“ӨӨР БИШ ӨӨР ЕРТӨНЦИЙН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ӨӨР БИШ ӨӨР ЕРТӨНЦИЙН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Төмөр гэнэт ичингүйрэн харц буруулж түүнийг сэвхийтэл өргөн тэргэнцэр дээр нь зөөлөн суулгахад Тэргэлмаа инээмсэглээд нойлын өрөө рүүгээ явлаа. Тэр хооронд Төмөр Тэргэлмаагийн орыг засаж унтахад нь бэлэн болгоод өөртөө газраар ор засаад хувцсаа тайлан хэвтлээ. Удалгүй Тэргэлмаа орж ирэн зассан орыг хараад баярлан түүн рүү харж инээмсэглээд : – Хөөх миний орыг засчихсан юм уу? – Харин тэглээ. – За за найздаа маш их баярлалаа гээд Тэргэлмаа орондоо орж хананд гарт нь ойрхон гэрлийн унтраалгаа дарж гэрлээ унтраав. Өрөөнд нам гүм. Салхивчаар зуны цэнгэг агаар зөөлөн сэвшиж, цэцгэн хээтэй чүүлэн хөшиг намс намс хийн салхины аясаар үе үе хөдлөнө. Төмөр бодол болон хэвтэнэ. “За байз Тэргэлмаад яаж сэтгэлээ илчлэх вэ? Нэг л зүрх зориг хүрэхгүй явсаар бүтэн 4 жил өнгөрлөө . Анх МСҮТ-д оюутан болж ирсэн тэр жил хорголжин алаг нүдтэй, даруухан хэрнээ сайхан инээмсэглэдэг, сайхан сэтгэлтэй, тусч, хичээл ном, нийгмийн тустай ажилд идэвхи чармайлттай , авъяас чадвартай энэ охиныг анх хараад сэтгэл алдарч билээ. Оюутнуудын танилцах үдэшлэг дээр танилцаад анх хэл амаа бичгээр ойлголцож байсан сан. Тэгээд илүү дотно танилцсан ч гэрт нь хүргэж өгөх, хамт хичээл давтах, бусад зүйл дээр үргэлж хамт байхыг хичээдэг байснаас хайр сэтгэлээ илчлэх гэхээр нэг л эв дүй болдоггүй байсаар өдий болчихлоо. Хэдий болтол ингэж явнаа би. Эр хүн ч бол доо” гэж бодсоор нэг мэдэх нь нам унтсан байлаа.

Өглөөний нар мандаж цонхоор гэрлээ тусган Төмрийн нүүр дээр асгарахад тэрээр яраглан суниаж эвшээгээд нэг нүдээ онийлгон сэрээд эргэн тойрноо харвал Тэргэлмаа сэрээгүй байгаа бололтой. Даруй босож ор хөгжил,гудсаа хураагаад, нүүр гараа угаан хувцаслаад байж байтал Тэргэлмаа сэрээд : – Хүүе ! Сайхан амарсан уу? гээд мэнд асуувал Төмөр дотно сайхан инээмсэглэж : – Сайхаан. Сайхан амарлаа. Чамайг сэрэхийг хүлээгээд л – Аанхан. За. Найз нь одоохон гээд орноосоо өндийхөд нь тэргэнцрийн нь авчран сэвхийтэл өргөн суулгаад нойлын өрөө рүү дөхүүлж өгөв. Тэргэл ариун цэврийг сахих зуур Төмөр ор дэрийг нь цэгцэлж хураагаад жин тан болгон зах руу явахад бэлдэн том үүргэвчинд бас бус нөгөө наймааны жижиг хайрцаг савнуудыг нь цэгцлэн хийгээд бэлэн болгов. Цэдэн гуай босож өглөөний цайгаа чанаж дээжээ өргөөд өглөөний цайны ширээ засаж бэлдлээ. Тэргэлмаа Төмөр хоёртоо хамтдаа цайлангаа өнөөдөр охиныгоо эртхэн ирэхийг захиж, Төмөрт маш их баярлаж байгаагаа илэрхийлэн түүнийг хацар дээр нь үнэрлэн үнслээ. Тэргэлмаа ч эмээдээ эртхэн ирнээ гэж хэлээд Төмөрт баярлаж байгаагаа илэрхийлэн бас найзыгаа нөгөө хацар дээр нь үнсэхэд Төмөр өөрийн эрхгүй догдолж зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэн гадагшаа хамт гарцгаалаа. Төмөр хайртай бүсгүйгээ түрсээр Бөмбөгөр зах дээр иртэл дөнгөж онгойж байлаа. Зах руу орж хэрэгцээт барааг нь хамт худалдан авалцаж өгөөд наймаагаа хийдэг газар нь хүргэж өгөн урьдын адил барааг нь янзалж цэгцэлж өгчихөөд өдөр ирэхээр амлаад инээмсэглэн гар далласаар Төмөр гэрийн зүг явлаа. …Зуны сар зургаа биш болохоор нэг мэдэх нь ээ л наадмын дараа намар гэдэг шиг хичээл сургууль орох цаг дөхөв. Төмөр Тэргэлмаадаа туслаж гүйгээр л. Тэргэлмаа наймааны хаа сүүлчийн өдөр бүх бараагаа шахаж дуусгах гээд шаргуухан ажиллаж байсан тэр өдөр 8-дугаар сарын 30-ны өдөр өглөө 7:00 цагт наймаагаа эхлүүлжээ.

