MngNews

“ҮҮР ЦАЙХ БОЛООГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

“ҮҮР ЦАЙХ БОЛООГҮЙ” ӨГҮҮЛЛЭГ

ЦАГААН ШУВУУ

Хүүе Оролзод эгчээ гэх дуунаар дөнгөж морьноосоо буусан Оролзод эргэж хартал саахалтын айлын хоёр охин ирж яваа харагдлаа. Сайн уу ? Та ямар гоё дээл өмсөө вэ? – Өө сайн байцгаана уу ? Гоё байна уу? Хүүгийн өгсөн мөнгөөр л авсан юм гэж амандаа бувтналаа. Өө Баагий ах маань сайн уу? Сайн сайн. Замын компанид ажиллаж байгаа гэсэн. Айлын түлээн дээр сууж байсан хэдэн залуус пижигнэтэл хөхрөлдөж Оролзод эгчээ – Баагий маань хотод уяач болсон гэл үү гээд даажигнах янзтай. Яагаад ч юм Оролзод энэ даажигналд гомдсонгүй харин сэтгэл нь сэвхийгээд явчихлаа. Бүтэн жил хэл чимээгүй байсан хүүгийн сураг ингэж гарах гэж. Залуусаас лавлан асуух санаатай эргэтэл нөгөө хоёр охин дотогшоо оръёо гэж шавдуулаад болсонгүй. Оролзод уг нь эднийд нилээд сууж уйдаж гунихарсан сэтгэлээ засах санаатай ирсэн боловч нэг л доголзоод олигтой сууж чадсангүй. Үүд хавиар суусан болохоор тавганд нь хүрч амттан шимттэн ч амсаж чадсангүй, ганц хоёр дугарааны хундага, аяга хүйтэн шахуу гоймонтой шөл идсэн болоод гэрлүүгээ мордлоо. Хот айлын араар гартал хэдэн залуус маргалдах янзтай бөөгнөрөөд зогсож байснаа нэг нь Оролзод руу хар гүйхээрээ ирээд морин дээр нь үсрэн сундалдаад Оролзод эгчээ хурдал хэмээн хөлөөрөө морины гэдэс рүү ёворлоо.

Урагшаа явдаггүй шахам хашин хээр нь сүрхий аргагүй цогиж айлаас холдож нэг гүвээ давмагц нөгөө залуу үсрэн бууж дээлээ сугалдарлагалаад гол уруудан алхлаа. Баярласан шүү эгчээ та аминд орлоо. Цогоо хутга бариад дайрдаг байна ш дээ хэмээн цайлган зангаар инээвхийллээ. Оролзод мориныхоо жолоог гэнэт эргүүлэн нилээд холдсон нөгөө залууг дуудан түрүүн түлээн дээр хэлсэн үг ямар учиртай болохыг асуулаа. Өө баруун багын алдарт уяач Шандас гуайн хүү Хүлэгээтэй Баагий хотод тааралдсан гэсэн. Тэгээд хэмээн Оролзод шимтэн асуулаа. Үгүй яахав хурдан удмын унага асуусан юм уу даа нэг тиймэрхүү юм ярьсан гэсэн. Та Хүлэгээтэй таарсангүй юу найран дээр ? Тэнд байсан уу? Өглөөгүүр лав харагдсан. Өдөр уусан жаахан архиндаа толгой эргээд нэг л горьгүй. Оролзод хэдэн үнээгээ хагас дутуу шувтраад унтахаар хэвтлээ. Шөнө дунд гэнэтхэн цочоод сэрчихлээ. Дахиад нойр нь хүрсэнгүй. Голцуу согтуу байдаг талийгаач нөхрийнх нь хурхирах нь хүртэл хань бараатай байж дээ хөөрхий. Одоо хов хоосон гэрт гав ганцаараа. Хүү нь энэ хавийн хүмүүсийн амны бай болсон бүтэл муутай нэгэн байж билээ. Хичнээн ч хэл ам татлав даа. Хамаг малыг нь мөрийтэй тоглоомны өрөнд тавиад туучихсан . Бараг л хотыг нь харлуулсан даа. Оролзод аман дээрээ юм хэлэх гүй ч дотроо л шаналана. Эцэг үглэвч согтуу галзуу хүний үгийг хэн ч тоохов дээ.

