“ӨНДӨР ЭЭЖ” ЗОХИОЛ II ХЭСЭГ
Үдийн наран зулай цоргин цоонож, хавь орчин пүү халуунд аагин налайжээ. Бараа нь үл харагдавч хаа нэгэнтээ хур бороо хүссэн тогоруухай ганганан дуугарах нь чихний үзүүр дэлсэх аж. Халсан чулуу наранд гялалзан харгана бут амилсан мэт явган зэрэглээнд товолзон цогино. Догоо тэр гэх өнгөгүй тэмтрэн барих биегүй тунгалаг долгион тэнгэр газрыг холбон цалгилах гоо үзэсгэлэнг ажисхийн мөрөө амраан сууна. Тэртээ баруун өмнө этгээдэд үхэр бутат зооны ар хуудсанд сүүлээ шүхэрлэсэн ганц цагаан тоодог бүтээн адуу мэт цайвалзан харагдана. Цагаан адуу… гэж санатал авгайн нүдэнд будаг шудаг нь халцарсан янгиа бүхий яндан цагаан морь харагдах шиг болов. Цагаан морь… Догоог хашаатын худаг уснаа хонио услахаар туун очиход худгийн ойролцоо дэрсэн дотор ганц цагаан морь ширэг зүлэг зулгаан зогсож байдаг байжээ. Эзэн нь гэвэл цүүцгэнэсэн хөх залуу худгийн бүүрэг дээр сандайлан онгоц дүүрэн усанд өөрийгөө тольдон сууснаа Догоог хажуудаа ирмэгц нэг муу инээмсэглэн босож мэнд мэдээд ховоо шүүрэн авч ус татдаг байжээ. Догоог ховоо авах гэхэд нь “Зүгээр! Зүгээр! Би…” гээд хавьтуулах ч үгүй, гүн худгийн ус хөлсөө асгаруулан татаж хоний нь усалж өгдөг байжээ. Тэгснээ цагаан морио барин мордож гэр өөдөө хандана. Цагаан морь нь ташуур далайх болгонд шингэн сүүлээ даллан эргэж хурган хоргодоход нь Догоо дотроо их л шоолон хөхөрдөг байжээ. Энэ бол олон жилийн өмнөх явдал. Догоо ийн өнгөрснийг санан “Би ч гэж, би дээ! Хөөрхий дуугарч ярих гэж ядахад нь ус голсон ямаа шиг хямсалзаж байдаг нь юүв? Тэглээ гээд яав? Тэр л хүнийхээ тогоо бариад сууж байна шүү дээ. Хожим хойтохоо мэдэхгүй залуу нас гэдэг ч дээ” гэж бодов. Тэгтэл бодлоос бодол урган урсав. “Тэр цагаан морьтон маань Дамиран маань шүү дээ. Дамирангийнх маань мал цөөн, хаяа хотоороо хавийн айлын эвдэрхий хамхархай сав суулга, халбага шанага, торх тоодон хөглөрүүлсэн нэвсгэр хар гэртэй айл байсан асан. Эцэг нь дөшнөөс салахгүй, эх нь тогоо шанаганаас холдохгүй, орсон гарсан бүхнийг юу байдгаараа дайлж цайлсан хүмүүс байсан сан. Дамиран яахав дээ, айл амьтны адуу мал хураах, эмнэг догшны нь сургах, унгас ноос савах унага татан гадуур дотуур давхисан хархүү байж билээ. Үгүй тэгээд дуугүй царайлж байгаад бас л хөөний толгой гээч. Нэг удаа өнгөтэй гэснээ өмсчихсөн яндан цагаан мориныхоо дэлий нь хүртэл засчихаад, бас яльгүй архи сэнгэнүүлчихсэн, манайд давхин ирж билээ. Тэгснээ аав, эжий хоёроос “Гуян дээрээ эрхий дарам мэнгэтэй ив ижилхэн зүсмийн жороо хүрэн морь хоёрыг алдаад удлаа. Үзэж харав уу, сураг ажиг дуулав уу?” хэмээн хээв нэг сураглаж билээ. Халааж байгаа хэрэг шүү. Тэгэхэд аав маань “Энэ чинь солиороо юу” гэсэн мэт баахан харж сууснаа, – Үзэгдээгүй дээ гэж ёжтойхон хариу өчиж, гаансаа татах зуур сүрхий ажиж суусан сан Чингэснээ, – Хүү минь, аав эжий хоёртоо нэг үг дайж өгөхгүй юу? Нэг усанд хоёр гэрээрээ нэлээд удлаа. Хэдэн хурга ишгээ хөгнөнд нь хатааж, хүзүүгий таслах нь. Саах зөрүүлж бие биендээ дөхөж буувал яана гэж байнаа гэдгийг хэлж үз… гэхэд нь нөгөө холын хүн болж гайхуулж суусан хүн маань хий нь гарсан гүзээ шиг шалчийж, нусаа татан хамар дороо “За” гэж шивгэнэж суусан асан. Тэгэхэд нь солиотой юм шиг инээд алдан ум хумгүй гэрээс үсрэн гарч гадаа бараа түшин ханатал элгээ хөштөл хөхөрсөн сөн. Үгүй тэгж хөхөрч байхын хэрэг юу байна вэ? Мөн өвчин шүү. Тэгээд удсан ч үгүй Хашаатын усны ганц ганц гэр бие биенээ бараадан шинэ нутагт бууж саах зөрүүлсний ёслол тавгийн идээ, цай сэлт солилцон гүйцэтгэж, саахалсаж билээ. Догоо олон жилийн өмнөхийг ийн дурсан санаж “Муу өвгөн маань мэнд л явдаг байгаа даа” гэж бодов
