“МЭНЭЖАР” ШОГ ӨГҮҮЛЛЭГ

Дандий хөгшний дунд охин Дондогмаа нөхөрт гаралгүй гэртээ өтлөх янзтай. Өвгөн эмгэн хоёр, охиноо хадамд очиж байна гэж байн байн зүүдлэх боловч, сайхан зүүдний зөн биелэхгүй он жил улирна. Нэгэн өглөө сонин гарчиглаж суусан өвгөн:Мэнэжар хөлсөлж, борлодоггүй барааг борлуулна даа хө, гэж эмгэндээ нухацтай хэллээ. Дандий гуайн хөлсөлсөн менежер, нүдний шилтэй малигар цагаан залуугийн маркетингийн судалгаа гээч нь хэд хоног сунжирч, Догоо эмгэний тэвчээрийг барлаа. Далан долоон юм шалгаан, өвгөн, эмгэн, охин гурвыг даган, эгээтэй л бие засах газарт хамт орох дөхнө. Тэгж тэгж менежер маань өнөө өглөө,Борлуулах ажиллагааг эхэлнэ ээ, Дандий гуай. Хамгийн түрүүнд “PR” хэмээх олон нийттэй харилцах, барааны давуу талыг таниулах ажлыг хийнэ гэж байна. Тосоор гоож, манай энүүний давуу тал гэж юу байхав гэж өвгөн ундууцаад, мантайсан улаан хацар, богино бахим бие, майзгий хөл, эр хүнийх шиг тап тэп хийсэн алхаатай амьтныг чинь бүсгүй хүн гэж хэлэх үү? Тэгээд бас хүний өмнөөс эгцэлж харахгүй ичимхий гэж үглэлээ.

Тэгтэл менежер:Зөв өнцгөөс харж чадвал энэ бүгд давуу тал! гэж эгдүүцсэн өнгөөр хэлж байна.Тэгээд өвгөн эмгэн хоёрт “PR”-ыг явуулах төлөвлөгөөг ягштал танилцуулснаар ажиллагаа эхлэв. Догоо эмээ урьдных шигээ айл айлд орж, охиноо уруу доройгоор нь дуудан халаглах бус, -Миний охин хэнийг ч дагуулахгүй ажилсаг. Эртүүд эр үхрийн өрөөл мах тэп хийтэл өргөөд, ачааны тэрэгний тэвшин дээр түс хийтэл шидчихсэн гэхчилэн ярьж эхэллээ. Эмгэн худал магтаал бус, менежерийн заасны дагуу байгаа юмыг зөв талаас нь ярьж явлаа. Өвгөн ч зүгээр суусангүй. Юун төлөө уншдаг Дандий нэрээрээ олонд алдартай билээ дээ, -Эршүүд биетэй бүсгүйчүүл зуун хувь сайхан сэтгэлтэй байдаг гэж “Шинжлэх ухаан танин мэдэхүй” сэтгүүлд бичсэн байна лээ, тосоор гоож хэмээн ярих болов. Интернэт Балжирт ч санаандгүй мэт дуулгаж орхилоо. Юун төлөө интернэт нэрээрээ олонд алдартай билээ дээ, Балжир сум даяар өвгөн эмгэн хоёрын хэлснийг тараав. Менежер:-Эгэл бор төрхтэй, сумын төвийн бүсгүйн энгүүн амьдралын тухай бичвэл уншигчдын анхаарлыг татна даа хэмээн сэтгүүлч залууг ятгав. Аймгийн сонинд “Сумын төвийн эгэлхэн Дондогмаа” нэртэй хөрөг өгүүлэл том зурагтай гарлаа. Сум даяар Дондогмааг ярих болов. “Торго дурдангаар гоёогүй ч хөх даалимбан тэрлэгээ цэмцийтэл бүсэлж өмссөн, жинхэнэ монгол цэвэр ичимтгий ааштай, эршүүд борхон…” гэж бичүүлсэн Дондогмаа сумын харчуудад төрөл арилжчихсан юм шиг харагдана.

Үнэндээ бол Дондогмаа урьд байсан дээрээ нэг гархи ч нэмж зүүгээгүй, харин ичиж улайх нь улам нэмэгдсэн байлаа. Энэ нь түүний урьд өмнө хэн ч анзаардаггүй байсан “эгэл бор” төрхийг нь улам тодосгож өгнө. Өөрийн сумын төдийгүй зэргэлдээ сумдаас ч тэвхийсэн бор залуус ирж, Дандий гуайгаас алдуул тэмээ сураглан, тэднийд хоног тааруулах боллоо. Менежер залуу их л додигор: -“PR” амжилттай боллоо. Худалдан авагчдыг судлах ажилдаа орно доо. Худалдан авагчийн санхүүгийн чадавхи, хэр найдвартай түнш эсэх гээд олон нарийн ширийн юм бий гэж байна. Дандий хөгшин дүрсхийлээ. -Миний охин бараа биш шүү хө! Байтлаа охиноо хөрөнгө чинээ харж хадамд гаргах болж байна уу? Тосоор гоож гэж ирээд л менежерээ цохиод авах нь холгүй уурлалаа. Маргааш өглөө нь харин өвгөний уур гарчихсан, -Хүүдээ эвгүй ааш гаргачихлаа, тосоор гоож. Өвөө нь жинхэнэ мэнэжар гээчийг амьдаар нь, ажил хэрэг дээр нь харж биширлээ. Ухаантай хүү байна чи гэж тал засч байлаа. -Мэнэжар хүүгийн ачаар, охиныг минь гэсэн хүүхдүүд манайхаар бууж мордох болсноос цааш бусад нь буянаараа болог. Охины хайр сэтгэл мэдэх хэрэг гэж өвгөн эмгэн хоёр нүүрэндээ гэрэл тодруулан ярьж суув. Орой нь Дандий өвгөн, Догоо эмгэн хоёул нүдэндээ нулимстай: Охиныхоо хуриманд урина аа, төрснөөс минь ялгаа юу байхав гэсээр менежер, нүдний шилтэй малигар цагаан залуугаа үдэж мордууллаа.
А.АМАРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!