Том охин нь эцгээсээ болоод гэрээсээ эрт дүрвэчихсэнийг Оролзод гадарлавч нөхрөөсөө айдаг болохоор юу ч хэлж чадахгүй дэмий л дотроо бухимдана. Алдаг оног зул өргөдөг бурхандаа зул өргөлөө. Энэ удаа Оролзод их л удаан сүсэглэн урд өмнөхийнхээсээ илүү хичээнгүйлэн сунаж мөргөлөө. Буцаад хэвтлээ. Унтсан үгүй хоёрын хооронд бодол хөвөрсөөр. Хүү нь жилийн өмнө гэнэт замын компанид ажилд орлоо гээд л гараад явсан бүтэн жил сураггүй. Сая л найран дээрээс там тум нэг юм сонслоо доо. Ямар ч гэсэн амьд л байгаа юм байна.Охин минь эцгийгээ өнгөрснийг мэдсэн бол ирэх л ёстой доо. Дуулаагүй л юм байлгүй дээ. Хотод л явж байна гэж нутгийн хүмүүс хэлэх юм нэг хүрээд ирдэггүй юм байхдаа. Оролзод 18 хан насандаа цэргээс ирсэн нутгийн нэгэн царайлаг залууд сэтгэл алдуурч бие давхар болоод л үлдсэн сэн. Залж болдоггүй залуу нас. Нөгөө залуу сүй тавьсан бүсгүйтэйг мэдсээр байж сэтгэлээ татаж авч чадаагүй дээ. Гэтэл аавынх нь найз тээврийн жолооч тэднийхээр байнга ирэх нэгэн эр нэг шөнө гэнэт охины хоносон илүү гэрт ороод ирж. Би чамаас олон ах ч гомдоохгүй ээ хэмээжээ. Эцэггүй хүүхэд гаргаж хүн амьтны амны бай болохоосоо үхтлээ айж байсан охин зөвшөөрч. Аймаг очоод тээвэрчдийн нийтийн байранд амьдарч хоёр ч хүүхэд төрүүлсэн ч нэг нь бүтсэнгүй. Оролзодын анхны охиныг өөрийн хүүхэд биш гэдгийг мань хүн гадарлавч юу ч хэлсэнгүй. Харин өөрийн хүү нь төрмөгц зан нь хувирч охинд нэг л таагүй хандах болж.

Оролзодын нөхөр угийн гашуун ундаанд дуртай нэгэн. Хэд хэдэн удаа ажлаасаа сануулга авч сүүлдээ бүр ажлаасаа халагдах нь тэр. Тэр үед Оролзодын аав өнгөрч хэдэн дүү нь жижиг байсан болохоор тэднийх нутаг руугаа нүүж иржээ. Нөхөр нь хөдөө нүүж ирээд түүнд дэм болох биш тээг болох болж үргэлж л согтуу галзуу явах болж. Оролзод хүүхэд байхаасаа ном их уншдаг ухаалаг нэгэн. Аргагүй байдалд орж энэ хүнтэй суусандаа их харамсана. Амьдрал шал өөрөөр эргэж болох байсандаа гэж санаашрана. Би ингэж амьдрах ёсгүй хүн дээ гэж ч бодно. Заримдаа нөхрөөсөө салъяа гэж бодовч өөрийгөө удирдах чадваргүй согтуу нөхрөө өрөвдөнө. Хүүхдүүдээ ч өрөвдөнө. Ингээд олигтой шийдвэр гаргаж чадалгүй өдий хүрчээ. Оролзод нар мандтал унтачихаж. Бушуухан босоод үнээ тугаалаа нийлүүлж гилчихээд цайгаа ууж суутал хэн нэг нь их л сүр бараатай амьсгаадсан хүн уяан дээр буулаа. Гүнжмаа хаалгаар багтаж ядан орж ирлээ. Чамайг гараад явчих болов уу гээд яараад л ирлээ. Ашгүй гэртээ л байна уу? -Аа за миний хэрэг чамд гардаг л юм байна. Хөгшин чинь удахгүй эмнэлэгт хэвтэх гээд сааль сүү хэцүүдэх нь ээ хө. Чи хэдэн үнээг минь шувтраад өгөөч гэж гуйх гээд л. Найз нь чамайг шагнана шүү сүүлийн хэдэн сар тэтгэвэрээ ч аваагүй байгаа гэлээ.

Оролзод хар цагаан дуугарсангүй. Хүн ирэх чимээнээр орж ирсэн айлын аманцар бүсгүй танай бэрүүд яасан юм? гэлээ. Өө одооны хүүхдүүд залхуу сэтгэлд хүрч юм хийхгүй миний ганц тоодог хүн энэ Оролзод. Бид хоёр чинь нэг ангийн хоёр ш дээ гээд нүдээ ирмэлээ.Энэ маань сурлагандаа намайгаа бодвол мундаг байлаа ш дээ. Эмч болно л гэдэг байсан хүүхэд дээ.Нөгөө бүсгүй:- Одоо баячууд чинь туслах малчин авдаг болсон байна лээ ш дээ Гүнжий эгчээ ингэж хүн царайчилж байхаар хүн хөлслөөч гэлээ. Ээ мэдэхгүй энэ туслах энэ тэр гэдэг ч нэг өглөө хамаг малыг минь туучихаж мэдэх горьгүй хүмүүс шүү хэмээн их л дургүй янзтай ярвалзлаа. Гүнжийг уяан дээрээс мордоогүй шахам байхад айлын охин та яах гээд байгаа юм ноднин танаар зунжингаа сааль сүүгээ хийлгэж,өөрсдөө наадам хэсэж ирчихээд эмжээр нь сэмэрсэн дээл, майжгий том гутал өгсөн гээ биздээ. Муусайн баячуудад хэн үнэгүй зарцлуулж байдаг юм гэлээ. Оролзод- Дуу гэм сонсчихно. Яадаг юм сонсгох гэж хэлсэн юм яршиг л байна. Хэд хоногийн дараа Гүнжмаагийн нөхөр Цагаан бэлчээр дээр Оролзодтой тааралдаад бид хэд сүү саалиа дийлдэггүй ээ. Чи нэг туслаач. Цаадах чинь хөлс мөнгийг нь өгөх юм яриад байх шиг байна лээ гэлээ. Оролзод эртлэн унтлаа. Өглөө эрт босож Цагаан баяны үнээ саана даа гээд хэг хийтэл санаа алдлаа. Үүр цайх болоогүй байна. Цагаан шувуу 2019 оны 5 дугаар сар 26 Таван шар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!