Сүүдэр сэрүүн газар ч ирсэн юм уу, оромж оргоогоо эрсэн ч юм уу хонин гүрвүүл хойгуур урдуур нь гүйлдэн зарим нь аргалчны биеийг сониучлах мэт, бага шиг чулуу хомоол өөд авиран гарч улаан сугаа түнхэлзүүлэн урт нарийн сүүлээ угалзруулан агсаж, бяцхан тэргүүнээ данхалзуулан цагийн төдий нүдээрээ энэ тэрийг ажиглан харна. Чингэснээ ойр хавь нисэн өнгөрөх ялаа шумуул руу амаа ангасхийн ухасхийж эсхүл энгүүн зоргоороо хандсан зүгтээ алга болох аж. Догоо түүнийг харан бодруун: “Бага байхад аальгүй томоогүй хоёр дэндүү байж дээ. Зөнгөөрөө яваа амьтныг хүртэл зовоож явдаг байж. Наад захаас нь хэлэхэд хонин гүрвүүл хэд хэдээр нь барьж аваад утас шөрмөсөөр холбочхоод туух гэж оролддогсон. Даанч дөр мэддэггүй гайхлууд даа. Тал тал тийшээ зүтгэхэд нь инээж ханиаж зугаацдаг сан” гэж бодов. Тэгээд арагтай аргалаа мөрөвчлөн босох гэж зүтгэсэн нь санаснаар болсонгүй. “Мөн дөө хөөрхий! Нөгөө гүрвүүл хөөж явсан хүн арагтай аргалаа даахгүй байж байдаг. Аягүй бол энэ дамшгийн гүрвүүлүүд намайг шоолж байгаа байх шүү” гэж бодов. Тэгээд түрүүнийхээсээ арай бэлтгэлтэй, савраа газар тулан зүтгэсээр арайхийн өндийж босов. Гэрээ чиглэн гэлдрэх зуур арагаа харгана түлээгээр шивээлэн аргал овойтол түүсэн хэр нь санаа бас цадсангүй. Мөр замдаа тохиолдох аргал хомоол савардан авч хормойлсоор гэрийнхээ баруун ур дахь гүвээн дээрээ гарч ирэв. Арагны нь оосор хоёр мөр рүү нь шигдэн хорстон холгон, араг дүүрэн аргал ууцан дээр нь арагш нь чангаах аж. Гэвч тэрээр амсхийж амарсангүй. Амаръя гэхнээ ч хормой дүүрэн аргал бас түүсэн тул боломж ч байсангүй. Цээжин биеэ жаал займчин байж аргаа дээшлүүлсэн болов. Тэгээд гэр өөдөө нүд гүйлгэн харав. Усан зэрэглээнд Цахиуртын суурины бяцхан” Харшууд” үлгэрийн орд лугаа адил сүр жавхлан бүрдэж, нэгэн үе газарт уусан алдаж, нэгэн үе тэнгэр баганадан өндөрлөж байлаа. Тэр дунд өөрий нь гэр нэгэн харахад хорвоо дэлхийн хосгүй өргөө мэт сүндэрлэн, нэгэн харахад хомоолын чинээ болон ид шидийн орчлонд умбан бүжиглэж байлаа. Авгай халуунд нойрмогтож аргасан нүдээ нэгэнтээ нударгаараа шудран арчиж, гэр сууринаа дахин хараа гүйлгэн харвал өөрий нь гэр байдаг л янз дүрээрээ тодорч тэр ч байтугай бор гэрий нь хажууд дүнхийсэн их ачаа бүхий нэгэн машин зогсож байгаа харагдав. Дамиран өвгөнийх ч гэдэг. Догоо авгайнх ч гэдэг, энэ бор гэр дүүрэн бензин тосны үнэр ханхлуулан бууж мордож явдаг хөгшин хөвөө жолооч олон бий. Бууж дайрах бүү хэл өнжиж хоноод гардаг хүмүүс ч зөндөө буй. Ер нь эднийхийг замын нэгэн дэн буудал гэхэд хилсдэхгүй. Урт замын тээвэрчин жолооч нар ирж л байдаг, явж л байдаг, тэрний нь тийм гэж, эний нь ийм гэж ялгаж сонжих атгаг зан гэрийн эздэд үгүй. Бүгээн бараан халуун хүйтэн цай, хатсан боорцог, хуурсан гурил юу л байгаагаараа дайлж цайлаад гаргана. Шөнө ирсний нь шөнө ирлээ ч гэхгүй, өвөл бол гал түлж дулаацуулна. Зун бол амны нь цангааг дарж аль л байгаагаа өгнө. Тэгээд тэрүү, тийм зан ааш сайнд нь болдог ч юмуу ил замаар хойш урагш зорчих жолооч болгон гадаа нь ёс мэт дөрөө мултлана. Авгай тэр болгоны нэрийг тогтоодоггүй. Тогтоовч дорхноо мартана. Харин хэн нь ч юм нэг алиадуухан жолооч цэцгэр намхан нуруутай Догоо авгайг “Өндөр эжий” хэмээн дуудсанаас хойш явуулын хүмүүс голцуу ийн дуудах болжээ. Догоо ч үүнд дасаж орхиод эл замаар өнгөрөх жолооч танилуудынхаа