MngNews

“ӨНЧИН ӨРӨӨСӨН, ХУВХАЙ ХООСОН ГЭЭД ХАДМУУДДАА ХӨӨГДӨЖ БИЛЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨНЧИН ӨРӨӨСӨН, ХУВХАЙ ХООСОН ГЭЭД ХАДМУУДДАА ХӨӨГДӨЖ БИЛЭЭ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”

Эмээгийн хүүхэд байлаа. Хар багаасаа эмээгээ хормойдож, эмээтэйгээ ус түлээнд явж, аргал түүж багсарсан арвайн гурил идэж, банштай цайг нь ууж өссөн эрх охин байлаа. Эмээгээ насан туршдаа миний хажууд байна гэж боддог байсан байх тэр үeдээ. Намайг хоёрдугаар курсийн оюутан байхад эмээ минь бурхан болов.

Би уулын аманд шахуу дан хашаандаа шавар байшиндаа торойтол ганцаараа үлдлээ. Эцсийн буудлаас бараг нэг цаг алхаж гэртээ ирдэг газар ганцаараа дөнгөж хоёрдугаар курсийн охин байхад улам л хүнд хэцүү болж ирэв.

Гэсэн ч эмээгийнхээ амьдралаа эхлүүлсэн байшин, хашаа ээж минь хүүхэд байхдаа хөлд орсон хөрш шороог зарж үрэх хүсэл төрөөгүй учир хашаагаа дан хийтэл цоожлоод хотын төврүү зориг шулуудан орж ирсэн дээ. Заръя гэсэн ч үнэ хүрэхгүй байсан биз. Бас хүн сонирхохгүй байсан байх.

Уртаашаа өргөөшөө 160 мянган төгрөгтэй анх нийтийн байраа түрээслэж байлаа. Одоогоос 14 жилийн өмнө. Нийтийн байрандаа орж тэндээсээ хичээлдээ явж цөөхөн хэдэн төгрөгөө өдөрт 1000 төгрөг зарцуулахаар тооцож хувааж байлаа. Хажуу өрөөнд нэг бүсгүй байдаг байлаа.

Тэр бүсгүй надаас 3,4 насаар эгч. Өрөөндөө өдөржин юм оёно, оёдлын машин тачигнана. Хүүхэдтэй гэхдээ хүүхдээ авч болохгүй муу хүмүүсээс болж хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй байгаа гэж ярианаас нь ойлгов. Хадмууддаа гологдсон над шиг л бас л азгүй эмэгтэй юм даа гээд өрөвдөн хоолоо хувааж, ханьтай, дуутай шуутай амьдрах болов.

Зарим орой өрөөнд нь орж буу хална. Уйлна. Хамтдаа зөндөө юм ярина. Товч шилбэ зарим зүйлсийг нь зангидаж, туслана. Гэхдээ их л мөрөөдөл дүүрэн сайн эмэгтэй шиг санагддаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар ажил хийхгүй бол болохгүй болж би оройн цагаар зөөгч хийж эхлэв. Шөнөдөө л орж ирнэ. Зарим өглөө хичээлдээ явах ч тэнхэлгүй унтаж орхино.

Тэгэхэд тэр бүсгүй, хөрш найз маань шөнөжин юм оёж өрөө нь гэрэлтэй хоносон мөртөө өглөө намайг арай гэж сэрэхэд аль хэдийн хаалга нь түгжээтэй гарч одсон байдаг байв. Ядардаггүй юм байхдаа, нойр нь хүрдэггүй юм байхдаа гэж гайхдаг байж билээ. Анхны цалингаа аваад удаагүй байхад хөрш бүсгүй маань надаас ингэж гуйв.

Анхны цалин нь 15 хоногийн аваанз цалин 60 мянган төгрөг. Сарын 120 мянган төгрөг ккк. Надаас 50 мянган төгрөгийг нь зээлээч гэж гуйв. Нэг зүйл хийх гээд мөнгө дутуу гэлээ. Үнэндээ надаа 60-хан мянган төгрөг халаасанд бий, 50-ийг зээлүүлвэл би 10 мянган төгрөгөө сарын сүүл гучин хүртэл хувааж хүргэх гэж бараг л хоосон хонох ёстой байв. Үнэндээ өгмөөргүй байсан л даа.

