“БИ ЧАМАЙГ МАРТАХГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

“БИ ЧАМАЙГ МАРТАХГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

Т.БУМ-ЭРДЭНЭ

Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж өнгөрөөсөн юм бүү мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан аpxины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо өөр хүний нэрийг дуудаж, могой шиг хүйтэн гараараа хөхийг минь тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгүй согтууд чинь халбагадаж өгөхдөө би нулимстай байсан. Ам руу нь халуун хоол аятайхан хийсэнгүй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Өглөө босоод эцэс төгсгөлгүй уучлалтаа гуйж, амлалтаа амлаж, амнаас минь үг гаргалгүй дарж, үйлт ажлаа хийж дуусахыг чинь хүлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгодоггүй. Бусад бүсгүйчүүл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугачсан эхнэр байгаагүй. Хашгирах нь битгий хэл хамгийн сүүлд явахдаа ч хаалгаа савж гараагүй. Гаднаас орж ирээд би, миний орон дээр галзуу юм шиг тэчьядан орилох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хүртэл өөрийгөө буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салганасан гараараа “Би явъя даа” гэж биччихээд хаалгаа зөөлөн хаагаад гарахдаа харин би уйлаагүй ээ. Хар эрээн амьдралтай он жилүүдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг юм. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа “Халуун саванд нь цайг нь хийсэнгүй дээ. Хөрчихвий дээ” гэсэн хамгийн эцсийн дадал болсон гэмээр, хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг.

Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хүүхэд заяагаагүй. Тэр нь ч болсон юм. Тэгээгүй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз. Ууcан аpxи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас чинь хэтэрсэн тэр нэг орой хүзүүн дээрх цус шүүртлээ шимүүлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж “худлаа тэнэгтэж” чадаагүй. Түүнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, түүнийг харсны төлөө өрөөсөн нүд минь юм харж чадахгүй болтлоо таглуулсан даа. Унтсаны чинь дараа хүүхэд гаргаагүй заяандаа гомдож өөрийгөө баахан зүхэж, үстэй толгойгоо зулгааж билээ. Өглөө нь босоод олны өмнө гардгийг чинь бодож өнөөх улааных нь өнгийг бүдгэрүүлэх гэж пудрээсээ түрхэж өгөхөд чи хорссон янзтай татганаж байсан сан. Нэг нүд маань таг, нөгөөх нь дүүрэн нулимстай болохоор сайн харалгүй хөндчихсөн юм л даа. Өрөөсөн нүд уйлдгийг тэгэхэд би мэдсэн. Чамаас салаад арван сар болж байна. Өнөөдрийг хүртэл уйлсангүй. Эмэгтэй хүн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Өнөөдөр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Түүнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бөхсөн гал голомтоо бадраах гэж би чамайг бодъё гэж бодоогүй.

Зүгээр л асгартал уйлж, дотроо цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгүй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа. Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хүний дээд гэж боддог байсан учраас өөр бусдыг би боддоггүй байсан. Харин одоо бол өөр шүү. Алтан нар хэнийг ч ялгалгүй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгүй ирдэг гэдэгт би итгэсээр байгаа. Гагцхүү харин зөв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай, яадгаа алдтал хөгширчихөөгүй байна. Бүх эрчүүлийг чамаар төсөөлөн бодож чадахгүй нь. Би хэзээ нэгэн цагт хүсэл мөрөөдлийн хайртайгаа учрах л болно. Магадгүй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглүүлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хүүхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бүлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байх даа. Харин чамайг бол мартмаар байсан ч би хэзээ ч мартахгүй. Уйлж сэтгэлээ онгойлгож, урсах нулимс хичнээн гашуун байдгийг санаж байхын тулд би чамайг дурсаж байх болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалны алчуур шиг. Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болноо…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!