MngNews

“ӨНДӨР ЭЭЖ” ЗОХИОЛ III ХЭСЭГ

“Хөхөгчин мичин жилийн өвөл. Тэр жилийн цас ч ихийг хэлэх үү. Зун нь улаан ган болоод, өвөл нь цагаан зуд залгаад авсныг хэлэх үү. Туранхай эцэнхий бүү хэл, тураг тарган мал захаасаа ширвэгдэн хоттой хонь хотойж, хөлний сүрэг шингэрэх болов. Хавийн айл хамаг таньдаг мэддэг бүхэн нь өнтэй газар хөөн, бөөн цөөнөөрөө нүүж одоод, Дамиран өвгөнийх хойт багийн онгой Сандаг гэгчийнтэй хамсан дөрөв таван нүүдлийн газар нүүж, нэгэн өвөлжөө бараадан бууж, тэндээ өвөлжихөөр хөгцтэй тосоо хагалжээ. Тэгтэл ч өтөг бууц хөлдөж, өвсөн толгой цантаад өглөө үдэшгүй шуурга цасан балбаж гарав. Хоёр гэрийнхэн хот хороогоо засаж хонь малаа гэж хоёр нарны хооронд өвдөг сөхрөх завгүй хөдлөн байлаа. Тэгтэл ес эхлэхийн үес Сандагийнх, хамаг адуугаа шуурганд уруудуулан алдаж, хоттой хониныхоо хагасыг бууцны хормойд хураав. Дамирангийнх цөөн бог малтай, гэвч зуд авхай цөөн гэж голсонгүй ишиг шүдлэн, хурга төлөг тоншсоор байлаа. Сүргийнхээ талыг зудад өгөөд ч тэр билүү, ер нь ч урам зориг хугарсан ч билүү, онгой Сандаг бодолд дарагдан гэрээс гарахаа больжээ. Хааяа хот бууцан дундуур элгээ эвхэн холхиж “Аав ээжийн буян ингээд өнгөрдөг байжээ” хэмээн санаа алдан үглэж, бүрхэг тэнгэр рүү хялам хяламхийн харна. Тэгээд хонь малдаа ч явахаа больж хот бууцны хөлдүүс ч зөөхөө байж бодолд автан гөлрөн суух болоод, хамаг ажил Дамиран, Догоо хоёр дээр буужээ. Дамиран Догоо хоёр өөрийн хэдэн малаа тасалж аваад тордъё гэтэл, айл хүний амь нэг гэсэн үг байх тул, эзний нь дотроо зэвүүрхэн яасан эр хүн гээч вэ хэмээн үглэвч Сандагийн хонь малыг өөрийн хэдтэйгээ хээрийн бэлчээрт хариулж хэвтэр бууцы нь зассаар байлаа. Тэр хүнд өдрүүдийн нэгэн билээ. Догоо уулын сүүдэр хүүшлэх үес, бэлчээрийн хонио гэр өөдөө залж хавар сөрөв. Өдрийн турш хөдөө хөхөрч, бэлчээрт бээрч даарсныг хэлэхэд бэрх. Хоньд ч ялгаагүй бололтой, хэвтэртээ яаран цувж, ямаад мөрдөж шооргонон гүйж явлаа. Бут харгананд цацагласан бамбар, хонь малын бие шүргэхгүй бутран унаж дагтаршсан цасан дээгүүр маналзан хийснэ. Догоо хониныхоо сүүлчийг туун өгсч ойчсоны нь босгон бээрч унасны нь өргөж барьсаар заримдаа од түгсэн хойно гэрийн бараа харах удаа зөндөө. Харин эл орой тийм саад гарсангүй. Аргалын утаа бууц хөрзөнгийн үнэр авахад, задгай галын бараа харсан мэт хацар нүүр халуу оргих шиг болно. Тэгүүт Догоо эрүүвчлээстэй малгайныхаа эрүү шанаанд шавсан цан хүргээ сэгсрэн унагаана. Ийн орой бүхэн бэлчээрээс эгэн ирж гэрийн бараа харахад дотор жиндэн даарч гэдэс өлөрхөн байгаагаа мэднэ. Хоньд чулуу хөрзөн давхарлаж барьсан хорооны мухар руу шавж бөөгнөрөн хотлов.

Уг нь энэ өвөлжөө нөмөрлөг, авч эн хормой даанч бага. Бууцны баруун этгээд дэх том гэр онгой Сандагийнх. Зүүн талын жаал гэр бол Дамирангийнх. Их гэрийн тооноор утаа уур савсан, оройн жаварт дээвэр алгадан байв. Нөгөө өөрий нь гэр өглөө орхисон хэвээр, өрх нь хагас хошуулдаастай зэврүү даан харагдана. Догоо бууцны хормойд орж, өөд газар хөшиж даарсан хөлөө зөөж ядан зүтгэж явтал урд нь онц содон мөр дурайж байлаа. Юу гэвэл цас бууцан дундуур хэд хэдэн машин хонхойж хотойтол нь зам татуулан, дугуйныхаа хээ мөрийг үлдээн явсан байлаа. Үүнийг хартал Дотоо өдөр хонины бэлчээрт машины бүдэг бадаг дуу сонссоноо санаж Сандагийн танил талаас ирээ юм болов уу гэж бодов. Тэгээд хол ойрын сонин дуулахаар гэртээ ч оролгүй Сандагийн руу алхлав. Тэгтэл гэрээсээ онгой Сандагийн авгай гарч ирлээ. Тэр, гэрээс холддоггүй хүний байдал илэрхий, хөвөнтэй хуучин тэрлэг өмсөж даавуун алчуур толгойдоо ёс болгон зангиджээ. Сандагийн эхнэр арагтай аргал руу нэг хандсанаа больж, Догоо руу их чухалчлангуй тосон хүрч ирлээ. Догоо “Яагаа юм бол? Нэг л чухал явдал болж дээ” гэж бодов. Тэгтэл ч Догоогийн хажууд ирж, – За хонь тогтов уу? За тэр ч яахав. Хөгтэй хө! Хүү чинь ирээд… гэв. Догоо эл үгийг сонсуут зогтусан гэр өөдөө хараа гүйлгэснээ, хэлэх үг олсонгүй. – Юу? гэж асуух гайхах хосолсон маягаар дуугарав. Сандагийн эхнэр том шар ногоон нүдээ эргэлдүүлэн инээмсэглэх аядаад, – Манайд ор.. гээд хамт гэр рүүгээ алхлав. Догоогийн алхаа гишгээ мэдэгдэхүйц түргэн болж хөдөө хөхөрч даарсан нүүрэнд нь баярын гэгээ гэрэл харван бууж “Хүү минь хүрээд ирээ юу. Ээжийгээ хүлээж ядаж байгаа даа. Томоогүй гэдэг нь. Гэртээ галлаад сууж байхгүй” гэж бодов. Тэгээд хоёр жил бараа царайгий нь хараагүй ганц хүүгээ тэврэн үнсэж, санаж сарвайсан элгээ тэнийлгэх хүслээр жигүүрлэн гэрт явж оров. Тулганд задгай гал дүрэлзэн хөрөнгийн үнэр хүж шиг хан татаж, галын дулаан элч Догоогийн нүүр магнайг төөнөв. Галын дээгүүр хоймор тийш харвал Сандаг