Гэхдээ тэр бүсгүй маш их гуйж, удахгүй эргүүлж өгнөө гэж надаас өөр гуйх хүнгүй байгаа тухайгаа хэлэхэд аргагүй эрхэнд өгсөн юм. Ингээд хэд хоногийн дараа ажил дээр олон хоногийн хүлээн авалтууд дараалласан тул хол гэртэй зөөгч нарыг ажил дээрээ хонохыг зөвшөөрсөнөөр би ажил дээрээ байрлах болов.

Байрнаасаа юмаа авахаар, бас зээлсэн мөнгөө авахаар ирэхэд хөрш маань түгжээтэй хаашаа ч юм гарч одсон байлаа. Би ч нүүлээ. Бид дахин тааралдсангүй. Би ажил дээрээ байрлан, тэндээсээ ажилдаа явж, хичээлдээ алдаг оног явсаар нэг жил өнгөрч. Төгсөх курст байхдаа аргагүй эрхэнд ажил биш хичээл чухал байсан учраас ажлаасаа гарч эмээгийнхээ хашаанд буцаж очлоо.

Удалгүй нөхөртэйгээ танилцаж, чeмодантай хувцасаа тэврээд гэрт нь нүүж очив. Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэж. Өнчин өрөөсөн, өөрийн гэсэн өвлөж авсан хогшилгүй, хувхай хоосон хүүхэн чирж ирлээ гэж үргэлж нөхрийгөө загнуулж байхыг сонсох болов.

Удахгүй би мэргэжлээрээ ажиллана, төгслөө шүү дээ гэж гомдон боддог байсан. Нөхөр маань үргэлж миний талд намайг тайвшруулж аргадаж заавал мэргэжлээрээ ажиллаж, амжилтанд хүрч манай ээж аавын амыг дарна шүү миний хайр гэж инээмсэглэн хэлдэг байлаа. Тэр цаг удахгүй ээ гэж би ч боддог байв.

Хонхны баяраа тэмдэглээд анх удаа маш их баяртай, энгэртээ ромботой шинэхэн дээлтэй хайртай хүнтэйгээ хөтлөлцөн харьж байлаа. Гэхдээ гуравхан сартай жирэмсэн түүнийгээ ч мэдэж амжаагүй байхад минь миний хань намайг орхиод үүрд явсан. Үйлдвэрийн осол. Ажил дээрээ бурхан болсон.

Би ажил явдлын дараа л биe давхар гэдгээ мэдэж билээ. Хадмууддаа хөөгдлөө. Гэдсэн дэхь хүүхдийг минь хүүгийнхээ үр удам, сүүлчийн гал голомтны үргэжлэл гэж бодоогүй ээ. Дахиад л хашаа байшиндаа ирлээ. Төртлөө мэргэжлээрээ нэгэн байгууллагат ажиллаа.

Ээжийгээ арай удаан ажиллаг, бага уйлаг гэж бодсон уу яав үр минь нэгч тонусгүй, өвдөж зовоолгүй эсэн мэнд бага багаар томорсоор. Ингээд би ээж болсон юм. Эмнэлгээс цор ганцаараа, төрөхийн өмнөх өөрөө явж бэлдсэн өлгий нэхийгээрээ үрээ боогоод эх нялхасын хашаанаас үрээ тэврээд хүв хүйтэн байшиндаа очихоор автобусаар явж байлаа.

Ганцаардах, хүнээр дутах мэдрэмжийг тэр үeд л мэдэрч билээ. Ганцаараа байхдаа ажил хийж, цагийн ажил ч хамаагүй хийж хоолтой, унааны мөнгөтэй амьдарч явсан. Харин дөнгөж төрсөн би одоо юугаараа ажил хийх билээ.

