“АМЬДРАЛЫНХАА XAHИЙГ АЖИЛ ДЭЭРЭЭСЭЭ ОЛСОН” БОДИТ АМЬДРАЛААС…

“АМЬДРАЛЫНХАА ХАНИЙГ АЖИЛ ДЭЭРЭЭСЭЭ ОЛСОН” БОДИТ АМЬДРАЛААС

НАРАНБАТ /Naran Bat/

Би аравдугаар ангиа төгсөөд цэрэгт явсан. Олон аавын хүүхдүүдтэй үерхэж нөхөрлөн, нэг жилийг өнгөрөөсөн юм. Хэдий нэг жилийн алба ч гэлээ тэндээс би бүхнийг олсон гэж боддог. Цэpгээс халагдаад намар нь Батлан хамгаалахын их сургуульд орсон. Нуршилгүй гол хэсгээ бичье.

Хоёрдугаар курст байхад манай сургууль дээр “ОХУ-аас төлөөлөгчид ирж хоёр, гуравдугаар курсын оюутнуудаас хойно сурах дөрвөн залууг шалгаруулж авах юм гэнэ” гэсэн шуум тарж, сонирхож байгаа оюутнууд ч битүүхэн бэлтгэл сургуулилтаа базааж байгаа тухай яриа ч гараад амжив.

Манай багш надад ямар төрлөөр бэлдвэл шалгаруулалтад тэнцэх магадлал нэмэгдэх талаар, мөн нормтивийн талаар сайн зааж, би сар гаруй хугацаанд бэлтгэлээ базааж олон ч нормтивийг асуудалгүй биелүүлдэг болж байтал өнөөх төлөөлөгчид ирж таарах нь тэр.

Шалгаруулалт нь тэсвэр тэвчээр, тэсрэлт, хүч, авхаалж самбаа гэх зэрэг үзүүлэлтээр хоёр өдөр шалгаж хамгийн өндөр оноо авсан дөрвөн залууг сонгосон юм. Дээд курсээс гурван залуу, манай курсээс би тэнцсэн юм. Ингээд ОХУ-д цэргийн мэргэжлээр сурах их үүд хаалга минь нээгдсэн.

Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд зургаан жил суралцаад хүсэн хүлээсэн сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо ирэх тэр мэдрэмж, аав ээжтэйгээ уулзах үгээр хэлэмгүй тэр сайхан мэдрэмж, байнга тусалж дэмждэг байсан багштайгаа уулзах тэр сайхан мөчүүдийг үгээр хэлэхийн аргагүй юм.

Би багштайгаа утсаар ярьж байгаад зуслан дээр нь яваад очсон юм. Багш минь тэтгэвэртээ гарсан байв. Насаараа төрд зүтгэсэн хүн гавъяаныхаа амралтанд гараад хүсэж мөрөөдөж байсан хувийн ажлаа эхлүүлээд сүрхий хөл дээр нь босож байгаа талаараа, мөн миний төгссөн академийг багш өөрөө залуудаа төгссөн талаараа ярилцаад бүтэн нэг өдрийг өнгөрөөв.

Би ажилд орох Жанжин штабын даргын тушаалыг багшдаа үзүүлж баяр дээр нь баяр нэмж билээ. Түүнээс хойш багшийндаа очиж тухтай уулзсангүй, утсаар ярих төдий явсаар таван жилийг ардаа үдсэн. Нэг өдөр багш надруу залгаж надад “чи нэг хүнтэй очоод уулзах хэрэгтэй байна” гэсний дагуу нөгөө хүн дээр нь яваад очлоо.

Нөгөө хүн өөрийгөө Гарди хамгаалалтын албаны гүйцэтгэх захирал гэж танилцуулав. Надыг ажлынхаа завсар чөлөөгөөр хамгаалалтын албыг улам сайжруулах талд туслаад дэмжээд өгөөч гэж хүсэлт тавиад, энэ алба бол багшийн хувийн ажил гэдгийг хэлэв.