ая занг ч андахгүй болжээ. Заримы нь машиных нь дуугаар тэр ирлээ гэж мэддэг аж. Солгой хэмээх Ойдовын машин бол нар нар дуугаран хүчээ авч ядан орилсоор ирнэ. Байн байн дуу нь тасалдан гэлдэрсээр айлын хэр зайтай хөндий зогсвол мань хүн яльгүй халамцуухан явна уу гэж бодоход буруудахгүй. Тийн яваа ахул үүдээр цухуйв уу үгүй юу нүдээрээ инээмсэглэн “хээ, хээ” хэмээн гэмшингүй инээсээр орж ирнэ. Тэгснээ мэнд ус ч үгүй “За дүү хүү чинь муу явна шүү. Очень полхой явна. Хүйтэн юм байна уу?” гэж сураглана. Эрүүл саруул ирвэл өнөөдөр би ямар ч гажиг сэжиггүй яваа гэдгээ батлах гэсэн мэт инээд алдан мэнд усаа мэдэн аргал түлш ч хамаагүй гаднаас өөрөө оруулан гал тогооны ажилд гар бие оролцох гэж зүтгэнэ. Нөгөө алтан шүдэт Осорын машин бусдаасаа сайн. Дуу нь ч дориун. Холын холоос нүргэлэн ирнэ. Харин өөрөө баахан арчаагүй. Би л тоостой замд тостой тэрэг барьж яваа хүн гэсэн мэт хамаг хувцас, хамар нүүрээ тос толбо болгочихсон явна. Бас өндөр Жамбаа гэдэг хүн бий. Тэрээр гэрийн бараа харлаа гэсэн мэт машинаа байдаг тэнхээгээр нь бахируулан ирнэ. Өдөр ч тэр, шөнө ч тэр орон гэр хамаад авчихмаар тулан ирж, хаяанд машинаа хар утаа савсуулан хазы нь гишгэн орилуулж зогсоно. Тэгснээ дороос нь юм хатгасан юм шиг огло харайн гарав уу, үгүй юу Ай авгай! Халуун цай хатсан боорцог бий юу? Цорой нуруу хоёр нийллээ” гэж хашгична. Гэрт ороод ирэх нь хүн цочиж хүүхэд аймаар. Хаврын хавсарга салхи шиг хаалга үүд дэлгэн хаяж, эргэлдсэн шар нүдээрээ орчныг шилбүүрдэн, хол хол алхалсаар хоймор гарч тухлан сууна, Амаа атгасан гар багтмаар том ангайн инээж, энэ тэр хөгжилтэй яриа дэлгэн нөхдөө баясгахын дээр “Сайн ЗИС нисдэг юм шүү” хэмээн нүд бүлтийн зүтгэнэ. Олуулаа явах ахул идээ будааны ойр суух дуртай. Чанасан мах, тавагтай идээ урьд нь тавихад, алины авъя даа гэсэн мэт дув дуугүй ширтэн харж сууснаа урт гараа сунган хамгийн нүнжигтэйгий нь шүүрэн авч зооглоно. Алиа Дамба гэж дандаа найз нөхдөө элдэв нэгээр шоолон наргиж наадах дуртай хүн бий. Тэрээр Догоо авгайн цайг уух болгондоо “Ээжийнхээ цайг уух шиг боллоо” хэмээн өгүүлнэ. Бас бөгтгөр Ванчиг гэж юм л бол машинаа муулан хараал тавин үглэж явдаг эр бий. Үг л дуугарвал “Энэ муу ямбийгаас нэг салж яс амрах юмсан” гэнэ. Сажлаа Дэмид гэж явж байвал хүрнэ гэсэн мэт машинаа мөлхүүлэх шахам гэлдрүүлдэг хүн бий.
Тэрээр энэ насандаа хурдлаагүйгээрээ хурдалж үзсэнээ ярих дуртай бөгөөд “Милийн зүү дөч хүрээд л савлаж байсан шүү хө” гэж ярина. Бас ганган Раднаа гэж цэмцгэнэсэн хархүү бий. Тэрээр хаа л зогсоно машинаа зүлгэж арчина. Бүхээгээ эрээн эдээр доторлож гэгээвчнийхээ дээд хиазаар нь молцог цацаг жирийтэл зүүсэн байхын дээр радиоторынхоо таглаан дээр бяцхан дугуй төмөр жааз гагнуулан эхнэртэйгээ авахуулсан цээж зургаа хийсэн юм. Тэр жаазныхаа дээр бас саа утсаар эмжиж гоёсон улаан дарцаг хийсгэн, дунд нь давхиж яваа буга согооны дүртэй алхан хээгээр хүрээлж гоёсон бүтээлгээр копутаа бүтээсэн явах нь бусдаас онцгой. Үүнээс гадна шуурга Арслан, сагсуу Гочоо, гүзээ Жид, тасга Доо, шар Тэшиг, жожиг Санжаа, зовлонт Хорлоо… гээд үүгээр явдаг жолооч алийг тэр гэхэв ээ. Тэд хоёр гурвуулаа ч юм уу ирж үдлээд гарахдаа хотын сониныг хүүрнэх дуртай. Догоо ч тэдний яриаг сонсон зуухныхаа аманд суун, үлгэрт дуртай хүүхэд шиг чагнах дуртай. Заримы нь ч бас зандарч загнах ч удаа бий. Согтуу хөлчүү давхин ирж гадаа тавьсан тогоо, усны хувин дайрч унагаах хүн ч бий. Бие биеийнхээ бензин тосыг хулгайлан авдаг