“ЛОМБАРДАНД ТАВЬСАН ЗҮРХ” ӨГҮҮЛЛЭГ

“ЛОМБАРДАНД ТАВЬСАН ЗҮРХ” ӨГҮҮЛЛЭГ

Ч.ӨЛЗИЙНЯМ

Эхнэртээ хаягдсанаас хойш хоёр жил Төмөрт нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Бодохоос уур нь шатаж өөртөө хандтай байдаг бүх хүүхнийг эргүүлж явсаар цаг хугацаа ийм хурдан өнгөрснийг тэр анзаараагүй байж. “Очиж, очиж канад эртэй суугаад явахдаа яахав дээ. Гомдоож, зовоож байсан удаа надад бишгүй л бий. Гэлээ гэхдээ ханилсан ханиа хаяад харийн эр дагаад явж л байдаг. Юу ч болж байсан чимээгүй уйлахаас хэтэрдэггүй, ганц үг дуугардаггүй байсан нь тийм учиртай байж. Тэрийг нь би мэдэхгүй, ааш авирыг минь хүний хань тэвчихгүй хэн тэвчих юм гэж бодож ирснээс тэгж муу санаалж байсныг нь мэдсэнгүй.” Тэр ингэж бодохоос эхнэртээ улам өширхөнө. Тэгэх тутам нь сайхан амьдрах юм шүү гэж хичээнэ. Эхнэрээ явна гэдгээ хэлж канадын виз, онгоцны билетээ үзүүлсэн тэр өдөр шууд гэрээсээ гарч, гурав хоног Туяагийнд өнжжээ. “Чи даанч сайхан эхнэртэй, амьдралтай хүн. Тэрнээс би чамд хайртай хэзээ ч суухад бэлэн” гэж хааяа толгойг нь эргүүлсэн месеж бичиж, утсаар ярьж байсан хүүхэн рүүгээ очих ч түүнд харин нэг амархан байв. Эргээд ирэхэд эхнэр нь хэдийн явсан байлаа. Төмөр тэр өдрөөс хойш эрх чөлөөтэй нэгэн болж уулзах учрах хүн ганц Туяагаар тогтсонгүй. Өөрийн энэ замбараагүй явдалд хааяа сэтгэл хямрах боловч “ Би эхнэргүй эрх чөлөөт эр хүн. Тэр тусмаа хаяад явсан хүн хүлээж зүгээр суух ёстой юм уу. Харин ч амар” гэх мэтээр зөвтгөнө. Учиргүй залуу хүн биш эртхэн нэгнийг нь эхнэрээ болгож авахгүй бол аль ч үгүй хоцорно гэж битүүхэндээ хар санаалж Туяатай нэг дор орох тухай боддог боллоо. Гэтэл хоног өдөр өнгөрөх тутам Туяагийн хэрэглээ өндөр нь мэдэгдэнэ. Хаягдсан гэдэгтээ шаралхан эхнэрээсээ дүү хүнтэй суух гэсэн хүсэлд нь Туяа уг нь таараад байв. Гэсэн ч нэг л болж өгөхгүй. Бараг өдөр бүр цэцэг авч өгөхгүй бол урвайчихна. Романтик байсангүй, настай хүн шиг гээд л асуудал үүсгэнэ. Бас аль л үнэтэй үнэртэй усны хоббитой. Бүр үнэтэй усны цуглуулгаа бахархахыг нь яана. Тэр их үнэтэй үнэр нь Төмөрт таалагддаг эсэх нь ч падгүй. Ихэвчлэн гадуур рестаранд л хооллох гэнэ. Авсан олсон хэдийг нь өөртөө л нүнжигтэй хувцас болгоод наачихна. Тэгээд Төмөр нэг дороо ороод эхнэр болоод ирэхээр өөр болно гэж бодож нэг удаа түүнд энэ санаагаа хэлжээ. Гэтэл хэзээ ч эхнэр чинь болоход бэлэн гээд байсан хүн нь “ Би бэлэн биш байна. Бизнесийн удирдлагаар магистрт сурмаар байна. Нэг жижигхэн гоо сайхны салон эхлүүлэх хэрэгтэй байна. Түүний дараа бодож үзнэ. Ер нь нэг эхнэрээ сольсон хүн хэдийг ч солих юм билээ” гэж цааргалжээ. Түүний энэ үг Төмрийг бүр ангайлгаж хоцроов. “Хүүхнүүд чинь ийм аймаар улс уу. Нөгөө хайртай гээд байсан нь алив. Больчих л үгүй юу. Ашиглах л юм бодож явсан юм бий, чи!” Төмөр ч бас тэнэг хүн биш тул тэр өдрөөс хойш Туяагаас шууд зайгаа авчээ. Хэдэн сарын өмнөөс эртний танил бас л өөрт нь талтай байдаг нэг эгчмэд авгайтай нэг дороо орохоор болжээ. Тэгээд гэрийнхээ эд хогшлыг янзлан эхнэрийнхээ хуучин нойтон юм байвал үгүй хийх санаатай суугаа нь энэ.

