“СОРВИ” ӨГҮҮЛЛЭГ

“СОРВИ” ӨГҮҮЛЛЭГ

-Өвөө чинь бас л гадаа гараад суучихлаа. Оруулж ирээч. Хар чийгэнд цохиулчихна даа хэмээн сувилагч бүсгүй намжиртайгаар хэлээд хаалга хаалаа. Сүхээ уншиж байсан номоо дурамжхан орхиж, цонхоор харав. Өвөө нь өнөөх л газраа, унах гэж байгаа юм шиг хөглийх өндөр хөх уулын орой ширтэн, ганцаараа сууж байлаа. Сүхээ наашаа явна гэж зүтгэсээр хэдэн мянган бээр туулж ирчихээд харанхуй болохоор л хад чулуу ширтээд суучих юм. Зөнөнө гэж үүнийг л хэлдэг байхдаа хэмээн бодсоор гарлаа. Их хотын шуугиант амьдралд дассан хорь гаруйхан настай залуу хөх уулсаар хүрээлэгдсэн хөдөө буйд жижигхэн сувилалын газар, өвөөгийнхөө аясыг дагаж байсаар үнэндээ залхаж байлаа. Сүхээ өвгөний дэргэд очиж уйдаж байгаагаа илтгэн -Ёоох уйтгартай газар юмаа хэмээн сунжруулан хэлээд бүх биеэ чангалан суниав. Очир өвгөн ач хүү рүүгээ удаан харсан хэрнээ юу ч хэсэнгүй. Өвөөгийнхөө зожиг занг мэдэх Сүхээ сандал авчиран дэргэд нь хэсэг чимээгүй сууснаа -Та өрөөндөө орж амраач. Энэ сувлилын хүүхнүүд “Хар чийгэнд цохиулаад хамаг эмчилгээний үр дүн баллаад хаячихлаа гэж дургүйцээд байна” хэмээн хэлбэл өвгөн инээмсэглэж -Надад өвдөж зовоод байгаа юм алгаа хүү минь. Удаан ирээгүй нутаг орондоо ирэх сайхан л байна. Ингэхэд өнөөдөр чинь шинийн хэдэн билээ. Өвөөгийнхөө цаг тооны бичгийг аваад ирээч гэв. Сүхээ “Дахиад л өнөөх улиг болсон сар шинээ яриад эхэллээ” хэмээн бодсоор -Өчигдөр л та шинийн 14 байна гээд байсан биз дээ гэвэл Очир өвгөн ач хүү рүүгээ янз муутайхан харж -Монгол цаг тоолол нарийн. Зарим сард өдөр хоног давхцдаг, зарим сард бүр байхгүй байдаг юм гэвэл Сүхээ -Хачин тэнэг тоолол байна даа.

Өдөр хоног яахаараа алга болдог юм хэмээн ундууцсаар өрөөндөө орлоо. Сүхээ өрөөндөө орж, цаг тооны бичгийг нь авчирвал өвгөн түрүүчийн адил хөдөлгөөнгүй суусан хэвээрээ. Тэнгэр ширтэн “Өнөөдөр ч яах аргагүй шинийн 15 юмаа” хэмээн ганцаараа ярьж байв.-Ингэхэд та шинийн 15 болохоор яах гээд байгаа юм хэмээн Сүхээ залхсан шинжтэй асуувал -Од харнаа гэснээ бас л дуугаа хураав. Залуу “Энэ зөнөсөн өвгөн мөд унтахгүй нь. Өрөөнд нь оруулах гэж хүлээж суусаар бас л нойргүй хонох юм байна л даа” гэж бодох зуур -Хаанаас ч од харж болно шүү. Та тэгээд од гарахыг хүлээгээд л суугаад байх уу хэмээн уцаартай хэлвэл Очир өвгөн нэг их санаа алдснаа -Хөөрхий дөө намайг нэг хүн энд дөчин жил хүлээсэн юм гэнэлээ. Өвөө нь дөрвөн цаг хүлээж болох л байлгүй гэснээ чимээ тасрав. Саяхан л нойрмоглож байсан залууг өвгөний хэлсэн хэдэн үг илт сэргээж Сүхээ өвөөгийнхөө яриаг чагнаж, цаг нөхцөөх санаатай сандлаа дэргэд нь аваачиж тавиад тэвчээртэй хүлээлээ. Олон жил гадаадад дипломат ажил эрхлэж, сайн муу хүмүүстэй харьцаж явсаар хэн юу бодож байгааг нүднээс нь шууд л уншдаг болсон Очир өвгөн ач хүү рүүгээ удаан харснаа инээмсэглэж -Залуу ч байж дээ. Хүн аливаа зүйлд тун нухацтай бас элдэв амлалт өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй байдаг юм билээ. Дөчин найман жилийн өмнө энэ сувилал байгаа газарт хүүхдийн зуслан гэж байлаа. Би багшийн сургуулийн хоёрдугаар курссын оюутан дадлага хийхээр ирдэг юм байна. Нэг бүлэг хоёр багштай. Манай ахлах багш надаас хоёрхон насаар эгч, ёстой л гэрэл цацруулсан сайхан бүсгүй байсан юм.

