“НУРАМ” ТУУЖ 1-Р ХЭСЭГ

ТҮМЭНБАЯРЫН БУМ-ЭРДЭНИЙН БҮТЭЭЛ

Суурийн өрөөний хаалгыг тогшвол хариу алга. Зөөлхөн түлхээд шагайтал Суурь хачин ууртай царайтай юм орон дээрээ сууж байна. Намайг харангуутаа харцанд нь гал улалзах мэт болоод хажуудаа байсан аягаа авч шидлээ. Би ч бултах мөртөө ухасхийн очиж, хоёр гарыг нь бугалагаар нь тэврээд авлаа. Хөдөлгөхгүй санаатай. Түүнийг тайвширтал ингэж л байхаас өөр үггүй. Тэгтэл Суурь – Надаар хэд дахин тоглох гэсэн новшнууд вэ? Яахаараа заавал би гэж? хэмээн хахирган хоолойгоор орилоод эхлэв. Тэр үндсэндээ галзуурчээ. – Чи чинь гэнэтхэн юу болоод байгаа юм бэ? – Тавь л даа чи муу. Чи ч гэсэн тэдний нэг. Та нар өөрсдийгөө гэмгүй царайлсан бурхны элч гэж санана уу? Үгүй л байхгүй юу. Та нар намайг тамлаж бах таваа хангахын тулд уван цуван ирээ юу. Чи муу миний бөгсийг ухах гээд л энд тэнд шиншилж явдаг бууны нохой шүү дээ. Үгүй гээч. Тийм биш л юм бол чи яахаараа дандаа ийм үед гэнэтхэн гарч ирдэг юм бэ? Хэл л дээ чи. Чадахгүй ш дээ. Чи бол зүгээр л тaмын гэрч байхгүй юу. Цаад эрлэгийн элч чинь чам шиг эм зантай юмнуудыг боолчилдог юм. Мэдэв үү чи? Тавиач намайг гэж байдгаараа учир замбараагүй орилж миний тэврэлтийг тавиулахыг оролдов. Тэглээ гээд би тэлчлэх зоргоор нь алдчихсангүй. Нилээн ноцолдсоны эцэст түүний хөдөлгөөн нь удааширч, дуу нь суларч, төдөлгүй мөрөө чичигнүүлж эхлэв. Тэр уйлж байлаа. Тийм том хүдэр эр тийм чимээгүйхэн уйлах нь сонин. Түүний мөр чичигнэн чичигнэсээр аажмаар хөдөлгөөнгүй болов. Өмссөн цамц нь чийг дааж, эр хүний хөлсний үнэр эм тариатай холилдон үнэртэнэ.

Хошууч цолтой явсан намайг ахлах дэслэгч болтол цолыг минь бууруулах шийдвэр гаргасан ширүүхэн хурлын дараа би Хурандаагийн өрөөнд номхон зогссоор үлдэв. Нэг бодлын гайхмаар ч юм шиг, нөгөө бодлын гомдмоор эсвэл бүр цөхөрмөөр ч юм шиг санагдана. Хурандаа нуруугаа үүрэн ширээ тойрон алхана. Тэрээр яриагаа эхэлж чадахгүй байгаа бололтой. Тэр гарынхаа шавийг нүдэн дээрээ шийтгүүлэхийг харах эвгүй байсан байх. Учир нь Хурандаа миний эцэг шиг л хүн. Гэлээ гээд надад оногдож байгаа шийтгэлийг зөөллөх гэж оролдоогүй. Оролдох ч үгүй. Угаас тэр аливаад шударга, бурууд ширүүн, шулуун ханддаг зантай. Би сургууль төгсөөд энэ хүний гар дээр ирээд бараг хориод жил болсон учир мэдэлгүй яахав. Харин тэр харамсаж байгаа. Хурандаа санаа алдаад – Чамайг энэ томилгооноос эргэж ирэхдээ хуучнаасаа ч илүү цол авна гэдэгт итгэж байна. Бид чинь ард иргэдийнхээ төлөө амиа ч хайрлахгүй гэж тангараг өргөсөн журамт эрс шүү дээ гэж эцэг хүний хайр шингэсэн эр боргил хоолойгоор хэллээ. Тушаал буурна гэдэг чинь цэргийн хүнд тийм ч аятайхан зүйл биш. Гэхдээ өөрт ирсэн хариуцлагыг үүрэх л хэрэгтэй. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг нь энэ бололтой. Манай салаа зөвхөн ангидаа ч биш улс даяараа алдартай салаа байлаа. Онцгой байдлын алба гэдэг тайван цагийн цэрэг. Ард иргэдийн аюулгүй байдлын төлөө мөнхийн бэлэн байна гэдэг чинь амьдралынхаа тэн хагасыг золино гэсэн үг л дээ. Өнгөрсөн сард нэгэн хувийн үйлдвэрт гарсан галын үеэр хуучин барилгын дээвэр нурж манай хоёр сайхан залуу aмиа aлдcaн юм. Тэгэхээр салаан дарга миний цол буурах юу ч биш шүү дээ. Аав ээжийн хоёр сайхан хүү, эх орны минь хоёр сайхан зaлуу, хоёр сайхан ханиа орхичихоод байхад миний мөрдөсний хоёр хадаас ч ёстой яамай байна аа. Миний харамсах зүйл энэ биш. Харин тэр сайхан зaлуусыг бодохоор үнэхээр харамсмаар. Өдийд тэд маань амьд сэрүүн байсан бол мөн ч олон хүний амь аварна даа гэж бодохоос гол зурна. Гэлээ гээд бид цаашид амьдарч, ахиад л алдах эрхгүйгээр ард олноо авран хамгаалах л болно.
Жил болгоны хавар намарт, хуурайшилт дээд цэгтээ хүрэхээр ой хээрийн түймэр гарч хэмжээлшгүй их хохирол гардаг. Үүнтэй тэмцэхээр манай Онцгой албаны ерөнхий газраас хүч нэмэгдүүлсэн тусгай салаа байгуулан тухайн орон нутагт ажиллах шийдвэр гаргасан байв. Тэр шинээр байгуулагдах тусгай салааг надаар ахлуулж орон нутагт томилон ажиллахыг тушаасан юм.

– Энэ чамд шийтгэл шиг сонсогдож байж болно. Гэхдээ шийтгэл гэдэг заримдаа сэрж сэхээрэхийн шалтаг болдог юм шүү дээ. Чи “Мөдхөн тэтгэвэрт гарахын хооронд юүхэв дээ” гэж бодож байж магадгүй. Гэхдээ чи байгууллагадаа атгасан гар шиг нэг сайхан салаа бэлдэж өгвөл энэ албанд насаараа зүтгэсний утга учир гарч мэднэ шүү дээ гэлээ. Нэгд, тэр намайг тайвшруулах, хоёрт, миний цаашдын зорилгыг сэхээрүүлэх гэсэн байж болох юм. Ахмад хүн гэдэг амьдралын роман байдаг юм хойно доо. Би хурандаагийн өрөөнөөс ямар ч байсан цаашдаа итгэх итгэлээр уначихаагүй гарсан юм. Харин сэтгэлээр унах гэхээр хаашаа юм нэг тийм сэтгэл ёг хийлгэсэн зүйл тархинд, магадгүй зүрхэнд ч гэсэн сэрүү татуулсан жавар тэр өдөржингөө хуйрганууллаа. Энэ жавар цол буурснаас ч илүүтэйгээр сэтгэл өвтгөх нь сонин. Хурандаагийн