гайхал ч бас бий. Зарим нэг нь хажуудаа хүүхэн шуухан суулгаж ирчихээд, энд ийм юм эвдэрсэн, тэнд тийм юм гэмтсэн гээд алиалах явдал ч бий. Тэр бүгдэд авгай санаснаа аминчлан хэлж, ааштай нэгий нь албан газар дарга нарт чинь мэдүүлнэ гэж сүрдүүлэх ч удаа бий. Тэгээд дотроо “Хөөрхий гомдоо болов уу гэж сэтгэл баахан зовно. Энэ хэр хэн нь ирээд байгааг бүү мэд. Үзэн байж л мэдэхээс өөр аргагүй болж. Догоо ар өвөр дэх аргалдаа түүртэн гэлдэрсээр бүр гэртээ дөхөн ирж, мөнөөхөн машиныг ажвал оёдлоос саяхан гарсан гоёлын дээл мэт өнгө будаг цоо шинэхэн аж. Сүртэй сайхан нь тоймгүйн дээр хашлага тэвшнээсээ дээш хошоод алд анзааны өндөр ноос дүнхийтэл ачсан нь бүр ч биширмээр. Хорвоод ер энүүн шиг даацтай аварга бяртан үгүй мэт. “За байз! Манайхан дотор чинь ийм машинтай хүн үгүй. Хэн гээч нь ирээ юм бол?” Догоо ийн бодохийн сацуу бас нэг сонин юм олж харав. Юу гэвэл жолоочийн бүхээгний хаалга гэгээвч дээр таван хошуу зурж үсэг тоо ярайтал бичсэн байлаа. “За, ноос ачаад явж байгааг бодвол хот руу яваа бололтой. Хотын тэрэг байх нь. Харин энэ олон үсэг тоо нь ямар учиртай юм бол? Арай машин тэргэнд ийм тэмдэг тамга тавьдаг болсон юм биш байгаа даа. Харваас ч машин тэрэг олон болж. Андуурч самуурах нь ч байдаг биз. Өчигдөр уржигдрын өнгөрсөн машиныг ажих нь яаваа. Аягүй бол машин болгон ийм тэмдэгтэй болсон юм байлгүй”. Ийн бодсоор гутлаа майр сайр чирэн гэлдэрсээр овоолоостой аргалынхаа дэргэд ирүүт хормойдох аргалаа асгаж үл мэдэх гийчиндээ чимээ өгөх санаатай ханиах аядав. Хоолойд нь цэр тээглэв уу, яав олигтой дуу гарсангүй. Тэгтэл “Үгүй байз, арай… Үр минь хүрээд ирсэн юм биш байгаа даа” гэсэн бодол харван орж ирэв. Ингэж бодтол хоолой ам нь аргасан мэт дуугарч ч чадсангүй. Зөвхөн толгойд нь “Дэндэвийн хүү таван жилийн дараа ирсэн. Юмыг яаж мэдэх вэ?” гэсэн бодол эргэлдэв. Тэгээд өөрөө сөхөрсөн үү, өвдөг нь ч аяндаа нугарсан уу, нэгэн мэдэхүл газарт хэдүйнээ суусан байлаа. Сэтгэл догдлоод тэрүү, арагныхаа оосрыг тохой толгойноосоо мултлах тэрхэн мөч барагдашгүй их хугацаа өнгөрөх шиг санагдав. Тэгээд яаран босож хормой хотосноо наалдсан аргалын шар хогийг сэгсэрч толгой дээрх алчуураа засасхийн нэгэнтээ гүнээр амьсгаа авч гэр рүүгээ хандтал, онгорхой үүдээр хөх ширэн ултай торгон савхи нялсхийн хар өмд цагаан цамц бүхий нэгэн шалмаг эр гарч ирэв. “Аан солгой шив дээ” гэж санахын зуур нүдний нь нулимс бүрхэн авав. Мөнөөхөн эр хоёр шанаа руугаа хагар тусан буусан бүдүүн ширхэг бүхий өтгөн үсээ хойш болгон илбэж, – Өө та хүрээд ирсэн юм уу? Би мэдсэнгүй л дээ… гэснээ үгээ гүйцээсэнгүй, нүд бүлтийн зог тусчээ. Догоо, савраа алдан үе ясгүй юм шиг газарт саван унаж эхэр татав. Солгой яах эсэхээ мэдэхгүй ийш тийш сэлбэлзэн харснаа, том том алхлан очиж авгайн цээжин биеийг өндийлгөв. Авгайн нулимс сул асгаран хацар нүүр нуль нойтон болжээ. Жолооч эрийн амьсгаа нь дээр болж, – Эжий минь, яах нь энэ вэ? гэлээ. Тэгээд энгэрий нь товчийг тайлж сэвэв. “Арай ангаж харангадаад унаж байгаа юм биш биз дээ. Эсхүл би айлгаж цочоож орхив уу? Яая даа байз” гэж бодов. Тэгснээ муужирч унасан хүний хамар руу тамхины утаа үлээн сэргээж байхыг харснаа санаж, ширхэг тамхи хам хум асаан утаагий нь хамар руу нь цоргин үлээв. Авгай нүдээ нээж хахаж цацан өндийв. Тэгснээ толгой боосон алчуураа авч нүүр нүдээ арчмагласан болоод, гомдсон хүүхэд мэт мэгшин, угсраа угсраагаар санаа алдан тайтгарах янзтай болсонд жолооч эрийн гайхашрал сандрал ч аяндаа тавигдаж эхлэв.
