“ОДОО Л ЭНЭ ГЭРЭЭС ЯВАХГҮЙ БОЛ, ХЭЗЭЭ Ч БИШ” БОДИТ АМЬДРАЛААС

“ОДОО Л ЭНЭ ГЭРЭЭС ЯВАХГҮЙ БОЛ, ХЭЗЭЭ Ч БИШ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Амьдралд жаргал зовлон ээлжилдэг гээд л ярьдаг. Мэдэхгүй би хаана нь жаргалаа гэж хааяа боддог юм. 10 жилдээ онц сурлагатан, ангийн дарга багш нарын хайртай шавь байлаа. Би бүх зүйлийг хийж үзэж, сонирхож, бас маш олон найзтай байхыг эрхэмлэдэг үнэхээр хамт олонч зарим хүний хэлдгээр хэнээтэй охин явлаа. Сургуулиа төгслөө. Их сургууль хүсч байсан ангидаа орсоон. Надад оюутны амьдрал бүүр ч их таалагдаж байсан. Учир нь 10 жилдээ ээж аавыхаа хараан доор би сургууль дээр оройн цагаар л ажилгүй бол огт гардаггүй бахархалт охин нь байсан учраас. Оюутан болж найз охинтойгоо хажуу өрөө түрээслэн аж төрж эхлэв. Удалгүй сургуулийнхаа хамгийн дажгүй залуутай үeрхэж эхлэв. Тэр хичээлийнхээ хажуугаар оройн цагаар бармeн хийдэг байсан. Би түүнд халамжтай, хайртай гэдгээ нотлохыг дандаа оролддог байлаа. Орой хоол хийгээд очно, өглөө сургууль дээрээ хувцасыг нь угаагаад индүүдээд аваад очно, байсхийгээд л хайртай гэдэг хачин урт захиа энд тэнд нь нууж уншиж байгааг нь харах дуртай байсан. Бид хоёр олон хүний анхаарал татсан хосууд байсан. Би энэ бол миний насны хайр минь гэж итгэдэг учраас өвлийн амралтаар түүнийг гэртээ дагуулаад очиж байлаа. Аавд минь тэр таалагдаагүй. Аав минь за охин минь нүдрүү эгцэлж харж чадахгүй дэрчгэр хүү байна даа. Арай яараад байгаа юм биш биз гэж билээ. Би тоогоогүй л дээ. Хотод ирээд түүний гэрт байдаг боллоо. Өдөр сургуулиас хамт ирээд тэр ажилдаа явж би үлддэг. Би хадам ээжээрээ элдвийн зүйл хийлгэхгүйн тулд ажилсаг, нийтэч хамгийн сайн бэр охин болох гэж анхнаасаа сайн харилцаа тогтоох гэж маш их хичээдэг байлаа.

Ихэнх орой ганцаараа түүний өрөөнд сууж байдаг, өглөө л уулздаг байв. Гэсэн ч хайр хэвээрээ, би маш аз жаргалтай байсаар. Би 3-р курсийн намар жирэмсэн болов. Мэдсэн өдрөө л маш их догдолж хайртай хүндээ хэлэхээр ажилруу нь гүйж очсон. Ажлынхаа бүх хүний дэргэд намайг өргөөд хайртай шүү, ээж болох гэж байгаа миний хайр, би аав болох боллоо гээд л бүгд баяр хүргээд л… Ёстой л юм үзээгүй мэт 3 сартайгаас нь хүүхэддээ хувцас, гутал, гоё ор гээд л олдсон мөнгөөрөө авч өгсөөн. Би сургуулиа орхихоор шийдсэн. Надад ээж байх нь илүү таалагдаж байсан. Би бүр бараг хавь ойрын бүх хүнд л өөрөө залгаж бид аав ээж болж байгаа гээд л ярьдаг байв. Нэг орой тэр гэртээ ирж хоносонгүй. Би шөнөжин хүлээж унталгүй өглөө болгоод нар мандангуут алхаад ажил дээр нь очлоо. Ажлынх нь зарим залуус хааж байгаад өөрсдөө ууж идээд үлдэж хонодог гэдэг учраас байж магадгүй гэж бодлоо. Яваад