“ӨРГӨМӨЛ ОХИН” ӨГҮҮЛЛЭГ
Л.ЭНХТУЯА
Энэ нэг юм охиныг минь дандаа айлгаж, цочоож, шоглож байхын, гэсээр Цэрэн авгай зангидсан бүдүүн хүнд гараараа хайр найргүй хүчтэй гэгч нь Хатнаагийн ар нуруу руу буулгаад авав. Үнэндээ бол Хатнаа дүүгээ айлгаж,цочоож,шоглох гэсэн санаа огтоос ч өвөрлөөгүй,дүүгээ гомдоох ч бодол өчүүхэн ч төрөөгүй билээ. Харин банн дүүрэн хөөстэй,улаан сарнайн дэлбээ хөвсөн их усанд хайртай дүү нь живэх вий,ямар нэгэн юм болох вий дээ, гэсэн эгч хүний дүүгээ хайрлах өгөөмөр нинжин сэтгэлээр халамж анхаарал тавин санаан зовсондоо л банны өрөөний үүдийг нээж дүүгээ хайрлан харах тэрхэн хоромхонд Мандаа, -Ээж ээ,энэ муу Хатнааг хараа,хаалга үүд нээгээд хүйтэн сэнгэнүүлээд усанд тайван оруулахгүй садаа болоод байна,гэж охиныхоо хашхирах дуунаар Цэрэн авгай ихэд уцаарлангуй тэрүүхэндээ гүйх аядан хөл дор нь торох хивснийхээ буланд бүдрэн алдан баацганан ойртож өмнө нь ирж зогсонгоо, -Хатнаа,чи сайхан мэдээрэй, би чамд дахин дахин сануулаад байж чадахгүй шүү, чи дахин миний охиныг битгий айлгаж цочоогоод элдэвлээд байгаарай,гээд чанга дуугаар ууртай ширүүн аястай хэлэнгээ бас хуруугаа гозойлгон чигчлэн мөн амандаа үл сонсогдох төдийхөн бувтнан,-эхтэйгээ адилхан үзээрийн муухай юм чинь,гэж үглэн өрөөндөө оронгоо ширээн дээрээсээ гар утсаа шүүрч аваад хаашаа ч юм залган хэн нэгэнтэй ярьж эхлэх нь Хатнаагийн чихэнд бүдэг бадагхан хагас хугасхан сонсогдов. Тэрээр ээж нь,-, …энэ нэг гай, …тиймээ, харин тэр эхэд нь болдогсон бол, эх нь гадаадад, би тэрний э-мэйл хаягаар нь ороод хэнтэй харьцаж, ямар явааг нь мэдэхтэйгээ хө…За тэрний тухай хоёулаа дараа тухтай ярилцъя,… би одоо ингэсгээд чиний э-мэйл хаягруу чинь шидчихье…
Чи харин цаашаа аль болох л олон хүнд түгээгээд цацаад байхаа мартуузай, ..аан тийм,нөгөө номын мөнгийг дансаар шилжүүлчихсэн, ..тэгээрэй хө, ..хаха, тас тас хөхрөн за түр баяртай дараа холбогдъё гэсээр Цэрэн авгай утсаа салгав. Хатнаад энэ бүхэн нэг л сонин зөн совин дагуулах ба гадаадад амьдардаг тэр нэгэн эмэгтэйн тухай ээж минь бусдад байнга муугаар ярьж түгээх юм,тэгтлээ их үзэн ядалт хорон муу санаа ээжээс минь ер нь яаж урган төрдөг байнаа бас э-мэйл хаягийг нь эвдэж ороод хэнтэй харьцдаг,хаана ямар ажил эрхэлдэг,гэх мэт бүгдийг нь нууцаар мэдчихдэг гэж ярих юм тэр эмэгтэй хэн юм болдоо,гэж тэрээр бодолхийв,сониуч зандаа хөтлөгдөн лавлан асуумаар сэтгэгдэл төрдөг ч хатуу хахир ааштай ээжийнхээ уур зэвүүцлийг хүргэхийн нэмэр,гэж бодоод асуулгүй чимээгүй өнгөрөөдөг билээ. Тэрээр бусдын яриаг нууцаар