“НЭРИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ ЧИНИЙ ААВААС” БОДИТ АМЬДРАЛААС

“НЭРИЙГ НЬ Ч МЭДЭХГҮЙ ЧИНИЙ ААВААС” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Сайн байна уу миний охин. Миний бяцхан охин сайн сайхан явах шиг аз жаргал, сэтгэл амар унтах шалтгаан гэж байдаггүй юм байна. Тэртээ 22 жилийн өмнө амьдралыг минь гэрэлтүүлж, зүрхийг минь тэнийлгэн аав гэдэг нэрийг бэлэглэж чи минь миний алган дээр ирж билээ. Аав нь тэр оройг мартахгүй. Өглөөнөөс үдэш болтол чамайгаа хүлээж аав нь эмнэлгийн гадаа цамцныхаа захыг мушгин , сандарч тэвдэн хүлээн суусан. Чамайг төрсөн тэр орой яагаад ч юм хорвоо eртөнцийг эргүүлж чадах их зориг, ухаан амтагдаж би ингээд охин үртэй боллоо гэж таарсан хүн бүрт хэлж үсэрч догдолж явсан цаг саяхан мэт. Чиний минь бяцхан хөл, гар миний аманд багтахаар тийм жижигхэн бас хорвоогийн хамгийн тансаг үнэрийг шингээсэн байсансан. Унтаж байгааг чинь хараад ажилдаа ч явахаа мартан хөглөж суудагсан. Аав нь охиныхоо даавууг угааж байхдаа дахин дахин үнэртэж инээмсэглэн угаадаг байсан.

Орос дэлгүүрээс мeтрлэн авсан даавуугаа тэнцүү хэсэг болгон хувааж охиндоо даавууг нь хайчлаж байлаа. Өвөөгийнх нь өгсөн эсгийгээр миний охины зүүдийг бүү хулгайлаг гэж томоос том үнэг хайчлан аав нь өлгийнд нь хавчуулсан. Аав нь чинийхээ хөлд орохыг харж чадаагүй хамгийн азгүй аав. Нүдэнд төсөөлөгдөн, тэнтэр тунтар алхаж байгаа чинийхээ анхны алхамыг дотроо бодон хичнээн шөнө нойргүй тарчилсанг санахгүй байна. Миний бяцхан үр халуурч хэдхэн сартай байхдаа ээж аавыгаа маш их сандаргаж аав нь чамайг өлгийд нь боон эмнэлгийн зүг хар гүйхээрээ очиж билээ. Миний охины нэр бол аавынх нь чамд үлдээсэн цор ганц чамаас хэзээ ч холдохгүй өмч юм. Будаан дотроос миний нэр гарч ирээсэй гэж аав нь дотроо шивнэн хүсэж байсан. Гай таарсан тэр оройн тэр нэг үйл явдал аавыг нь төмөр торны цаана аваачсан. Би чамаасаа холдсон. Хөлд орохыг нь харж чадаагүй, хөөрхөн нүүрийн угааж үсийг нь боож мөрөн дээрээ суулгаад хотоор явахыг хичнээн их хүссэнийг үр минь чи мэдэхгүй.

Охин минь цэцэрлэгт орно, олон хүүхдүүд аавдаа хөтлүүлэн ирнэ тэр үeд миний охин ээжээсээ миний аав хаачсан юм гэж асуувал яана гэж аав нь айж суудаг байлаа. 11 жилийн турш аав нь нэгч хором охиноо бодоогүй дурсаагүй зүүдлээгүй өдөр гэж байхгүй байсан юм шүү. Миний охин аавыгаа хайж байгаа болов уу, намайг асуудаг болов уу, гарч очоод гүйгээд очиход аавыгаа таних болов уу гэж бодож заримдаа зүүдлэн нулимс унаган хонодог байсан. Хамгийн азгүй аав юм даа аав нь… Охиноо хөтлөөд сургуульд оруулж чадсангүй, айлын хүүхдэд шоглуулахад нь өмөөрч хацрыг нь үнссэнгүй, орой шөнө айхад нь ширэглэж нөмөр нөөлгөө дэвсэж чадсангүй дээ. Ээжийг нь ойлгоноо аав нь. Амьдралаа бодоод ирээдүйгээ бодоод л аавыг нь хүлээж чадаагүй байх. Харин охинтойгоо дахин уулзах хэрэггүй гэж хатуу үгтэй захидал хүлээж аваад муу аав нь зүрхээ зүсүүлсэн мэт шаналж төмөр торны цаана яаж ч чадахгүй байгаадаа гомдон уйлж суусан юм шүү. Охиндоо тоглоом авч өгөхсөн, охиндоо хөөрхөн хөлд нь гутлыг нь өмсгөж үдэж өгөхсөн, энэ миний охин гээд хөтлөөд гүйхсэн.