ортол үнэхээр уужээ. Манай хүн шал согтуу буйдан дээр унтаж байв. Би гэхдээ эээ уучихсан тэгээд л тасраад харьж чадаагүй юм байна гээд л өөрийгөө тайвшруулчихдаг хүн байсан юм. Очиж сэрээгээд аваад явлаа. Хариад хоол хийж өгөөд идүүлэх санаатай суухдаа хүзүү хоолой нь авах юмгүй шимүүлж улайсан байгааг олж харсан. Уйлж, орилж загнаж цохиж эхлэв. Үнэхээр их гомдож одоохон намайг тэврээд тайвшруулаад худлаа ч хамаагүй хэлээсэй, аягүй бол өмнө минь өвдөг сөгдөх байх гэж бодож уйлж байхад гэнэт намайг тас хийтэл алгадаж орхисон. Би шоконд ороод бүр итгээгүй хацраа барьж түүнрүү нүдээрээ асууж гайхан зогсох хооронд тэр намайг өшиглөж унагасан. Би анх удаа хайртай хүндээ зoдуулж үзлээ. Би хэдэн өдөр л орондоо уйлав. Өнөөх нийгмийн идэвхтэй, олон найзтай мундаг охиныг эхнээсээ бүгд мартжээ. Би ч мартаасай гэсэн мэт өөрөө бүгж, ганцхан хүнийг сонгож. Хэдэн өдөр уйлсны дараа гэнэт хэвлийгээр хатгуулж гэнэт олдсон үр минь гэнэтхэн л яваад өгөв.

Зyлбаж, цус алдаад нэлээн сульдаж эмнэлэгт хэвтсэн. Нөхөр ажлаасаа чөлөө аван сахив. Би аль хэдийн уучилсан, мэдэхгүй дахиад л хайрлаад эхэлсэн байлаа. Эмнэлэгт асраад л, гар бариад л, дуу дуулж унтуулаад л. Гэнэн би тэгээд л мартаж орхисон. Эргээд л нөгөө аз жаргалтай охин. Хичээлдээ эргэж оролгүй ажил хийхээр шийдээд байж байтал дахин жирэмсэн болсоноо мэдэв. Энэ удаа бүгд бүгдээрээ баярлаж, надад маш их анхаарал тавьж байв. Би жирэмсний 5 сар хүртлээ хамгийн их инээж, аз жаргалтай байлаа. 5 сартай байхад хадам ээж гэнэт өөд болов. Бид хоёр буяны ажил дуусгаад хэсэг хөдөө манайд очиж сэтгэл санаагаа сэргээлээ. Хотод ирээд нөхөр маань ажлаасаа гарч ямар ч ажил хийхгүй баймаар байна гэж уурлаад, шаналсан сэтгэл нэртэй орой бүр пиво ууж заримдаа хоногоор алга болох болов. Хурааж хуримтлуулсан юмгүй хоёр чинь төд удалгүй модоо барьж, тог цахилгаанаа ч төлж дийлэхээ болив. Би ажил хайлаа. Хэн намайг авахав дээ, удахгүй төрөх хүнийг. Таньдаг хүнийхээ гэр ахуйн барааны дэлгүүрт худалдагчаар орлоо. Төрөн төртлөө тонус өгөн байж ажил хийлээ. Цалин маань надад тог, байр, ус дулаан хоолны матeриал болон хөргөгчинд ороод дуусч байв. Би идмээр санагдсан жимсээ авч идээ чадалгүй түр зуур сэтгэлээр унасан нөхрөө аргадан явсаар төрлөө. Төрсөний дараа ээж минь 14 хоног асарч өгөөд буцав. Овоо хүн шиг болжээ.Нөхөр ажил хайж нэг ажилд орлоо. Би ажилд орсон нь л сайн хэрэг гэж бодоод өөрөө махаа хөшиглөж, усанд гараа дүрж гэрийн ажлаа дааж авсан юм. Үнэндээ эргээд бодоод үзэхэд хүүхдийнхээ суудаг болох, бор хоолонд орох, юм түшээд алхдаг болох, анхны алхмаа хийх, ээжээ ааваа гэх авиаг нь гарахад гээд бүх цагт би л ганцаараа байлаа.