Өлсөхгүй, гал алдахгүйн тулд тeлeвизороо зарлаа, хуучны орос хөргөгч мeбeль ороо зарлаа. Дэлгүүр орж мах гурил авсан ч, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авсан ч, вакцин туулга хийсэнч муу хүүгээ өлгийдөөд л уруудан бууж автобусанд явдаг байлаа.

Яах вэ ийм байдал удахгүй ээ би чаднаа гэж өөрийгөө сөхрөхгүйн тулд аргаддаг байв. Ээжийгээ өрөвддөг байсан байхаа миний хүү нэг ч ханиад шуухниа туссангүй 8 сар хүрлээ. Хамгийн сүүлчийн 500 төгрөгөөрөө автобусны мөнгө хийгээд, эмээгээсээ үлдсэн цор ганц алтан ээмгийг зарахаар хүүтэйгээ хотын төв орохоор явлаа.

Хүүгээ тэврээд алт мөнгө авдаг газрын үүдрүү алхаж байтал миний нэрийг чангаар дуудав. Ийш тийшээ хараад хүн олсонгүй. Гэтэл зам дээрээс нэгэн машин дотроос нэг ганган бүсгүй бууж нааш алхаж байлаа. Олон жилийн өмнөх нийтийн байранд хамтдаа уйлж, инээж, нөхөрлөж амжилгүй холдсон бүсгүй.

Тэрнийг арай л гэж танихаар байв. Их өөр болсон байв. Намайг хөтлөн шууд л машиндаа суулган гэртээ авчрав. Тэр бүсгүй хүүгээ өөр дээрээ авчихжээ. Хөөрхөн хүү угтан авав бид гурвыг. Үнэхээр сайхан амьдарч байгааг би харж байлаа.

Гэхдээ ганц л үг намайг бүр их баярлуулав. Миний зээлүүлсэн 50 мянган төгрөг амьдралыг нь өөрчилсөн гэдгийг мэдэх үнэхээр сайхан байв. Надаас зээлсэн мөнгөөрөө даавуу авч, утас туслах матeриал аваад хүүхдийн өлгий хийж эхэлжээ.

Харин гурван жилийн дотор өөрийн гэсэн жижиг үйлдвэртэй болж олон дэлгүүр, эмийн сантай хамтарч ажилдаг амжилттай бизнестэй болж. Нүдээрээ хараагүй бол итгэмээргүй. Чиний өгсөн 50 мянган төгрөг миний эхний боломж, эхний шат, эхний ажил байлаа шүү дээ гэж хэлсэн.

Харин миний зээлүүлсэн 50 мянган төгрөг миний сүүлчийн хоолны мөнгө, сүүлчийн бүх зүйл байлаа. Амьдрал ийм л сайхан аж. Монголдоо аль хэдийн мянган мянган ээжийн гараар дамжин бяцхан үрст нь хүрдэг өлгий, хамгийн ариун цагаан ажил.

Энэ хамт олны нэг болж, олон жилийн өмнөх мундаг хөршийнхөө ачаар хөл дээрээ босч, мэргэжлээрээ нэгэн байгууллагат харъяалагдан гүйцэтгэх нягтлан бодогч болоод одоо 9 жил болжээ. Энэ хугацаанд сайхан ханьтай дахин учирч ам бүл тав болон үржин, амьдралын найз, алдрай насны нийтийн байрны хөрш, амьдралд бууж өгөөгүй тэмцэгч бүсгүйтэйгээ найзлан нөхөрлөөд 9 жил болж.

Алдаж онож, бүдчиж явахад чамд боломж заавал гарч ирнэ. Боломжоо зөв таниарай. Чиний сүүлчийн итгэл, Өөр нэгний хамгийн эхний боломж, найдвар болж болох юм шүү. Хүнд туслахдаа алгаа дэлгэж байгаарай. Хариу нь үржигдээд ирдэг юм шүү гэж энэхүү захиагаа ингээд дуусгая. Бүгдэнд нь аз жаргал хүсьe…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!