Догоо ойр ойрхон зогсох мэт санаа алдан нойтон сормостой нүдээрээ газар ширтэн гөлөрч хэсэг байзнаснаа хажуудаа зогсож байгаа жолооч руу сая хараа хандуулж, – Чи сайн л явж байна уу? гэж ам нээв. Жолооч энэ зуур гэрт харайн орж авчирсан аягатай хүйтэн цайгаа ам нээсэн дээр нь өгөөдөхье гэсэн мэт хандуулж, – Яахав дээ гэснээ аягатай цайгий нь авч залгилаад аяганы ёроолд үлдсэн шаарыг газарт цацав. – Та яаваа? Толгой чинь эргэв үү? Аль би цочоож орхив уу? Үгүй ээ! үгүй! Би л өөрөө байхгүй юу! Хөөрхийгөө ирээ юм болов уу гэж өөрийгөө зовоож байхгүй юу. Юу ч гэхэв дээ гэснээ хавийн агаарыг хамаад сорчихов уу гэлтэй амьсгаа авч дуу тавин санаа алдав. Солгой, Догоог юун тухай ярьж байгааг сайн ухаарсангүй. Ухааръя гэхнээ ч арга байсангүй. Догоо ардын цэрэгт явсан хүүгээ ирж үү гэж хий горьдон муужирч унасан юм байж. Тэгэхдээ өөрөө муужирч унаснаа ч мэдсэнгүй. Осолгүй л гэрээс хүү нь биш өөр хүн гарч ирж байсныг санана. Унаад хэдий болсон ч юм бүү мэд. Догоо тийн азнан сууснаа босож гэрийн үүд халз дүнхийн зогсож байгаа машин руу харж, – Шинэ машин аваа юу? Уул хангай шиг сайхан эд байна даа гэхэд жолооч машин руугаа нэгэн адил харж, – Тэгсэн юм. Муугаа мэдэхгүй байж хоёр зуун мянгын гэрээ хийчихсэн гэж байгаа хэмээн өгүүлээд авгайн сэтгэлийг сэргээх гэж инээх аядав. Догоо, – Ийм сайхан унаатай болсон хүн санасандаа хүрэлгүй яахав гээд дахин нэг гүнзгий санаа алдаад гэртээ оров. Жолооч эр ч Догоогийн үгэнд урамшин баясаж, аливаа шинэ юм эдэлж яваа хүн түүнээ хайрлан бахдах сэтгэл оргиж явдгийн нэгэн адил машинаа бахархангүй хяламхийн харж “Нээрээн ч уул хангай шиг эд шүү. Хуучин муу ЗИС-5-ын маань дэргэд арван давхар байшин гэсэн үг” гэж бодсоор авгайн араас босго алхав. Гэрт халуу дүүгэн тогоон дээр ямар нэг юм пур пур буцлан шинэ махны үнэр хан татаж байлаа. Догоо тогооныхоо нээлхийг авч өнгийн харснаа, – Хүүхээ! Чи чинь яаж байгаа нь энэ вэ гэвэл жолооч эр алгаа хооронд нь үрж, – Өө! Эжий минь бүү зов. Танд шинэ шөл оочуулъя гэсэн юм. Замын нэг айлаас ганц хонь авч эд бод хийгээд явж байгаа юм… – Хээ! Гэр орныхондоо бүрэн бүтэн аваачиж өгөхгүй! Хотын хүмүүс говийн хонины маханд дуртай юм гэсэн… гэв. – Энэ ч яахав. Та намайг яах гэж ирсэн гэж бодож байна? Таныг аваачхаар ирлээ шүү дээ! Шинэ машинтай болсныг хэлэх үү, өндөр эжийгээ суулгаж аваад жийнэ дээ… гээд халааснаасаа иштэй тамхи гаргаж авч асаан, босго хавьцаа очиж явган суув. Догоо зуухныхаа аманд сууж, хайхрамжгүйхэн, – Хай, тэр ч харганы унгасаар эсгий хийх гэгчийн үлгэр байх! Яаж явахав хүү минь хэмээн хариу өчив. Жолооч хариу үг ч өгсөнгүй. “Харж л байгаарай, аваад явна даа” гэсэн санаа бодол дүүрэн бололтой онгорхой үүдээр алсыг харж сууна. Эл жолоочийг Догоо, Солгой гэж дуудах авч, уг нэр нь Ойдов гэдэг аж. Олноор Солгой Ойдов гэж алдаршжээ. Өдөр шөнө, өвөл зун хэзээд ч гэсэн хүрээд ирэхэд халуун сэтгэлээр хандаж аян замын алжаалыг тайлан цай хоолоор дайлж ядмагхан буудлынхнаас илүү санаа тавин байдаг тул үүгээр явдаг жолооч нар өндөр эжийнхээ ачийг хариулахсан. Чухам яаж хариулах вэ хэмээн шуугилддаг байж. Тэгээд энэ жил ямар ч байтугай хот оруулж баяр наадам үзүүлье хэмээн шийджээ. Тэгээд тэр санаандаа хүрэх гэж Ойдов жолооч зорьж ирсэн нь энэ ажгуу. Догоог өрхөө татаж явахад үүрийн харанхуй нөмрөөд байлаа. Авгай ийн эрт боссондоо онц харууссангүй. Эргэн тойрон чив чимээгүй. Гэрийн ойр хэвтсэн хайдаг ингэ нь халширсан янзтай шороо чулуу түжигнүүлэн дороо хавьчсанаа, сэвсээр