өрөөнөөс гараад иртэл манай газрынхан намайг илт өөрөөр харцгааж эхлэв. Санаа зоволт, өрөвдөлт, бас ч үгүй зарим нь болж ч гэж бодож байсан байх. Гэхдээ түүнийг оноож мэдэхгүй. Ихэнхи нь зовлонгоо ойлгодгийн хувьд харамсацгааж байгаа. Хонгилийн нөгөө үзүүрээс Базараа маань улаа бутруулсаар хүрч ирлээ. – Арай ч дэндэнээ. Энэ олон жид зүтгэчихээд ганцхан өдөр л . . . Ийм юм гэж байж болох уу? Юманд чинь нэг учир гэж байдаг байгаа даа гэж хэзээнээс ч юм эхэлж бодсон бодлоо үргэлжүүлэн ярьж эхлэв. – За тэр яахав ээ Базар минь – Ингэхэд байнаа, чиний нөгөө эртээрийн өгсөн юмыг харьцуулахад хоорондоо төстэй гэх олигтой шинж гараагүй шүү гэж тэс өөр зүйл ярив. – Та нар ч дээ, үнэн худал нь мэдэгдэхгүй нэг л их шинжээчид. – Үгүй, нээрээ гэм дээ. Хэрвээ ямар нэгэн юм гарвал би дор нь өлгөөд авалгүй яахав
– За тэр ч яахав одоо миний мэдлээс холдсон хэрэг болсон гэлээ. Нилээн дээх нь би түүнд хамааралтай байж магадгүй гэж сэжиглэсэн хоёр галын эх үүсвэрийг харьцуулаадахаач гэж өгсөн юм. Түүнийхээ хариуг ярьж байгаа бололтой. Тэгэсгээд бид хоёрт ярих зүйл олдохгүй тал руугаа болов. Тэр миний ахлах дэслэгчийн мөрдөсийг харж – Залуухан харагдаж байна шүү гэлээ. Энэ нь хаа очиж их оносон хошигнол болов. – За хөгшин ахмад минь би явъя. Маргааш хөдлөх юм чинь жаал жуул юм бэлдэхээс – Тэгэлгүй яахав. Хэрвээ миний хэрэг гарвал шууд л хэлээрэй. Хөгшин нь үнэрч нохой л гэсэн үг гэлээ. Түүний харцнаас намайг өрөвдсөн өрөвдөлт арилсангүй. Базараа гэж манай шинжээчийн тасагт ажилладаг нонж дорой энэ ахмад надтай ихэд найзархуу хандахыг хичээдэг юм. Ажилдаа бол харин бузгай шүү.

Гэртээ иртэл Сэлэнгээ маань сэтгэл нь түгшсэн янзтай угтав. Аргагүй дээ, өнөөдрийн хурлаар намайг авч хэлэлцэх тухай тэр мэдэж байсан юм чинь. Хаалгаар оров уу үгүй юү – За яасан? Юу болов? – Яахав дээ ахлах дэслэгч л боллоо – Өө, бүр хоёр доошлуулаад байхдаа яадаг юм. – Миний хоёр хадаас яахав дээ. Хоёр сайхан залуу өнгөрчихөөд байхад – Чи ингээд л насан туршдаа өөрийгөө ялласаар байх уу? Бид чинь цаашаа амьдрах ёстой юм байгаа биз дээ? гэлээ. “Одоо ингэж байгаа юм чинь миний амнаас гарах дараагийн үгэнд бүр галзуурах байхдаа” гэж бодоод хэсэг түдгэлзлээ. Гэлээ гээд заавал хэлэхээс өөр яахав дээ. – Наадах чинь ч яахав ээ. Би хөдөө явах боллоо. – Яаж байгаа юм? Бас дээрээс нь шийтгэж байгаа юм уу? Цолыг нь аваад ханадаггүй юм байх даа? – Шинэ салаа байгуулж, ой хээрийн бүсэд нэмэгдэл хүч болгож байгаа юм байна. Тэгээд намайг ахлаад яв гэнэ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө нэг сайхан шижигнэсэн баг байгуулаад үлдээ гэнээ гэж их итгэл дагуулсан өнгөөр хэлтэл – Хн! Дайчилгаагаар шийтгэж байгаа юм байж юун ч сүртэй юм дээ. Чи ч гэсэн тэрэнд нь бүр хөөрчихөж. – Хөөрөх нь ч юу вэ – Тэгэхгүй тэгээд юу гэж ойлгох юм? Багаасаа хүнээ алдаж шийтгүүлж байгаа хүнээр дахин баг байгуул гэдэг чинь аргадаж аргацааж байна л гэсэн үг шүү дээ. Бас шижигнэсэн шүү . . . гээд шилбэлзэв. – Тэр ч гайгүй ээ хө. Бас нэг юм байна гээд хэсэг дуугаа хураахад Сэлэнгээ бас юу вэ гэсэн харцаар тас ширтэнэ. – Намайг Зүүн аймаг руу яв гэнээ. – Юу . . .? Тэнд чинь Суурь байдаг биз дээ? – Тиймээ, түүний удирдлаганд манай шинэ баг ажиллах юм байна – Өө хөөрхий, нэг унахаараа бүр шалбаагт очоод хэвтчих юм шив дээ. – Тиймэрхүү л юм болоод байна – Чамаас насаараа дутуу явсандаа атаархаж үхдэг хүн одоо ч нэг бах нь ханаж, шавайгаа ханатал тавлах байлгүй, чамайг – Аа үхсэн. Тэр яав л гэж. Өдий дөч гарч байж залуугийн шар, хор нь жаахан дарагдаа байлгүй. Яав л гэж – Хүн үхэж л байж өөрчлөгддөг гээ биз дээ. Ёстой нэг орох тэнгэрийн орой цоорхой гэдэг нь болох байлгүй гэснээс өөр юм хэлж чадахгүй байгаа бололтой чимээ тасрав. Түүний хийж өгсөн цайг оочлон хэсэг суулаа. Сэлэнгээ түнтэгнээд л байна, түнтэгнээд л байна. Тэгж, тэгж дуугаа эрс зөөлрүүлж – Өвгөөн, очиж, очиж тийшээ яваад яах юм. Наана цаана ярьж байгаад эндээ үлдвэл яасым дээ? Насаараа л ус үер, гал түймэр, салхи шуурга гэж явлаа ш дээ. Одоо хэдхэн жил болоод суухын хооронд юм юмны түрүүнд гүйх хэрэг байна уу? Дахиад л бас юу ч мэдэхгүй хэдэн хүүхдийн хөл гарыг нь олуулах гэж чи л зовно. Цаадуул чинь шийтгэхээ л мэдэхээс чамайг ингэтлээ зүтгэлээ гэдгийг ойлгох биш. Тэгээд ч одоо бид хэд хүрч байгаа билээ. Аяга цайгаа тайванхан шиг ууж суумаар байх юм гээд л зай өгөлгүй үглэж гарлаа. Сэлэнгээгийн буруу ч бас биш л дээ. Үнэхээр насаараа энэ албанд зүтгэсэн. Гэхдээ эр хүн байна даа ялагдаж үлдэнэ гэдэг нэг л байж боломгүй санагдаад болох биш. – За яахав, атгасан гар шиг хэдэн сайхан залуустай шаг хийсэн салаа үлдээх юм шүү гэхэд Сэлэнгэ энэнд үг хэлснээс хаданд хашгирсан нь дээр гэсэн янзтай цэхвэлзсэнээ дуугарсангүй. Дуугараад ч нэмэргүй гэсэн үү, эсвэл хэлэх үгээ хэлээд барчихсан уу бүү мэд.

