“ЯВААГҮЙ ГАЗАР, ХАНДААГҮЙ ЭМЧ ДОМЧ, БӨӨ ЛАМ ҮЛДЭЭГҮЙ…”

“ХИШИГ” ӨГҮҮЛЛЭГ

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Өвс ургамал халиурсан зуны дэлгэр цагт Халиун их дуртай. Хэдий урьдын адил дураар дэгдэж гүйж харайж чадахгүй болсон ч цонхоор гадаа тоглох хүүхдүүд, цонхны доогуур явах хүмүүсийг харж суух түүнд сайхан байдаг юм. Солонгост 10 жил тасралтгүй, амралтгүй шахуу гүрийж гүзээлзгэнийн хүлэмжинд ажиллаж гайт тэр нэгэн өдөр ах дүү хамаатан садандаа бэлэг сэлт авах гэж Тэндүмэний зах уруу явж байгаад цагаачлалын албаныхнаас зугтаж байхдаа хөлөө эвгүй гишгэснээ тоолгүй явсаар гэнэт л суумгай болчихсон нь энэ билээ.

Хөөрхий муу ээж аав хоёр нь яваагүй газар, хандаагүй эмч домч, бөө лам үлдээгээгүй л явсан. Даанч Халиуны бөгсөн бие улам л мэдээ алдсаар ийнхүү тэргэнцэр дээр хадагдах болсон аж. 10 жилийн турш өөрөөсөө ч харамлан хадгалсан хэдэн төгрөг нь эм тарианд яваад дуусаж буй. Эмч хөлийн мэдрэлийн судас дарагдаж эмчлүүлэхгүй удсан тул ийнхүү мэдрэлд нөлөөлжээ гэж онош тавьсан юм.

Хайрлаж дурлах, үр хүүхэд төрүүлэх тухайд түүний үеийн бүсгүйчүүд мөрөөддөг бол харин тэр эсрэгээрээ автомат ажиллагаатай тэргэнцэр, тахир дутуу хүний машин л мөрөөддөг болсон. Бурханд хэзээ ч итгэж байгаагүй тэрээр үргэлж бурханд залбирдаг болсон юм. Бурхан минь намайг жаргааж өгөөч.

Би хангалттай зовлоо шүү дээ хэмээн тэрээр өрөөндөө чимээгүйхэн ээждээ мэдэгдүүлэхгүй нууцаар уйлан хайлан толинд харж өөрөө өөртэйгөө ярихаас түүний өглөө эхэлдэг байлаа. Гуйж байна танаас надад хугасхан ч болов, халбаганы төдий л жаргал хайрлаач дээ та минь, гэж байнга залбирах. Гэвч үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй бурхан түүнд халбага жаргал өгөхгүй л байсаар.

Хадгаламжинд нь үлдсэн мөнгө мөрөөдлийг нь биелүүлэхэд хүрэхгүй тул тэрээр юу хийж, мөнгө олохоо бодоод үл олох. Гэвч нэг өдөр мэргэн арга харван орж ирэх нь тэр. Тэр бол мэргэлж мөнгө олох. Халиун багын зөнтэй, хэлж ярьсан зүйл нь биелдэгийг мэдэх тул ер нь хэцүү биш санагдах. Бас сүүлийн үед уйдсандаа хөзрөөр мэргэлж сурсан билээ.

Өөрийнхөө ирээдүйг байнга үзэхэд үргэлж л аз жаргалтай сайхан амьдрал буухад ихэд эргэлзэх ч бас дотроо маш их баярлана. Харин яаж хүмүүс олох билээ. Энэ л том асуудал болов. Өө фейсбүүк тэр л тусална, ямартай ч үзээд алдах хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулав. Одоо түүнд мөнгө олох тухай бодол тийм ч хэцүү санагдахгүй болов.

Фейсбүүк, твитер-т заяаны ханийг нь хэлж өгнө, засал хийнэ гээд утсаа, мөн өөрийнхөө зургийг тавьж орхив. Долоо хоноход хэн ч залгасангүй. Харин ч зарим нэгэн улс тохуурхан чи барах уу гэх мэтээр бичсэнийг хараад урам хугарах. 9911-тэй утаснаас нэг өдөр дуудлага ирэв. -Сайн байна уу Халиунаа. Би Хүрлээ байна чи намайг таньж байна уу?

Би чамайг маш их хайдаг байсан. Чамайг Солонгос явсан гэж сонссон. Бас чамайг өвдсөн гэж сонссон ч чиний утсыг олж чадахгүй байсан юм. Гэтэл азаар фейсбүүк дээрээс чиний тавьсан зарыг олж хараад мэдэж авлаа. Би чамтай уулзмаар байна, чи надад хаягаа өгөөч гэж нэг амьсгаагаар урсгах нь тэр.