арласан хээтэй авдрынхаа өмнө, сүүжилдэсхийн хэвтээд өрөөсөн гарынхаа хэдэн хуруун дээр хаш чулуун соруултай гаансаа эргэлдүүлэн өөрийгөө саатуулж байв. Догоо “Хүүгээ би чинь баярлахдаа үзэхгүй байгаа юм болов уу” гэж бодон гэрийн доторхыг эргэн тойрон харав. Гэрт Сандагаас өөр хэн ч байсангүй. Сандаг Догоо өөд өндийн харснаа

– За хэд нь хээр хоцров доо? Өнөөдөр ч чоно уруулмаар саварлаж байх шив гэж асуулаа. Сандаг сүүлийн үес “Хонь тогтов уу” гэж асуухын оронд “ Хэд нь үхэв, хэд нь осгов” гэж асуудаг болжээ. Догоо: – Гайгүй гэж өөрийн биш дуунаар хариу өчөөд “Энэ тархиуд чинь намайг яаж дамшиглаж байгаа юм бол?” гэж бодно. Тэгээд галд өлчин суув. Тэгтэл Сандаг тулгатай гал руу ойртон суугаад тамхиа нэрснээ: – Хүү чинь ирээд явлаа шүү дээ гэв. Догоо уруул шүдний завсар, – “Үгүй ер” гэж дуун алдав. Яагаад ч юм, зүрх нь базлан уушги нь хавчих шиг хачин болов. Тэгээд хүүгийнхээ тухай лавлан асуух гэтэл гаднаас гэрийн эзэгтэй арагтай аргал тэврэн орж ирлээ. Тэрээр нэг дуу тэнгэрт нэг дуу газарт хадаан, – Хүү чинь ирээд явсан гэж давтан өгүүлэв. Догоо авгай нөхөр хоёр руу ээлжлэн харж “Хүү минь ирээд явж. Харин яагаад уулзсангүй вэ” гэж бодлоо. Тэгээд, – Үгүй бас… тэгээд… хүү минь… гэхээс өөр үг хэлж чадсангүй. Сандагийн эхнэр тулганы хажууд цог татан жигнэсэн домботой цай Догоо руу дөхүүлж, аяга авч өгөв. Тэгээд ярьж гарав. – Хөөрхий чааваас. Яаруу сандруу нэг юм (Догоо хүүгээ нэг юм гэж хэлсэнд нь баахан дургүй нь хүрэв) ирээд л явлаа даа. Уг нь та нартайгаа л уулзах гэж ирсэн байх даа. Үгүй тэгэлгүй ч яахав дээ. (Догоо бас бодов. Өөр хэнтэйгээ уулзах гэж ирэх вэ) Дандаа цэргийн хүүхэд. Долоон машин ирээд! Нэг нэг аяга цай уувуу, үгүй юу яарч сандраад хөдөллөө. Хүү чинь чамтай уулзаад гарчих санаа ч мөн их байна билээ. Хэр шүү дээ хүний төрсөн үр чинь. Хойд овоон дээр гарч чиний барааг харсан байх. Ээ дээ, яаруу яваа, хүний унаа царайчилж яваа хүн гэдэг ч хэцүү юмаа даа гэж чанга чангаар ярьж байлаа.