Суурь бол өөртөө итгэлтэй, ойр тойрныхоо хүмүүсийг өөрийн үгээр байлгаад сурчихсан, бие бялдар сайтай, спортын авъяастай, урлагийн мэдрэмжтэй бас л сайхан залуу. Цэгэн зураг зурна. Сайн ч зурна. Хаанаас сурсан, яагаад тийм их шимтдэг болсныг нь мэдэхгүй, тэвчээртэй ч сууна. Тэрийгээ нэг бариад суучихвал өндийхгүйгээр хэдэн цагаар, магадгүй хэдэн өдрөөр ч хамаагүй хэдэн мянгаар тоологдох цэгийг хатгаад сууж мэднэ. Зурагныхаа тухай үргэлж шахам ярих хэрнээ түүнийхээ тухай шүүмжлэл сонсох дургүй. Өөртөө итгэлтэй зан нь гойд илүү. Тэгээд ч тэр үү их бардам харагддаг байлаа. Суурийг Сэлэнгээ танихын дээдээр танина л даа. Суурь бид хоёр оюутны байранд хамтдаа амьдарч, ид залуухан эрвийхдээ эрвийж, дэрвийхдээ дэрвийж явах үедээ би Сэлэнгэтэй танилцаж байлаа. Тэр цагаас хойш би юм л бол Сэлэнгээгийн сургууль руу гүйчихнэ. Хайр л юм байхаа даа. Суурь хааяа цугтаа ямар нэгэн юм хийх тоглох, найзархах санал тавихад би яаж ийгээд л бултана. Цаг зав гарвал Сэлэнгээ л бодолд минь хургана. Суурийн хэлснээр миний амнаас Сэлэнгэ салахаа байсан байв. Нэг өдөр өрөөндөө ороод иртэл тэр цээжээ нүцгэлчихсэн өнөөх олон цэгээ хатгаад сууж байна. Их чармайсан юм болов уу даа духан дээгүүр нь хөлс дааварлачихсан, нүд нь бага зэрэг улайчихсан, харц нь хүртэл хурцлагдчихсан сууна. Угаасаа л энийгээ хийхээрээ ингэдэг нь зан л даа. Мөрөн дээгүүр нь давуулаад хартал нэг бүсгүйн зураг байна.- Чи ч энийгээ хийхээрээ бүр ухаанаа барчих юмаа? гэсэн чинь над руу хачин таагүй харж байна. – Найз чинь үү? гэвэл
– Би ямар чам шиг хүүхний тэнгэртэй биш дээ гэж байна. Дууных нь өнгө нь намайг жаахан даапаалж байгаа янзтай. – Аан, тэгвэл хүслээ зурж байгаа юм байна л даа. Хий хоосон мөрөөдөж суухаар хайвал яасан юм? Олдоно шүү дээ гэж бас л явуулсхийлээ. Тэр дуугарсангүй. Дотор нь өрвөлзөж байгааг би гадарлаад байгаа. – Харц нь жаахан гунигтай юм. Уг нь хүүхнүүд харц жаахан дээгүүр байвал эрхэмсэг харагддаг юм гэж би хувцсаа солих зуураа хэлвэл- Эднийг даврааж болохгүй ээ. Толгой дээр гарчихна – Чи ингэхэд толгой дээр гардгийг нь яаж мэддэг юм? – Чи намайг найз охин ч үгүй аргаа барсан амьтан гэх гээд байнаа даа? – Тэгэх гэсэн ч юм алга л даа. Наад бүсгүйн чинь харцыг хэлсэн юм. Би бол хөгжилтэй ч юмуу, эсвэл эрхэмсэгээр зурах байсан. – Чи юу? Чи ер нь зурах нь байтугай зураг гэж юу байдгийг мэддэг юм уу? Зураг зурахын зовлон жаргал гээчийг мэдэхгүй байж хажуугаар орж ирээд олон долоон юм ярьж суух хэрэг юу байна. – Юу гэсэн үг вэ? Ойлгосонгүй. Би санаа оноогоо хэлж болдоггүй юм уу? гэж гайхширлаа нуулгүй асуувал – Хүн чаддаг юмаа л ярьсан нь дээр байдгийн – За за санаандгүй санаснаа хэлчихлээ – Санаандгүй гэдэг үгээрээ санаагаа битгий нуугаад бай. Чам шиг би баг