“МАШИНЫ ЧЕНЖ ААВЫГАА ДА ХҮРЭЭГЭЭС ХАЙЖ ОЛООД ЭЭЖДЭЭ МАШИН АВЧ ӨГӨӨД…”

“ГОЁ МАШИНТАЙ ААВ” – Б.БОЛОРТУЯА

Би энэ хоёр үгэнд үнэхээр итгэдэг бас хэлэх дуртай. 1. Бурхан хүнийг амьдрах заавартай нь биш амьдралаа зурах харандаатай нь явуулдаг. 2. Бурхан хүнд даахынх нь хэрээр зовлон өгөөд, даваад гарсанд нь тэрнээсээ илүү жаргал өгдөг гэж юутай үнэн үг вэ? Намайг Анхилмаа гэдэг. Хүнд зааж сургаад байхаар тийм настай ч хүн биш л дээ. Цэл залуугаар зогсохгүй яг л сурч боловсорч, дэгэж дэрвэж яваа хүүхэд нас минь харин би яг энэ хүүхэд насандаа ирээд удаагүй байгаа юм. Би бараг төрөөд л амьдралын хүнд хэцүүг үзсэн гэхэд болно. Амьдрал хэмээх тyлaaны талбарт хөл тавиад 17 насандаа амьдрах яасан сайхан юм бэ? амьдрал ямар баян юм бэ? гэж дуу алдаж сууна. Би багаасаа л аав гэдэг хүнийг мэдэхгүй өссөн. Гурвын гурван үрээ нэг өдөр ч болов эргэж ирээд ямар байгааг нь хараад өрөвдөж хайрлах байлгүй дээ гэж гудамжны доод үзүүрийг ширтэж өдөржин хашааны гадна суудаг байсан юм.

Аав гэх тэр хүн намайг төрөөд сар гаруйхантай байхад минь ээжийг гурван нялх үртэй нь айлын хашаад хаяад явсан гэдэг. Ах эгч хоёр араас нь уйлаад дагаад гарахад гоё машинд суугаад тэр л хашааны булан тойроод явсан гэсэн. Ах эгч хоёр руу минь эргэж ч хараагүй гэсэн. Эхэндээ би ах эгч хоёроо дагаад юугаа ч мэдэхгүй өдөржин тэр зүгийг ширэн суудаг байлаа. Ээж минь бид гурвыг тэжээх гэж олдсон ажил бүрийг гололгүй хийж өглөө гараад орой ирдэг үг дуу цөөнтэй.

Бид гуравтай ярилцах, хүүхдүүд минь гэж эрхлүүлэх гэдгийг мэддэггүй ч хоосон хонуулж үзээгүй юм. Тэр гэрт би л ганцаараа хэлтэй бусад нь хэлгүй юм шиг л байдаг байв. Намайг 7 нас хүрдэг жил ах эгч хоёр хөдөө хамаатныхруу мал ахуйд нь туслахаар явж би гэдэг хүн гэртээ ганцаараа байдаг болов. Би гудамныхаа хүүхдүүдийг гэрийн даалгавраа хийх цагийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Тэд надад бал харандаа дэвтэр илүүчилж би хийж байгааг нь дуурайж хийсээр нэг мэдэхэд уншаад бичээд сурчихсан байсан юм.

Нэг орой ээж гал хийх гэж олж ирсэн цааснаас нь авч өндөр дуугаар уншиж байгааг минь ажлаасаа ирээд гал асааж суусан ээж минь хараад надруу харж инээж билээ. Би ямар их баярласан гээч анх удаа л ээжийнхээ инээж байгааг тийм хөөрхөн гэдгийг нь мэдсэн юм. Тэр оройноос хойш би заавал баян болно. Миний ээж дандаа инээвэл хөөрхөн царайг нь хүмүүс мэддэг болоод тэгээд аавд хэлээд аав ирнэ.

Ах эгч хоёр минь ч аавыг санахгүй сургуульд сурна гэж үргэлж мөрөөддөг болов. Ах эгч хоёр минь аавыг хүлээнгээ сургуульд сурах юмсан сургуульд сурах гоё байхаа гэж үргэлж ярьдаг байсан юм. Бид гурав өлсөж даарч байгаагаа хэзээ ч тоодоггүй байсан. Сургуульд сурах, аавтай болох л хамгийн том мөрөөдөл минь байлаа. Надад ч аав гэдэг хүн тийм ч чухал байгаагүй л дээ. За ингээд баян болох мөөрөөдлөө тээсээр долоохон настайгаасаа хог түүж шил лааз тушааж олсон мөнгөө гэртээ авч ирээд тагтай шилэнд хийж хадгалдаг болов.

