“ҮXЭЛ БА АМЬДРАЛ” ӨГҮҮЛЛЭГ

“ҮXЭЛ БА АМЬДРАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Сэлэнгээ арагш ажилдаа яарсан тул дүүрэн хүнтэй замын машинд дайгдан хот орж иржээ. Маргааш ажилтай тул хэсэг унтчихъя гэсэн боловч түүний нойр хүрсэнгүй. Гагцхүү бурхан болсон ээжийнхээ тухай бодно. Гэвч уйлсангүй. Уйлах нь өөд болоочийн төрлөө олох замд нь бороо цас болж орон саад тотгор болдог гэсэн өвгөдийн үгнээс болсон уу гэвэл бас үгүй. Түүний ээж урьд насандаа ээж нь эсвэл эгч нь байсан мэт хэдэн хадам дүүгийнхээ төлөө хуруу хумсаа хугалах нь халаггүй зүтгэж олсон хэдээ хувааж өгсөөр хураасан хумьсан зүйлгүй хорвоог орхисон аж. Сэлэнгээ хүүхэд байхаасаа ээжтэйгээ, дүүтэйгээ ногооны талбайдаа өнжин хонон ажиллах боловч аав нь аpxи ууж, агсам тавин эрүүлжүүлэгдэж муу ээжид нь их л төвөг тарьдаг нэгэн байв. Нэг л өдөр юунаас ч болсон юм бүү мэд аpxинаасаа гарсан боловч нэмэр тусаар маруухан тул өдөржингөө гэртээ зурагт үзэн хэвтэж очиход нь цай, хоол байтугай гал, ус ч үгүй байж байх нь Сэлэнгээгийн дургүйг хүргэдэг байлаа.

Нэг удаа бүр тэднийг очиход гэрээс нь тэдний арын гудамжны зүс таних төдий эгч зөрж гарсан удаатай. Ээж нь юу ч хэлэлгүй юмаа хийж эхэлжээ. Тухайн үедээ Сэлэнгээ ээждээ ч дургүй нь хүрдэг байжээ. Бас түүнчлэн аавынхаа авахаас өөр юм мэддэггүй юм шиг зантай дүү нарт нь ч үнэхээр их дургүй нь хүрдэг байв. Оюутан болсон хойноо – тэр эгч аавын нууц амраг байсан байжээ гэж учрыг олохдоо аавыгаа улам их үзэн ядсан билээ. Одоо харин түүний сэтгэл жигтэйхэн их амарч. Эмчийн – даралт нь гэнэт ихэсч нам харвасан гэсэн оношийг бодон бурхан ээжийг минь – одоо амар гэж ээ, үхэл гэдэг бол төгс амар амгалан юм. Нэгэнтээ хүн мөнх бус, нэг л өдөр буцдаг хорвоогоос өвчнөөр өвдөж зовохгүй буцна гэдэг их сайхан хувь заяа юм байна. Oдоо ээж минь цоо шинэ сайхан амьдралд бяцхан охин эсвэл хүү болон мэндэлж аз жаргалтай сайхан амьдрах болно гэж бодоод харин ч их баяртай байгаагаа мэдрэх зүрхээ даран хэвтлээ. Учир нь нутгийнх нь нэг мэргэн лам – зүүн хойд зүгтээ юугаар ч дутаж гуцахгүй нэгэн айлын гуравдах хүүхэд нь болж төрөх юм байна гэж шинжээг нь нээхдээ хэлсэн билээ. Тэрээр – одоо та нар амаараа шороо үмхсэндээ гэж мушилзан инээхдээ өнчин ганц нулимс унагаад нэг их уртаар санаа алдав.

Хар нялхаасаа ээжийг нь үл тоосон, ашигласан, үл хүндэлсэн ийм л амьдрал харж өссөн тул тэр хүнтэй сууя ч гэсэнгүй, ганц биеэрээ амьдрах шиг эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрал гэж байхгүй гэж бодон гуч гарсан түүнд одоо дутуу юм үгүй билээ. Сайхан ажил, цалин хөлс, байгууллагаас нь өгсөн ганц өрөө ч гэсэн байршил сайтай сайхан байр байх. Дүү нь харин эхнэр хүүхэдтэй. Сэлэнгээгийн дэмээр хувьдаа жижигхэн хүнсний дэлгүүртэй болсон бөгөөд аймгаасаа бараагаа татаж борлуулна. Эхнэр нь цэцэрлэгийн багш. Хоёр хүүхэд нь Сэлэнгээд жигтэйхэн сайн. Сэлэнгээ хураасан мөнгөө энэ хоёр дүүгийнхээ сургалтын төлбөрт зориулна гэж боддог билээ. Түүний амьдралд аав гэдэг хүний үүрэг байсангүй, цаашдаа ч байхгүй. Сургуулиасаа оройтоод ирэхэд нь муу ээж нь, сүүлдээ дүүгээр нь хань хийн ханьгүй юм шиг, өнчин юм шиг тосдог байсан нь сэтгэлд нь аавыг нь хаасан томоос том хөх хадан хясаа байрлуулчихсан юм шиг одоо ч улам томрох мэт санагдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!