Тэгснээ, – Бид уулзсанаас ялгаагүй та нарын тухай ярьсан даа? гээд “Цагийн хатууд сайн ч айлтай хамт байгаа юм байна гээд баярлаж явна билээ” гэж давс нэмж гүвтнэв. Догоо түүний яриаг дуустал, – Хаачаад явж байгаа юм бол? гэв. Тэгтэл Сандаг, – Өлгийн хийд гэдэг газар цэргийн ангид юу ч юм хүргэж өгөөд буцаж яваа гэнэ билээ. Цуваа удирдаж яваа даргаасаа гуйж байж наашаа зам муруйж, ирлээ гэж байна билээ. Гэртээ ирснийх муу эцэг эхтэйгээ уулзаад гарсан бол аштай юу даа гэлээ. Догоод эл хоёрын яриа тодорхой бодогдовч даанч чамлалтай санагдав. Юу ч атугай хүүгээ ирээд явсан болохыг ухаарч, хүрээд ирэхэд нь өөрөө эзгүй байсандаа зүрх ихэд шимшрэн сэтгэл машид гонсойв. Тэгээд, – Өөр юу ч ярьсангүй юу гэвэл, авгай нөхөр хоёр, – Өөр базаалттай юм яриагүй гэж зэрэг зэрэг өчив. Тэгтэл авгай нь галдаа хэдэн аргал авч хийгээд, – Уг нь тийм өндөр хүн юм уу. Үгүй тэр цэргийн хувцас мөн сайхан зохисон байдаг шүү… Хөөрхий ямар сайн байх вэ. Эхтэйгээ уулзаад явсан бол аштай юу гэж хэлээд санаа алдав. Догоо хүүгээ өндөр болсон, Цэргийн хувцас зохисон байна билээ гэдгийг дуулаад, хүүгээ харахсан үзэхсэн гэдэг хүсэл улам оргилж, зүрх нь шимшрэн базлав. Догоогийн хүү хоёр жилийн өмнө сумынхаа сургуульд багшилж байгаад цэрэгт татагдан явжээ. Цэрэгт очоод жолоочийн сургууль хийж байгаагаа захиандаа бичдэг байлаа. Бодвол одоо тэр сургуулиа дуусгаад машин тэргээ бариад гялалзаж яваа юм байна гэдэг нь тодорхой байлаа. Догоо хонины хишиг цай ганц аяганаас илүү чуусангүй, гэртээ яаран очив. Гэр нь хүйт даан байвч, хүү нь орж ирээд явсан гэж бодоход таатай санагдав. Тэр ч байтугай бензиний үнэр ханхлах шиг санагдсанд, авгай түүнийг бүр шиншлэн үнэртэж, хүүгээ үнссэн мэт баярлав. Үнэхээр хүүгий нь үнэр төрсөн гэртээ үлдэж, төрүүлсэн эхий нь сэтгэлд ханхлан байлаа. Догоо тулгаа галлаж тосон дэнгээ асаав. Тэгээд эргэн тойрныг ажив. Гэр орноо өглөө гайгүй сайн цэвэрлэж, юм хумныхаа тоос шороог арчсан тул санаа бас өег байв. Яагаад гэвэл хүүгээ гэртээ ганцаар орж ирээгүй гэдэгт итгэн тэр хамт орж ирсэн хүнд нэг их тохь тухаа алдсан айл харагдаагүй байх гэж боджээ. Тэгээд тулганы хоймор явган ширээн дээр дэнгээ өндөрлөн тавьж, үдшийн хоолоо үйхээр тавиур дээрээсээ тогоо шанагаа авах гэж эргэв. Сүүлийн хэдэн хоног олигтой цай ч хийж уусангүй.

