“АСРАГЧ БҮСГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

Туяа ажил хийн орлоготой болж гэр бүлдээ нэмэр болох маш их хэрэгтэй байлаа. Хоёр идэхгүй ч хоосон хонохгүй. Гэхдээ өөрсдийн гэсэн гэр оронтой болвол ямар сайхан. Алийн болгон түрээсийн байраар амьдрах билээ дээ. Ингээд зургаахан сартай нялх Энэрэл хүүгээ найдвартай сайн хүнээр харуулах эрэлд гарлаа. Эгч дүү бүл цөөтэй учир үнэндээ хараад өгье ч тус болчихоор хүн ер байсангүй. Хадам эх нь бие тааруу учир нэмж ядрааж давхар эрсдэл хүлээхийг хэн хэн нь хүсээгүй тул эцсийн шийд нь хүүхдийн асрагч хөлслөх дээр тогтлоо. Ажил бэлэн учир удалгүй хөлөө олчино. Хамгийн гол нь хүүдээ л сэтгэл зовнихгүй тайван ажлаа хийх нь байлаа.  Ингээд маш олон хүмүүсийг судлаж үзээд ажлын ярилцлага маягийн зүйл хийсний эцэст Тунгалаг бүсгүй арай сэтгэлд нь дөнгүүр санагдав. Тунгалаг таван настай хүүтэй ганц бие ээж гэх. Хүүхдээ нялхад нь тархи хөдөлснийг нь мэдэхгүй удаан явснаас болж мененгит гэх өвчтэй болж зөв эмчилгээг нь хийж чадалгүй явсаар тархины саажилттай болсон гэнэ. Туяа нэг ч гэсэн хүнд дэм болж бас ч үгүй ямарваа зүйл ямар эрсдэл авч ирж болох ихээхэн туршлагатай эх хүн хүүг минь харахдаа илүү хариуцлагатай хандах болов уу гэж бодлоо.  Ингээд тэд хэн хэн нь дараа өдрөөс Энэрэл хүүг ээжийг нь байхгүйл асрагчдаа дасгах арваад хоногийн бэлтгэл ажилдаа орцгоов. Туяа энэ үеүүдэд асрагчаа ажиглахад мөн л санаанд нь таарч, Тунгалаг ажлын цагуудаар хүүг нь харж байхаар тохиролцов.

Эхний сар өнгөрөхөд Энэрэл хүү асрагч эгчдээ тун ч их дасжээ. Бага зэрэг л салан задгай болохоос хүүг нь давгүйхэн аваад салхилаад байх асрагчдаа Туяа ч бас итгэл хүлээлгэж ээнэгшиж эхэлж байлаа. Нэг өглөө ажилдаа явах гээд байж байтал Тунгалаг инээд алдан Туяад ирж би нэг залуутай танилцсан. Бид хоёр танилцах зарын дагуу танилцаад удаагүй байгаа гэж хэлэв. Танилцах зараар хүнтэй танилцаад явж байж болж байгаа юм уу гэж нэг хэлэх гэснээ хэлэх гэсэн үгээ дотогшоогоо залгив. Үнэхээр ганцаарддаг бол хань нөхөр хэрэгтэй л байх даа гээд дотроо өмөөрөв. Гэсэн ч аюулгүй байдал хамгийн чухал болохоор “Хүнээ сайн таньж байж үерхэж нөхөрлөөрэй” гэж хэлэхтэй  зэрэг шахуу “Тэр залуу маш сайн хүн. Би яагаад ч юм түүнд итгээд дасаад байгаа” гэх хариу аваад өөр зүйл хэлээд нэмэргүй гэж бодогдсон тул Туяа яриаг тэгсгээд дуусгав. Тунгалаг Энэрэл хүүг аваад агаарт гарах үед Туяа  – Би хориод минутын дараа гарах ажилтай. Та хоёрыг гэртээ орж ирэхэд байхгүй байх нь байна шүү гээд үлдэв. Туяагийн уулзах ёстой хүн нь хожимдож явна. Нэг цагийн дараа уулзья гээд уулзалтаа хойшлуулав. Хэсэгхэн ч гэсэн зав гарсанд баярласан Туяа энэ хугацааг ашиглаад бушуухан дугхийгээд авахаар унтлагын өрөөндөө ороод хэвтлээ. Нэг сэрэхнээ хажууханд нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн аахичих дуу дуулдав. Туяагийн нойрмог байсан тул тэрүүхэн зуур юу болж байгааг нь ойлгох сөхөөгүй хэсэг чагнаад хэвтлээ. Яалтачгүй үүлэн борооны ажлыг хэн нэг хоёр хүн хажууханд нь хийгээд байх нь тэр. Нөхөр! Тэр намайг араар минь тавьдаг байх нь гэж бодохоос барьж аваад багалзуурдах хүсэл овс хийгээд орноос нь үсэргэв. Хажуу өрөөний хаалгыг онгойлгоод нүдэндээ ч итгэсэнгүй. Асрагч эмэгтэй өмнө харж байгаагүй танихгүй тарган эрийн доор хорвоогийн жаргалыг мэдрэн хэвтэх, дэргэд нь хүү нь элгээрээ мөлхөж, тайлж тавьсан эмэгтэй хүний дотуур хувцасыг үнэрлэн тоглох нь дэндүү ой гутам. Гар чи манайхаас! Гэж чангахан дуугарахад гэнэтийн зүйл тохиолдож тулгамдсан хоёр сандран босож хувцаслалаа. Өөрөөсөө ч харамладаг бяцхан хүү нь ямар бузар булайг харсан бол гэж бодохоос зүрх зүсэгдэж бушуухан хүүгээ тэвэрч аваад холдлоо. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр нөгөө 2 хамаг хурдаараа сандарч зугтах шахуу гарч одоцгоов. Ийм их үнэ цэнээр ажил хийх хэрэг байгаа ч юм уу. Балчир насандаа ээжтэйгээ л өнгөрөөсөн дурсамж санагдахаас асрагч гээчийг төсөөлөлгүй явсан байж. 

“Хөндлөнгийн хүнээр хүүхдээ өсгүүлнэ гэж юу байдаг юм” гэж намжирдсан хөрш бүсгүйн үг Туяагийн оройд одоо л орж байлаа. Ажил надад олдоно. Хүүгийн минь бага нас балчирхан инээд юугаар ч орлуулашгүй үнэтэй байж. Ийм ариун цагаахан сэтгэлийг хэн нэгнээр буртаглуулах ёсгүйг эрт ухааруулсан асрагч эмэгтэй чамд баярлалаа гэж бодонгоо, ажлаас гарах өргөдөлөө бичиж суулаа.

ХУЛАН

One thought on ““АСРАГЧ БҮСГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

  1. Аймаар
    Үнэндээ юу гэхээ ч мэдэхгүй байна
    Харин Эрт мэдэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!