“ТӨӨРӨГ” ӨГҮҮЛЛЭГ

“ТӨӨРӨГ” ӨГҮҮЛЛЭГ

Ц.ЭНХТҮВШИН

Бадам хүүгээ хүлээх зуур “Энэ муу нүд ч бүр цийх нь ээ. Уг нь арай ч болоогүй л баймаарсан. Ээж минь надаас ч ах байхдаа зүүгээ шилгүйгээр л сувэлчихдэг байсан даа” хэмээн ганцаар үглэсээр сууна. Төд удалгүй хаалганы цоож эргэж хүү нь ирж буй бололтой сонсогдоход Бадам өндийж галын өрөө өөд зүглэв. Тэдний галын өрөө, Бадамын өрөө хоёр зэрэгцээ болохоор тэрээр үүдний хонгилд ирж буй хүүгээ анзаарч ч харсангүй. Төмөр тавганд тасалж авч хүүдээ тавьсан хоолоо цахилгаан тулган дээр халаах зуурт хүү нь орж ирээд “Ээж ээ, хоол халаагаад хэрэггүй ээ. Хүү нь сая замдаа найзуудтайгаа хоол идчихээд ирлээ. Та намайг хүлээж битгий орой болтол суууж бай л даа. Хүү нь хоол идмээр байвал өөрөө халаагаад идчихнэ шүү дээ” гэсээр ээжийнхээ нурууг зөөлөн иллээ. Бадам хүүгийнхээ үгэнд орж цахилгаан тулгаа унтраагаад савтай хоолны тагийг авч хоолоо хөргөгч рүү хийлээ. Хүү ч өрөө рүүгээ орлоо. Бадам зөвхөн хүүгээ хүлээх зуураа л юм оёх гэж байж гэлтэй оёх гэж байсан зүйлээ хураагаад ороо засч хөнжилдөө шургав. “Муу хүү минь одоо дөч гарах нь, хань ижилтэй болдоггүй. Ааваас нь хойш энэ бид хоёр бие биенээ л түшиж хорвоог туулж байна. Эр хүн дөч хүрлээ гээд хөгширсөн гэсэн үг биш. Ханьтай л болоосой доо” гэх зэргээр өөрийг нь тойрох орчлонгийн жамын талаар бодсоор нэг мэдэхэд унтаж орхиж.

Хиншүү ханхийн хамар цоргиж Бадам сэрвэл хүү нь аль эрт сэрээд өөрөө өглөөний цай хоол бэлдэж идчихээд ажил өөдөө явах гэж байлаа. “Миний хүү ээжийгээ сэрээхгүй дээ. Ээж нь нам унтчихаж хэмээн Бадамыг хэлэхэд хүү нь “Зүгээр шүү дээ ээж. Би ямар жаахан хүүхэд биш. Та ч намайг эрхлүүлсээр би ч сахалтай өвөө болох нь байна шүү дээ” гэж инээсээр хувцсаа өмсөөд яг гарах гэж байснаа: “Ээж ээ хүү нь орой нэг их оройтохгүй ээ. Гэхдээ зочинтой ирнэ” гэж хэлчихээд гарах нь “Миний ээж орой сайхан хоол хийж байгаарай” гэсэн үг шиг Бадамд санагдлаа. Өглөө гарахдаа хэлсэн хүүгийнх нь үг Бадамыг бараг л өдөржин хөвсөлзүүллээ. Өмнө нь хэзээ ч ингэж байгаагүй болохоор хүү нь нэг бүсгүй дагуулаад юу юугүй ороод ирэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж, гэрээ цэвэрлэж, гараа гарган байж сайхан цай чанаж, тогоон дээрээ хоол үйлээ. Газар дээр ганц хүү нь эхнэртэй болчихвол Бадамын сэтгэл ёстой нэг бялхах гээд байлаа. “Гэртээ орж ирээгүй байхад нь шууд эхнэр болгох нь ээ, би ч их яарч байгаа юм байна. Яарахгүй гээд ч яах билээ. Харин хүүд минь сайн хань болж байвал би яах вэ …” гэж өөр зуураа түмэн зураг зурж, мянган аялгуу эгшиглүүлсээр байтал ажил тарах цаг аль эрт болжээ. Удалгүй хүү нь зэгзийсэн нуруулаг, том алаг нүд эргэлдүүлсэн залуухан бүсгүй дагуулсаар ирлээ. Бүсгүйн нас 30 хүрч байгаа байх гэж Бадам бодож амжив. Яриа хөөрөө төлөв тэр бүсгүй цай хоол идэж ч шальсангүй. Тэгсхийгээд хүү нь бүсгүйг дагуулан өрөөндөө орлоо.