Охиноо нэг настай болсны дараа эргээд харахад нэг жилийн туршид би байдгаасаа царай алдаж, хэрзийтлээ турж, харлаж, дэлгүүр гарахыг тооцохгүй бол гадагшаа гарсан тохиолдол байхгүй, осолдолгүй цагаан сар, хүүхдийн баяр наадам гурваар гэр бүлээрээ хамт гарж чаджээ. Надад нүүрээ будъя гэсэн ч олигтой крем байхгүй, сормуусны будаг үгүй, байгаагаас тос, хэдэн дууссан багс тенн л байж билээ. Дууссан сормуусны будгаа шүлсээрээ норгон будаж тогтоогоод хүүхдийнхээ вакциныг хийлгэхээр явж байлаа. Энэ хугацаанд аав гэх нэр зүүсэн хэдий ч хүүхэдтэйгээ нэг ч хоног бүтэн амарч, тоглож ганц ч удаа бүүвэйлж унтуулж үзээгүй байв. Олж ирсэн мөнгөө хоол хүнс, хүүхдийн хэрэглээ сүү тараг гээд надад дундаас нь өөртөө илүүчлээд ганц лeвчик, ганц өмд авах мөнгө ч илүү гардаггүй байлаа.Түүгээр ч зогсохгүй хоногоор алга боллоо гэж хэрүүл хийж, үглэж хашгирсаныхаа төлөө 3, 4 удаа зoдуулж нэгэн дээр нь бүүр охинтойгоо хамт газар унасан байлаа. Зoдoх юм уу, маш их уйлуулж дарамталж гомдоосныхоо дараа уучлалт гуйж амттай дуртай юмыг маань авч ирнэ, гэнэт цэцэг өгнө, гарч найзуудтайгаа уулз за хайраа гээд мөнгө үлдээнэ. Хамгийн тэнэг нь өнөөх цэцэг, амттан , найзуудтайгаа уулз гэсэн үгэнд нь уяраад л уучилж орхино. Гуравхан хоногийн ууртай л гэрийн авгай болсон байлаа. Ангийн найзууд бүгд төгсөөд эхнээсээ ажилд орсон байв. Зарим нь гэр бүл зохиосон ч над шиг гэрийн авгай алга байв. Бүгд л нөхөртэйгээ хамт гарч ордог, кино үзвэр агаар салхинд гардаг эрх тэгш сайхан хайрлалцаад л… Би за яахав удахгүй охиноо хоёр нас хүрэхээр цэцэрлэгт өгөөд ажилд ороод, цэмбийгээд гоё болноо миний хань ганцаараа ажил хийж байгаа учраас стресстэй байгаа гээд л өөрийгөө тайвшруулна.

Хоол л сайн хийж сурсан байлаа. Сайн гэрийн эзэгтэй хоол сайн хийдэг байх ёстой гэдэг. Гэхдээ үгүй ээ. Сайн гэрийн эзэгтэй өөртөө хайртай байх ёстой, тэгж байж гэр бүл аз жаргалтай эхнэр инээмсэглэж нөхөртөө хайрлуулж гомдол тээлгүй амьдрах юм шиг. Тэгж байтал за чи ажил хийхнүү гэсэн шиг охин минь ой 9 сар хүрч байхад би дахиад жирэмсэн болжээ. Улам л ядарч сульдсаар. Нөхөр шууд л гаргана, 2 хүүхэд хамгийн зөв, одоо л гэр бүл маань амьдрал дээшилнэ гэлээ. Би дахиад л гэртээ сууж орхив. Дахиад жирэмсэн ганцаараа хяналтаа өгч, дэлгүүр хоршоо цэцэрлэг ганцаараа явж … Хамгийн сүүлд өөрөө худалдагч байхдаа л кино үзсэнээс хойш хоёр жил гаран кино үзэхээр гарсангүй, хувцас авахаар дэлгүүр орсонгүй. Зодуулж бүр хөөгдөж, боолгож үзсэн. Гэхдээ л араас нь уучлалт гуйх арга нь нарийн, заль мэх өндөр би үргэлж хууртана, гунигтай нүдээр хайраа уучлаарай ханиа гээд цэцэг жимс болонгуут нь уучилж орхино. Ингээд хүү минь төрлөө. Хүүгээ дөрөвхөн сартай байхад маш удаан араараа тавиулж, зүгээр л хажууд минь утсаараа өөр бүсгүйтэй эрхлэлдэн чаталдаг, уулздаг түүндээ надад байтугай хүү охин хоёртоо зориулаагүй тэр их хайр, цаг завыг зориулдаг байсныг мэдээд, мэдлээ гэж утас шалгалаа, нууцаар үзлээ гэж дахин нэг зoдуулж аваад сая л ухаан орж билээ. Би зогсох ёстой юм байна. 