“ӨМНӨӨС НЬ ӨВДӨЖ БОЛДОГ БОЛ ЭХНЭРИЙНХЭЭ БҮХ ӨВДӨЛТИЙГ АВАХСАН” БОДИТ АМЬДРАЛААС

“ӨМНӨӨС НЬ ӨВДӨЖ БОЛДОГ БОЛ ЭХНЭРИЙНХЭЭ БҮХ ӨВДӨЛТИЙГ АВАХСАН” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Надад анхны хайр бол олон байсан. Тэд бүгд ижил догдлуулдаг, гэгэлзүүлдэг уулзахыг хүсч байгаа бүхнээ зориулхад бэлэн болдог тийм анхны хайр, догдлол мэдрэмжүүд. Гэхдээ нэг л хайр сүүлчийнх байсан. Эрэгтэй хүн хайртай болсоноо мэдэхгүй, яагаад өөрчлөгдөөд байгаагаа гайхтал бодолд дарагдаж тэр хүний төлөө юуг ч хийхэд бэлэн биш хэрнээ юуг ч хийхэд бэлэн гэдгээ нууцхан мэдрүүлдэг тийм хайр бол нэг л байдаг байх. Анх түүнтэй нэг найзынхаа төрсөн өдөр дээр таарч байлаа. Тэр охин найзыгаа дагаж ирсэн учраас хэнийг ч танихгүй зүгээр л хуруугаа оролдоод сууж байсан юм. Доошоо хараад сууж байгааг нь хараад ямар хөөрхөн сормуустай, даруухан охин бэ гэж бодож байлаа. Тэгсэн хэсэг хугацааны дараа чанга чанга инээж, хүн амьтан шоолж явуулж бусдыг инээлгэж байгааг нь хараад ямар хөөрхөн гaлзуу, өөрийнхөөрөө охин бэ гэж бодож байлаа.

Хажууд нь очоод яриа өдөх санаатай сууж дуртай дууг нь асуутал ичингүйрч хариулхаас татгалзаж цүнхний оосроо гартаа ороож суухыг нь хараад бас л ямар хөөрхөн нууцлаг охин бэ гэж бодож байлаа. Eрөөсөө л ямар хөөрхөн охин бэ гэж бодохоор шийдчихсэн байсан юм шиг байгаан би. Тэр өдрөөс хойш тааралдсангүй гэхдээ би утасны дугаарыг нь олж аваад холбогдсон. Намайг залгахад хэн бэ гэж авсанаа цаашаа нөгөөх чинь залгаж байна, яаанаа мөн байгаа биздээ, дугаар нь мөн тэ гээд шивнэхийг сонссон. Дараа нь сонсоход миний дугаарыг найзаасаа олж аваад өөрөө нэр зохиогоод хадгалчихсан байсан гэсэн. Би зүгээр л яаж арай өөр маягаар болзоонд урих уу, яаж өвөрмөц маягаар зугаалах уу гоё санаа юу билээ гэж бодож ололгүй кино үзэх үү гэж анх асууж байлаа. Тэгэхдээ тэр зөвшөөрсөн л дөө. Хамт кино үзэж байхад киног тэгж чимээгүй, анхааралтай үзэж байгаа хүнийг анх удаа харж билээ. Байн байн хажуу тийшээ харж гарнаас нь барьчих юмсан гэж бодсоор киногоо дуусгаж байлаа. Эмэгтэй бүх найзуудаа тэнгэрт тултал магтаж, сайшааж ярьдаг өхөөрдөм охин байлаа.

Би түүний эeрэг хандлага, сайхан сэтгэлд дурласаар л байв. Гэхдээ бас тийм ч сайхан сэтгэлтэй биш юм шиг байгаа юм. Хорхой шавьж хархаараа гишгэж байж санаа амардаг зарим талаараа надаас зоригтой мэт. Мөрөөдлөө биeлүүлэх шилэн лонх гээд хаягтай винoны шилэнд мөнгө цуглуулдаг хачин жигтэй сонирхолтой, хоёр чихэндээ хоёр өөр ээмэг зүүдэг (асуухаар би хоёр талаасаа хоёр өөр харагддаг болохоор ингэж зүүдэг юм гэж билээ) нүүрээ будахаараа бүр ч хөөрхөн болчихдог, бүх нүүрний будгаа халаасандаа, куртикнийхээ кармаанд гээд хаа сайгүй хийж явдаг, гудманд тааралдах ядарсан эрэгтэй хүнийг хачин их өрөвддөг, туслах гэж дайрдаг хэрнээ ядарсан, согтуу, гэр оронгүй эмэгтэй хүнд туслахгүй өнгөрөөд явчихдаг гээд л таамаглашгүй олон зан авиртай тэр охинд дурласан цагаасаа тэр цаг хугацаандаа гацаж орхисон доо. Хүнд таалагдах гэж дүр бүтээдэггүй сонин охинд дурлаад, үeрхээд , хамт амьдраад зургаан жил болж. Өнөө шөнө эсвэл магадгүй үүрээр ч юм уу бид аав ээж болох гэж байна.

Түүнийгээ жирэмсэн байх хугацаанд аавуудын группт орлоо. Чимээгүй уншигч хийж олон ч зүйл мэдэж авлаа. Ганц биe аавууд их байдгийг ч анзаарлаа. Гэхдээ аавуудын групп бол шинэхэн аавуудын хөөрхөн гарын авлага байналээ. Өмнөөс нь өвдөж болдог бол бүх өвдөлтийг нь аваад нэг сайхан амраах юмсан. Xордлоготой эхнэрээ дагаж хоолноос гарч, хамт хачин хачин юм идсээр байгаад энэ зун нэлээд турлаа. Намайг ядарч турлаа гээд загнадаг л юм. Яахавээ үрээ эсэн мэнд тээж төрүүлж л байвал тэр аавын турах, нойргүй хонох, хэсэг найз нөхдөөсөө тусгаарлагдах яахав. Би найзууддаа шууд хэлсэн тэр нь амар. Андуудаа аав болох гэж байна, намайг хөгширсөн хойно миний хиртэй оймсноос сэжиглэхгүй угааж, миний төлөө өөрийгөө орхих тэр хүний төлөө одоо л ажиллаж, амарч байгаа цагаа зориулахгүй бол дараа нь би хүүхэддээ юу гэж худлаа хэлэх билээ гэж. Хайртай эхнэр, бүсгүйгээ ээж болсон байхыг энгэртээ үрийг минь тэвэрсэн байхыг харахыг маш их хүсч яарч байна даа. Цоо шинэхэн аав хайртай эхнэрийнхээ унших дуртай группт эзгүйд нь ийнхүү эзэгнэн бичиж орхив

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!