Ингэж явсаар 12 настайдаа хүүхэд асрагч авна гэсэн зар олж, айлд асрагч хийдэг болов. Энэ үеэс л би амьдралд бууж өгч болохгүй гэж өөртөө хатуу сануулсан юм. Баян айлын хоёр настай хүү хардаг болов. Тэр айл надаас нэг насаар дүү нэг охинтой. Охин нь мэдээж их хөөрхөн баячуудын хүүхдүүд явдаг үнэтэй тансаг сургууль, бүжгийн дугуйлан, англи хэлний дамжаа гээд миний хар багаасаа мөрөөдөж ирсэн юм бүхэн түүнд байдаг байлаа.

Тэр охин надтай хэзээ ч ярьдаггүй. Би тэр айлд нэг өрөөнд байж хүүхдийг нь хардаг байсан юм. Хүүхэд асрагч ч гэж дээ. Хоол унд гэр орны ажил бүгдийг нь хийдэг нэг ёсны үйлчлэгч хийдэг байлаа. Ээж нь бүжгийн багш, аав нь машины наймаа хийдэг их тансаг амьдралтай айл. Би тэр айлд нэг жил гурван сар ажилласан юм. Өглөө аав, ээж, охин гурав хамт гараад орой аав нь охиноо хүргэж ирчихээд эхнэрээ авахаар явна.

Заримдаа бүгд хамт ирдэг байлаа. Хүүхдүүддээ хайртай эрхлүүлнэ гэж жигтэйхэн охин нь гүнж шиг л танхил амьтан байлаа. Энэ хугацаанд би хагас сайн өдөр бүр ээж дээрээ очдог байв. Цалингаа авах бүрдээ л ээждээ хувцас нүүрний будаг аль чадахараа авч өгдөг байлаа. Ээж минь жижигхэн биетэй том алаг нүдтэй тийм ч яахаа алдсан царайтай муутай биш шинэ юм авч өгөхийн хэрээр өнгө нэмж дуу орж инээдэг болж байлаа.

Ах эгч хоёр хаяа мах сүү бариад ирдэг байсан ч ирэхээ байж сураг тасарч жил гаран болж байгаа нь өнөөх дуугүй ээжийн минь дуугаа хураах бас нэгэн шалтаг болж байсан ч эх хүн юм хойно очих бүрд минь инээд алдсаар угтаж байгаа нь надад хамгаас илүү жаргал бэлгэлдэг байлаа. Цагаан сарын битүүний орой. Тэр айлын ах намайг гэрт минь хүргэж өгсөн юм. Хашааны үүдэнд ирж зогсоод… – Танайх энд юмуу? Уучлаарай миний дүүгийн нэр хэн билээ. Асрагч охин гэж дуудсаар байгаад нэрийг чинь мартчихаж уучлаарай.

– Анхилмаа. -Анхилмаа гэж амандаа давтан хэлээд намайг хэсэг хараад… – Чи ах эгчтэй юу? – Тиймээ ах эгч хоёртой. – Ах ,эгч, ээжийг чинь хэн гэдэг вэ? – Ээж Нарантуяа, эгч Энхриймаа, ах Дөлбаяр – Аан за за чи тэгээд ээж ах эгчтэйгээ л амьдардаг уу? – Ээжтэйгэй л, ах эгч хоёр маань хөдөө айлын мал дээр гараад жил гаруй холбоогүй л байна. – Мал дээр гараад удаж байна уу? – Ах 9 настай, эгч 10 настай гарсан. – За за миний дүү хэрэг гарвал ахруугаа яриарай.

Сүүлийн үгийг хэлэхдээ тэр хүний хоолой чичирч нүдэнд нь нулимс цийлгэнэж байсан. Намайг гэрт ороход ээж нүд дүүрэн нулимстай. Өөдөөс цоо ширтээд ямар нэгэн юм хэлэх гээд байгаа хэлгүй хүн шиг л хоолой нь чичрээд байгааг би хараад vxтлээ айж билээ. Арай ах эгч хоёрт минь муу юм болоогүй байгаа гэж сандраад ээж яасан бэ? хүн айлгаад байх юмаа гэхэд ээж сая нэг ам нээж миний охин дахиж тэр айлд битгий очоорой гэсэн.