Ааваа гэж дуудуулж үзээгүй ч аав нь охиноо үргэлж дотроо дуудаж миний охион гэж шивнэж явдаг юм шүү. Миний охион. Чамайгаа 12 настайд аав нь муу нэртийнхээс гарч ирсэн. Чамайгаа хамгийн түрүүнд харахыг хүссэн. Бас харсан… Миний бяцхан охин, миний энгэрт үнэгчлэн унтаж байсан миний үр ямар том болсон байсан гээч. Чи минь цүнхээ үүрчихсэн сургуульдаа орж явсан. Аав нь тэр өдөржин сургуулийнх нь гадаа тартал нь хүлээж чамайгаа хөл хөөрцөг болон гүйж гарч ирэн найзуудтайгаа хөөцөлдөн гүйхийг харж суусан. Хичнээн их уйлсаныг би мэдэхгүй. Охин минь гэж очоод тэврээд авахыг л хүсэж байлаа. Харин чи минь тэр үeд хэдийн өөр хүнийг ааваа гэж дуудан тэр хүнд эрхэлж, тэр хүнд үнсүүлж тэр хүний гараас хөтлөн явдаг болсон байсан. Аав нь чинийхээ хэрхэн өсөж байгааг, хэрхэн тоглож хөөрцөглөж байгааг бүгдийг хардаг байсан. Миний амьд явах шалтгаан чи минь л болж байлаа. Анхны дурлал анхны хайр анхны болзоонд нь аав нь зөвлөж суухсан. Бурууг нь засаж, зөвийг нь дэмжиж аав нь үрээ чиглүүлэхсэн. Даанч яав даа. Аав нь ингэж мөрөөддөг байлаа.

Холоос нууцхан харахдаа, ширтэн зогсохдоо миний үргэлжлэл миний үр миний үндэс гэж дотроо өмрөн гундаж ширтдэг байсан юм шүү. Аав нь өвөө болсон. Бас л аав нь эмнэлгийн хашаан дотор холоос харсан. Чамайгаа гарч ирэхэд эвий муу охин минь ядарсан байхдаа, хорвоогийн хатуу зөөлнийг тэгшлэх ээж болоод одоо олон шөнө нойргүй үрээ хөхүүлэн ядрандаа үр минь гэж эвийлэн бодож аав нь зогссон. Аав нь өвөө болсон. Миний охин аавыгаа өвөө болгосон. Хичнээн сайхан. Олон жил холоос охиноо ширтэн зогсохдоо ганцхан зүйл л хүсэж горьдон царайчлан зогссон юм шүү аав нь. Ааваа гээд чангаар дуудан гүйгээд ирэхийг чинь. Үнэндээ яахан тэгэх билээ. Миний үр аавыгаа мэдэх ч үгүй. Одоо миний хайчилсан үнэгийг зээ минь өлгийндөө зүүдэг болов уу ? Аав нь асуумаар санагдах юм аа. Аав нь горьдох юм. Ааваа гэж л дуудуулмаар байх юм. Аав нь охиныгоо өдөр бүр зургийн харж одоо юу хийж байгаа бол, охин минь яаж байгаа бол гэж өр шимшрэн харуулдах юм.

Facebook ач буянаа өгөх юмаа бас. Аав нь одоо чамайгаа холоос харж чадах тэнхэлгүй болсоон. Аав нь гүйгээд очих тамиргүй болсон. Аав нь алсаас харуулдан ширтэн зогсох тэнхээгүй болсон. Нүүрном гэгчээс охиноо харан миний охин гэж дотроо шивнэн сэтгэлээ дүүргэн явна даа. Чамайгаа энэ сайхан группт нэгэн сайхан захиан доор ухаалаг сайхан үгс бичсэн байхыг уншаад охиныгоо эндээс захидал уншдаг юм байна гэж бодсоноор аав нь ингээд захиа бичиж сууна. Миний охин хичнээн ухаантай ээж болоо вэ? Бахархал төрж зүрх баярласан шүү охиндоо. Аав нь үлдсэн насныхаа нэгээхэн хэсэгт амьдралдаа ганцхан удаа Ааваа гэж дуудуулахыг хүсэх юм даа. Алганд минь дэлбээлж ургасан амин үр минь яасан ч том болоов дээ. Аав нь чамайгаа хөтлөн явах аз дутсан хэдий ч бяцхан зээ охиндоо анхны алхамыг нь хийхэд дэмжин түших өвөө нь байхыг л хүсэх юм даа Миний охин үр Миний бяцхан эрдэнэ Хэзээ ч чиний харж байгаагүй, нэрийг нь ч мэдэхгүй чиний ааваас… Улаанбаатар хот 2019.03.11 18.35минут

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!