чагнах нь утгагүй зүйл тэгээд ч ээжийн минь зэвүүцлийг хүргэж үзэн ядалтыг нь өдөөн дэврүүлдэг тэр гадаадад амьдарч буй танихгүй эгчийг би асууж мэдээд яах ч билээ дээ,гэж бодовч, яагаад ч юм бэ,тэр алсад суугаа эгчээс л энэ үл ойлгогдох бүх нууцын эхлэл ундраад ирэх юм шиг зөнтэй санагдана. Аав нь өглөө эртлэн босоод ажил албандаа яааран,орой үдшийн бүрийгээр гэрийн бараа харна. Ар гэрээ хангалуун чинээлэг байлгахыг хичээнгүйлэн өөрийгөө ч умартан ажиллаж хөдөлмөрлөсөөр өдий зэрэгт хүргэсэн билээ. Нэгэн өдөр ээж минь аавыг зандран зөндөө хатуу үгээр загнах сонсогдоход, -Чи яахаараа энэ Хатнаад үнэтэй хувцас,гутал авч өгөөд эрхлүүлээд байдгийн ,булган сүүлтэй дүү дуудсан гээд сүйд болоод байх юм байхгүй шүү,би энэтэй энэнгүй хүүхэд төрүүлэх л байсан,тэр солиотой бөө,лам нар юу ч гэж бурж чадах улс,хүүхэд үрчилбэл дүү дагуулна, …чи минь битгий л даваргаад байгаарай,.. хэсэгхэн шивнэх нь ер сонсогдсонгүй. Яагаад ч юм,ээжийнхэн хэлэх, ярих нь сэтгэлд нь нэг л хачин сэв суулгачхаад байдагт мөн ухаан орсон цагаасаа эхлэн тэрээр ээжийнхэн өөрт нь хандах хандлага мөн дүүд нь хандаж буй хандлага эрс тэс өөрийг Хатнаа мэдэрдэг ч бүх зүйлд зөвхөн өөрийгөө л буруутгадаг байлаа.
Нэгэн өдөр мөн ойрын хамаатан болох хосуудын хурим найр ёслолын өдөр болсон юм.Тэр өдөр ээж минь дүүд торгомсог гоё даашинз худалдан авч өмсгөөд бас үсчин орж гоёлын засалтаар үсийн засуулсан харагдахад би дүүгээ ямар хөөрхөн үзэсгэлэнтэй болсныг бишрэн чин сэтгэлээсээ баярласандаа, -Мандаа,дүү минь,чи минь өнөөдөр бусад өдрүүдээсээ ч илүү хөөрхөн яг л үлгэрийн дагина л ийм байдаг байхдаа,үнэхээр гайхалтай бишрэм харагдаж байна,гэж чин сэтгэлээсээ үнэн голоосоо баярлан догдлон хэлсэн минь буруутав, -Чи битгий атаархаад бай,би гоё харагдахгүй яаадаг юм,угаасаа төрөлхийн хөөрхөн юм чинь,ямар чам шиг ээжийгээ дуурайсан биш,тэгээд ч би айлын зарц биш,хаха,гэж ёжтой инээн хөхрөх нь Хатнаагийн зүрхийг ямар нэгэн хурц үзүүртэй мэсээр зүсэх шиг болж уйлмаар боловч биеэ чангалан тэвчин мөн хэлнийхээ үзүүр дээр ирсэн үгсээ дотогш залгилан гомдол тээн зогслоо. Хурим найр ёслолд ирцгээсэн зочид гийчид өөр хоорондоо ярилцацгаан байтал,гэнэт их чангаар, -Ээжээ,гэх дуу зочдын анхаарлыг татан ойр тойронд хэсэгхэн нам гүм болов. -Яасан,охин минь,гэсээр Цэрэн авгай Мандаагийн дэргэд дөхөн очиход, -Миний гоёлын даашинзны ханцуйг энэ Хатнаа цоолоод ураад хаячихлаа,өглөөнөөс хойш л надад атаархаад байсан, энэ зориудаар үйлдсэн нь гарцаагүй гэж Мандаа уйлах шахам хэлээд даашинзынхаа