“ӨӨР ЭМЭГТЭЙТЭЙ УУЛЗАЖ ҮЗ, БОЛЗООНД Ч ЯВ” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨӨР ЭМЭГТЭЙТЭЙ УУЛЗАЖ ҮЗ, БОЛЗООНД Ч ЯВ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Хүүхэд байхаасаа л хүүхэлдэйгээр биш модон машинаар тоголдог дандаа эрэгтэй найзуудтай охин байж билээ би. Дээд давхарт амьдардаг хүүтэй бүр дотно найз бид хоёр бүх үед хамт байсан. Нэг анги нэг байр нэг сургууль. Их сургуульд орсон жилээ анх удаа бид нэгнийгээ эрэгтэй эмэгтэй хүний нүдээр олж харах болов. Ингээд нэг нэгнээ хангалттай сайн мэдэх учир бид хоёр үерхэж эхлээд хамтдаа байр түрээслэн амьдрах болов. Оюутан байсан хэдий ч хоёулаа ажил хийж байрны түрээсээ хувааж төлнө хоол хүнсээ хамтдаа цуглуулна нэг нэгэндээ цалингаасаа хэрэгтэй зүйлийг нь авч өгнө. Ээж аавууд ч их дэмжнэ миний хоёр хүүхдүүд гээд 2 гэрийнхэн маань хоорондоо ч их найрсаг. Хэрүүл маргаан үүсэх салах шалтгаан ч үүсдэггүй байлаа. Найз залуугаа орой хааяа тайван гараад ир найзуудтайгаа гарч ор гээд гаргана. Өөрөө ч найзуудтайгаа гарна.Хардалтыг анхнаасаа шийдээд нэг нэгнийхээ орон зайг хүндэлдэг байв.

Найзууд зөвлөгөө авна салсан найз уйлж залгаж яах ийхээ асууж зөвлөгөө хүснэ. Нэг тийм орчлонгийн хамгийн төгс хос болчихсон мэт санагддаг байж билээ. Гэрлэлтээ батлуулсан тэр өдрөөс бид албан ёсоор эхнэр нөхөр болов. Гэрлэх санал тавиагүй л дээ. Зүгээр л хайраа батлуулах уу гэхэд нь би хэзээ очих уу амардаг өдрөөрөө явах уу гэж шууд асууж байсан. Гэрлэх санал тавьсан залуу гайхалтай биш. Гэрлэснийхээ дараа эхнэрээ харамсуулахгүй амьдруулсан залуу л гайхалтай гэж манай админ нэлээн дээр бичсэн байсан. Яг л тийм. Намайг нэг ч уйлуулж зовоож хашгирч орилоход хүргэж байсангүй. Бид нэг жил зэрэг сургуулиа төгслөө. Би мэргэжлээрээ шууд ажилд орж нөхөр найзтайгаа нийлж бизнес эхлүүлж эхлэв. Бид хоёр үргэлж амьтанд туслаж гэртээ үе үе ямар нэг харж хандах хүнгүй түр хугацаанд харах эзэн хайж байгаа нохой муур байлгаж уйдах завгүй л явсан. Тэгж байгаад өөрсдийн гэсэн орон сууцтай болж лизингээр ч гэсэн 1 өрөө байртай болов. Тавилгаа хамтдаа хийж найзуудтайгаа хамт тогтоож зүсч ханаа хамтдаа будав.

Энэ үеэс эхнээсээ найзууд ээж аав болсоор. Нөхрийн найзууд бүгд аав болсон байв. Манай найзуудаас ч ихэнх нь ээж болж найзуудтайгаа уулзах маань багаслаа. Одоо хоёулаа хүүхэдтэй болох цаг болжээ. Хөөрхөн гүнжтэй болмоор байна гэж ярилцаад хүүхэд олох гэж хичээж эхлэв. Голын долоо хоног, хятад хуанли гээд л өөрсдийнхөөрөө үнэхээр удаан хүлээж явав. Хүүхэд олохгүй л байлаа. Нөхөр ажлаа хийсээр. Би ажлаасаа амралтаа авч эмчилгээ хийлгэж ардын эмнэлгээр явах болов. Эмч нар зүгээр байнаа л гэнэ. Нөхрийг ч бас. Гэр бүлийн найзуудтайгаа уулзах ч хэцүү санагдах болсон. Бүгд л аз жаргалтай хүүхдүүдээ ярьцгаана. Хүүхдээ хэрхэн хөөрхөн болж байгааг ярина. Надад үнэхээр хэцүү байдаг байлаа. 28 нас хүрсэн ч хүүхэд огт олж үзээгүй явсаар. Яваандаа бага багаар маргах, амьдралын хэмнэлдээ бухимдах гэх мэт бид маргадаг болов. Бүх маргаанд нөхөр маань буулт хийж намайг тас тэврээд эвлэрсэнээр дуусдаг байв.

