“ӨӨР НЭГ ЭМЭГТЭЙН ЦӨХРӨЛ, ҮЗЭН ЯДАЛТ НАДАД АЗ ЖАРГАЛ БОЛОХГҮЙ ЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨӨР НЭГ ЭМЭГТЭЙН ЦӨХРӨЛ, ҮЗЭН ЯДАЛТ НАДАД АЗ ЖАРГАЛ БОЛОХГҮЙ ЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Сайн байна уу Сахиусан тэнгэрүүд минь. Хэтэрхий нуршуу, урт байж магадгүй шүү. Аль болох л товчиллоо. Би гэдэг хүн 50-ийи талыг наслахдаа хоёр удаа л үерхэж үзсэн. Анхны үерхлийн минь эзэн ангийн маань хөвгүүн байсан юм. Гоё өндөр, цэвэрхэн царайтай, хөөрхөн хүү байсныг нь би сүүлд өөр нүдээр хараад л мэдсэн. Би ангийнхаа хөвгүүдтэй илүү нийлдэг. Түүнтэй ч бас найзууд байлаа. Бид хоёр байнга л хэрэлдэж, зодолддог байсан /үерхэж эхлээгүй байхдаа/. Тэр минь ер нь их сахилагагүй хүүхэд байсан юм, би ч муухай ааштай гэж жигтэйхэн. 11-р ангид ороод удаагүй байхад гэнэт л даалгавар асуух, ном авах нэрийдлээр орой болгон гэрт ирдэг болчихсон.

Би өөр хүүхдэд сайн байсан болохоор их төвөгшөөдөг байсан заримдаа гарч уулздаггүй. Гэхдээ хүн байнга нүдэнд харагдаад, хажууд байгаа хүндээ аягүй амархан дасдаг юм билээ. Ирэхгүй болохоор нь яасан юм бол? Яагаад ирэхгүй байгаа юм бол? гээд л хүлээдэг болсоон хэхэ. Би ер нь эршүүд байрын хүн байсан, идэж байгаа юмыг нь булаагаад л идчихдэг, ер нь дээрэнгүй ханддаг. Тэгээд ч тэр юм уу ирэх бүртээ надад чихэр авчирч өгдөг байсын /Барбарис жижиглээд дотор нь хольчихсон шоколадтай чихэр, нэрийг нь санадаггүй ээ, одоо хайгаад олдоггүй юм/. Тэгсэн мөртлөө л муудалцдаг хэвээрээ. Сүүлдээ мессежилдэг боллоо. Анги дээр муудалцаад, зодолдоод байдаг байж сургуулиас гараа л бол аймар эв найртай хоёр хүн. Тэгээд нэг өдөр нөгөө чихрээ уутаар нь авчирч өгөөд л намайг найраад үерхчихсэн шд.

Одоо бодохоор арай л амархан найруулчихсан юм шиг байгаа юм хэхэ. Үерхэж эхлээд зан ааш нь илт өөрчлөгдсөөн, анги дээр ч муудалцахаа байсан. Байнга л надад анхаарал, халамж тавьдаг байсан. Манай ангийнхан спортдоо сайн байсан, үеийнхнийгээ бол сагсаар урдаа гишгүүлдэггүй л байлаа. Тэр минь гар бөмбөг тоглодог байсан болохоор байс гээд л тэмцээн гээд явчихдаг. Байхгүй хойгуур нь би бүх хичээлийг нь дэвтэр дээр нь нөхөж бичдэг, даалгаврыг нь хийдэг байсан. Хамтдаа хичээлээ давдах, хоцорсон хичээлийг нь зааж өгөх нэрийдлээр тэднийд өнждөг боллоо би гэдэг хүн. Надаас илүү хоол хийнэ, би бол эрхлээд л ийм хоол, тийм хоол гээд л байж байдаг байсан. Ер нь л гэрийн ажилд сайн, зөв, хүмүүжилтэй хүүхэд байж билээ.

Хоёр гэрийнхэн маань ч мэддэг болсон. Аав ээжүүд маань танилууд болохоор биднийг эсэргүүцэж байгаагүй ээ. Бидний үерхэл гэнэн цайлган хүүхдийн үерхэл байсан юм. Бид үнсэлцэхээс хэтрээгүй ээ. Тэгж явсаар хавар болж багш нарын хэлдгээр амьдралаа шийдэх, шийдвэрлэх үе хаяанд ирсэн. Бид хоёр хамтдаа бэлдээд хоёулаа хүссэн сургуулиа авч чадсан. Хуваариа авчихаад гарч ирээд “Миний нар ингээд генералын эхнэр боллоо” гэж хэлээд духан дээр минь үнсэж билээ. Тэр минь одоо гэхдээ генерал болоогүй ээ бас өөр хүнтэй суугаад жаргалтай амьдарч байгаа. Оюутан болоод их хотын амьдралд хөл нийлүүлэх гэж, их сургуулийн олон цагийн хичээлд нухлуулаад, бас тэр минь бэлтгэл гээд бид хоёрт уулзах цаг маш бага байдаг байсан.

Сүүлдээ бидний харилцаа өөх ч биш булчирхай ч биш болсон. Холбоо барих нь ч багаслаа, нэг хэсэг бүүр таг болсон. Нэг өдөр “хоёулаа салъя” гэсэн мессеж ирсэн. Би “за” гээд л таг болсон. Тэр үед л эхнэртэйгээ танилцаад татагдаад явж байсан юм билээ. Ангийн уулзалтаар, найзууд дуудахаар ч очихоо больсон. Зүгээр л таарахаасаа, уулзахаасаа айсан. Тэгсгээд мартагдсаан. Энэ хооронд хоёр дахь үерхлийн эзэн маань гарч ирсэн. Сургуулиа төгсөөд би хотод үлдэж, тэр минь эхнэр хүүхэдтэйгээ нутаг буцсан юм. Хоёр жилийн өмнө ажлаасаа гараад нутагтаа байхад минь надтай холбоо бариад уулзмаар байна гэсэн. Би ч сүүлийн удаа уулзъя гээд уулзсан, шөнөжин юм ярьж суусан.

Эхнэртэйгээ муудалцаад тусдаа амьдарч байгаа, нийлэх бодолгүй байгаа, одоо хүртэл намайг мартаж чадахгүй байгаа, чамайгаа алдсан минь миний хамгийн том алдаа гээд л уярааж өгсөөн. Би ч гэсэн түүнийгээ одоо болтол мартаагүй ээ. Хүүхэдтэй болсныг нь сонсоод эргээд нийлэх тухай бодохоо ч больсон. Өөр нэг эмэгтэйн цөхрөл, үзэн ядалт, бяцхан зүрхний аавыгаа санах бэтгэрэл,нулимсаар аз жаргалаа олохгүй гэдгээ сайн ойлгож байсан болохоор хүлээж аваагүй. Эхнэр нь их сайн бүсгүй байдаг, түүнд минь бүхнээ зориулдаг. Тэр минь ч гэсэн түүндээ бүхнээ зориулаад сайн аав, сайн нөхөр байдаг болсон. Одоо тэд дөрвүүлээ аз жаргалтай элэг бүтэн амьдарч байгаа. Би юу? Би яах вэ дээгүүр доогуур хөөцөлдөж байгаад бурхнаас хайрынхаа түүхийг авчих гээд л үзээд байж байна ххэ. Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах юмсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!