“ӨӨРӨӨСӨӨ ХАРАМЛАСАН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ
“ӨӨРӨӨСӨӨ ХАРАМЛАСАН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ
Л.ДАЙРИЙМАА
Галт орцныхоо үүдэнд Үзмээтэй утсаар ярьчихаад сандал дээр хэсэг суув. Нэг үеэ бодоход Үзмээ овоо дуу шуутай ярих болсон нь Галтын сэтгэлийг жаахан тайвшруулжээ. Галт уг нь Үзмээг өөрөөсөө ч бараг харамлаж хайрласан билээ. Гэвч залууд Үзмээгийн бүтэл муутай амьдрал бүр анхнаасаа өөрөөс нь болсон юм шиг үргэлж бодогдох аж. Галт Үзмээгийн ах Шугартай хар багын найзууд, нэг ангийнхан. Шугар доороо Үзмээ гэдэг нэг эмэгтэй дүүтэй. Нэг л өдөр Үзмээ Галтын нүдэнд хөөрхөн охин болж харагдах болсон билээ. Үзмээ ч түүнд сайн гэдгээ түрүүлэн хэлсэн бөгөөд тэр хоёр үерхэж удалгүй хайр дурлалын баланд согтож Үзмээ охин биеэ Галтад зориулсан тэр гэнэтийн хэрнээ өөрсдөө ч бараг учрыг олж эс чадсан учралын дараа Галт маш буруу зүйл хийснээ бодон хэдэн өдөр түүнтэй уулзсангүй. Дотроо – яана аа Үзмээ жирэмсэн болчихоогүй байгаа даа гэж санаа нь зовж байлаа. Гэтэл азаар Үзмээ жирэмсэн болоогүй байсан бөгөөд Галтыг хаачив, яагаад уулзахгүй байна гэж үргэлж араас нь хөөцөлдөх болов. Галт – энэ одоо төгсөх гэж байж хичээл номоо цалгардуулан сургууль, соёлгүй хүн болж мэдэх нь гэж хөндий дондой хандан цэрэгт явахынхаа өмнө – үерхэхээ больё гэж хэлжээ. Үзмээ Галтад хайртайгаа бичсэн захиа илгээсээр байлаа. Харин Галт хариу бичсэнгүй.Цэргээс халагдахдаа тэндээ улирч үлджээ. Хоёр жилийн дараа Галт амралтаараа нутагтаа ирэхэд Үзмээ багшийн сургуулийн оюутан болсон дуулдав.
Үзмээг дүүгээрээ дуудуулан уулзаж гудамж өгсөж уруудан цэргийн амьдрал, оюутны амьдралын тухай ярилцаж яваад гэрийнх нь үүдэнд иржээ. Бүрий болсон тул Галт Үзмээг тэврэх гэтэл бүсгүй гарыг нь тавиулж- би жирэмсэн гээд гэнэт уйлж эхлэв. Галтад хэлэх үг олдсонгүй дэмий л дэргэд нь зогссоор байлаа. Хэсэг уйлаад тайвширсан Үзмээ – энэ хүүхэд манай ангийн Болдоогийн хүүхэд, би чамд гомдсондоо ангийнхантайгаа нийлэхдээ тэрэнтэй унтчихсан юм гээд дахиад л уйлж эхэлжээ. Галт арай чүү биеэ барьсан ч – тэр муу тэгээд мэдэж байгаа юм уу гэж асуухад – тийм гээд мэгшин уйлж байв. Галт ажилруугаа буцаж мөн хоёр жилийн дараа ирэхэд Үзмээгийн охин явдаг болчихсон, Болдоогийн аавынх бэрийн гуйлгаа тавих юм гэнэ лээ гэсэн яриа дуулдав. Галт Үзмээтэй уулзахсан гэсэн хүслээ хэдэн өдөр арайхийн хорьсон ч үнэхээр дийлж чадалгүй Шугараатай уулзахаар явлаа. Тэднийд очихдоо Үзмээгийн гуйлга ирээгүй л байгааг олж мэдэв. Хүн харахад Галт Үзмээ хоёр мэндээ мэдэлцээд өнгөрч байгаа мэт боловч тэдний хооронд бараг өөрсдөө ч мэдэхгүй шахуу далд холбоо аль хэдийнээ үүсч хэн хэнийх нь хувьд анхны учрал байсан тул бие биендээ татагдсаар байлаа. Үдэш нь Галтыг машинаараа очиход Үзмээ хүлээж байсан мэт гарч ирэв. Тэд сумын төвөөс гарахад аль хэдийнээ харанхуй болжээ. Машин зогсоход Үзмээ үг хэлэлгүй ухасхийн Галтыг тэвэрч авахад Галт ч түүнийг тэврэн хоёул үнсэлцэж эхлэв. Үзмээ мөн л уйлж байлаа. Галт бүсгүйн нулимсыг арчин өөрийнхөө болоод бүсгүйн гартаа таарсан бүхнийг тайчин хандсан зүгтээ шидэж байв.