Зулаа бүсгүй тэднийхээр хаа нэг ирэхдээ Бадамтай мэндлээд өнгөрөхөөс цаашгүй байсаар гурван сар орчим болов. Зулаатай учирдаг болсноос хойш хүү нь ээжтэйгээ ярьж хөөрөх нь ч багасаад байх шиг санагдаж заримдаа Бадам Зулаагаас хүүгээ битүүдээ “харамлаад” буй мэт санагдана. Гэхдээ л хүүгээ ханьтай болох гэж буйд баярлана. Нэг орой хүүтэйгээ зориуд яриа өдөж Зулаагийн тухай зориглон байж асуув. “Хүү минь энэ Зулаа аль нутгийн хүүхэд вэ. Ямар жилтэй юм. Миний хүү хаана яаж яваад танилцав, Эцэг эх нь хаанахын улс вэ” гэх зэргээр хүүгээ асуултыг нь дуусгалгүй гараад явчих вий гэсэн шиг ар араас нь асуултаар булав. Бид хамт ажилладаг юм аа. Угаасаа л хотын хүүхэд гэсэн. Аав ээж нь дипломат алба хашиж байгаад тэтгэвэртээ суусан сайхан хөгшчүүд байдаг юм. Ээж минь та харин бэр гуйхад бэлэн үү гэсээр хүүгээ инээмсэглэхэд “Ийм хурдан уу” гэж Бадам өөрийн эрхгүй дуу алдлаа. – Тийм ээ ээж ээ, би тантай саяхан танилцуулсан болохоос бид чинь гурван жил ойр дотно явлаа. – Тийм үү, миний хүү чинь ээждээ яасан хожуу дуулгаж байх юм бэ дээ? Яана аа тэгээд. Ээж нь гэх ганц авгайгаас өөр ах дүүгүй миний муу хүү. Ийм өдөр ирнэ гэж бодож байсан ч бэр гуйна гэхээр бас ч гэж сандарч байна шүү ээж нь. Ингэхэд Зулаа маань ямар жилтэй хүүхэд вэ? – Хүүгээ ууучлаарай, жаахан харзнаж байж хэлье гэсээр өдий хүрчихлээ. Зулаа маань могойтой юм билээ. – Өө миний хүүтэй ивээл юм байна. Харин миний хүүгээс нэлээд дүү юм байна. – За ээж та болиорой. Ямар үе мултарчихсан биш.

Мултарсан байсан ч яадаг юм гэж хэлэхдээ хачин их баясгалантайгаар инээгээд ингээд ээж минь та хадам ээж боллоо доо. Та нөгөө мэргэн түргэн гээд байсан лам руугаа очиж өдөр судар асуугаад хэдийд очиж гуйж болох нь вэ мэдээдхээрэй. Тэгээд хоёулаа л очно доо. Өөр хэнийг гуйх вэ дээ. – Яана аа, ээж нь бүр тэвдээд өвдөг чичрээд байна шүү дээ. – Яахав ээ, ээж ээ одоо тайвшир. Хүний отгон охиныг гуйхаас аргагүй. Ээж нь бол хуримтай л гаргана гэж хэлсэн гэсэн. Манай Зулаа “Хуримаар яах юм, хөгшин юмнууд байж” гээд байгаа. Ямартаа ч гуйя. Тэгээд Зулаагаа нэг мөр гэртээ авчирахаас. – Хүүгээ гэрлэхгүй оройтох нь гээд байсан чинь яг гэрлэдэг дээр тулахаар арай ч хурдан юм шиг санагдчихлаа гэж Бадамыг хэлэхэд хүү нь “Харин тийм ээ. Жаахан түргэлэхгүй бол Зулаа маань бие давхар болсон. Та бас удахгүй эмээ болох гэж байгаа” гэж хүүгээ хэлэхэд Бадам балмагдсандаа хий л ам нь ангалзаж байснаа сандал дээр лагхийн сууж нүүрээ даран уйллаа. Энэ бол ёстой бөөн бөөн баярын нулимс байлаа. Зулааг ирснээс хойш энэ айл ёстой л нэг дутуу нь бүрдэж дундуур нь дүүрсэн үү гэлтэй боллоо. Нэг өглөө Зулаа усанд орчихоод нимгэн пансан өмсгөлтэй гэрч ирээд Бадамд хандан: – Ээж ээ та усанд орооч. Ойрд халуун усгүй байсан чинь бараг л өтөх шахаж гэснээ бие амраад нэг их сайхан болчихлоо. Би ванн угаачихсан. Та усанд ор ор гээд эргэхэд түүний зүүн далан дээр дусал мэт цуварсан гурван мэнгэ харагдлаа. Бадам “Үгүй байлгүй дээ” хэмээн өөрийн эрхгүй хэлэхэд Зулаа: – Аан гэсээр эргэхэд Бадам: – Өө ээж нь энэ үзэж буй кинондоо орох нь гэж хэлээд буйдан дээрээ лагхийн суулаа.

