“ӨНДӨР ЭЭЖ” ЗОХИОЛ 1-Р ХЭСЭГ

Хэрэв энэ нутгийн жар дал гарсан настан олноос, Цахиуртын суурин гэгч урьд ямархуу орон газар байсныг асуувал, эндээ ийм дугантай, тэндээ тийм хашаатай, тэр гэвшийн өргөө тэнд, гавьжийн байшин энд байсан гээд ихийг биш ч гэхнээ элдэв нэгийг хүүрнэх буй заа. Цагийн хурал хурдаг асан Цахиуртын жас, энэ хэр хүний нүд булаахаар ч юмгүй, эрт урьдын сүр жавхаагаа хэдүйнээ алдан эзгүйрчээ. Суурин ч гэж дээ, эзэнтэй эзэнгүй үл мэдэгдэх хэдэн навтгар байшин бүхий эл хуль газар байшингууды нь ч байшин гэхэд хэцүү. Бөөр сүвээгий нь нийлүүлж барьсан гурван эгнээ жан жангийн хорь орчим намхан байшинцар банзан пин. Олонхын нь яс мод их бие удаан жил салхинд дэлсүүлэн, наранд шарагдан, хур бороонд шавшуулсаар өгөршин хөхөртжээ. Ер хүний хэрэгцээнээс гарч их замын булай болон орхигдсон туурь уу гэтэл бас ч тийм бус. Пин бүхний хавтсан хаалгыг бат бөх цуургалан элдэв хийцийн их бага цоож зүүжээ. Дээвэр дээгүүр нь тоононы хүрээ, торх тоодонгийн бүс цагариг атирч хатсан адасга шир, хагсарч эвдэрсэн тэвш хараагүй хөхүүр борви сэлт хам хумхан хаясан тавьсан харагдахын сацуу ар өврөөр нь ёроолгүй хувин хугархай унь эмтэрхий тогоо, хувхай янгиа, өрөөсөн гутал, эвэр туурай элдвийн юм хэвтэх нь нүдний үзүүрт тусна. Нарийн гудамжаар нь лууль өвс ургаж, эргэн тойрноор нь урьд байшин хашаа байсан болбуу гэмээр овгор товгор довон шороон дээгүүр хэсэг бусаг шарилж халгай сагсайн ургажээ.

Энэхэн аглаг суурины байнгын хоноц хээрийн хэдэн тагтаа өглөө бүхэн хэрчсэн цаасны тасархай салхинд дэгдэн хийсэх мэт гурван эгнээ байшинцрын аль нэгтээгээс гялалзан нисэж суурины эргэн тойрон нисэж буун бэлчинэ. Тэгээд сэжиггүй, газар тоншин айван тайван бэлчиж байснаа юунаас юм үргэн нисэж, суурины дээгүүр хэдэнтээ хошууран аль нэг зүг бараа туруугүй дайжин одох бүлгээ. Тэр хэдэн тагтааг Догоо авгай бараа хань татан хөхөлбөр ч гэх үү, ногоовтор ч гэх үү сонихон туяа гялтганасан хөөрхөн хүзүүгээ өргөн явахы нь өхөөрдөн харах дуртай аж. Зарим үес хонуут өнжүүт алга болоход нь яльгүй үгүйлэн хүрээд ирэхэд нь хүүхэд мэт баярлана. Хааяа хүүхэд мэт ёотонгийн үйрмэг, ааруул ээзгийний хог атган сүрэг хэдэн тагтаа руу ороо ишиг барих гэж байгаа юм шиг амьсгалаа хураан гэтэж, хамгийн сайндаа л үүдэн хэрийн ойртон очиж атгандахаа цацна. Тэгэхэд нь хээрийн цэнхэр тагтаа хөөрхий авгайн санаа хичээлийг үл анзааран дэрхийн нисэн одно. Чингэхүй Догоо хөх тэнгэрт цайвалзан холдож яваа шувуухайн хойноос арга цөхөрсөн янзтай “Өө зайлуул!” хэмээн гоморхонгуй дуун алдаж саравчлан харуулдаж баахан зогссоноо “Би та нарт идэх юм өгөх гэж тус санаж явах! Та нар надаас зугтаж байх! Таарч дээ, хөөрхий” хэмээн гагцаар үглэсээр гэр өөдөө хандана. Догоо авгайнх мөнөөхөн гурван эгнээ байшинцар пингүүдийн баруун урд дэнж дээр Цахиуртын суурин дээр сүүлийн гурван жил утаа уугиулж байгаа айл гэвэл энэ. Гадуур нь өвс ногоо халцран, машины мөр чийрэлжээ. Гэрийн хойно машины резинэн дугуй, хагас гол, дугуйны бул, нум төмөр их бага эрэг араа шүд бүхий элдвийн зүйл нэгэн дор хураасны дээр галын хорын сав, машины тос хийх гозгор лааз хэд хэдийг талбижээ.