Түүнд өтгөн үс, бага зэрэг сэвхтэй шингэн шар царай, бор нүд, шигтгээ хамар, нимгэн ягаан уруул, зөөлөн арьстай бие, сэргэр xөx, хотгор нуруу, тонтгор өгзөг, шулуухан хөл гээд л Үзмээгийн юм бүхэн гайхамшигтай төгс санагдана. Бүсгүйн үснээс, биенээс нь нэг тийм үл ялиг хэрнээ сайхан үнэр үнэртэх аж. Тэд хайрын үгс, санасан, хүлээсэн, итгэсэн магадгүй гомдсон сэтгэл бүхнээ ийнхүү нэгэн бие болсон мэт уусан цэнгэж, үе үе янaглaн дуун алдах авиагаар илэрхийлэх авай. Галтын гарыг дэрлэн нүдээ анин тайвшрах мэт хэвтэх Үзмээг нүдэндээ тогтоох мэт харж байсан Галт – ханилъя гэж хэлмээр байвч охин нь төрсөн аавтайгаа амьдарсан нь дээр гэж бодож байлаа. Маргааш явлаа гэхэд бүсгүй – өө тийм үү, сайн яваад хүрээрэй гэснээс өөр үг хэлсэнгүй. Хаа сайгүй байх хувцсаа олж өмсөхдөө хоёул яг л тоглож байгаа юм шиг инээлдэн – өө энэ чинийх алив наадах чинь минийх гэж өгч аван төд удалгүй чимээгүй байдалд оров. Галт Үзмээгийн уруул дээр үнсээд – явах уу гэхэд бүсгүй толгой дохилоо… Галтыг хэдэн жилийн дараа гэр бүлтэйгээ ирэхэд таарч тохирохгүйн улмаас Үзмээ Болдоо хоёр салсан дуулдав. Галт Үзмээгийн дугаарыг авч хааяа ярьдаг болжээ. Нэг өдөр Үзмээ түүнд – нөхөртэй болох гэж байгаагаа ярьж хоёул одоо дахиж ярихгүй байхаар шийдсэн аж. Дахиад ирэхэд нь Үзмээ шинэ нөхөртэй, бас нэг охинтой болсон байлаа. Мөн хэдэн жилийн дараа Үзмээ – ахын бие тааруу, чамтай уулзахсан гээд байна гэж уйлан ярьсан тул Галт чөлөө аван иржээ. Ирснийх нь маргааш найз Шугараа нь Галтын өвөр дээр насан өөд болов.
Тэрээр – дүүд минь тус дэм болж байгаарай гэж захисан билээ. Ажил явдлыг нь өнгөрөөгөөд Галтыг буцахын өмнө Үзмээ – найз нь сайн ханьтай болсоон, чи надад санаа зовох хэрэггүй гэж хэлжээ. Гэтэл жилийн өмнө Үзмээгийн нөхрийг xодоодны xоpт xавдpааp нас барсан гэсэн сураг нутгийнхаа хүнээс сонсож Галт Үзмээтэй ярьж дансных нь дугаарыг авч мөнгө шилжүүлж буянд нь өргөл өргөжээ. Тэр цагаас хойш Галт Үзмээгийн сэтгэл санааг нь засан бие хаа, амьдрал ахуйнх нь талаар асууж аль болох л зөвлөж өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байхыг сануулсаар өдий хүрсэн аж. Галт Үзмээтэй уулзъя гэсэн боловч Үзмээ – би чамтай уулзаж чадахгүй, уулзах ч үгүй. – Миний хайрласан, миний эргэн тойрондох эрчүүд бүгд намайг орхиж байна, чамайгаа холоос л сэтгэлдээ хайрлаж, дурсаж явъя даа гэсэн билээ. Галт ч бас Үзмээгийн дэргэд ганц ч эр хүн байхгүй байгааг гайхан – Үзмээг төрсний дараа аав нь бурхан болсон, ах нь бараг л хүүхдээрээ шахуу аpxинд орж, амьтан ах дүүгээрээ нийлэн аpxины эмчилгээнд явуулж одоо л нэг хань ижил, үр хүүхэдтэйгээ сайхан амьдрах нь гэтэл нас барсан, нөхөр нь бас өөд болчихлоо гэж боддог билээ. Ийн эхнээс нь дуустал нь зөвхөн Үзмээгийн тухай бодсон Галт эхнэрээ залгахад сая нэг юм бодлоосоо салж – байна уу, орж явна гэхэд – битгий хуцаад байгаарай, аль түрүүн л ирж харагдсан биздээ, ямар хүүхэнтэйгээ уулзаад, яриад зогсчихдогийн, эсвэл тэр чигээрээ зайлаач гэж тачигнахад Галт утcаа салгалаа.