гулгин хүр хур хивс сонсдоно. Гэрийн зүүн урд эгнэн зогссон таван машин уул хад шиг дүнхийн бараална. Ажвал тэр зүгээс будаг шудаг тос бензин хан татан, нөгөө талаас чийг салхи, талын таана ногооны анхилуун үнэр сэнгэнэнэ. Жолооч нарын зарим нь машин дээрээ ноосон дээр, зарим нь бүхээг дотроо унтаж байна. Авгай тэднийг сэрээчих вий хэмээн өлмий дээрээ гэтэн буцаж гэрийн баруунтаа овоолсон аргалаас томчлон хормойлж гэртээ оров. Зуух яндангаа аль болохоор дуугарахгүйг хичээн угсарч галлав. “Цай цуугаа чанасаар байтал үүр ч цайна биз. Тэгтэл ч хүүхдүүд маань сэрнэ биз. Өдөр тийшээ халуун шатаж магадгүй бололтой. Үгүй, ямар тэмээгээр ч явах юм биш” гэж бодов. Догоо авгайн сэтгэл нэг л догдлуун баяртай байлаа. Тэр ч байтугай нойроос сэрэхдээ Улаанбаатар хот орж, улсын баяр наадам үзнэ гэдэг маань үнэн ба зүүд алин болохыг итгэж ядан босжээ. Тэгээд гадаа байгаа таван машин, гэрт хоймор авдрын өмнө байгаа баадантай хувцас хунар нь зүүд биш болохыг батална. Холын замд яаран олигтой унтаж ч чадсангүй эртлэн босжээ. Тэгээд гал түлэх зуураа мартсан барьсан юу билээ хэмээн энэ тэрийгээ нягтлан үзэж бөвтнөн суулаа. Түлсэн улаан гал нь цогшин, тогоондох цай нь яг оволзон буцлахын үед эрүү цагаан болжмор шувуухай Үүр шөнийн дууллаа шагшран эхлэв. Догоогийн чихэнд эл цасан хонхны жингэнээ мэт уяхан яруу дуулал бараг анхаарал сонирхлыг нь татахаа больжээ. Эрүүндээ цагаан болжмор шувуу, Үүрийн шөнөдөө жиргээд байна хө, Үйлийн лайтай миний л амраг, Үглээд суух нь зэвүүхэн байна хө.
Ийм үг бүхий эрт урьдын дууг галаа асааж суухдаа ч юм уу өрхөө татаад нойроо сэргээж зогсохдоо ч юм уу санаж, хэзээ ч билээ өөрөө дуулж байсан шиг бодогддог аж. Тэгэхдээ “Хэн хүний нь үр хэзээ хаана дуулж гаргаа бол доо. Жаргалтай л хүний дуу биш дээ хөөрхий” хэмээн бодож түүнээ батлах гэсэн мэт гүнзгий санаа алдаад л өнгөрдөг авай. Догоо залуу зандан цагтаа чухам яаж сурсныг бүү мэд, аргал хонины бэлчээрт араг түшин сууж хуруун чинээ гуулин хуур амандаа хийж, оосор утсы нь дугтчин олон л дуу аялан өөрөө өөрийгөө саатуулж байсан аж. Тэгэхэд эл дууг тоглож байсан юм уу үгүй ч юм уу бүү мэд. Осолгүй л энэ хэр үг ая нь танил болсон аж. Тийн өөрийгөө саатуулан алхмын чанад дуу нь сонсдох хуураа дугтчин сууж байхад нь хэзээ яаж ирснийг бүү мэд мөнөөх яндан цагаан морьтой хөх залуу ямбуу цагаан даавуугаар толгойгоо ороочихсон, ард нь хүрээд ирчихсэн эмээлийнхээ араар суугаад бүүргээ дэрлэн чагнаж байдаг байжээ. Тэгэхэд нь Догоо босон харайж, морины нь хамар руу шороо атган цацаж ичиж улайсан нүүрээ буруулан, араг савраа ч авалгүй харьж явсан удаа ч бий аж. Авгай ааг ханхлуулан даргиж байгаа цайгаа сүлж, өрөөсөн амсар нь цааш болтлоо нимгэрсэн гуулин шанагаар дээр дор өргөн сүүжрүүлэн самрав. Догоо өглөө бүхэн түвшин жаргал билэгдэн тогоо дүүрэн цай чанана. Чанасан цайгаа сүү өрөмтүүлэх гэж байгаа юм шиг самрах дуртай. Тэгээд ч шанаганы нь амсар цаас болтлоо элэгдээ аж. Самарсан цай нь хонгортож, ааг үнэр нь арааны шүлс асгаруулам хан татахын үес авгай сая нэг болц нүнжиг нь бүрдлээ хэмээн дээр нь хөвөх цайны шилбэ, мод сэлтийг ярж дээжий нь авна. Чингэснээ намхан модон тавиур дээрээс булцуу бариултай гуулин халбага авч үүд рүү хандавч, босго хавьцаа ёс мэт түдэн зогсож, энгэрийн товч бүрэн товчлогдсон эсэх толгой алчуур малгайн алин боловч тэгш байгаа эсэхийг нягтлан үзнэ. Хэрвээ гаж буруу байх ахул тэр дор нь залруулан гарна. Тэгээд юуны өмнө баруун урд хатавчнаасаа эхлэн дөрвөн