Хүрлээ….. Энэ бол түүний анхны эр хүн. Бас бараг л суух гэж байсан эр нь. -Хүрлээ, би, би одоо чамд хэрэггүй болсон байхаа, би, би явж чадахгүй болчихсон -Би мэднээ, тэр хамаагүй би чам дээр очиж уулзаад хэлэх зүйл байна гэв. Халиун Хүрлээг ирнэ гэснээс хойш сандран үс зүсээ тольдож, хувцас хунараа өмсөх гэж ээжийгээ дуудав.

Солонгост байхдаа ирээд өмсөнө гэж авч байсан үзмэн ягаан өнгөтэй гоё даашинзаа гаргаж өмсөх гэхэд ээж нь ихэд гайхсан байртай -Миний охион чи хаачих нь вэ энэ чинь гоёж гоодоод хэмээн инээхэд тэрээр ичингүйрч -Ээж ээ та Хүрлээг санаж байна уу. Тэр над дээр ирнэ гэсэн, ээжээ Хүрлээ эхнэр авчихсан байхдаа, би муухай харагдаж байна уу гээд урт хар үсээ задгайлан, дэвүүр мэт сормуусаа хөдөлгөх нь үзэсгэлэнтэй харагдана.

Төд удалгүй хаалганы хонх дуугарав. Зүрх нь түг түг цохилоход тэрээр амьсгаагаа дарах гэж сандран буйг харсан ээж нь хаалга онгойлгохоор очив. Хаалга онгойж олон жилийн өмнө хайрлаж дурлаж байсан Хүрлээ нь орж ирэв. Тэрээр тэргэнцэр дээр ичингүйрэн сууж буй Халиуны гарыг нь шүүрэн авч, -чамайг би ямар их хайсныг чи мэдэх үү.

Би арван жилийн турш эхнэр ч авалгүй чамайг л хайсан, чи итгэхгүй байхдаа надад гээд тэврэн авах нь тэр. Халиун Хүрлийг тэвэрч -Үнэн гэж үү, Хүрлээ, чи, намайг одоо хардаа би явж чадахгүй, миний бөгсөн бие мэдээгүй болчихсон, би ч чамд хайртай, боддог л байсан. Одоо даанч би чамд хэрэггүй болчихсон гээд уйлахад Хүрлээ бөмбөрөн урсах нулимсыг нь арчаад -Хэрвээ чи л надад за гэвэл хоёулаа хамтдаа үүрд сайхан амьдрая.

Бас надад ч бас чамд үзүүлэх зүйл байна. Би Америкт барилга дээр ажиллаж байгаад унаж хөлөө бэртээж, өрөөсөн хөлөө тайруулчихсан. Тэгээд ийм хөлтэй болсон доо гээд өмднийхөө шуумгийг эргүүлэн харуулав. Тэнгэр минь, чи минь. Тэгье ээ, би чамтай сууна, хэрэв чи л хамаагүй гэж байгаа бол. Бурхан минь баярлалаа.

Би хүмүүст заяаных нь ханийг олж өгөх гэж зар тавьсан биш өөрийнхөө заяаны ханийг олчихлоо хэмээн нулимс урсган Хүрлийг тэврэхээр хоёр гараа дэлгэхэд Хиймэл хөлтэй Хүрэл түүнийг хоёр гараараа сэвхийтэл өргөн өрөөн дотуур баярлан эргэлдэв. Саяхан л өөртөө ямар ч ирээдүйг бодож харж мөрөөдөж чаддаггүй байсан тахир дутуу бүсгүй аз жаргалаа олсондоо яг л дүүлэн нисэж буй шувуу мэт жаргалтай байлаа.

Бурхан хүнд дандаа зовлон өгдөггүй юм шүү дээ гэж ээжийнх нь хэлж байсан үг үнэн байсныг ийнхүү мэдрэв. Бурхан түүнд халбага биш шанага дүүрэн жаргал явуулжээ. -Бурхан минь танд баярлалаа, та байдаг юм байна шүү дээ бурхан минь гэж Халиунаа Хүрлийн мөрөөр тэврэнгээ чангаар хашгирхад ээж аав хоёр нь нулимс урсган хоёр хүүхдээ тэврэн авав. 10 жилийн өмнө эрүүл саруул атлаа амьдарч суулгүй харийг зорьсон хоёр, харин 10 жилийн дараа аль аль нь тахир дутуу болчихоод амьдран суух ерөөлтэй байсан аж.

Амьдрал гэж өөрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэж хүмүүсийг дандаа шалгадаг ч юм шиг. Бүтэн байхдаа үнэ цэнийг нь мэдрээгүй жаргал, хайр сэтгэл харин одоо хоёр залууд үгээр хэлэхийн аргагүй, мөнгөөр хэмжигдэхийн эцэсгүй үнэтэй байлаа. Тиймээ бурхан байдаг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!