Эхнэрээсээ хойш гэр орондоо анхаарал тавилгүй, гэртээ бүтэн нэг өдөр ч өнжөөгүй болохоор юу ч анзааралгүй явж. Харин өдөржин гэртээ байхаар дурсамж бүхэн сэргэж, эхнэрээ хачин их санаж, үгүйлж эхлэв. Гэсэн ч хаяад явсанд нь бачуурна… … Төмөр 4 паар хийгээд сунаж унах гэсэн хүн тасагтаа ирлээ. Өрөөнийхнөөс нь ирсэн хүн алга. Ходоод нь хонхолзож бушуухан гал тогоо руу очиж сул пийшин байвал хоолны ус тавихаар яарч гарлаа. Гэтэл цуйван бололтой нэг тасгийн хоол хамар цоргино. Таньдаг хүн гарч ирэхийг хэсэг хүлээснээ охидын тасгийнх байвал хулгайлж идчихээд дараа нь тасагтаа цуйван хийгээд буцааж өгөх санаатай хүн харуулдаж зогслоо. Гэтэл нэг өндөр охин гараад ирлээ. Хоолны эзэн бололтой. Төмөр юун өлсөх. Тэр охиныг хараад бүх төлөвлөгөөгөө мартан мэгдэж зогстол охин пийшин дээр юм тавих уу гэж асуулаа. Төмөр гэнэт дахин өлсч танай тасагт олон хүн байгаа юу гэж асуув. Охин инээмсэглэн “ Хоол буудах гээд байна уу. Алив саваа өгч бай. Хоолоо хийтэл энийг идчих” гээд айргийн аяга шахам хоол саванд нь хийчихээд яваад өглөө. Тэр цуйвангийн амт, тэр охины намуухан инээд, яриа Төмрийг галзууруулах шахлаа. Цуйван идсэний хариу болгож тэр оройноо нэг хуудсан дээр улаан сарнай зурж өгч билээ. Тэр цагаас хойш Төмөр тэр цуйванг тэр охины гараас олон удаа идэж, нэг л мэдэхэд 12 жилийн турш тэр охины өвөрт өглөөг угтсан байв. Жаргалтай эрийн ёсоор амьдарч, тэд нэг охинтой болсон ч 7 нас хүрээд охин нь өнгөрсөн аж. Охиноосоо хойш Төмрийн архи балгах нь үе үе ихсэнэ. Түргэн ууртай тэрээр уурлах л юм бол нэг мэдэхэд яаж ийгээд эхнэртээ гар хүрчихнэ. Харин эхэндээ гэмшдэг байснаа сүүлдээ “ За миний түргэн ууртайг мэдэх юм чинь. Ингэлээ гээд амьдралаа үрээд тэнээд явчихаж байгаа биш” гэсэн шүү юм бодон өнгөрнө. Ядаж байхад тэр хоёр дахин хүүхэдтэй болохгүй л байлаа. Сүүлдээ Төмөр эхнэрээ үүгээр шалтаглан юм л бол уурсана… Утас нь дугарахад тэр сая сэхээ авлаа. -Байна уу. Би байна аа Төмөр өө. Хоёулаа ер нь хамаатнуудаа, бас ойр дотны найзуудаа, ажлын газрынхнаа уриад ёстой төртэй хурим хийе ээ. – Юу гэнэ ээ. Нялх хүүхдүүд биш. Чи чинь бас яагаад байна аа. Санаа сэтгэл нийллээ. Болоо юм биш үү. – Нийллээ гэнэ шүү. Хурим хийе гэдэг санал дээр чи зөрөөд уналаа шүү дээ. Сая аавтай ярилцсан. Заавал хурим хийж нэг дороо ор гээд байна. Ер нь ч тэгээд эмэгтэй хүн бүр л хуримын даашинз өмсөхийг хүсдэг юм шүү дээ. Мэдрэмжгүй гэдэг нь. Орой гэрт хүрээд ир. Тэгээд дахиад ярилцъя. Дийдд-дийдд… Төмөр хувцасны шүүгээгээ нэг бүрчлэн эмхэлж, дээд талд нь байсан бичиг баримттай хуванцар хайрцгийг буулгаж үзэв. Дотор нь гялгар уутанд нямбайлан боогоод скочидсон юм онцгойрч харагдана. Задаллаа. Эхнэрийнх нь гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нисэх онгоцны тийз, бас будаг нь бараг нугалаасаараа арилсан сарнайн зурагтай хуудас… Төмрийн гар нь салганан чичирч нэг захидал нэмж олов.

