“АЗ ЖАРГАЛГҮЙ БАЙГАА ШАЛТГААН МИНЬ ЕРДӨӨ Л ҮР ХҮҮХЭДГҮЙНХ”

“АЗ ЖАРГАЛГҮЙ БАЙГАА ШАЛТГААН МИНЬ ЕРДӨӨ Л ҮР ХҮҮХЭДГҮЙНХ” – БОДИТ АМЬДРАЛААС

Таныг зовоож байгаа амьдрал өөр хүний хувьд хүсээд ч олдохгүй жаргал байж мэдэх юм шүү… Би одоо 29 настай нэгэн байгууллагад дажгүй албан тушаал эрхэлдэг. Одоогоос 9 жилийн өмнө цэл залуухан 20 насандаа анхны хайртайгаа учраад амьдралын сайхныг амсч, түүнтэйгээ байхдаа энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай хүн байдаг байлаа. Бид хоёр бие биендээ үнэхээр хайртай, цаашдаа хэрхэн амьдрах вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ гээд л бүхнийг ярилцаж хоёр биенээсээ хол хоромхон ч байж чаддаггүй, өвлийн хүйтэнд ч гар гараа барилцаад чичрээд л сууцгаадаг байж билээ. Жилийн дараа биднийг хоёр талын гэрийнхэн маань хүлээн авч бараг л эхнэр нөхөр хоёр шиг болж намайг оюутан байхад тэр маань сургуулиа төгсөөд орон нутагт томилогдож ажиллахаар болсон. Явахынхаа өмнө тэр маань дуртай дууг маань дуулж өгөөд нүдэнд нь нулимс хурж байсан ч “Сайхан амьдарнаа” гээд инээмсэглээд явсан. Энэ мэтчилэн мартагдахын аргагүй сайхан дурсамжууд бидэнд их бий. Удалгүй би ч сургуулиа төгсөөд хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар явсан. Амьдрал эхэлж, бид хоёр өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй амьдралыг бүтээнэ гэж зориг шулуудан гарахдаа нийтийн байр луу хоёр цүнхээ үүрээд л очсон. Хоёр талын эцэг эх маань боломжийн амьдралтай ч нэгэнт л амьдрана гэж гэрээсээ гарсан болохоор хэцүү үе гарсан ч үргэлж л болж байна, бүтэж байна гэж хэлдэгсэн.

Хааяа залуу хүмүүст дутагдаж гачигдах зүйл гардаг ч энэ бүхнийг сэтгэлээрээ давж сайхан болно л гэж боддог байсан. Үнэхээр ч бидний амьдрал сайхан болсон. Тэр маань сайхан алба хашдаг, би ч дутуугүй хүсч байсан мэргэжлээрээ ажилласан. Гэвч харамсалтай нь хүсэвч хясна гэдгээр бидэнд үр хүүхэд заяагаагүй. Хэн хэнийхээ сэтгэлийг шархлуулахгүйн тулд сүүлдээ хүүхдийн талаар ч ярих нь цөөрсөн. Төрсөн гэрээ орхиод гарсан хоёр хүн долоон жил хамт амьдрахдаа юу эсийг үзэхэв дээ. Хайраар бялхаж байсан он жилүүд минь ард хоцорч сүүлийн жил нь бид их маргалддаг болсон. Амьдрах гэж зүтгэж явахдаа хоёр биенийгээ муухай ч харж үзээгүй байсан бол сүүлдээ гадуур шоудаж, гэртээ шөнө өдөр цуварч ирэх нь олон болсон. Бид хоёрын харьцаа нэг л хөндий. Түүнийгээ хүүхэд үнэхээр их хүсч байгааг нь мэдэж байвч дотроо л шаналахаас өөр яаж ч чадахгүй. Сүүлдээ тэр маань гэртээ ирэхгүй хонуутаар явдаг боллоо. Тэр бүрт нь хийсэн хоолондоо ч ам хүргэлгүй, шөнө дунд орж ирэхэд нь халаагаад хамтдаа иднэ. Сэтгэлээ урж, дэрээ норгон уйлах шөнө бүртээ өөртөө гомдож, цөхөрч сүүлдээ эрүүл ирж байна уу, үгүй юу гэдгийг нь шатаар явж байгаа гутлынх нь чимээгээр андахгүй мэддэг болж билээ. Нэг удаа ажлаа тараад алхаж явахдаа хайртай залуугаа нэг хүүхэнтэй халамцуу явж байхад нь таараад тэр хоёрыг явалдаад жил гаруй болж байгааг, бүр хүүхэдтэй болоод авахуулсныг нь хүртэл сонссон. Тэр хоёрын өөрсдийнх нь амнаас ингэж сонссон болохоор яг л согтуу хүн шиг эргээд алхаж билээ. Чамайгаа гомдоовол “Намайг тэгж их хайрлаж байсан хайр чинь хаачсан юм бэ” гэж надад сануулж байгаарай гэж хэлсэн үг нь бодогдоод үхчихмээр л санагдсан.