30нас. Бид хүүхэд олоогүй л байлаа. Найзууд маань 2,3 хүүхэдтэй эхнээсээ холбоо ч тасрав. Харилцаа хөндийрөв. Амралтын өдрүүд битгий болоосой ажлаа хийсээр л баймаар байна гэж би бодох болсон доо. Хүүхэд өргөж авах тухай ярилцаж хүүхэд өргөөд авбал дүү дууддаг гэсэн гээд. Нэг 19 настай жирэмсэн охиныг найз маань хэлж өгөв. Хүүхэд өргүүлэх хүсэлтэй ээжүүдийн группт пост бичсэн тухай хэлэхээр нь шууд л утсыг нь аваад очиж уулзав. Төртлөө хамт байж болно хүүхдээ өргүүлээд явах үед нь эгч ах хоёр нь сургуульд оруулж цаашдаа холбоотой уулзаж байсан ч болно гэж гуйхад тэр охин зөвшөөрөв. Удахгүй гэртээ авчирахаар болж байтал өнөөх охин дугаараа солиод алга болов. Гэхдээ нэг их шаналаагүй ээ. Ашгүйдээ үрээ өөрөө өсгөхөөр шийдэж дээ, сайхан зүйл тохиолдсон байх гэж найдсан. Тэр өвөл нь ойр ойрхон маргах болсон учир би нөхөртөө хэсэгтээ тусдаа байж түр зуур эрх чөлөөг эрхэмлэе, чи өөр эмэгтэйтэй ч уулзаж үз, болзоонд ч яв.

Маргалдах болсон хэдий ч буцаад дурсамжаа санаад нэгнийгээ бүр илүү ойлгоод эргээд хамт байхдаа дахин маргахгүй биз гэж ятгаснаар бид хоёр 3 сар тус тусдаа амьдрахаар болсон юм. Би аль болох ганцаардахгүй завгүй бас гэртээ гиеүрээд байхгүйг хичээж байлаа. Яг 2 сар өнгөрч байхад би нэг залуутай танилцав. Тэр их дажгүй бас ганц бие учраас би хэдэн удаа болзож хоол идэж бүр үдэшлэгт түүнийг дагаж явав. Нөхөртэй гэхдээ түр зуур салсан гэдгээ ч хэлж амжсан байсан. Хмммм. Харин 20оод хоногийн дараа бүхэл бүтэн 10 гаран жил хүсэн хүлээсэн хүүхэд маань хэвлийд маань ирсэн байгааг мэдлээ. Тэр залуудаа сайн сайхныг хүсээд нөхөртөө үнэнийг хэлээд цаашдаа хүүхдийнхээ төлөө зүтгэх үү яах вэ гэж удаан бодов. Худлаа хэлэхийг хүсээгүй учир нөгөө залуудаа ч үнэнийг хэлэв. Тэр шууд л аав болох дуртай байгаагаа илэрхийлж бас намайг явуулмааргүй байна гэх болов. Надаас 2 дүү л дээ. Тэр бүх явдлын дараа бүх зүйл хурдан болж өнгөрлөө.

Би нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулж энэ амьдралаа дуусгавар болгосон. Би түүнийг сонгосон. Хүүхдийнхээ аавыг. Нөхөр маань хүлээн зөвшөөрсөн бас ойлгосон. Бид зам замаа хөөлөөө. Амьдралын минь 20 жил түүнтэй холбоотой багаасаа найзлаж эхлүүлсэн хамтын амьдрал минь 31 насанд минь өндөрлөв. Би халамжтай сайн залууд ирээдүйгээ даатгасан. Бяцхан хүүтэй болсон одоо дахиад жирэмсэн. Харин түүнээс сураг байхгүй удсан ч саяхан facebook хаягнаас нь эхнэртэй болсоныг нь мэдлээ. Түрүү сард тэр аав болжээ. Өмнөөс нь баярласан ч яагаад ч юм гунигтай санагдав. Хэдий одоо хайр дүүрэн 2 залуу хажууд минь дахин нэг гүнж эсвэл ханхүү гэдсэнд минь байгаа хэдий ч өнгөрсөн дурсамжаа мартахыг хүсэхгүй байна. Учир нь тэр байж болох хамгийн сайн нөхөр байсан учир. Аав болсонд нь чамдаа баяр хүргэе. Бидний дуусгалгүй цэг тавьсан амьдрал богино настай байсан ч зам замаа хөөсөн тэр харгуй өнгөрснөөс илүү тод байгаад баярлаж байна. Миний өнгөрсөнд хамт байсанд баярлалаа. Аз жаргал хүсье…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!