зүгт мөнөөхөн халбагаараа балга балгын төдийг утган буян хишиг аз жаргал ерөөн өргөнө. Эл удаа ч тэр ёс гуримаа алдсангүй гүйцэтгэж гэртээ орохдоо шүлгэж сүрхий анзаараагүй хир нь зуны тунгалаг огторгуйд уусаж буй оддоос хоёр нэг од хоцрон шил толины хэлтэрхий лугаа адил гялалзан байгааг анзаарчээ. Гэртээ оруут тогоо дүүрэн цайгаа данханд уудалж, хоймор авдран дээр байгаа бяцхан модон гуу бүхий хуучин гэрэл зургийн өмнөх цөгцөнд бас дээр өргөж амандаа хэдэн үг шивнэжээ. Энэ бас л Догоо авгайн өглөө бүхэн хийдэг ажил. Үүнээ гүйцэтгэхээс нааш аяга ам үл нийлүүлнэ. Модон гуутай зургийг үзвэл цаасан цэцэгтэй ваар тавьсан өндөр ширээ, өрөөсөн гараараа тохойлдон зогссон цэргийн дүрэмт хувцас бүхий залуугийн зураг байна. Түүний хажууд ёотонгийн хир цаасан дээр буулгасан хөмсөг үс нь сөрвийсөн өвгөний зураг байна. Тэрээр эл зургийг татуулахдаа азарган үстэй дээл өмсөж явсан бололтой, дээлийн нь энгэр зах сэлтээр туг туг үс цухуйсан харагдана. Энэ бол Дамиран өвгөний зураг. Хэдэн жилийн өмнө эд хэрэглэгчдийн нийгэмлэгийн хуралд оролцон аймаг орж, тэргүүний мал туугч хэмээгдэн дээлийн дурдан, алтан үсгийн үнэмлэхийн хамт шагнуулан явахдаа эл зургийг авахуулжээ. Тэгэхдээ өөрөө ч зургаа авахуулъя гэж санаагүй. Сумынх нь дарга “Зургийг тань хүндэт самбарт тавина! Зургаа авахуул” хэмээн шаардаж шахан байж авахуулсны нэгэн ширхэг нь энэ аж. Догоо цайгаа үйнгүүт гэр орноо цэмцийтэл цэвэрлэж авдар савныхаа тоос исийг арчиж зүлгэхийн дээр үс гэзгээ самнаж амжина. Өнөөдөр ч бас тэр бүхнээ хийж амжсанаар барахгүй аян замынхаа юм хумыг нягтлан магадлаж жин тан төхөөрчээ. Тэгээд сэтгэл ханасан мэт цайлж суулаа. Догоо тооно өөдөө харж, гадагш чимээ чагнан, жолооч нараа босож байгаа эсэхийг чих тавин ажив. Гадна чимээ алга. Сам тоононы чанад хөх тэнгэрийн дөрвөлжин гурвалжин өөдөс цэнхэртэн харагдсанд авгай үнээ тугал нийлэх гэж байгаа юм шиг тэвдэн босов. Чингэснээ тэнгэрийн сум гэх хүрэл нүхтэй чулуу сэлт зүүсэн саалийн хувингаа авч гарав. Гадаа үүр хяраалан алсын бараа харагдахаар болжээ. Догоог гэрээс гарч ирэх бараанаар хайдаг ингэ нь хоёр талаараа сэлгэн харж байснаа дуртай дургүй босож гунганан ирэв. Авгай ингээ ивэлгэн уяруу гэгэлгэн ая зөөлхнөөр аялан хөөслөв. Авгайн дуунд хайдаг ингэ нь ивлэн уярч дэлэн дүүрэн сүүгээ асгарууллаа. Тэгтэл ч мөнөөхөн таван машины жолооч нар увран цувран босож, зарим нь бүхээгнээсээ, зарим нь ачаан дээрээсээ дээшилж ирэв. Хамгийн түрүүнд солгой Ойдов нойрмог нүдээ анивчин гарч ирэв. Тэрээр дуу алдан суниаж, – Та нэлээд эрт босвоо доо. Наадмын хурдан морь анх унах гэж байгаа хүүхэд шиг… гэв. Догоо хайдаг ингээ бурантаглах зуур, – Та нарын цайг оройтуулчих болбуу гэж яараад… гэж нэрэлхэн хариу өчөөд хэрэндээ хөл хөнгөрөн яарч байгаагаа нуух гэж оролдов. – Сайхан өглөө байна шүү. – Шөнө хүйтэн хонох болжээ. – Чи даарав уу? – Өглөөний сэрүүнд эртхэн газар дөхөцгөөхийг бодъё доо. Гадаа жолооч ийнхүү ярилцан зарим нь гар нүүрээ угааж байлаа. Ургахын наран дорно этгээдэд хөмсгийн төдий цухуйн сая мэт ариун гэрлээ сацруулан мандаж гарах үес их бага шинэ хуучин таван машин Цахиуртын суурины дэнжийг доргиулан асав. Олон машин ийн зэрэг зэрэг асаад хөдлөх завдан байгаа нь сүртэй сайхан ч юм шиг санагдана. Догоо үнэхээр хурдан морь унах гэж байгаа хүүхэд шиг гэртээ нэг орон, нэг гаран гүйв. Тэгээд Догоо хайдаг ингээ замын ойр айлд хүргэн өгөөд хүлээж байх. Ойдов жолооч хойноос нь дайран очиж аваад замдаа орохоор тохиролцон хөдлөв.
