“АЗ ЖАРГАЛ-2” ӨГҮҮЛЛЭГ

Сэтгэл хангалуунаар тэр хөргөгчрүү алхан, нууцаар хиамнаас нэг хэрчим хэрчиж аваад, амруугаа чихив. Хар цай шүүгээнээс гарган, аль болгон чимээгүй хөдлөхийг хичээн, ус халаав. Санаандгуй халбага унаган, хэсэг чимээгүй эхнэрээ сэрсэн эсэхийг сонсож зогсов. 

-Ашгүй сэрсэнгүй, эхнэр нь түүнийг цөс нь муудсан болхоор хар цай уухыг хориглосон юм. Тэр залуу эмчийн хэлсэн үг болгонд итгээд тэр, дэмий л мөнгө үрэх юм. Тэгээд ч одоо удаан амьдрах биш хэмээн зэвүүцэж байсныг нь яанаа. Даанч эхнэрээ гомдоогоод байлтаа нь биш гээд санаа алдан, байхуу цай өнөөдөртөө бага уухыг шийдэв. Гэтэл гэнэт хаалганы хонх тас хийтэл харанхуйг хэрчин, хангинав.  “Яасан лайтай хог нь шөнө дунд ирдэг байна!” гээд тэр хаалгандээр очин, хаалгаа нээв.  Үүдэнд ач хүү нь биш, харин Хүслэн инээмсгэлэн зогсож байв. -Үгүй, энэ чи чинь мөн үү?- Гэж өвгөн хэлж, хэсэг амаа ангайн Хүслэнг гайхсан нүдээр ширтэв.  -Оруулахгуй юмуу?- Хүслэн гайхсанд нь инээд нь хүрсэн янзтай инээмсгэлж байв. -Хөе, алив ороочдээ, гэхдээ чимээгүй байгаарай, аз болж эхнэр сэрээгүй юм шиг байна, арай аярхан хонх дугаргаж болсонгуй юу, манай хэд бүгдээрээ маргааш ажилтай… гээд тэр өвгөрсөн яриагаар худран хурдан шивнэн, Хүслэнг оруулав. -Алив, гал тогооны өрөөрүү орцгое! Гээд чимээгуй дагуулан оруулав.  Хүслэн тал тал тийшээ харан, дооглонгуй толгойгоо дохив.  -Чи ч бүр өвгөн өнгөндөө орцон байх шивдээ… Мөнхийн залуу явна гэсэн үг чинь яалаа, айн? Хаха- Хүслэн шүдээ яралзуулан, инээв.  -Харин чи хэвээрээ байх шивдээ, мөнхийн залуу, айн? Гээд хөгшин анд нь түүний үрчлээгүй залуу нүүрийг нь харж байв. -Чи харин шүдээ хаана гээчээ вэ, өвөө! гээд Хүслэн цааш инээгээд байв. Өвгөн, түүний инээхийг үл тоон, ширээ бага сага засав. -Хиам идэх үү? За байхуу цай л байна, уухуу? Гэсний хариуд Хүслэн өргөн мөрөө хавчин: -За өөр юмаар андаа дайлахгуй юм бол яай гэхэвдээ, байхуу л ууж өөрийгөө баясгахааас! За алив, хийгээд өг, гэж тэр аягаа ойртуулав. Өвгөн инээмсгэлэн түүнд цай хийж өгч, элсэн чихэр ойртуулав.  -Мартаа юу, би чихэргуй уудаг шдээ.  -Харин би хөгшрөөд ирсэн чинь бүүр амттай юманд дуртай болчоод, нерв тайвшруулдаг гэнэ үү, тийм чихэр охин авч өгсөн, тэрний амтанд нь орсон уу, яасан, байнга л чихэрлэг юм идмээр санагддаг болох юм байшдээ. Тэр хоёр чимээгүй инээлдэн бие биенээ сонжин ширээний ард хэсэг суун, шивнэлдэн ярилцацгаав. -Чи ер нь яаж ийм сайхан өнгөлөг хэвээрээ байнаа? Нууцаа хуваалцаач, андаа!