Хоол ч хийж идсэнгүй. Тэгс ингэсхийгээд л бор хоног өнгөрөөн байгаа аж. Яагаад гэвэл, Дамиран өвгөн Сандагийн уруудсан адууг сураглах, ойр хавьцаа сураг дуулдвал олж ирэхээр, хоёр атар тарган аты нь унаалан оджээ. Тэгээд авгай ганцаар хоол унд ууж идэх баахан дургүй хийж баривч хань бараагүй бол төдий л хоолдоггүй аж. Догоо тогоогоо авах гэснээ зогтусав. Тэгснээ тавиурын булан дээр тавиастай цагаан самбаа даавуун боодолтой юмыг авч дэнгийн гэрэлд задлав. “Иш хүү минь” хэмээн санаа алдав. Түүнд нь хар гурилын хошоод талх, нэгэн боодол ёотон, бүтэн дугуй цай байжээ. Тэр үед цай гэдэг нүдний гэм байсныг хэлэх үү. Энэ хавьд өнөөдөр Дамиран өвгөнийх шиг баян айл үгүй мэт санагдаж, түүнээ эвгүй хөдөлвөл эвдрэх мэт тун царвуу хэр нь бөх бат барин үнэртэв. Мартагдах шахсан цайны үнэр ааг хамарт сэнгэнэхүй нурууны нь хөлс чийхрав. Хуучин шаар дахин ахин буцалгах ч юм уу, уулын бүйлсний навч хандалж, жил илүү уусан тул хүүгийнхээ үлдээсэн эл цайнд магнай хагартал баярласныг хэлээд баршгүй. Тэгээд “муу заяатай толгой хүүгээ ганц ирэхэд нь эзгүй байдаг нь юу вэ. Ядаж өвгөн маань байдаггүй” хэмээн өөрийгөө зүхэн өөртөө гомдон том том дусал нулимс унагав. Авгайд эл орой шиг уйтай үе тохиолдоогүй мэт санагдана. Чингээд хоол ч хийсэнгүй, харин хүүгийнхээ үлдээсэн цайнаас хумсын төдийг эмтлэн цай хийхээр тулга тогоогоо угсрав. Тэгэхийн зуур, айлчин гийчний бэлэг сэлтээс хөршийнхөндөө амсуулдаг заншлыг дагаж мөнөөхөн хар талхны булангаас тос шиг хэсэглэн хагалж цайнаасаа ч атгын хэрийг эмтчин, хэдэн ширхэг ёотонгийн хамт Сандагийнд аваачиж өгөв. Өглөө нь бас тогоо дүүрэн ааг нь ханхалсан хонгор цай чанаж, айлынхнаа ч цайлжээ. Хоёр хоногийн дараа од түгсэн хойно, нохой боргон хуцаж малыг цувц замаар нэг хүн бөртөлзөн ирсэн нь Дамиран өвгөн байлаа. Тэрээр явсан хэрэг бүтэмжгүй эргэж ирсэндээ бөөн гуниг гутрал өвөрлөн иржээ. Түүний дээр нь хүүгээ ирээд явсныг дуулж “Азгүй хар толгой, мөд үхэх юм байлгүй” хэмээн бас л өөрийгөө зүхэн сэтгэл гонсойн гасалжээ. Гэвч тэд хүүгээ мөд ирж магадгүй гэдэг итгэл горьдлоор хэн хэнийхээ сэтгэлийг засан хар ч гэхнээ ясны хөлс асгаруулам аагтай, цай чанан ууж аваад унтахаар тус тусын орыг засав. Тэгтэл Дамиран өвгөний нүдийг орой дээр гартал баясгасан нэг явдал болов. Юун гэвэл Дамиран хөнжил дэвсгэрээ буулган дэр жинтүүгээ засан ядан байтал гарт нь нэг цэл хүйтэн юм дайралджээ. Өвгөн сочин гараа гэдрэг татан автал гары нь дагах мэт нэг юм гялсхийн өвдөг доор нь ойчжээ. Дамиран уулга алдан босон харайснаа, мөнөөхөн харанхуйд унасан юм руу шүдэнз зуран харвал нэгэн лонх архи бөөрөөрөө өнхөрч байлаа. Дамиран авгай өөдөө баясал дүүрэн нүдээр том гэгч харснаа, – Энээ хөөе! энээ хөөе, Догоо! чи хараач гэм хэмээн нөгөө архиа дээр гэгч өргөснөө, – Харж байна уу? Үгүй бас… Миний хүү чамд цай надад архи авчирч шүү дээ. Үгүй бас… энд тэгээд хийчихсэн байдаг гэж үглэн дэнгийнхээ гэрлийг сэргээж тухалж суув. Дамиран нарийн сийлбэр урлах гэж байгаа юм шиг сэтгүүр шөвгөөр мөнөөхөн архины толгойг