Дараа нь тэр хүүхэн дээр очоод битгий амьдралыг минь сүйрүүлээч гэж бараг л өвдөг сөгдөөд гуйсан. Хэрвээ би үр хүүхэдтэй элэг бүтэн амьдралтай байсан бол хэзээ ч тэгж гуйхгүй л байсан байх. Харамсалтай нь ханьтай, гараасаа хөтлөх охинтой ч гэсэн тэр эмэгтэй даанч хатуу хандсан даа. Хар дарсан өдрүүд үргэлжилсээр, би ч сүүлдээ түүнийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлж, миний залуу насыг үрж ханасан уу гэж асуудаг болсон. Дээр нь миний бие муудаад өвдөх болгондоо чи тэр хүүхэнтэй зууралдаад намайг үхүүлмээр байна уу гэж зовооно. Дахиж уулзахгүй, би чамаас салахгүй гэсэн амлалтууд нь зөрчигдсөөр өдөр хоногийг өнгөрөөж байгаад бид хоёр хот руу шилжихээр шийдэж дээр нь би оношоо тодруулах шаардлагатай болсон. Олон жил амьдарч байсан нутгаа, гэрээ орхиод гарахад хэцүү байсан ч гэсэн хамгийн түрүүнд хайртай хүнээ тэр хүүхнээс сална гэсэн горьдлоготойгоор л явсан. Төрсөн гэртээ ирээд ээж аавынхаа дэргэд ирсэн ч гэсэн бие бас л таагүй. Эмчид үзүүлээд оношоо тодруулахад тарxины xавдаp гээд, мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Хэрвээ хийлгэхгүй бол гэсэн эмчийн хэлсэн үг бүр ч аймшигтай. Хорвоо надаас нүүрээ буруулсан юм шиг санагдаж байсан ч хайртай хүнийхээ хамт бүхнийг давна гэсэн бодол маань хүч өгч, хүнд мэс заслыг түүнтэйгээ хамт байсан учраас л давж гарсан. Удалгүй эмнэлгээс гараад гэрт хэвтэрт байхад тэр бас л халамцуу ирсээр л байсан.

Нэг удаа утсанд нь нөгөө эмэгтэйн утаснаас “Хоёулаа гэрлээд жил дарааллаад хүүхэдтэй болноо” гэсэн мессеж ирсэн байсан. Намайг үхээгүй байхад шүү дээ. Тэгээд би маргааш нь бүхнээс ч илүү хайрлаж явдаг байсан хүнээ өөрөөсөө үүрд явуулсан даа.Харин удалгүй тэр эмэгтэй нөхрөөсөө салж, охиноо дагуулж хотод шилжиж ирээд цагаан сараар “хадмуудтай” маань очиж золгосон байсан. Тэгээд удалгүй хүссэн ёсоороо тэд нэг гэрт орж охинтой болсон. Хоёулаа хүүхэдтэй болохоороо гэж Хүслэн гэж нэр өгнө гэж би дандаа ярьдаг байсан юм. Гэтэл хайртай хүн маань хүүхэдтэй болохоосоо өмнөхөн над руу халамцуу залгаад Хүслэн гэж нэр өгнөө гэсэн. Харин би зөвшөөрөөгүй. Миний итгэл найдварыг минь унтраачихаад мөрөөдлийг маань булааж болохгүй шүү дээ. Харин төрснийх нь дараа охиндоо миний нэрний хагасыг оролцуулж нэр өгсөн гэж хэлсэн. Одоо би хайртай хүнээсээ салаад 2 жил болоход бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө байгаагүй. Гэхдээ би түүнийгээ буруутгаж чадахгүй ээ. Учир нь муугаасаа илүү аз жаргалтай сайн сайхан мөчүүдээр амьдрал маань дүүрэн байсан. Хэдийгээр ээжээ гэж дуудуулах заяа байгаагүй ч би сайхан хайрыг амсч явсан азтай хүн гэж боддог юм. Ингээд охин хүүхэдтэй эцэг эхэд хандаж хэлэхэд охин үрээ нүдний цөцгий шигээ хайрлаж унаж гэмтэхээс сэргийлээрэй. Миний үр хүүхэдгүй байгаа шалтгаан, миний аз жаргалгүй амьдралын шалтгаан нь бага байхаасаа л толгойгоо доргиож байснаас үүдэлтэй гэсэн.

Тэр нь явсаар өнчин тархины xавдаp болж дааврын зохицуулалт алдагдсан юм. Үр хүүхэд төрүүлж чадахгүй хүмүүс дотроо чимээгүй уйлж явдаг. Хэдийгээр нийгэмд эзлэх хувь нь цөөхөн ч нийгмийн хамгийн эмзэг сэдэв шүү дээ. Гэрийнхнийгээ зовоохгүй гэсэндээ би өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай байна, би хүнтэй суухгүй, хүүхдээр яах юм, би хүүхдэд дургүй гэж ярьдаг ч зүрх минь урагдаж явах юм даа. Аз жаргалаар бялхаж яваа хосууд, нялх хүүхдээ тэврээд явж байгаа ээж аавуудыг харахаар өөрийн эрхгүй атаархал төрөх юм. Ажлынхан маань ажил тарах цагийг харж хүлээсээр 6 болов уу үгүй юу гэр гэрлүүгээ гүйлдээд гарахад би жаахан юм хийнээ гэж хэлээд үлддэг. Тэгээд л дуртай дургүй гэрийн зүг явахдаа хайрлаж явсан залуугаа, үр хүүхэд заяадаггүй энэ хувь заяандаа гомдож хавийн чулууг бутартал өшиглөөд харьдаг. Хамгийн гол нь залуусаа эд баялаг, гоо сайхан, эрдэм мэдлэг энэ бүгд ямар ч аз жаргалыг бүтээж чаддаггүй гэдгийг ойлгож хайртай ханиа гомдоолгүй, алаг үрийнхээ нүдэнд нулимс хуруулахгүй амьдраарай. Таныг яг одоо бухимдуулж байгаа сэтгэл ханамжгүй амьдрал чинь өөр нэгэн хүнд хүсээд ч ирдэггүй тавилан юм шүү. Энэ захидлыг маань магадгүй чи минь олж уншвал чамайгаа үргэлж хайрласаар байх болно гэдгээ хэлье дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!