Догоо тийн баяр баясал дүүрэн хайдаг ингэндээ мордож яаруухан алхуулж явах үес мөнөөхөн хээрийн хэдэн цэнхэр тагтаа өөрий нь дагах мэт хошууран нэгэнтээ эргэснээ эргэж буув. Авгай амандаа “Мөд ирнэ! Мөд ирнэ! Та нар харин гэр орон байшин суурингаа сайн харж байгаарай” гэж шивнэж явлаа. Тэгснээ бас хайдаг ингэнийхээ толгой руу бөхийн “Чи минь ч гэсэн битгий уйлж буйлаад хүний санаа зовоогоод байгаарай. Саах үед нь саалгачихаад л яваад өгч байгаарай” хэмээн хэл мэддэг юм шиг ярьж явлаа. Таван машин талын харгуй замаар довтлон явна. Догоо дунд нь яваа ЗИС-150 машины бүхээгт сууж явна. Машины нэгэн жигд нүргэлэн хүнгэнэх дуун Догоо авгайн хөлөөс аван хамаг биеийг үл ялигхан доргиулах мэт нэг л таатайхан. Хааяа замын хэвгийд донслох аядавч бие займран хөдөлгөхөөс өөр халгүй нь бүр ч сайхан. Урд яваа машиныг харвал нэвсэг савсаг гээд, баруун зүүн тийш савлан харагдавч суусан машин нь өндөр ачаандаа ялимгүйхэн савлах мэт дайвас хийгээд онцын юм үл мэдэгдэх аж. Уг нь Догоо аян замд ийн гарах нь бүү хэл тэр тухай ярих ч дургүй байсан юм. Эр нөхрөө эзгүй байхад гэр орноо орхиод явчихдаг эм гэж байж болох уу? Хэдий сайн таньдаг мэддэг ч гэлээ, хүний үгээр болох юм гэж хаана байхав? Тэр хотыг чинь үзсэн ч ялгаагүй байсан ч ялгаагүй Догоо, Догоо хэвээрээ л үлдэнэ гээд хавьтуулахгүй байсан юм. Гэвч урд замд явсан, Ойдов жолоочийн танил хэдэн жолооч нар үдшээр гүйцэн ирж, Догоог тал талаас нь ятган авгайн сэтгэлийг наашлуулж авчээ. Тэр жолооч нарыг Догоо ч андахгүй. Бас л дайрч ирж явсан хүмүүс. Тэр ч байтугай нэг нь машинаа эвдчихээд нэгээрээ чирүүлэн барин ирж, гэрийнх нь хаяан дахь нөгөө хураалттай элдэв төмөр эрэг шургийг онгичин хэрэгтэй юмаа олж баярлаж гялайж байсан юм. Догоо түүнд машид урамшин хүнд хэрэгтэй эд цуглуусан байна шүү гэж одоо улам ч идэвхтэй байдаг аж. Нөгөө алтан шүдэт Осор хоёр жилийн өмнө Цахиуртын суурины ар хөндийд шаварт суучхаад хэд хонож байхад нь Догоо, Дамиран өвгөнөөрөө халуун цай явуулж, аминд нь бараг орж байсан удаатай. Тэд та ер нь замын нэг ажилчин гэж бодоход гэмгүй шүү хэмээн бас Догоог хот ороод манайд очоорой гэж урьж залжээ. Ойдов жолоо юугаа залан Догоог өмнөх толиндоо байн байн ажиж явлаа. Харваас авгайн сэтгэл хангалуун яваа бололтой гэгээвчээр ийш тийш өлөлзөн харж явна. Хэд хэдэн бутат нуруу даваад ахин ажвал авгайн хацар дээр нижгээд дусал бөмбөлөг бөнжигнөн урсаж байгаа харагдав. Халууцаад хөлөрч яваа юм болбуу гэж нягтлан ажсанаа авгайн санаа сэтгэлийг ондоо юманд хандуулан сарниулъя хэмээн шийдэж хурдаа нэмэв. Тэгээд дахин ажвал харин улам ч уйлж бөөн нулимс асгаруулан явахад нь: “Арай явахаа болъё гэх гэж байгаа юм биш байгаа даа” гэж бодов. Тэгээд замаа ширтсэн чигээрээ, – Бие тань эвгүйцээд байвал хэлээрэй гэхэд доошоо харан толгой дохиж байгаа харагдлаа. Догоо хүний сэтгэлийг зовоохын нэмэр гээд нулимсаа нуух гэж оролдоод чадсангүй. Уг нь зовлон гуниг гэдэг хүнээс ичдэггүй тул, бодож шаналахаас ярьж тайтгарах нь сайн гэдэг билээ. Авгайн сэтгэлийг уяруулсан бодол, өмнө зурайн дагуулах дардан харгуй зам ундруулжээ. Тэгээд ч “хөөрхий минь үүгээр ч явж байсан байх даа. Юу бодож явсан бол?” гэж санахын зуур нулимс алдаж, арван жилийн өмнө үүгээр явж өнгөрсөн хүүгийнхээ мөрийг олж харах гэсэн мэт зам ширтэн нулимс асгаруулжээ. Уйлъя гэж санаагүй байхад усан хэлхээ сувд сулдаа асгаран байлаа.
С. ДАШДООРОВ