1-р курсийн годгор охин байхаасаа эхлээд энэ хүнийг сонгож хайрлаж итгэж халуун залуу насаа үрж, өөрийгөө хөсөр хаян хэн ч биш болтлоо 7 жил амьдралаа үржээ. Би уйлаагүй зүгээр л өнгөрсөн бүх амьдралаа бодлоо. Хайр гэж хүлээх, халамжлах, илүү их асрах, итгэх, уучлах биш юм байна гэдгийг ойлгов. Хайр гэж хамтдаа дурсамж бүтээж нэгнийхээ орон зайд тэмүүлэх, нэгнийгээ хүндлэх юм байна гэдгийг хоёр хүүхдийн ээж болсон хойноо ойлгоод тэр гэрээс явлаа. Салах хэцүү биш байлаа. Гэрлэлтийн баталгаа ч байгаагүй юм чинь.

Хойноос өнөөх гуйдгаараа гуйлаа. Намайг дороо уучилж, эргээд л инээгээд хайраа гээд итгээд уучлаад сурчихсан учир яг л олн жилийн сурсан зангаараа мэддэг аргаар уучлалт гуйж байна. Би одоо л биш бол хэзээ ч чи аз жаргалтай амьдахгүй, чи ингээд зогс гэж өөртөө хэлж хэлсэндээ хүрсэн. Түүнийг амьдралаасаа явууллаа. Хоёр хүүхдээ ээж аав дээрээ үлдээж, хаясан сургуулиа 26 настай хөгшин оюутан эргэж төгсөхөөр орж ирэв. Сургуулиа төгсөж сая санаа амарлаа. Солонгос явах боломж олдож 3 сараар яваад ирлээ. Мэдэхгүй миний хувьд амьдралдаа барьж үзсэн хамгийн их мөнгөө өвөртлөөд ирсэн. 3сая 500 мянган төгрөг. Сургалтын төлбөрөө төлөөрэй гээд ээж аав цалингийн зээл аваад өгөхөд л тийм их мөнгө барьж үзэж байснаас хойш. Ирсэн дороо мэргэжлээрээ ажил олж, сая нэг хүн шиг бусад эмэгтэй шиг нийгмийн даатгал төлж, хамт олонтойгоо өдрийн цайндаа орж, орой тараад хүссэн амттангаа аваад идчихдэг болж, цалингаа буухаар хувцас авч итгэл дүүрэн алхаж, хуримтлалдаа мөнгө нэмж, зорилгодоо хүрэхийн тулд дахин хэсэг шүдээ зууж бүсээ чанглах хэрэгтэй амьдарч явна. Гэхдээ маш аз жаргалтай, маш эрх чөлөөтэй, маш тайван, маш өөртөө итгэлтэй амьдарч явна. Удалгүй өөрийн гэсэн жижигхэн орон сууц аваад аав ээжийгээ хоёр бондгор үрээ хажуудаа авчраад тавуулаа сайхан амьдрах болно. Миний зорилго энэ. 3 жил орчмын өмнө тэр нэгэн байрнаас бүхнийг орхиод гарч байсан, тамирын өмднөөс өөр хувцасгүй, ганц мөнгөн бөгжнөөс өөр гялтайх зүйлгүй итгэлгүй, аз жаргалгүй, аймхай, гэнэн, тэнэг, өөртөө хайргүй аз жаргалгүй хоёр хүүхдийн ээж аль хэдийн намайг орхин оджээ. Чиний төлөө чигчий хурууны дайтай сэтгэл гаргахгүй байгаа хүний төлөө үүлний чинээ бараан сүүдрийг нь уучилж, өөрийгөө алдаж аз жаргалаа ханан дунд битгий царцаагаарай гэж захих гэсэн юм. Баярлалаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!