ээлжлэн төнхсөөр бөглөөг нь  авч аяга гаргав. Гэрээр дүүрэн хар архи хан татав. Түүний үнэрээр духны хөлс чийхран бурзайв. Тэгснээ дуслын төдийг галдаа өргөж, тэсэж чадалгүй балгын төдийг аягалан амссанаа харайн гарч хад уул цуурайттал Сандагийг дууджээ. Сандаг ч гаанс тамхиа барьсаар орж ирэв. Тэрээр үргэлж газар шагайн бодол болж суудаг зантай. Аливаа ажилд бодол болж суухаас босож явах нь бага. Өнөө орой бол бүр ч хагацал үзсэн мэт байлаа. Яагаад гэвэл азарга илүү адуугаа сураг мөргүй болсонд сэтгэлээр унажээ. Хойноос нь авгай нь ч ирэв. Тэгээд хоёр гэрийн дөрвөн ам бүл лонх архиа дунд нь ортол амсан амсан уув. Тэгэхдээ мэдээжийн хэрэг бүстэйчүүл нь түлхүү уужээ. Дамиран архийг эрээд ч явдаг хүн биш. Гартаа ороод ирснийг бол түлхээд ч явуулчихдаг эр биш. Тэгээд тэрүү баахан халж, – Үрт хүний ам тостой гэж үнэн юм даа. Манайх аягүй бол машинаар нүүж байж мэднэ шүү. Магадгүй хүү маань хотод аваачих гээд давхиад ч ирж мэднэ гэж бодож санаж л явдаг үгээ илэн далангүй дэлгэж суулаа. Тэгэхэд нь Сандагийн эхнэр ам өрсөн, – Нээрэн л тэгнэ дээ, хөөрхий гэж батлах мэт өгүүлж байлаа. Гэвч хэрэг явдал өөрөөр эргэжээ. Өдөр хоног өнгөрөн асар удалгүй цагаан сар болов. Хөхөгчин мичин жил улирч, тахиа жил гарав. Хоёр гэрийнхэн гоньд хөмүүлээр амталсан банш, бууз эцсийнхээ бор гурил шигшин байж хийж хоорондоо зөрүүлэн битүүлж Дамирангийнх мөнөөхөн хүүгийнхээ үлдээсэн хар талхны нэгийг хадгалан байснаараа ааруул хуруудын хамт тавгийн идээ засаж шинэлэв. Боов хийе гэхнээ гурил ч байсангүй. Шинийн нэгнээр хол ойрын хэд хэдэн хүн айлчин гийчний сэтгэлийг ихэд засжээ. Сандаг Дамиран хоёр ч гэсэн хүчтэй гэсэн нэг нэг атаа унаж ойрын айлаар бууж золгов.

Тийн цагаан сараа тэмдэглэн ёсолж, идээ будаагаа хараахан хураагаагүй байтал, суугуул нутгийн танил нэгэн өвгөн айл айлын унинд нэлээд удсан бололтой гурвалжилж эвхсэн захиа авчирч өгчээ. Тэр нь хүүгий нь захидал байлаа. Түүнд хүү нь Өлгийн хийд хэмээх газар байгаа цэргийн ангид цэргийн хуурай хэрэглэл, хувцас хунар хүргэн очсоноо дэлгэрэнгүй бичиж, буцахдаа гэр орноо сураглан яльгүй зам муруйн очсон авч хэнтэй нь ч уулзаагүйдээ сэтгэл дундуур яваагаа дурьдсан байлаа. Бас иймэрхүү ажил төрлөөр байн байн тийшээ явж байх магадгүй тул, замд ойр байвал сайн… гэсэн байжээ. Хавар эрт болж, ногоо цухуймагц зуд зурхнаас үлдсэн хэдэн малаа ногоо амсуулан тэнхрүүлэв. Хэдий тийм боловч ачлага уналга хүрэхгүйд Цахиуртын суурины их зам түшисхийн буужээ. Тэнд бууснаас хойш машин л дуугарвал “Хүү ирлээ” хэмээн хөл болж овоо хяр дээр бараа туруу хардаг байлаа. Заримдаа машины дуугаар ч юмуу бараанаар нь аргал түлш, малын бэлчээрээс өвгөн авгай