Ойр хавий нь халцгай газарт асгарч дуссан бензин тосны толбо хүрэнтэн шингэсэн нь тодхон харагдана. Гэрийн нь бүрээс туурга боломжийн хэв янз сайн. Дээвэр туургы нь дээс шидмэсээр даруулж баруун зүүн талд нь машины хөндий дугуй хошоодыг тэнчээлэн зүүж, хаяагий нь тойруулан борооны ус урсах шуудуу татжээ. Үүнийг үзэхүл гэрийн эзэд нямбай хүмүүс байгаа болбуу гэмээр. Тэр ч байтугай эднийхийг замын албан хаагч, наанадаж дэн буудлын эрхлэгчийнх болбуу гэж бодмоор. Гэвч тийм бус аж. Хүмүүс эднийхийг Догоо авгайнх, Дамиран өвгөнийх гэж хоёр янзаар ярина. Гэрийн эзэн Дамиран гэх сөрвийсөн хөмсөгтэй шийхийсэн нүдтэй хөх өвгөн бий. Хаврын ногоо цухуйх үеэр тууврын хонь туун Алтанбулагийн зүг оджээ. Ер нь Дамиран өвгөн гэрийн бараа харах нь ховор. Тууврын мал туух, жин тээх, түлээ түлш бэлтгэх, барилгын мод татах ажлаар голцуу хангай газар одно. Хүүгээсээ хойш ийм болжээ. Хөдөө гадаа явбал гэртээ хэрэгтэй гэсэн элдэв шалдвын юм цуглуулж гэртээ байвал аян замд хэрэгтэй юм төхөөрч суудаг зантай. Нэгэн удаа Догоо, – Чи ер нь хангай газар нэг гэр оронтой болсон хүн биш биз? Хоосон суурин дээр гав ганцааранг минь орхиод явчих юм. Эм би яахав үнстэй тулга, өвгөр овоохой сахисаар үлдэх юм гэж гомдлон өгүүлсэнд, Дамиран урт хөмсгөө сөрвөгнүүлэн хачирхаж гайхсан хамаг санаа бодлоо хөмсгөн дундах гүн атираандаа хураах мэт баахан харж сууснаа, – Битгий донгос! Юугаа ярьж байгаа сэгсгэр вэ? Бэлчээр дүүрэн мал бидэн хоёрт байна уу? Ингэж явахгүй бол идэж уух, өмсөх зүүхээ хаанаас олох юм? гэж учирлангуй хэр нь зандрангуй өчжээ. Тэгэхэд нь Догоо хариу юу ч хэлсэнгүй.

Харин хэрэггүй юм хэлж гэмгүй хүнийг гомдоож орхив уу гэж өөрийгөө зэмлэсээр үлджээ. Чингээд Дамиранг ирэн иртэл санаа зовнин суусан удаа бий бөлгөө. Харин энэ хавар явахдаа “За арваад жил мал тууж аян жинд явлаа. Одоо ч тэмээний тэн өргөх чадалгүй болох нь. Энэ жил нэг даагаа нэхээд зодгоо тайлна байгаа” гэжээ. Тэгэхэд нь Догоо үг шүүрэн авч тэг тэг ч гэсэнгүй, дотроо “Өөрөө л мэдэг, илүү дутуу юм хэлэхээ болъё. Уг нь гэрийн бараа харж ясаа амраавал аштай юу” хэмээн баярлан бодсоор хоцорчээ. Суурины бяцхан байшингуудын эзэд Догоог энд байран суудаг болохоор юун түрүүнд амь аминыхаа байшинг харж хандаж байхыг захина. Догоо ч тэр захиа найдвары нь үл хөсөрдүүлэн өдөртөө лавтайяа нэгэн удаа хоттой хонио эргэж яваа хүн шиг хэдэн байшингаа тойрон үзнэ. Энэ хэр Догоогийн гэрийн үүд хаалттай, сөөм хэрийн татуурга суры нь хошлонд хавчуулан торгожээ. Догоо авгай өглөөний сэрүүнд адуугаа хурааж ирэхээр мордсон аж. Адуу хураах гэдэг Догоо авгайн хувьд аргалаа түүж ирнэ гэсэн үг билээ. Уг нь эднийд арваад бага мал байх авч гадуур тогтохгүй, айл амьтны хонь мал даган нийлж одох тул холын төрхөм нэгэн айлд тавьжээ. Гадуур байдаг мал гэвэл ганц хайдаг ингэ бий. Цахиуртын суурины зүүхэн хажуугаар өмнөөс умрыг зорьсон их зам зурайн гарч умраас өмнийг зорьсон утасны шон жирийн цувна. Нэгэн харахад эл суурин зам түшиж босоо юу гэмээр, нэгэн санахад зам нь сууринаа бараадаа юу гэмээр аж.

С.ДАШДООРОВ

II ХЭСГИЙГ УНШИХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!