доо. Харин охин нь coлио тусчихсан юм гэсээн.

Хаа хол тэр Улаанбаатараас яаж наашаа ирсэн юм бэ дээ, час улаан дээлтэй хайлаасны хөлд өөд болчихсон байсныг аав минь хөдөөлүүлсэн юм. Нутгийнхан цэрвээд гар хүрээгүй л дээ гэсээр санаа алдав. Тэгээд ийн үргэлжлүүлэв. -Могойн чуулган шатааснаас хойш олон жил дараалан ган болсон доо.

Манай нутгийнхан ойр хавийн сүмд руу нүүгээд цаг их хэцүү байсан санагддаг юм. Харин тэр бүсгүйг хөдөөлүүлснээс хойш бороо тасраагүй. Аав минь хэлэхдээ тэр турьхан амьтан л лусын гомдлыг тайлсан гэдэг байсан.

Сүүлд дам хүнээс сонсох нь ээ “Аав минь тэр газрын эздийг шатаачихсан, би очиж тэр газрыг нь манахгүй бол болохгүй” гээд явж байсан юм гэдэг. Гэхдээ манайхаас өөр айл Улаан эрэгт нутаглахаар малд нь амьтан орчихоод ер болдоггүй байсан гээд Дулам хөгшин хэсэг дуугүй сууснаа ам нээж, -Чи анзаарсан уу Улаан эргийн ар хөндийд хайгуулынхан ирээд өрөмдөөд эхэлчихсэн сураг дуулдна билээ.

Тэр жил өмнө дор нь өрөмдөхөд тэр улаан дээлтэй хүүхэн Содномд харагдсан юм гэсэн. Надаас ирж учрыг асуугаад Содном тэр өрмийнхнийг хөөж явуулсан л даа. Хөөрхий Улаан эргээ аюулд өртчих вий гэж л хамгаалж байдаг байлгүй гээд Дулам хөгшин нулимсаа арчив.

Суурь тэр шөнөө гэр өөдөө буцав. Харин маргааш нь тэр Улаан эргийн ар хоолойд буусан өрмийнхөнтэй уулзахаар мордож билээ. Загийн шугуй дунд хайгуулынхны хэдэн гэр цамнах зэрэглээнд үсчиж харагдана. “Аавынхаа хийсэн үйлийн үрийг охин нь одоо хэр төлж, Улаан эргийг манасаар л байдаг байх нь ээ” гэсэн бодол зурсхийн орж ирэхүй Суурь, -Эцэг хүн зөв л амьдрах учиртай юм даа гэж амандаа гүвтнээд хайгуулын кемп рүү ергүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!