Би яагаад ийм өндөр цалинтай цалингаа тогтмол өгдөг ажил дахиж олдохгүй ш дээ гэхэд тэр хүн биднийг орхиод явсан хүн байна. Ээж нь сая хашааны үүдэнд машин ирэхээр чамайг ирж байгааг мэдээд тосох гэж гараад харлаа. Өлсөж үxэж байсан ч тэрнээс гуйж амьдарч болохгүй юм шүү хүүхдүүд минь гэж цурхитлаа уйлж билээ. Би ээжийнхээ уйлж байгааг анх удаа харсан. Энэ олон жил яаж ч зовж байсан ээжийгээ тэгэж уйлж байгааг хэзээ ч харж байгаагүй.

Тэр шөнө ээж минь гэнэт халуурч таталт өгч би гэдэг хүн яахаа мэдэхгүй. Харануй шөнө айл айлын хаалга нүдэж тусламж гуйж нохойнд уруулж тасдуулахын наахан гудамны хэд хэдэн айлаас хүн гарч ирж бид хоёрыг эмнэлэг хүргэж өгсөн юм. Нүдээ нээгээд хартал ээж минь уйлчихсан гарыг бариад сууж байлаа. Ээж минь л байгаад юунаас ч илүү баярлаж өвдөлт гэдгийг мартаж билээ. Ингээд би сар гаруй эмнэлэгт хэвтэж хэдэн оёдол тавиулаад эмнэлэгээс гарч, гэртээ хэд хоног хэвтээд тэсэлгүй ажил хайж арга буюу буцаад хогоо түүлээ.

Ээж минь үе үе өвдөж ажил хийхээ байж амьдрал яг ах эгч хоёр хөдөө явж байсан үе рүү буцаж эхлэв. Нэг өдөр хөлөө чирээд ууттай шил лаазаа үүрээд хашааны үүдэнд ирж байтал. Өнөөх мундаг аав маань ганган машинтайгаа ирж зогсоод яаран бууж ирээд – Хүүе миний дүү хөлөө яагаа вэ? чамайг хайж хэд хэдэн удаа ирсэн. Би тэр үед л тэр хүнд голдоо ортол гомдож билээ. – Ахаа хэрвээ Зулаа эгчийн бие өвдвөл, таны аминаасаа ч илүү хайртай охин Марал нохойнд xaзуулвал та яах вэ? би аавгүй болохоор ээжийгээ зовоочих байх гээд өвдөж байсан ч хэлдэггүй.

Ээж маань ч бас хайрлах нөхөргүй болохоороо намайг айна гээд өвдөж байгаагаа хэлдэггүй. Бид хоёр бие биенээсээ өвдөж байгаагаа нуудаг. Аав маань намайг төрөөд сар гаруйхантай байхад минь хаяад явсан гэсэн. Ах эгч хоёр минь араас нь уйлаад дагасан ч эргэж ч харалгүй гоё машинд суугаад тэр гудамж тойроод явчихсан гэсэн. Ах эгч хоёр минь аавыг ирнэ гээд өдөржин энд хашааныхаа хаалган дээр суугаад өнждөг байсан. Аав болгон яагаад тань шиг хүүхдүүддээ хайртай байдаггүй юм бол.

Миний аав биднээс өөр хүүхдүүдтэй болоод бид гурвыг бас ээжийг минь мартаад яг тань шиг гэр бүлдээ хайртай сайн аав болоод явж байгаа байхдаа. Би энэ үгийг хэлэхдээ харцнаас нь нүдээ огтхон ч салгалгүй нүд дүүрэн нулимсаа алдчихгүйг хичээж байсан юм. Харин аав гэх тэр хүн сөхөрч суугаад асгартлаа уйлж байсан. Гэхдээ тэр надаас уучлалт гуйгаагүй. Би чиний аав гэж хэлээгүй. Ээжийг минь яаж байна гэж орж хараагүй.

Би хашааныхаа хаалгыг дэлгээд гэр рүүгээ явж байхдаа араас дуудах байх ороод ирэх байх гэж чих тавин горьдсоор гэрийнхээ үүдэнд очоод нулимстай нүдээ арчаад хартал асаад явчихсан. Яг тэр мөчид би ээжийгээ бүжгийн хичээлээр хичээллүүлэх эцсийн ганц зорилго тавиад гэрлгээ орлоо. Ороод хураасан хэдэн төгрөгөө тоолоод шөнөжин юу хийх вэ? гэсэн бодолд дарагдан тооно ширтэн хэвтэж байтал хашааны гадаа машин зогсох сонсогдов.

Дахиад л өнөөх хоосон горьдлогоо тээсээр ээжээ хүн ирэх шиг боллоо гэхэд ээж минь чи бид хоёр дээр хэн ирэв гэж дээ үр минь гэх хэрнээ нүд нь тормолзон чимээ чагнаж байгаа хэн нэгнийг хүлээсэн горьдлогын харц байлаа. Төд удалгүй хэн нэгэн хашаа давах сонсогдож бид хоёр үxтлээ айж бие биерүүгээ шигдэн чимээ чагнав. Харин тэр айдас гэрт минь гэрэл гэгээ цацруулан ах эгч хоёр минь ирсэн юм.