Уг нь ч энэ жилийнхээ сургалтын төлбөрөө дөхүүлсэн ч өнөөдрийн наймаагаа хийж дуусгасан ч арай л дутах болчихоод сандруу тэвдүү жаахан бухимдуухан л байлаа. Урд өмнө нь болоод д байдаг байсан чинь энэ намрын хувьд арай л дутуу байхын шалтгаан нь зун наадмын дараагаас бороо их орж наймаагаа алдаг оног хийсэн, бас бие нь жаахан чилээрхэж өвдөж хэд хоног хэвтсэн нь нөлөөлсөн бололтой. Энэ үед Төмөр байнга санаа тавьж хайрлаж халамжилж, үргэлж хамт байдаг байлаа. Тиймдээ ч Төмөр Тэргэлийнхээ энэ байдлыг ойлгож данс руу нь 9 сарын 1-нд үлдэгдэл дутуу төлбөрийг нь хийж Тэргэлмаагаа баярлуулах гэнэтийн бэлэг барихаар шийджээ. Тэргэлмаа өглөө эрт наймаагаа гарсны хүчээр овоо орлого хийж байв. Гайтай юм шиг өдөр нэг эргүүлийн цагдаа ирж тамхи ширхэглэн зарж байгааг нь мэдээд 50.000 төгрөгөөр торгууль үгүй бол бүх бараатай чинь хамт түр саатуулахад ачлаа гэж сүpдүүлж байх үеэр зарим нэг худалдан авагч нар өмөөрч хэрүүл тэмцэл дэвэрч орчныг хамрав. Тэргэлмаагаас байнга юм худалдаж авдаг нөгөө ах Тэргэлмааг өмөөрч – Муусайн жандармууд та нар яах гэж муу муудаа дээрэлхүү муна гадсандаа дээрэлхүү гэгчээр энэ мэт амьдрах гэж ядаж яваа амьтдыг дээрэлхэж байдаг юм бэ! – Үгээ бодож донгосоорой! Залуу. Би муу ч сайн ч төрийн цагдаа шүү ! – Үxcэн хойноо ! Төрийн цагдаа. Хyлгайч дээpэмчин aлyypчин, я нxнуудаа цэгцэлж чадахгүй байж их сургуулийнхаа төлбөрийг төлөх гэж халуунд халж, хүйтэнд даарч , бороонд норж, шороонд өглөөнөөс харанхуй шөнө хүртэл янз бүрийн хүмүүсийн арга эвийг олж группийн мөнгөөрөө ингэж суугаа өнчин охиныг чи муу заавал ч үгүй торгоно моргоно, ачина гэж сүрдүүлдэг юу вэ! – За дуугай бай! Би ажлаа мэдэж байна!