хоёр уралдах мэт яаран ирж цай цуй зэхдэг байлаа. Ер нь хоёр хөгшин бие биенээсээ түрүүлж хүүтэйгээ уулзах гэж боддог байлаа. Тэгээд ч тэрүү авгай араг дундуур аргалтай өвгөн хонь мал бэлчээрт нь хүргэлгүй дутуу орхиж ирэх явдал зөндөө тохиолдох болов. Хааяа бас усны хувингийн цорго нүх салхинд хүнгэнэн дуугарахад машин ирлээ хэмээн бие биеэ дуудан халуун нойрноос ч харайн босож ч байлаа. Гэвч хүү нь ирдэггүй. Мань хоёр ч харж цөхөрдөггүй. Харин хүүгий нь оронд ондоо танихгүй жолооч нар давхин ирж, цай цуйгий нь ууж ундалж үдэлж гардаг болов. Машин л дуугарвал горьдон бараагий нь харвал баярлан, дайраад ирвэл хүүгээ сураглан түүгээр явдаг жолооч нарын нэг буудал болсон түүх ингэж эхлэв. Тахиа жилийн зул сар гарч, Жанчхүүгийн даваанд дайтаж явсан цэргүүд ялалтын медаль гялалзуулсаар халагдан ирэх боллоо. Өвгөн авгай хоёр хүүгээ бүр ч их харан тэдэнтэй зориуд уулзан сураглахад хүүгий нь тухай олигтой сураг сонсгосонгүй. Дамирангийнх их замаас холдож чаддаггүй. Тийн байтал нэг өдөр тэднийд багийнх нь дарга шогшин ирэв. Тэднийх тэгэхэд Цахиуртын ойр нэгэн хонд өвөлжөөнд буугаад байлаа. Багийн дарга, өвөлжилт хэрхэн байгаа түүхий эдийн зүйлээ тушаасан эсэхийг лавлан байснаа, цэргийн хээрийн шуудангийн тэмдэг бүхий дугтуйтай бичиг өгсөн нь хүүгийнх нь тухай эмгэнэлт мэдээ байжээ.  “1945 оны 9 дүгээр сарын 13. Танай төрсөн хүү, манай гарамгай байлдагч Гомбожав нь эх орны шударга дайнд явж, Японы харгис хэрцгий цэрэгтэй эрэлхэг баатарлагаар тулалдан өөрийн барьсан хүчит техникээ гарамгай эзэмшин дайсныг шууртал устгах үйлсэд баатарлагаар оролцон явж байгаад, Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөт байдлын төлөө халуун амиа алдав. Хайрт эцэг эх та нар өөрийн төрүүлсэн хүүгийн төлөө харуусан гашуудах нь зүйн хэрэг боловч танай хүүгийн байгуулсан гавьяа, үлгэр дууриал үйлс хэрэг уулнаас өндөр, уснаас гүн юм. Иймд сэтгэлээн хатамжилaн барихыг хүснэ. Танай хүүгийн алтан шарилыг бидний олон дарга, байлдагч нараас хүндэтгэн машид гашуудан оршууллаа. Та бүхний ажилд амжилтыг хүсэн ёсолсон, ангийн дарга хурандаа, орлогч хушууч…” гэсэн байлаа. Догоо ийн өнгөрснийг дурсан санаж “Ай тэр дайнаас хүү минь амьд мэнд ирсэн бол би ингээд хүүгийнхээ хажууд суугаад явж байх ч юм билүү” гэж бодов. Талын харгуй замаар таван машин хойно урдаа орон улбар тоосон сүүлээ чирэн урагшилж явна. Хажуугийн бут торолзон өнгөрч, газар дэлхий судал татан арагшаа урсана. Үүгээр хүү минь ингээд л явж байсан даа гэж авгай бодол болон явна. Тийм шүү гэх шиг хээрийн цэцэг тэргүүнээ дохин өнгөрөх аж.

С. ДАШДООРОВ

4-Р ХЭСГИЙГ УНШИХ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!