Жил гаруй сураггүй байсан ах эгч хоёр минь ирж ээжийн минь элгийг дэвтээж би гэдэг хүн диваажингийн амьдралтай хөл залгасан юм даа. Ах эгч минь хөлсний мал маллаж сар бүрийнхээ цалинг малаар тооцон мал авдаг байж, нөгөө айл нь ч таг хар элгийн хүмүүс биш болохоор тав аравыг илүүчилсээр овоо хэдэн малтай болж ямаагаа самнаад ирсэн байлаа. Өглөө сэрэхэд гэрт дүнгэр дүнгэр гээд хүмүүс ярилцаж гэр нэг л дулаахан хоол үнэртэж байлаа.

Зүүд биш байгаа гээд нүдээ нээгээд хартал эгч хоол хийж ах авч ирсэн махаа янзлаж ээж инээд алдан эгчтэй ярилцаж суулаа. Чимээгүйхэн гэрийхнээ ажиглаж хэвтэхдээ. Өөрийгөө чимхэж үзлээ. Намайг сэрүүн байгааг харсан ах өө агаан дүү сэрчихсэн үү явж хөлөө үзүүлнээ босоод ир гэж дуудахад л хөлөө өвдөж байгааг мэдэрч билээ. Гэр бүлээрээ тойрч суугаад хөлсөө гартал хоол идээд эмнэлэг явж байхдаа. Ах эгч хоёрын мөнгө дуусчих вий дээ ээжийгээ бүжгийн дугуйланд заавал явуулж, тэр хүний бүжигчин эхнэртэй ээжийгээ яг адилхан амьдруулна гэсэн шар минь хөдөлсөөр байлаа.

Ээжийг бүжгийн хичээлээр хичээллүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэх боломжийг хүлээж суутал эгчтэй 00 орох боломж олдов. Ингээд л хүссэндээ хүрч гурван талаас нь ятгасаар ээжийгээ насан хүрэгчдийн бүжгийн дугуйланд бүртгүүлж, ах минь хөдөө мал руугаа буцаж эгч ээж бид гурав хоёр өрөө байр түрээслээд ээж эгч хоёр лангуу түрээслэн наймаа хийж би англи хэлний дамжаанд явдаг болов. Ээж эгч хоёрын наймаа ч сайжирч амьдрал минь өдрөөс өдөрт дээшилсээр жилийн дараа бид гурав өрөө өөрсдийн гэсэн байртай болж ах минь эхнэр авч мал нь ч өсөж сумын сайн малчин болж чадсан юм.

Өнөөдөр ээжийгээ хамгийн гоё гэсэн болгоныг нь өмсүүлж өндөр өсгийт өмсүүлээд эгч бид хоёр машин авахаар “Да хүрээ” зах орж аавыгаа хайсаар байгаад олж очиж чадлынхаа хэрээр үнэтэй машин авсан. Бид хоёр тэр хүний мууг үзэх гэж биш хаяад явсан хүн чинь гурвын гурван үрийг чинь төрүүлж, эрүүл саруул өсгөх гэж өөрийг чинь халуун хоолтой байлгах гэж өөрийгөө хаяж хэсэгхэн хугацаанд өнгө алдсан юм шүү! Гэдгийг л харуулах гэсэн юм. Эхэндээ тэр хүн бид гурвыг таниагүй ээ. Ээж минь хараад л таньсан бид хоёрыг нудраад явъя гэж дохиж байсан.

Эгч минь машинаа сонгож тооцоогоо 100% бэлнээр хийхэд инээд алдан мөнгөө тоолж зогссон хүн ээж рүү байн байн харж харц тогтоон царай нь хувьсхийгээд явахыг анзаарсан эгч минь ааваа зөндөө их санасан шүү! Эхдээ гологдсон өндөг шувуу болж чаддаггүй гэсэн. Бид гурав азаар ээждээ гологдолгүй хүн болчихлоо. Гэхдээ аавын орон зай үнэхээр том юм байна лээ. Хэцүү цагт чинь түшээд авах гурван хүүхэд байгаа шүү. Хэрэгтэй бол санаж яваарай гэж хэлсэн. Би лав түшиж авахгүй гэж хэлмээр байсан ч эгчийн минь хүсэл болохоор хэлээ хазаад өнгөрөв. Tэмцэл бүрийн ард шагнал байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!