зүүж, бодлоо буглуулдаг хүн биш. – Яасан гэж уурлаад байгаа юм бэ? – Саад болсонд чинь уур хүрээд байна гэж үсрэн босож ирээд – Энэ хүүхний юу бодож байгааг мэдэх үү, чи? Энэний бодож байгааг гаргах гэж намайг яаж шаналж байгааг ойлгох уу? гэж хашгирахад надад хэлэх үг олдсонгүй. Энэ бол зүгээр л нэг уурлах шалтаг гэдгийг ойлгов. – Би яаж мэдэхийн гэж үл тоосон өнгөөр хэлвэл – Чи тэр Сэлэнгээгээ л гөлөрч суу. Тэрийгээ л харц дээгүүр байлга. Бусад нь чам шиг юманд хамаагүй, за – Сэлэнгээтэй үерхээ л биз. Чи үхсэндээ атаархсан юм гэтэл миний нүүрэнд тас буугаад явчихлаа. Би ч мөчөөгөө өгсөнгүй. Зөрүүлэн цохиход тэр намайг үсдэж авав. Энэ нь бид хоёрын зодолдох шальтай шалтгаан биш ч гэсэн бие биедээ бууж өгөхийг хүсэхгүй байх шалтгаан мөн байв. Ор дэрээ нураан байж зодолдов. Зодолдох ч гэж дээ баахан ноцолдсон гэхэд болно. Сүүлдээ хэн хэн нь ядарсандаа баахан цээж дүхэлзүүлэн амьсгаадав. Тэр өдөртөө дуугараагүй ч тэгсгээд маргаашнаас нь мартагнацгаалаа. Түүнээс хойш түүнийг зургаа хатгаж суухад нь би юу ч бодож байсан элдвийг хэлэхээ больчихсон юм.- Хөөрхий Сүрнээ ер нь тэгээд яасан бол? гэх Сэлэнгээгийн асуулт намайг гүн бодлоос салгалаа. Юу асуучихавдаа гэж санасан хэдий ч төдхөн ойлгоод – Харин л дээ . . . үгүй ээ, харин л дээ гэж дээ. Чи мэдэхгүй байхад би ер нь яаж мэдэхэв. – Бас шийдэмгий хүүхэн шүү. Тэр муу мангарт гомдох мөртөө шууд л сургуулиа хаяад явчихаж билээ. – Чин үнэнээсээ дурлаж л дээ. – Тэглээ ч гэсэндээ. Хүнд чинь тэрнээс гадна амьдрал гэж байна. Жирэмсэн болсон байсан. Ядаж хүүхдээ боддог байгаа даа. – Тэр үед чинь бид хүүхэд байлаа шүү дээ. Одооны ухаанаар яаж бодохов. Гомдоод л, тунирхаад л, юу эс болдог билээ. – Чи тэгээд зөв гэх гээд байгаа юм уу? – Зөв бурууг нь яаж мэдэх вэ, одоо бодоход тийм нэг цочмог л шийдвэр байж. Тэрнээс хойш би л лав нэг ч удаа таараагүй. Харин чи яаж байсан юм гэхээс – Би ч гэсэн . . . гээд хэсэг азнаснаа – Хачин юм шүү. Өөртөө тийм итгэлтэй, хайрынхаа төлөө тэгж зүтгэдэг хүнийг би одоо хүртэл хараагүй. Гэтэл гэнэтхэн тийм шийд гаргаад яваад өгсөн гэхэд үнэхээр гайхмаар шүү гээд Сэлэнгэ цайгаа оочлоо. Бид эргээд нэг хэсэг чимээгүй болцгоов. Тиймээ, Сүрнээ гэж ХАА-н дээдэд Сэлэнгээгийн нөгөө ангид сурдаг, нэг тийм шийдмэгхэн төрхтэй бүсгүй байсан юм. Суурь бид хоёр гэж сонсогчийн дүрэмт хувцастай тап яп гэсэн залуус Сэлэнгээтэй уулзах гэж хааяа очно. Тэр үед л тэр бүсгүй биднийг харсан юм шиг байгаа юм. Сэлэнгээтэй тийм ч ойрхон байгаагүй жирийн яриа хөөрөөтэй байдаг тэрээр нэг өдөр Сэлэнгээд – Тэр ирээд байгаа цэргийн залуус танай найз нар уу? эсвэл хамаатнууд чинь юм уу? гэж – Найз – Aль нь- Яах нь вэ?
Үргэлжлэл бий …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!