“АЖИЛ ХИЙДЭГ APXИЧИН НӨХӨРТЭЙ БОЛЖ БАЙСНААС АЖИЛГҮЙ ХҮН ГЭРТЭЭ ТЭЖЭЭЖ БАЙСАН НЬ ДЭЭР…”

“БАНТАНГИЙН АЯГА” – Н.ДЭЛГЭРЖАРГАЛ

Баттөгс сая л нэг юм сэрэв. Өчигдөржин уусан аpxины хор нь гараагүй бололтой толгой нь ангас ангас хийн, хоолой нь хатаад их л хэцүү байна. Арай гэж хажуу тийш харвал өргөн том орных нь хажууд байх жижиг явган ширээн дээр том гарын мөнгөн аяганд цэлэлзүүлэн хийсэн ус харагдана.

Мөнгөн аяганд хонуулсан ус биенд сайн гэж эхнэр нь түүнд өдөр бүр ингэж ус бэлтгэж тавьсаар нилээн хэдэн жилийг үдэж байгаа билээ. Салгалж чичрэх гараа арай гэж тогтоон байж өнөөх аягатай усыг авч уруулын хажуугаар садруулан уувал хоолой нь нороод бие нь арай л гэж дээрдлээ.

-За байз гэртээ яаж ирсэн юм бол оо. Машинаа өөрөө барьсан бил үү. Яалаа гээд бодон хэвтэж байтал эхнэр нь өрөөнд нь орж ирэв. -Чи одоо ажил бүтээж байна гээд л apxи уугаад байдаг болж.

Ингэж ажил хийх юм бол больсон нь дээр дээ Төгсөө минь. Чиний apxичин болох шалтаг болсон ажил хийсэнд орвол зүгээр гэртээ хэвтээд хэдэн хүүхдээ хичээл сургуульд нь зөөгөөд мөрөөрөө явж байсан нь дээр. Юу гэхэв.

Apxичин нөхөртэй apxичин аавтай болж байсанд орвол ажилгүй хүн гэртээ тэжээж байсан нь дээр гэж эхнэр Оюун нь уцаартайхан үглэсээр толиныхоо өмнө сууж нүүрээ будаж эхлэв.

– Цаг хэд болж байна. Өглөө хуралтай гээд зарлачихсан. Хожигдож болохгүй юмсан гэсээр Баттөгс өндийхөд эхнэр нь – Наад аpxи чинь ер гараагүй байхад уу. Чамаас тээр холоос л үнэртээд, нүд мүд чинь цэлхийж унжаад хүн харахын эцэсгүй байхад яаж явах гэсэн юм.

Захирал нь очиж байж хурал эхэлдэг юм байгаа биз дээ. Унтаж байгаад үдээс хойш явахгүй юу. Би нарийн бичигт чинь чамайг шинжилгээ өгнө гээд хэлчихье гэв.

– Чи одоо хар нүд хуу татангуут л үглээд эхлэхийн. Энэ ямар анх удаа болж байгаа юм уу. Тэгээд чамд олоод ирсэн мөнгө нь багадаад байдаг юм шиг л тийм ч юм авъя, ийм ч юм хэрэгтэй байна гээд л хэд хоногоос үглээд эхэлдэгээ мэдэхгүй.

Ядаж хар усны оронд аяга бантан ч болтугай зуурчихаад чих ядраагаач чи гэхэд. – Чи аpxи ууж ирчихээд юундаа гавъяа байгуулчихсан юм шиг хүн загнаад байгаа юм.

Өндийгөөд босоод явж чадах юм бол хоол хийчихсэн л байгаа шд. Харин ч над шиг хаана хэнтэй уусан юм энэ тэр гэхгүй байдаг эхнэр байхгүй байх шүү. Чи зүгээр давраад байгаарай гэсээр эхнэр нь нүүрэндээ түрхсэн тосоо хээв нэг тараан суулаа.

Анх суухад ааш зан сайхантай, ажилд махруу энгийн л хүүхэн байсан юмсан. Амьдрал дээшилж ажил төрөл гэр орны асуудал багасаад ирэхийн хэрээр энэ хүүхний ааш, анхиа хоёр улам л уруудаад байх юм даа.

Ямар бусдыг дуурайж хөгширсөн хойноо хөтөлгөө морь сэлгэж байгаа юм шиг эхнэр солилтой биш. Сольсон ч мөнгөнд дурласан бас нэг худлаа юм л наалдах байхдоо гэж бодсоор Баттөгс эргээд хэвтлээ.

– За яахав хэсэг хэвтэж байгаад явахаас. Миний утас хаа байна дөхүүлээд өгчих гэж хэлвэл – Наад дэрэн доор чинь байгаа. Машин чинь харин зогсоол дээр байгаа шүү. Тээр шөнө ирсэн хүнд гараашинд хаанаас зогсоол олдох вэ дээ.

Өчигдөр чи машиндаа apxи уусан бололтой. Баахан цаасан аяга хөглөрөөд байж байна лээ. Би чамайг амны хишиг нь арилдаг юм. Битгий цаасан аягаар ууж бай гэж зөндөө л хэлдэг шд.

Өнөөдөр гарахдаа бурханы өмнө тавьсан тэр жижиг мөнгөн аягыг машиндаа хийчихээрэй. Хүн харахад ч хуучны юм хум хэрэглэдэг нүнжигтэй харагдана шдээ гэсээр эхнэр нь сандлаасаа босов.

Эхнэрийн оноож өгсөн аягыг анх том хүүгээ бор хоолонд оруулах гээд бантан өгч эхэлж байх үед ээж нь нэг өдөр хэрэг болгон хөдөөнөөс хүнээр өгүүлж байж билээ.

Амсар дөнгөж ирмэгдүүлээд мөнгөлчихсөн, гадна тал нь бор модоороо шахуу тэр аягыг хүүдээ идүүлэх бантанг нь дотор нь хийж бай гэсэн үгтэй хамт хүнээр дайлгаж явуулсанаас хойш хорь шахам жил өнгөрч, өгсөн эзэн нь хорвоогийн жамаар насан хутгийг олон, бантанг нь идэж өссөн хүүхдүүд нь түрүүчээсээ эрийн цээнд хүрч байгаа билээ.

Сүүлд ээжийнх нь тэнхээ муудаж хүүтэйгээ амьдрахаар хэдэн жил болоход энэ муу аягыг их л нандигнадаг байсныг эхнэр нь уг нь мэдэхийн дээдээр мэдэх л хүн дээ. Ээж нь энэ аягыг хараад – Амны хишиг дуудаж хүүхдийн заяа тэгшилсэн сайхан эд байгаа юм.

Айл гэр болоод аав чинь авчихаад чамайг төрөхөд бантан идүүлж байсан аяга юм шүү дээ. Хөөрхий минь балга тагш юм уусан ч хүүхдийнхээ бор хоолны саванд аpxи хийхгүй ээ л гээд байдагсан. Миний ач нар ч бас энэ аягаар л бор хоолонд орсон буянтай юм шүү гээд л зүлгээд байдагсан.

Ийнхүү бодсон Баттөгсийн уур, зэвүү хоёр чинээндээ тултал хүрч эхнэртэйгээ муудалцах гэснээ – За яршиг юм даа. Ямар муудлаа гээд ухааны нүд нь нээгдэх юм биш. Муу ээж минь намайг гашуун идээнээс хол байг гэж л энэ хүүхнээр үг хэлүүлсэн юм болов уу даа гэсээр хэвтэв…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!