Зулаа ч өрөө рүүгээ явав. Яг саяын дусал шиг цувраа гурван мэнгэтэй ижил бас л гурван мэнгэ Зулаагийн зүүн чихний гэдэсний харалдаа яг ард нь байсныг анх хараад Бадам бас дотроо ийн дуу алдсан. Гэсэн ч “Үгүй байлгүй дээ” гэж сэтгэлдээ хэлээд өөрөөсөө ч нуусаар гучин гурван жилийг үдсэн хар дарсан бодлоо дахин сэргээхийг хүсээгүй. Гэтэл тэр өнөөдөр “Үнэнээс нуугдах аргагүй” хэмээн хэлэх ээжийнхээ дууг сонсох шиг. Одоогоос олон жилийн өмнө Бадам хүсээгүй хүнээсээ охин үр тээж төрүүлсэн ч тавхан хоногтоо түүнийгээ гудманд орхисон юм. “Залуу насны минь алдаа байсан” хэмээн тэр өөрийгөө зөвтгөж хэдэн жил орчлонд орь ганцаар мэт гүйж яваад хүүгийнхээ аавтай танилцаж ханилсан юм. Сургуульд орох дөхсөн жаахан хүүтэй гэдгээ Бадамд нуулгүй хэлж, ээжээс нь албан ёсоор гуйж авсан нөхөртөө тэр үр хүүхэд төрүүлж өгч чадсангүй. Хаа нэг гэртээ очиход ээж нь “Хөөрхөн охин үрээ хээр хаясны л гор байхдаа. Ээждээ авчираад өгсөн бол ээж нь өсгөөд л өгөх байсан шүү дээ” гэхэд Бадам “За та дуугүй л байгаарай. Миний амьдралаар тоглох гээгүй бол” гээд ээжийнхээ дууг тас хориход нь ээж нь “Үнэнээс нуугдах аргагүй дээ” гэсээр толгой сэгсэрдэг байсансан. Ханьтайгаа хорь шахам жил амьдрахад тэднийх бүл нэмсэнгүй. Ээжийнх нь хэлсэн үг Бадамд бодогдохгүй байсан гэвэл худлаа. Харин хэзээ ч хэнд ч тэр тухай хэлж байсангүй. Үхэхдээ л өөртэйгөө авч буцна гэж боддог байв. Хөхөнд нь ямар ч сүүгүй Бадам шөнөжин уйлагнах охиноо харан элдвийг бодож суусаар дөнгөж гэгээ гармагц охиноо өлгийгөөр нь ороож тэврэн байдаг айлаасаа гарлаа. Гадаа хүйтэн гэж жигтэйхэн. Хаа хамаагүй газар тавьчихвал хөлдөөд үхчих байх. Айл бараадуулъя гэсээр ойролцоох байрны захын орцонд орж хамгийн дээд давхарт нь охиноо орхиод шууд гарч гүйсээр аймаг явах унаанд сууж ээж рүүгээ очжээ.

Охиныгоо хөхүүлэх гэхэд сүү гарахгүй байсан хөх нь хагарах нь уу гэлтэй чинэрэн өвдөхөд аргагүй эрхэнд ээждээ бүх үнэнээ хэлжээ. Ээж нь дуу алдан бахирч “Одоо явж олж ир. Тэр чинь нохойн гөлөг үү. Яасан хэрцгий хүүхэн бэ” хэмээн Бадамыг явуулах гэсэн боловч Бадам гүрийсээр хаврыг хүргэжээ. Энэ зуур өөр дээрээ тавхан хоног байлгасан охиныхоо бүхий л хөл гарыг эргүүлж тойруулан үзэхэд чихний нь ард, бас зүрхэн талын далан дээр нь дусал мэт гурав гурван мэнгэ, бас баруун хөлийнх нь чигчий ядам хурууны нь голд тийм дусал шиг ганц мэнгэ байсныг огт мартдаггүй. Тэр охиныхоо царайг санадаггүй ч дусал мэт долоон мэнгийг мартдаггүй. “Тээр жил хээр орхисон охин нь мөн бол” гэсэн нэгэн бодлын баяр, нөгөө бодлын түгшүүр Бадамыг ороосоор. Тэр гэхдээ батлахыг хүсч байлаа. Ойрноос Зулаа хөл хавагнаад байна гэх болсон нь Бадамын санаагаа гүйцэлдүүлэхэд дөхөм болов. – Миний охины хөл хавагнаад л байна уу ? – Харин тийм ээ, ээж – Ээж нь харъя даа гэсээр Зулаагийн өмнө суухдаа Бадамын өвдөг чичирч байлаа. Тэрээр Зулаагийн оймсыг тайлан хамгийн түрүүнд баруун хөлийг нь үзэхэд яг өнөө мэнгэ “Та санаж байна уу” гэх шиг харагдах нь тэр. Бадам өөрийн эрхгүй Зулаагийн хөлийг, яг тэр мэнгийг үнсэхэд Зулаа сандарч, – Ээж ээ, та яаж байгаам бэ гэсээр инээхэд Бадам нүдэндээ мэлтэгнэх нулимсыг цийлэлзүүлэн инээлээ. Энэ үед хаалга онгойн хүү нь орж ирсэнээ: – Манай хоёр бөөн дуу шуу болчихсон сууж байх чинь ээ гэснээ хүүе, та хоёр чинь инээхээрээ ямар адилхан юм бэ гэлээ…

One thought on ““ТӨӨРӨГ” ӨГҮҮЛЛЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!