-Захидал- “Хань минь. Ийм тэнэг юм хийснийг минь уучлаарай. Яалаа гэж би чамайг хаях билээ. Охин нялх үеэсээ л ханилсан чинийхээ хатуу ширүүнийг даахгүй ядаж байхад яалаа гэж би хүний нутгийн эрд итгэх билээ. Миний хань далайсан гараа нэг удаа буцааж үзсэн бил үү? Гомдмоор хатуу үгнийхээ ард нэг удаа аргадаж үзлүү? Цэцгэн насаа гээх болзоон дунд минь ганцхан удаа ч болов сарнайн баглаа барьсан бил үү? Оюутны хомсхон амьдралд нэг дороо орсон ч гэсэн хэзээ нэг цагт хуримын зар тараана гэж хүлээж ирснийг минь мэдэх үү? Энэ бүхний ард хэрэв би эрүүл байсан бол тэсэх л байсан. Ханьдаа дахин хүүхэд гаргаж өгөөд, хүүгийнхээ инээдэнд сайхан амьдарна л гэж бодож байсан. Харин эдгэхгүй өвчтэй болсноо мэдэж, чамайгаа илүү зовоохгүй гэсэндээ, надаас хойш шаналж ганцаардаад байлгүй эхнэр авч сайхан амьдраг гэсэндээ урдаас бүхнийг төлөвлөсөн юм. Хань минь итгээрэй. Тэр Канад эрийн өвөрт нэг удаа ч би ороогүй юм шүү. Эхнэр нь амиа хорлосон гэдэг үгээр амьдралыг чинь баллахгүй гэж л ингэж жүжиглэсэн юм. Би ингэж л чамаас салахгүй бол чи хичнээн хатуу ч гэсэн надад хайртай болохоор дахин хэзээ ч шинэ амьдрал эхлүүлэхгүй гэж айсан юм. Өрөөсөн ээмгийг хүртэл үнэлж авдаг барьцаат үйлчилгээ байдаг мөртлөө, үнэнч зүрх, хиргүй сэтгэл хоёрыг л туйлдуулж байдаг энэ хорвоогоос хань нь бүр мөсөн явлаа. Тэнгэрийн ломбарданд зүрхээ тавиад чамдаа жаргал илгээхээр би явлаа…” Төмрийн гараас нулимсанд нэвт норсон захидал алдуурч уналаа… -Хүү минь цаад эхнэр чинь ирэхгүй нь үү? Хүний нутаг руу явчихаад эхийгээ амьд байхад ганц удаа холбоо барихад яадаг байна аа. Чамтай л холбоо барьж байгаа бол яахав дээ. Манай энэ хавиар ер нь интернет гэгч нь тавигдах болоогүй юм байх даа. Ойрдоо муу охиноо их санах боллоо. Хүүхдүүд ч сайн явахаараа л хэл сураг өгдөггүй улс даа. Хадам ээжийнхээ энэ үгэнд Төмөр юу гэж хариулахаа мэдэхгүй тэвдэнэ. Ханийнхаа сүүлчийн зурвасыг олж уншсанаас хойш утсаа хааж, сар шахам гэрээс гаралгүй, ажлаа таслан, элий балай юм шиг мансуурч өнгөрөөсөн өдрүүдээс хойш тэрээр эмэгтэй хүнтэй уулзахаа больжээ. Хаяад явсан гэж эхнэртээ өширхөж байсандаа хөдөө байдаг ээжтэй нь холбоо бариагүй байж.