Надад ямар нэг эргэлзээ байсангүй багшийнхаа хүчээр өдий зэрэгтэй яваа учир шууд л зөвшөөрөв. Багшийнхаа ажилд туслан өөрийн ажлаа ч хийгээд хоёр жилийг үдлээ. Энэ хугацаанд олон ч тэмцээн уралдаан зохион байгуулав, ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар, ёсзүйд бодит сайн өөрчлөлт оруулах сургалтыг жил бүр хийдэг болов.

Бүх ажилтнууд ялангуяа инженер техникийн ажилтнуудын бие бялдар, эрүүл мэндэд анхаарч сургалт хийж, курсэд явуулав. Компаний тоног төхөөрөмжийг сайжруулав, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой болсон гээд багагүй ажлыг хийж гүйцэтгэсэн.

Би бүр цалин авдаг ажилтан болов. Хамгийн сайхан зүйл нь намайг зөвлөхөөр орсны дараахан манай компани Гантигмаа гэх сүлжээний инженер шинээр ажилд авсан юм. Сүүлийн үед надад тэр бүсгүй ихэд таалагдаж, болзож эхэлсэн, тэр маань надад ч гэсэн сайн юм шиг байна лээ.

Байгууллагын гар бууны тэмцээнд түрүүлсэн, тэгээд зогсохгүй бүсгүй хүн байж заавал оролцоно гэж зөрүүдэлсээр байгаад гардан тулааны тэмцээнд оролцсон гээд дaйчин зоригтой байдалд нь би дэндүү ихээр татагдсан.

Бид хоёрын харилцаа улам дотносож байв. Шинэ жил дөхсөн байсан учир байгууллагын шинэ жилийн баяр дээр ажилтнуудын өмнө гэрлэх санал тавихаар эргэлт буцалтгүй шийдэв. Энэ жил шинэ жилийн баяраа багшийн өөрийнх нь хариуцдаг барилгын компани манай хамгаалатын алба хоёр хамтдаа тэмдэглэхээр болсон.

Ингээд баярын үдэш болж багш нээлтийн үгээ хэлэв, би албаа төлөөлж үг хэлэв. Баяр яг ид дундаа явж байхад би тайзан дээр гараад “та бүхэндээ энэ оройн мэндийг ахин хүргэе би энэ оройг хэдэн сар хүлээлээ” гэж хэлээд шууд тайзнаас бууж,

Гантигмаагийн сууж буй ширээрүү алхаж очоод өмнө нь сөхөрч суун “Гантигмаа надтай гэрлээч” гэж зоригтой хэлэв. Гантигмаа ч маш ихээр догдлон баярын нулимс дуслуулан хүлээж авсан юм. Түүний дараа багш шилдэг ажилтнуудыг шагнаж дуусаад, шинэхэн хос болох бид хоёр тайзан дээр урив.

Багш “Өнөөдөр олон сайхан үйл явдал давхацсан сайхан үдэш болох нь. Манай компаний хоёр залуу шилдэг ажилтан бид бүхний өмнө хайр сэтгэлээ илчиллээ. Залуу хүмүүс ийм л байх учиртай. Миний амьдралын хамгийн сайхан, хэзээ ч мартахүй шинэ жил болж байна.

Маш их баярлаж байна, би цаашид ажил хийх шаардлага алга, хоёр компанийг та бүхэн аваад явна гэдэгт би бүрэн итгэж байна. Ингээд би барилгын компаниа өөрийн охин Гантигмаадаа шилжүүлэн өгч байгаагаа дуулгахад туйлаас их баяртай байна” гэв.

Ажилтнууд хэсэг зуур нам гүм болсноо гэнэт ухаан орсон мэт нижигнүүлэн алга ташив. Би балмагдаад юу болоод байгааг ч ойлгохгүй зогсож байтал Багш “Та нараас нууцалж байсанд өршөөгөөрэй, ингээд микрофоноо Гантигмаа захиралд шилжүүлье” гэв…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!