“ГАНЦ ДҮҮГЭЭС ЧИНЬ ИЛҮҮ ХЭДЭН XAЛTAP ЦAAC ЧИНЬ XЭPЭГTЭЙ БАЙСАН БИ3”

“6:45” ӨГҮҮЛЛЭГ

Г.М.МӨӨГИЙ

Унтах гэтэл нойр хүрдэггүй. Хөрвөөж хөрвөөж хажуудахаа сэрээчихвий гэж хэсэг нүдээ анин хөдлөлгүй хэвтлээ. Унтах шинжгүй. Тамхилюу гээд тагтан дээр гарлаа. Сэтгэл санаа жаахан тиймэрхүү байсан тул урт гэгч нь санаа алдаад тэнгэр өөд харан суниахад том том ширхэгтэй цас малгайлан ордог шиг тэнгэрээс мөнгө унаж байна. Жаахан салхи эсгэрэхэд хуйлраад л 20.000, 10.000, 5000, 1000, 500.т цонхны гэрэлд эргэлдээд л газар оочно. Нүдэндээ ч итгэсэнгүй. Ээ бурхан минь ямар сайхан юм бэ гээд алгаа тосон тэнгэр өөд харж зогслоо.

Энэ зүүд биш байгаадаа тэнгэрээс мөнгө унаж байна. Эхнэртээ хэлэхийн түүс болон 20,000 дэвсгэр бариад гэрлүүгээ гүйн орлоо. Хөөе хөгшөөн босоорой, босоорой. Тэр сэрэх шинжгүй дуг нойрондоо. Хөөе Цэнгэлээ гээд нэг хүчтэй угзарчихав. Цэнгэл -Үгүй чи чинь хүн унтуулахгүй яах гээд татаж чангаагаад байгаа юм бэ гээд унтууцангуй дуугарлаа. Чи энийг хардаа гадаа бөөн мөнгө үрчийтэл базсан 20,000-таа харуулж тэр тэнгэрээс мөнгө унаад байна аа хөөе. Энийг хар л даа гэхэд Цэнгэл -Унаж л байдаг ш дээ юм үзээгүй гэдэг нь гэж жигтэйхэн муухай цэхэлзсэнээ уурсаж буруу хараад унтаад өгөх нь. Би баахан гайхасхийж хөлстэй алдгандаа базсан мөнгөө эвтэйхэн эвхээд халааслав.

Унтахаар хэвттэл унаж байгаа тэр их мөнгө нүдэнд харагдаад нойр бүүр ч хүрсэнгүй. Тагтан дээр унасан хэдэн цаасыг цуглуулан түрийвчлэв. Элдэв бодолд дарагдав. Урд цагт бол энэ Цэнгэл мөнгөгүй мөнгө олж ир гээд унтуулдаггүй. Халаасанд тамxины мөнгө ч үлдээлгүй хоосолдогсон гэтэл хэзээ мөнгөнд ийм дургүй болчихов. …Өглөөний 6:45 бүх хот нам гүм. Гудамжны нохой бид хоёр л сэрүүн. Нохой хов хов хуцна. Зaйл чи гэж нохойг хөөх дуунаар гурван шар хантаазтай шүүр барьж хогийн сав чирсэн хүмүүс. Тэдний нэг нь -Бас л мөнгө гээд шүүрдэж эхлэв. Тоосон шинжгүй 20.000 , 10.000 мянгатыг шарласан навч шиг овоолж төмөр хогийн саванд хийснээ араас нь шүдэнз зураад асаачих нь тэр.

Би хүүе наадах чинь мөнгө гээд орилох гэснээ жаахан санаа зовж, байрныхаа үүд хавиар унасан мөнгийг түүхээр уруудав. Түүж эхэллээ том шар тор бариад л. …Өглөө болжээ хүүхдүүд сургуульдаа явахаар алхлана мөнгө өшгичөөд л. Гэнэт орцны хаалга дуугарч хүн гарч ирэв. Хөөе ах хог түүгээд л яах гэж байгаа гэж ёжтой асуух танил хоолой, харвал хажуу хаалганы хэгжүүн бацаан утаа баагиулан өнгөрлөө. Хн хог гэнэ шүү! өчигдөрхөн л надаас ганц тамхи өгөөч гэж гуйсан, өнөөдөр мөнгө өшгөчин алхаж байх юм.