-Чи ажлаа мэдэж байна гээд тэргэнцэртэй жаахан охиныг дapaмталдаг юм уу?! Хуцав аа чи! – Ахаа. Хэрэггүй ээ. Угаасаа миний буруу 50.000-р биш харж үзээд 5000-р торгууль бичээд өгчих тэгэх үү цагдаа ахаа гээд Тэргэлмаа арга ядан гуйж маргааныг эвээр шийдэх гэж оролдох үед Төмөр гүйж ирэн цагдаагийн өмнө гэнэт сөгдөн амаа ангалзуулан гуйж гувшин уйлахад эвгүй байдалд орсон уу яасан цагдаа залуу олны дайралтаас ч эмээсэн үү Төмрийн энэ байдлыг ч өрөвдсөн үү бүү мэд чимээгүйхэн тэднээс холдон одлоо. Хүмүүс ч тэр хоёрыг өрөвдөн бараанаас нь чадах чинээгээрээ худалдан авч байлаа. Харин Тэргэлмааг өмөөрсөн байнгын худалдан авагч нөгөө ах хүмүүсийг уриалан тэр хоёрын наймаанд тусалж худалдан авагчдыг ятгаж нэмэр болсоор бараг наймаагаа дуусах дөхөж тамxинуудаа ашгүй зарж дуусгав. Тэгээд нэг пичень, бохь, иштэй чихэр, ганц хоёр сальфетка үлдсэн байсныг нөгөө ах үнийг нь бодуулж бүгдийг нь худалдаж авснаар мань хоёр их л азтайгаар ч гэх үү ёозтойгоор ч гэх үү наймаагаа амжилттай дуусгаж Төмөр Тэргэлмаа хоёр нөгөө ахад маш их баярласнаа илэрхийлэн харихаар болцгоолоо. Инээд баяр хөөрөөр дүүрэн мань хоёр гудамжаар их л жаргалтай нисэх мэт хурдтай явсаар нэг мэдэх нь Тэргэлмаагийн гэрийн гадаа ирсэн байлаа. Төмөр өдөр Тэргэлмаагийнхаа наймаанд тусалж байгаад багшийн дээд рүү гялс ганц улаан сарнай авч хүрэмнийхээ дотуур халаасанд нуусан байжээ. Өнөөдөр л хайр сэтгэлээ илчилье гэж шийдсэн байжээ. Тэргэлмаа байрныхаа гадаа ирээд түр салхинд хамт сууя гэж хэлэв Төмөр ч олзуурхан тэгье гээд тоглоомын талбайн сандал руу дөхөн очицгоолоо. Тэргэлмаа эмэгтэй хүний зөн совингоороо ч тэр үү Төмрийг аль 4 жилийн өмнөөс л өөртөө хайртай гэдгийг нь мэддэг байсан ч мэдээгүй дүр эсгэдэг байжээ.

Хэзээ нэгэн өдөр надад сэтгэлээ илчлэх байх гэж хүлээсээр л бас чиг эмэгтэй хүн юм болохоор түрүүлж ханд өгмөөргүй ч санагдсан уу тэгсгээд л хараад л байдаг байжээ. Тэгээд тэсэлгүй өнөөдөр яагаад ч юм өөрөө хэлдэг ч юм бил үү санаа сэдлийг нь ч өгдөг юм бил үү гэж бодож салхинд хамт жаахан сууч гэж хэлсэн байв. Яагаад ч юм их сэрүүхэн өдөр байлаа. Хүйтэн ч юм шиг. Гадаа эль хуль. Амнаас нь амьсгалах тоолонд уур савсаад л. Буцаж байгаа цагийн жавар арга ч үгүй юм уу даа. Төмөр: – Даарч байна уу? гээд гарын нь халуун гараараа атгав – Тэргэлмаа их л дотно инээмсэглэн: – Үгүй ээ гэлээ – Даарсан л байна даа. Гар чинь хүйтэн байна. – Үгүй ээ даараагүй. Чиний хайр халамжинд би энэ 4 жилийн турш нэг ч удаа даарч байгаагүй гээд нулимс унаган Тэргэлмааг хэлэхэд Төмөр сандран барьц алдан юу гэхээ мэдэхгүй : – Би Би Би чамд хайртай тиймээ Тэргэлээ би чамд хайртай. Надтай гэрлээч гээд өвдөг сөгдөн нөгөө ганц улаан сарнайгаа барьж, жижиг улаан хайрцагтай бөгж хүрэмнийхээ халааснаас гарган алган дээрээ дэлгэхэд Тэргэлмаа : – Ингэж нэг сэтгэлээ илчлэх гэж чи минь. Ямар их хүлээв ээ би чамайгаа гээд инээмсэглээд толгойгоо дохин зөвшөөрсөн сэтгэлээ илэрхийлэхэд хорголжин алаг нүднээс нь бөөн бөөн нулимс асгарч байлаа. Өөр биш өөр ертөнцийн хайр ийм л эгэл даруу, ариунаас ариун цэвэр ичимтгий,гэгээн байх бөлгөө. Хайр хэнийг ч ялгадаггүй .

One thought on ““ӨӨР БИШ ӨӨР ЕРТӨНЦИЙН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!