-Юу байхавдээ, байгаагаараа л байсан, хэвээрээ одоо ч байж байна, нууц гэх юм алга даа… Чи харин яасан эрт өтөлж байх юмбэ?  -Эрт гэж, нөгөөдөр 60 хүрлээ шдээ, бас одон медалиар шагнана гэж байх шиг байлээ, бүү мэдээ… Ихийг үзлээ, энэ 60 насандаа, ихийг ч хийлээ… Амьдрал утгагуй өнгрөөгүй л гэж бодож байна -За за, наад яриагаа эхнэр хүүхдүүддээ ярьж үз, харин надад чи худлаа хэлэхгуй биздээ -Хэхэ, нээрээ чамтай ярьж байгаагаа бүр мартаж орхиж… Чамаас ямар юм нуух биш -За тэр яахав, нэг хатуухан юм гаргаад ир, байгаа л биздээ.  Мөндөө эн Хүслэн… Хэвээрээ шүү, яг хэвээрээ! Ихэмсэг зантай юм шиг харагдаж, ба аашлах боловч, найзнартаа зориулж сүүлчийн төгрөгөө өгөхөд бэлэн, хэнэггүй, гүндүүгүй Хүслэн… Гал тогооны өрөөний бүдэг гэрэлд өвгөн сандал аяр гэгч хөдөлгөн, дээр нь гарч зогсон шкафны дээд нүднээс гоёмсог шилтэй гадаад сархад гаргаж ирэв. -Би ганц л хундага ууна шүү, элэг муу… гээд өвгөн сархад хундаглан, түүнд ахиухан, өөртөө багахан хийсэн хундага ойртуулав.  -Хоеулаа чинь хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ, өвгөн? Гэж өвгөн Хүслэнг асуув. -20 жилийн өмнө үү? 30 уу? Мэдэхгүй юмаа…  -Их ч юм өөрчлөгдлөө шүү… Намайг ийм болчоод, тусгай хоол идээд сууж байна гэж бодоочгуй шүү… Бид хоёр ямар байлаа даа, айн? Санаж байна уу? Бид хоер яаж цугтаа зурж байлаа? Хүн бүр бидний зургуудыг гайхан хардаг байсан шдээ! Бид ертөнцийн хаад байсан биздээ? Мөнхийн залуу, мөнхийн согтуу! -Миний амьдралын хамгийн сайхан мөчүүд шдээ, саналгуй яахав дээ! Гэж Хүслэн хэлж, дахин шүдээ яралзуулан, -Алив, уулзсаныхаа төлөө! Мөнхийн залуу насныхаа төлөө! Тэр хоёр хундага тулган, өвгөн багахан хүртэж, харин Хүслэн бүгдийг нь нэг амьсгаагаар залгилан, ширээндээр таг хийтэл хундгыг буцаан тавив.  

-За тэгээд, ийм л амьдралтай болсон юм биздээ…-Хүслэн толгойгоо эргүүлэн тал тал тийшээ сонирхосон нүдээр сонжиж эхлэв.  -Харин тиймээ, нэг иймэрхүү.  -Алив хоёулаа нэг намайг дурсаад, нэг алхаадхья! Хоеулаа тэгж нэг сайхан алхаж шүлэг зохиож, зураг зурах зоригоо цуглуулдаг байсан биздээ, айн… Санаж байна уу? Дахин би чамдээр дахиж хэзээ ч ирэхгүй. -Гэж Хүслэн хэлж, нүдрүү нь ширтэв.  -Яаж болдог юмбэ, эхнэр уурлана, нөгөөдөр 60 насны ой болно! Тэгээд гадуур ямарч хүмүүс явж байгаа юм билээ! -Гэж өвгөн толгойгоо сэгсрэн, эрс татгалзав.  -Тэр 60 насны ой чинь нөгөөдөр болно шдээ, ямар одоо гэж байгаа биш…. Ийм аймхай болсныг чинь ч бас мэдэхгуй юм байна. 3 эсрэг ганцаараа ноцолдохоос айдаггүй байснаа санаж байна уу? Гэнэт өвгөн угс хийн босож, сэмээрхэн гэрийн шаахаагаа гадны гутлаар солин, хүрмээ өмсөн, Хүслэнг: -За алив, угаасаа би гарч жаахан зугаалмаар санагдаж байсан юм!  -Тэгмээрсөн дээ! Гээд Хүслэн ширээний араас босон, хуучин өргөн байсан өвгөний мөрөндээр гараа тавив.  Хаалга чанга гэгчийн хаагдахад, эхнэр нь сэрж, хаалган дээр очиж харахад хэн ч байсангуй. Гал тогооны өрөөнд бүдэг гэрэл асч байхыг харсан тэр харахад бас мөн л хэн ч байсангүй. Харин гадаа эрх чөлөөгөө буцаад олсон 60 орчим насны хоёр эр, өөртөө итгэлтэй нь аргагүй шөнийн гэрэлт гудамжаар залуу насаа дурсан мар мар хийн алхаж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!