ханцуйнаас татагдсан ганц утсыг хуруугаараа заахад түүнийг нь олж харсан Цэрэн авгай, -Энэ нэг гайг нээрээ яах вэ,.. болдогсон бол амандаа үглээд Мандаа миний охин тайвшир, ээж нь орой гэртээ очоод тооцоо хийнээ,хэмээн аргадангуй аястай охиндоо хандан хэлчхээд харин нүднийхээ булангаар Хатнааруу хялам ширүүхэн харчхаад зочдын дунд орон цаашлав. Тэдний энэ эв түнжингүй байдлыг сонсож бас харсан тэдгээр олны дунд,-өөрийнхөө охиныг л гэдэг юм билээ,өргөмөл охиноо гэрийнхээ зарц боолоо болгочихсон, хайрлаж,халамжилдаггүй,их гадуурхдаг юм билээ, хорвоод дөнгөж мэндлээд сар ч хүрээгүй байсан нялх үрийг эхээс нь салгаж үрчлэн авчхаад адаг сүүлдээ ингэж адлах гэждэ, хүн муутай авгай шүү гэх шивнээ хэсэгхэн зуур шуурснаа намдав.
Энэ цуурайг сонсоод Хатнаа ойлгож эхлэв,өөрийнхөн таамаглал ч мөн тэр гадаадад амьдарч буй танихгүй эгч хэн болох, тэдгээрийн оньс тайлагдаж эхлэв гэхдээ жинхэнэ үнэн зөвийг би л өөрөө зуун хувь олох хэрэгтэй,яааран алдаа гаргаж болохгүй, гэж дотроо өөртөө шивнэн бүх зүйлд амаа хумхин их л тэвчээртэй хүлээцтэй бодолтой хандана. Оройхон хурим найр өндөрлөх үеэр шинэхэн ханилсан хоёртоо сайн,сайхныг ерөөгөөд Цэрэн авгай охидоо дагуулан ордноос гарцгаалаа. Гэртээ харих зам зууртаа Хатнаагийн дотор айдас бас гомдол тээгээстэй,аньсагандаа багтаж ядах нулимсаа нууцаар арчин арчин явлаа. Цэрэн авгай охиныхоо гараас атган хөтлөлцөөд хоорондоо юу ч юм шивнэлдэн тас тас хөхрөлдөн,урд нь намжирдан их л догь алхалцгаахыг хараад Хатнаагийн сэтгэлд нэг л ёозгүй совин татах агаад бөөн хар юм торон сэтгэлийг нь улам ихээр сэмлэн байлаа Гэрийнхээ хаалгыг дөнгөж онгойлгон нээнгүүтээ,гэрийн босгоо сая л дөнгөж давчхаад, улайж хорссон аймшигтай догшин харцаар цоолох мэт ширтэн, -Би чамд хичнээн удаа анхааруулах юм бэ,яаж чамд ойлгуулах уу,гэсээр омог бардам чанга дуугаар агсран Цэрэн авгай хашхичин Хатнааруу дээрэнгүй түрэмгийлэн дайрахад, -Ээжээ, би санамсаргүй даашинзных нь ханцуйг урахаа шахсан уучлаарай ээжээ, Мандаа миний дүү бас эгчийгээ өршөөгөөрэй эгч нь зориуд урах гээгүй юм шүү, энэ цүнхний минь хуучирсан муу төмрөн түгжээ бага зэрэг зэврээд ёрдойчихсон байна тэгээд хажуугаар чинь зөрөхдөө санамсаргүй юм болчихлоо, уучлал даа намайг зөвөөр ойлгооч дээ, та хоёр яахаараа дандаа муугаар бодож хүлээн авдаг юм бэ, яагаад намайг гадуурхаад байдаг юм бэ ингэхэд би танай төрсөн хүүхэд яг мөн үү гэж хэлээд Хатнаа дотор сэтгэлдээ олон сар жилээр тээж явсан өнөөх гомдлоо сад асгахад хоёр хацрыг нь даган нулимсан далай урслаа.