“Яаж илүү амьдрахаа харуулна аа” гэж хүүхнүүдийг үхэн хатан сэлгэж байсан түүнд хаяад явсан эхнэрийнхээ ах дүү нартай уулзах, санаа тавих хүсэл даанч нэг байсангүй. Намуунаагаа үхсэн гэж бодохоос, гэхдээ бүр хамаг амь амьдралаа өөрт нь зориулж явсан хань нь өөрөөс нь болоод энэ хорвоог “сайн дураараа” орхисон гэхээс Төмөрт бүх юм утгагүй санагдаж ханьтайгаа өнгөрүүлсэн дурсамж бүхэн нь сэргэж, эр хүний харууслын нулимсыг ёстой харамгүй урсгасан байв. Тэгээд өөрөө ч бас нэгийг сэдээд байгаа ажээ… -Ээж ээ, Намуунаа танд Канад явахаасаа өмнө юм хэлээгүй юу? – Юу? Ингэхэд та хоёр чинь муудалцаад байгаа юм биш биз? Эхнэр нь байхгүй эр хүн бухимдаж ганцаардах үе гарч байгаа л байх. Гэхдээ чиний эхнэр эр нөхрөө хуурах хүн биш ээ. Гүжирмэг, шударга гэдгийг нь чи мэднэ шүү дээ. Харин бусад хүүхдүүдтэй адилхан ээжтэйгээ нэг их ойр ойрхон яриад байдаггүй, эрхэлж нялганаад байдаггүй их битүүхэн хүүхэд шүү. Амьдрал нь болоод байхад ер нь тэр хаа байсан газар очиж дахин сурах гэж яадаг байна аа. – Тантай хамгийн сүүлд хэзээ ярьсан бэ, ээж ээ? Над руу л яриад байхын оронд тан руу нэг ярьдаг байгаа даа хачин хүн шүү. Төмөр энэ үгийг хэлэхдээ бараг хэл нь хатчихав. Ийм сайхан сэтгэлтэй айлын охин авч суучихаад амиа хорлох хүртэл нь гомдоож, өвтгөж явсандаа гол нь харлаж, ядаж энэ хүнийг голыг нь харлуулах хүсэл байсангүй. Тэгээд ч хадмынхаа энэ үгнээс эхнэрийгээ Канадад сурахаар явсан гэж ээждээ ойлгуулсныг нь мэдэж авлаа. Төмөр үлдсэн амьдралаа эхнэрийнхээ үлдэж хоцорсон хэдэд зориулахсан гэсэн ганц хүсэлтэй л байв. Ингэлээ гээд эхнэр нь босоод ирэх биш дээ. Гэсэн ч тэнгэрээс хараад баярлана гэж л сэтгэлээ зогоож байв. Ядаж ханийнхаа алтан шарилтай нь салах ёс хийж чадалгүй үүрд хагацсандаа боож үхмээр бачуурч шанална. – Ээж ээ, та хот руу ор доо. Энэ бөглүү газар байж яахав. Би ганц өрөө байр авч өгье. Дүү нар ч бүгд л хотод суурьших төлөвтэй болчихлоо. Би удахгүй бас Намуунаагийн араас явах бодолтой. Бид хоёр Канадад нэлээн хэдэн жил болно. Тиймээс гурван дүүгийн асуудлыг бүгдийг нь зохицуулчихаад явна аа, санаа зоволтгүй. Намуунаа ч тэгээрэй гэсэн. Хадам ээж нь Төмрийн хэлснээр хот руу нүүж ирэв. Хүргэнийхээ авч өгсөн байранд баярлаж байгаа гэж жигтэйхэн. Төмөр өөрийнхөө байрыг мөн л хадам дүүдээ өгөхөөр болов. Отгон дүү охиных нь их сургуулийн төлбөрийг нь 4 жилээр нь төлж, ажил хийдэг эрэгтэй дүүд нь данхайсан том хашаа байшин авч өглөө.