Хонгоо давсан урт шаргал үстэй, гэрэлтсэн зөөлөн цагаан царайтай, өндөр гоолиг биетэй, инээмсэглэхэд хоёр хацар нь хонхойдог, хэзээ ч уурлаж, уцаарладаггүй бусдын хайр татсан бүсгүй байж билээ. Анх танилцсан өдрөө л тэр бүсгүйд сэтгэл алдарсан даа. Өнөөх хүүхэд сургах гэж ирсэн хүн чинь хүүхэн хараад өөрөө яг л хүүхэд шиг болчихсон, Оюунааг хаа явсан газар л дагаж явна. Ахлах багш нар намайг шоолж, “Чи дадлага хийх гэж ирсэн юм уу? Авгай авах гэж ирсэн юм уу” гээд л инээцгээдэг байж билээ гэснээ дуу нь чангараад ирэв. Залуу насны дурсамж нь уйтгартай, бас зожиг өвгөнийг ч хөгжөөж байгаа нь илт. Сүхээ -Тэр бүсгүй танд сайн байсан уу? хэмээн инээмсэглэн асуувал Очир өвгөн -Сайн байсаан. Сайхан хүний амьдралыг би л үрчихсэн хүн дээ. Оюунаа маань үнэхээр хүн хүний хайр татсан сайхан бүсгүй байсан юм. Эндэхийн эр ганц бүхий л залуус түүнд маань сайн. Оюунааг хотын сургуулийн дадлагын оюутантай сүжрээд байна гэж сонссон залуучууд нэг орой сумын бүжиг тарсны дараа бөөнөөрөө зуслан дээр ирдэг юм байна. Холын хүнд нутаг усныхаа сайхан бүсгүйг алдчихна гэж айсан юм байлгүй. Хэрэндээ л цөс нь хөөрчихсөн ирцгээсэн хэрэг. Архи ууж халамцсан залуучуудаас нэг нь ундааны шилээр толгойг минь хага цохичихож билээ. Оюунаа цусыг минь арчиж, цагдаа, сэргийлэх дуудна гэж сандраад л… Би гэж дайнд ялаад ирсэн баатар шиг л том хүн. Оюунаагаар халамжлуулаад л… Тэр үдшээс хойш бид улам бүр дотно болсон байх. Орой хүүхдүүд унтсаны дараа бид хоёр өдөр болгон энд ирж сууна. Хавийн юм хамж шимээд л ярьцгаана.