Урьд өмнө хэзээ ч ингэж өөрийн доторхоо гадагшлуулж өмнөөс нь ганц ч үг дуугарч чаддаггүй байсан Хатнаа өнөөдөр ингэтлээ бүх гомдлоо гадагш цацан хэлэх гэснээ шууд хэлж чадсаныхаа шанг хүртэж орхив. Цэрэн авгайн хатуу хүйтэн бүдүүн хүнд гар түүний хацрыг час хийтэл алгадахад сэтгэл нь сая амрав уу,гэлтээ уйлах шахуу байсан Мандаа хаха,тас тас хөхрөн баясах нь бүүр ч гомдлыг нь ширүүлж улмаар Хатнаагийн бүх биеэр хүйт оргив. Яг энэ мөчид дахин зовоох вий дээ,гэсэн шиг хаалга нээгдэн аав нь аврал мэт ажлаа тараад гэртээ орж ирлээ. -Хүүе, Хатнаа миний охин юу болоов,яагаад,байдгаараа уйлаав бас наад хацар чинь айхтар улайсан байх чинь,юу болоов,гэж аав нь Хатнаагаас асуун хариултаа сонсож амжихын төдөлгүй, -Өө миний хань наад хувцсаа соль, энэ хүүхдүүд яахав ээ хоорондоо маргалдахыг алийг тэр гэхэв, миний хөгшин алив, гар нүүрээ угаа, амар, хоол цайгаа идэж уу ажилдаа түүртээд бүүр ядарчихсан харагдана гэсээр Цэрэн авгай зальжин зангаар нөхөртөө хандан хэлэнгээ бас -Хатнаа миний охиоон ээжийн хайртай сайхан охин минь, аавдаа хоолыг нь халаагаад аягалаад өг, эвий эвий хөөрхөн шүү гэж хошуугаа цорвойлгон үнсэх мэт дүр эсгэснээ,ээж нь унтаж амарлаа,өглөө эрт ажилтай,гэсээр урьдын адил аавыг нь гэртээ байх үеэр гайхалтай сайхан ааш зантай болон хувирдаг тэр л зангаараа саяхан хэдхэн хормын өмнөхөн агсран арслан бар шиг аашлан дайран дээрэнгүй байсан Цэрэн авгай зөөлхөн намуухан эелдэгхэн болон хувирч охидоо хүний,өөрийн гэж ялгалгүй адил тэгш хайрлан энхрийлдэг нинжин ариун сэтгэлтэй их л сайн ээж их л уужуу дотортой сайн хүний дүрд тоглон жүжиглэдгийг аав нь даанч мэдэхгүйгээр барахгүй өчүүхэн ч төсөөлөл ч үгүй,итгэх ч үгүй ээ, тэгээд итгэлээ гээд яах ч билээ дээ,надаас болж энэ гэр бүл минь салж сарнивал би бүүр ч гутран өөрийгөө буруутгах болно.