Хүн харахад Төмрийг ёстой алтан хүргэн гэмээр байлаа. Гэсэн ч Төмөр нүглээ ингээд ч болов наманчилъя гэж санана. Тэгээд ч өнчин өрөөсөн, ах дүү гэх юмгүй түүнд энэ амьдралыг орхиход харамсаад байх юмгүй байлаа. Одоо Төмөрт эхнэртэйгээ танилцсан цагаас хойш сэтгэлд нь хамгийн дотно дурсамж үлдээсэн гурван газраар очих л үлдээд байлаа… Намуунаа Төмөр хоёр гуравдугаар курст орсон жилээ хоёр өөр дотуур байранд орчихоод уулзаж учрах гэж их юм болно оо. Байрны “камендат” авгайгийн ар өврийг олох гэж сүйд болдог байв. Түүний хажуугаар Намуунаагийнх нь тасгийн охидууд түүнийг хонуулах дургүй. Магадгүй шөнө дундын элдэв чимээнд төвөгшөөж байсан ч юм бил үү. Дотуур байрны төмөр орны пүршний дуу ямар олигтой байхав. Тэгээд Төмөр тэр хоёр сургууль дээр тааралдахдаа бусдын дэргэд нууцлан “пороолоор” ярьдаг байв. Тасгийн охид эзгүй юм уу, сайхан зантай үед Намуунаа “Хоолоо сайн идээрэй” гэж, камендатаас зөвшөөрөл авсан үедээ “Гадаа дулаахан байна” гэж, тасгийнхан ч юм уу камендат ааш муутай байвал “Биеэ бодоорой” гэж, харин Төмрөөгийн тасагт очиж хонох санаагаа “Өнөөдөр номын санд өнжинө” гэж нууц үгээр ойлголцдог байжээ… Хүүхэд асрах газрын хашаан дотор орж ирээд Төмрийн сэтгэл уймарч, нулимс нь хамрыг нь даган урсана. Төмөр таван настайгаасаа эхлэн энэ хашаанд тоглож, сургуульд орохын жил нь Дорнодын нэг эмээ түүнийг үрчилж энэ газраас бүрмөсөн явсан байжээ. Эмээ дээрээ өссөн ч яг 10-р анги төгсдөг жил эмээ нь насан өөд болсон байв. Ийм зутруухан түүхтэй түүнд амьдрал харамгүй сайхан хань хайрлаж, тэрээр Намуунаатайгаа жил бүр шинэ жилээр энд ирж хүүхдүүд баярлуулдаг байв. Тэр энэ удаа ч мөн Намуунаагийн санаачилсан энэ үйлсээ дурсах гэж машин дүүрэн бэлэгтэй ирсэн юмсанж. Ханийнхаа ухааныг бодох тутам энэ дэлхий дээр нэг өдрийг ч өнгөрүүлэх хэцүү мэт санагдана. Тэрээр хүүхэд асрах төвийн хаалгаар гарч ирсэн хоёр хөвүүнийг дуудаж машинаасаа хайрцагтай бэлэгнүүдээ авчруулан дотогш орлоо. Өмнө нь эхнэртэйгээ ирэх бүрт эхнэр нь “ За хүүхдүүдээ аваад байгаарай. Эзгүй өрөөнийхөндөө бас аваарай. Бэлэггүй нэг ч хүүхэд үлдээж болохгүй шүү!” гэж цовоо гэгч нь инээж зогсдогсон. Энэ удаад тэр хоолой нь зангирч нулимсандаа хахчих гээд дуугарч ч чадсангүй. Төмөр тэндээс гараад шууд Сэлбийн гүүрний ойролцоох оюутны хотхоноор очлоо. Байр луугаа орж зүрхэлсэнгүй.