Ёстой л зүү орохын зайгүй ижилдэж дассан байсан. Дадлагын хугацаа ч дууслаа. Буцах ч боллоо. Хамгийн сүүлд бид хоёр энд уулзсан юм. Торойх ганц ч үүлгүй зуны шөнө арван тавны сар яг л сүү асгачихсан юм шиг тунгалаг гэрэл цацруулж, Оюунаа маань тэнгэр ширтээд л чив чимээгүй сууж байсан. Сайхан төрсөн хүний үр сэтгэлд хайр цацруулж, өөрүү залуу насны ааг миний цээжийг хөвсөлзүүлж байлаа. Хүмүүс царайны сайхнаар цай сүлэхгүй гэж ярьдаг. Гэхдээ сайхан хүн сэтгэл сүлж байдаг юм шүү дээ. Тэр үдэш Эрчмийн нурууны шовх оргилын чанх орой дээр гялалзах тодоос тод хоёр одыг зааж -Оюунаа энэ чи бид хоёрын од. Намайг эргэж иртэл энэ хоёр одыг харж байгаарай. Энэ хоёр од салсан цагт чи бид хоёр сална гэж амлаж билээ. Оюунаа маань гунигтайхан инээмсэглэж -Чи ч эргэж ирэхгүй байлгүй гэхэд нь -Эргэж ирнээ, энэ хоёр од Эрчмийн нуруун дээр гялалзаж байгаа цагт заавал эргэж ирнэ. Харин чи намайг заавал хүлээгээрэй гэж хэлсэн юм гэснээ өвгөн чимээгүй болов. Сүхээ тэсгэл алдаж -Та тэгээд эргэж ирсэн үү гэвэл Очир өвгөн санаа алдснаа -Залуу ч байж дээ. Сургуулиа төгсгөлгүй хойшоо сургуульд явсан. Олон улсын харилцааны дээдэд хувиарлагдсан юм. Тэр зун ундааны шилээр цохиулаад духан дээрээ том улаан сорвитой болчихсон.

Тэр сорвийг арилгах гэж мөнч их зовсондоо. Сорви ч яахав арилсан. Харин Оюунаагийн сэтгэлд л би том сорив үлдээсэн юм билээ. Дөчин найман жилийн өмнө хүлээгээрэй гэж хэлчихээд явсан. Хөөрхий минь намайг дөчин жил хүлээсэн байх. Тэр сайхан бүсгүй хүнтэй ч суугаагүй. Зунд нь хүүхдийн зуслан дээр ажиллаж, олон жил ганцаараа явсаар найман жилийн өмнө өөд болсон гэсэн гэснээ нүдээ нухлав. Сүхээгийн сэтгэлд нэг л том юм хураад ирлээ. -Та тэгээд дөчин найман жилийн дараа ирж байгаа юм уу? гэхэд өвгөн юу ч хэлсэнгүй. Зуны адаг сарын шинийн арван тавны сар сүүн гэрэл цацруулсаар мандаж, Эрчмийн хөглөгөр хөх уулсын оройд одод тодорч эхэллээ. Шөнийн нам гүмийг эвдэн хаа нэгтээ нохой хуцах чимээ сонсогдоно. Очир өвгөн чимээгүй сууж байснаа гэнэтхэн “Яг мөн байна. Чи хар даа. Яг Эрчмийн нурууны чанх дээд талд хоёр хос од байгаа. Би энэ одыг Москвагийн улаан талбай, Хятадын Цагаан хэрэм, Америкийн эрх чөлөөний хөшөөний дэргэдээс олж харах гээд чадаагүй юм. Арван тавны сар мандах, нар жаргах цаг хоёр яг зэрэгцдэг юм. Хоёр уулын үзүүрээс бараа бараагаа хараад л салдаг. Яг түүн шиг ховорхон сайхан учрал хүний амьдралд цөөхөн тохиодог юм гэснээ дахиад л санаа алдав. Захгүй мэт хөглийх Эрчмийн цэнхэр уулсын дээр бүртийх үүлгүй гүн харанхуйг гийгүүлэх хоёр од өвгөн Очирыг дооглох мэт анивчиж байгааг Сүхээ олж харлаа. Харин өвгөний духан дээрх нарийн цагаан зураас улам бүр тодорч байх шиг түүнд санагдав. Очир эргэж иржээ. Гэхдээ дөчин найман жилийн дараа эргэж ирснийг тэр мэдсэн болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!