Тиймээс,аав минь ар гэрт нь яг юу болж ямар их гадуурхал,үзэн ядалт,доромжлол болдгийг огтоос мэдэхгүй явсан нь дээр,гэж Хатнаа дотроо бодож явдаг аж. Аав нь ажилдаа түүртэн ядарсан биеийнхээ алжааг тайлан орон дээрээ тухлан дэлгэцийн удирдлагаа гартаа барин суваг суваг солин юу үзэж,сонсохоо олж ядан байгаа бололтой сууна. Хатнаа аавдаа хоолыг нь халааж аягалан барихад, -Баярлалаа, охин минь, миний охин унтаж амар,аав нь хоол,цайгаа идэж уучхаад өөрөө аяга тавгаа хураагаад угаачихна,миний охин өнөөдөр яасан гунигтай харагдах юм бэ дээ,юунд ингэтлээ уйлаав,..хоёр нүд чинь бүүр бүлцийж,.. -Сүртэй юм болоогүй ээ,аав минь,охин нь зүгээр дээ, -Тийм бол,яамай даа,та нар минь хоорондоо эвтэй түнжинтэй байцгаавал болох нь тэр дээ,охин минь,за,за,явж унтаж амар,унт унт охин минь,гэх дуунаар, -Чи нээрээ,үгүй мөн сонин хүн шүү,наад Хатнаа чинь ямар ажилтай орлоготой ч биш дээ,өдөржингөө гараа хумхиад суудаг хүн оройтож унтсан ч яадаг юмб,маргааш өглөө бид ажилдаа явна,наадах чинь үд хүртэл унтаж амрах хүн,чи наадхаа ингэж байж толгой дээрээ гаргав даа,сүүлдээ бүүр дийлэхгүй болох вий,гэж Цэрэн авгай уцаарлангуй хэлэхэд, -Үгүй ,чи тэгээд охин ажилд орох болсон,ажил олсон гэхээр, чи чинь өөрөө илт дургүйцээд болиулчихдаг биз дээ,чиний наад ааш занг ойлгох юм алга,гэж аавын хэлэх сонсогдоход, -Та хоёр наад Хатнаагаас болоод дандаа ам мурийж байхын, эхнээсээ л дэмий,…гэсээр Мандаа бас хошуу нэмэрлэв. -Чишш,гэм,чи чинь,та нар чинь ер нь юугаа яриад унацгаав,шөнө орой болсон байна,унтаж амарцгаа,гэж аавыг хэлэхэд бүгд өөр өөрсдийн өрөөндөө орцгоон чимээ намдав. Нэгэнт өглөө болжээ.Шөнө толгойд нь эргэлдэн нойрын хугаслан байсан өнөөх хөндий хүйтэн ёжтой үгс Хатнаагийн бодлоос ер гарсангүй бас дотор нь хүнд оргиод сэтгэл нь тавгүйтэн байв. Тэрээр энэ бүхний учрыг улам нягтлах хүсэл нь дэврэн өглөө аав,ээжийгээ ажилдаа явсны дараахан цүнхээ мөрөндөө үүрээд гэрээсээ гарахад, араас нь нойрмог дуугаар, -Хөөе Хатнаа чи хаачих нь вэ,…хоол цай хэн бэлдэх болж байнаа,… ээж чамайг том өрөөний цонхыг угаагаарай, гэснийг чи мартчихаа юу, гэх Мандаагийн хашхиран хэлэх, гэрийн хаалганы чийхран дуугарахтай хоршин чихэнд чээртэй сонсогдох нь ард хоцроход сая л нэг сэтгэл нь бага зэрэг тайтгарч эхлэв. Хатнаа амьдралд сөгдөхгүй,хэзээ ч бууж өгөхгүй,хэмээн өөртөө шивнэн өөрийгөө зоригжуулан өнөөдрөөс эхлэн ирээдүйнхээ төлөө,сайн сайхан эрх чөлөөт амьдралынхаа төлөө бие даан ажиллаж хөдөлмөрлөхөөр сэтгэл шулуудан зулай дээрээс нь гэрэлтэх урган мандаж буй алтан нарыг өвөртөө ч мөн мандуулан өөдрөг бүхнийг бодолдоо ургуулан бат итгэлтэйгээр төлөвлөсөн зорьсон хэргээ бүтээхээр,хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр урагш өөдөө дээшээ тэмүүлэл дүүрэн алхална…