Тэрээр эхнэртэйгээ хамт салхилж алхдаг байсан Улаанбаатрын бүх газраа гүйцээв. Харин түүнд одоо нэг л газар очих дутуу байлаа… Төмөр замд гарах бүх бэлтгэлээ хийж дуусжээ. Бичиж байснаа ч дуусгав. Тэгээд тэр өөртөө зөөлхөн дуугаар ийн уншив. “Юм бүхэнд би буруутай хань минь. Хэлэх үг алга. Ээж дүү нарыг чинь чадлынхаа хэрээр зохицууллаа. Бодох тутам би мөн ч тэнэг хүн юм. Өөрийгөө азтай эр хүн гэж биширч, чамаараа бахархаж, онгирч, цээжин дотроо л багтаж ядаад байсан болохоос ганц удаа ч гэсэн цэцгийн баглаа өгч байгаагүй минь үнэн. Бас дутуу юмгүй амьдралаа сайхан авч явна гэж л бодож аагархаж явснаас хурим хийх тухай огтхон ч бодож байгаагүй минь ч үнэн. Чамайгаа амьд сэрүүн байсан бол хамгийн сайхан цэцгийн баглааг хөлөөр чинь нэг зулчихаад, хамгийн сайхан даашинзыг чамдаа өмсүүлчихээд нижгэр хурим хиймээр байлаа хань минь. Даанч… Бурхан надад яагаад ийм хатуурхаж байгаа юм бол. Тэгтлээ хайрлаж байсан ханийнхаа шарил дээр нь ч ядаж цэцэг тавих боломж олгодоггүй яасан их хатуурхал гэгч вэ. Миний л үйл юм биз дээ. Чиний минь зүрх тэнгэрт ямар их үнэ хүрч байгаа бол. Хиргүй тунгалаг сэтгэлээ надад л зориулсан чамдаа би өртэй. Дархан руу явдаг тэр жил чи минь “Сэлэнгэ рүү нэг очиж үзье” гэж байсан даа. Сэлэнгэ мөрний хөвөөнд чамтайгаа амрах тийм их хэцүү байсан юм гэжүү. Аваад явах минь ч яав даа. Бас чамд уур минь хүрч байна. Сүүлчийн тэр зурвасыг чинь уншчихаад би хүнтэй гэрлэж сайхан амьдрах юм шиг байна уу? Чи үнэндээ намайг мэддэг юм шиг царайлчихаад мэддэггүй юм байна. Энэ хорвоогоос чи тийм гомдолтой буцсан байхад юу бодож би энд дахиж гэрлэх гэж суухав. Би ч бас зүрхээ тэнгэрийн ломбарданд тавьж, чинийхээ зүрхтэй ижилсүүлье. Чиний минь зүрх тэнд ганцаардах ёсгүй. Сэлэнгэ мөрний хөвөөнөө уулзъя хань минь.” Төмөр Сэлэнгэ рүү хурдална. Замдаа эхнэртэйгээ буудаллаж байсан дэн буудалтай цайны газраар орох тухай хэдийн төлөвлөсөн байв. 4-р курсын өвлийн амралтаар Дархан явах зам зуур буудалласан энэ газар эхнэртэйгээ танилцсанаас хойшхи хамгийн романтик шөнө байсныг тэр мэднэ. Тасгийнх нь охид, камендатаас айлгүй агаарын сайханд хоноглосон тэр нэгэн шөнийн тухай дурсамж тэр хоёрыг олон ч удаа эвлэрүүлсэн байв. Төмрийг нөгөө цайны газар ороход юм бүхэн өөрчлөгдсөн ч сэтгэлд дотно. Хоол захиалах санаатай суутал нүүр танил эгч гарч ирээд “Төмөр мөн шив дээ. Бараг өөрчлөгдөөгүй байна. Намуунаа чамайг хойтон ирнэ гээд байсан чинь чи ирэлгүй 2 жил боллоо. Танай эхнэр 2 жил гарны өмнө Австрали явахаасаа өмнө ирэхдээ чамайг ирвэл өгөөрэй гээд нэг ном үлдээсэн юм” гээд авчирч өгөв. Төмөр салганан чичирч номыг дэлгэж үзэхэд “Өнөөдөр номын санд өнжинө” гэж хавтасны дотор талд бичсэн байв. Харин арын хавтсан дээр “Энэ хүртэл ирсэн бол би чамайг сайн мэддэг юм байна. Австралид дулаахан байна” гэжээ. Төмөр нулимсаа ч арчих сөхөөгүй машинаа Улаанбаатрын зүг эргүүлж хар хурдаараа давхилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!