Араас нь харж жаахан зогсов, газраас л лав мөнгө авсангүй, булан эргээд яасныг харин мэдэхгүй. Түүсэн хэдэн цаасаа аваад гэрт орлоо. Цэнгэл том алаг нүдээ эргэлдүүлэн, яах гээд тог түүгээд явдаг юм амьтан хүнээс санаа зовооч, гаргаад хая наадахаа гээд л шороо хормойлоод ороод ирсэн хүүгээ загнаж байгаа ээж шиг хангинах нь тэр. Би эхнэрээ хорвоогийн хамгийн шуналтай эмэгтэй гэж боддог байлаа. Үгүй байж. Энэ хайран юмыг хаяж байхаар муу дүүдээ аваачаад өгье. Дүү минь хүнд өвчин тусч олон жил зовж байгаа, гэхдээ надаас мөнгө гуйж яваагүй ээ хөөрхий. Сүүлд надаас хэдэн цаас гуйхад нь би өгөөгүй.

Миний дүүгээс илүү хэдэн бор цаас үнэтэй санагдсан юм байлгүй. Яг үнэндээ Цэнгэл гэж хүүхний үглэж янших, аяга таваг шидлэх, том нүдний эргэлдэн уурлаж, үрчигнэн ярваганахаас эмээсэн хэрэг шүү дээ. Тэгээд л би мөнгө байхгүй гэсэн, тэр өдрөөс хойш надруу холбоо бариагүй яажшуухан л байдаг юм бол. Хэмээх бодол зурсхийн орж ирж түүсэн хэдэн цаасаа барин дүүгийнхрүү алхлаа. Хашааных нь үүдэнд очлоо, эл хуль, нохой хуцахгүй, хаалга нь нээлттэй нэг л сонин. Орвол муу дүүг минь орон дээр цагаан даавуугаар бүтээчихсэн, бэр маань гурван хүүхэдтэйгээ уйлчихсан сууж харагдлаа. Би яах ч учраа олохгүй шар тортой мөнгөө газар унагав.

Торны шаржигнах чимээгээр бэр дүү сая сэхээ орж, нулимастай харц нь над дээр тогтлоо. Аймаар. Нурууны зураанаас дээш хүйт оргиж, хэдэн шар үс ширхэглэн бослоо. Тэр надруу аажуухан алхлаа. Миний зүрх дагжин чичирж хий л хоолой засан зогсох, тэр долоовор хуруугаараа хаалга өөд зааснаа -Зайл, манайхаас зайл хүний хорвоо дээрх ганц дүүгээс чинь илүү энэ хэдэн халтар цаас чинь хэрэгтэй байсан биз. Чам шиг мөн чанар, хүний үнэрээ мөнгөөр сольсон амьтан гээд хоолой чичрүүлж ирсэнээ хэлэх үг нь дууссан уу?

Хэлэх муу үггүй болсон уу яасан нүүр өөд нулимаад авлаа. Нээрээ ч би энэ амьдралыг авч явах гэж, хэдэн халтар цаасыг цуглуулах гэж зүтгэсээр хүн чанараа гээсэн байжээ. Арай ч дээ дүү минь гээд толгой руугаа шаан цурхиран уйллаа… Гэнэт сэрүүлэг дуугарч хар дарсан аймшигт зүүднээсээ нулмистай сэрлээ. Нүүрээ ч угаалгүй хувцасаа өмсөж, тамxиа асааж, хэдэн халтар цаасаа халааслан дүүгийнхрүү алхлаа. Мөн чанар, хүний үнэр минь мөнгөөнөөс үнэтэй. Гадаа том том ширхэгтэй цас малгайлан будрана. Өглөөний 6:45….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!